Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2317

 

Магадлал

2017.11.08                                          №2317                                                                      

 

 

 

 

 

 

 

Д.Э, Б.Б нарын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/02379 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Э, Б.Б нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Л.Д д холбогдох

 

Чингис хаан CD ном болон “Чингис хаан” атлас номыг худалдан борлуулсны орлогоос 49 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгч: Д.Э

Нэхэмжлэгч: Д.Э-ын өмгөөлөгч А.Буяндэлгэр

Нэхэмжлэгч: Б.Болормаа

Нэхэмжлэгч Б.Б-ийн өмгөөлөгчД.Эрдэнэчимэг:

Хариуцагч: Л.Д

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Нарангоо

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б, Д.Э нар нь өөрсдийн эрдэм шинжилгээний судалгааг бүтээл болгон 1997 онд “Чингис Хаан” атласыг хэвлүүлэн 767 тоот зохиогчийн гэрчилгээг авсан.

2005 онд уг бүтээлийг засварлан шинэчлэн “Мянган жилийн суут их хаан Чингис” CD ном болгон зохиогчид хэвлүүлэхдээ Л.Д тай хамтран ажиллах гэрээг 2005 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр байгуулж, Л.Д  продюсерээр ажиллан, хэвлүүлэх зардлыг 100 хувь хариуцаж нийтдээ 10 000 ширхэгийг хэвлэж, нэг бүрийг 20 000 төгрөгөөр худалдаж нийт орлогын 85 хувийг Л.Д , 15 хувийг зохиогч нарт өгөхөөр гэрээндээ тохиролцсон.

Гэтэл Л.Д  уг гэрээний хоёр нөхцлийг зөрчиж өөрийн нэрийг продюсер биш зохиогч гэдэгт нэмж хэвлүүлсэн нь зохиогчийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Мөн гэрээгээр тохиролцсоны дагуу нийт орлогоос зохиогч нарт 15 хувьтай тэнцэх 27 000 000 төгрөгийг өгөөгүй. Үүний дараагаар 2012 онд Д.Б, Д.Э нар нь “Чингис хаан” А-3 хэмжээний атлас болгон хэвлүүлэх, ингэхдээ Л.Д  хөрөнгө оруулагчаар ажиллахаар талууд амаар харилцан тохиролцсон байна. Харин үүнийг бичгээр гэрээ болгоогүй, өөрөөр хэлбэл хэдэн хувийг, хаана ямар чанартай хэвлүүлэх, борлуулсны орлогыг хэрхэн хуваах тухайд ямар нэгэн байдлаар тохиролцоогүй байсан.

Гэтэл Л.Д  зохиогч нараас “Чингис хаан” А-3 хэмжээний атласыг бүрэн хянаж дуусаагүй байхад зохиогч нарт мэдэгдэлгүйгээр 2012 онд БНХАУ-д 500 хэвийг хэвлүүлэн Монгол улсад нэг бүрийг нь 45 000 төгрөгөөр зарж борлуулсан байна. Л.Д аас уг “Чингис хаан” А-3 хэмжээний атласын зохиогч хэмээн өөрийгөө Д.Б, Д.Э нарын нэрний дор бичсэн нь зохиогчийн эрхийг зөрчсөн, оюуны хулгайн үйлдэл болох нь Монгол улсын зохиогчийн эрхийн тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2935/Б тоот шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 519 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 450 тоот тогтоолоор Л.Д ыг 2005 оны “1000 жилийн суут их хаан Чингис” CD ном, 2012 оны “Чингис хаан” А-3 атласын бүтээлд зохиогчоор нэрээ нийтлүүлэх эрхгүй этгээд болохыг тогтоосон.

2012 онд хэвлүүлсэн “Чингис хаан” А-3 атлас нь зохиогчдоос хянагдаж дуусаагүй байхад хэвлэсэн тул он дарааллын, утгын холбооны, зураг зүйн ноцтой алдаатай гарсан нь уг бүтээлийн зохиогчдын салбарын эрдэмтний нэр төрд шууд халдсан үйлдэл юм. Иймд 2005 оны “Мянган жилийн суут их хаан Чингис” CD ном 10 000 ширхэгийг хэвлэн, нэг бүрийг 20 000 төгрөгөөр худалдаж, нийт 200 000 000 төгрөгийн орлого олсоноос 2005 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хамтран ажиллах гэрээний дагуу зохиогч Д.Б, Д.Э нарт ногдох 15 хувийн орлого буюу 27 000 000 төгрөг, 2012 оны Д.Б, Д.Э нарын зохиосон “Чингис хаан” А-3 атласыг Л.Д  зохиогчдоос зөвшөөрөл авалгүй дур мэдэн ашиг олох зорилгоор, алдаатай бүтээлийг хууль бусаар 500 хувийг хэвлүүлэн, нэг бүрийг 45 000 төгрөгөөр зарсан тул энэ бүтээлээс олох боломжит нийт орлого 22 500 000 төгрөг, нийт 49 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Л.Д  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2935/Б тоот шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 519 дүгээр магадлал, Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 450 тоот тогтоолоор шийдвэрлэгдсэн иргэний хэргийг ямар ч үндэслэлгүйгээр дахин нэхэмжлэл гаргасан байна.

“Мянган жилийн суут удирдагч Чингис хаан” ном нь Монголын анхны мульти видео буюу электрон ном юм. Нэхэмжлэгч нар болон бидний хооронд энэ номыг намайг мөнгөө гаргаад хэвлүүлчих гэж ярилцаж байсан. Энэ CD номыг хийхээс өмнө Б.Базаргүр доктор надад Орос улсаас авсан газрын зургийг гараар буулгасан тул тааруухан ном болсон, 10000 ширхэгийг хэвлэсэн бөгөөд одоо хүртэл дуусахгүй байна гэсэн. “Чи монголын анхны электрон толь бяцхан тархийг зохион бүтээгч болохоор өөрөө хөрөнгөө гаргаад электрон тал дээр чи өөрийн хувь нэмрийг оруулан хамтарсан шинэ бүтээл болгоод ОХУ-ын зах зээлд зарья, хамтарч ашиг ольё” гэж надад олон удаа санал тавьсны дагуу би энэ бүтээлд орсон.

Программ хангамж, софтвейрыг хийсэн хүн олон улсад зохиогч болох эрх байдаг тул би зохиогчийн эрхээр орсон.Би 100 хувь өөрийн хөрөнгөөр хэвлүүлсэн нэхэмжлэгч нар намайг 15 хувийг өгөөгүй гэж гүтгээд байгаа.Бид энэ номыг ОХУ-ын зах зээлд гаргах гэж бүтээсэн.Энэ номноос тус бүр 1 ширхэгийг Герман болон Япон улсын номын санд өгсөн боловч чанарын шаардлага хангахгүй гээд буцаад ирсэн, 10 000 ширхэг хэвлүүлсэн номоо Д.Бийн охин Б.Болормаагийнд байлгасан. Нэгдүгээрт “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны бичлэгийг мульти видео болгосон боловч шаардлага хангаагүй, хоёрдугаарт газрын зургийг эх зургаас гараар буулгасан байна, гуравдугаарт дэлгэц нь жижиг байна гээд 10 000 ширхэг хэвлүүлсэн номоороо бид шатсан.

Б.Базаргүр гуай “чамайг шатаачихлаа, санаа зовж байна, 15 хувийн ашгаа CD-гээр авья” гээд 2 000 ширхэгийг Б.Базаргүр болон эхнэрт нь хүлээлгэж өгсөн, Б.Энхбаяр гуайд 1500 ширхэг ном өгөх гэтэл мөнгө авна гээд аваагүй.Миний софтвейр хийсэн оюуны өмчийг бид тооцож оруулаагүй байна, авах ёстой 2000 ширхэг CD-ийг авсан тул 27 000 000 төгрөгийг шаардах эрхгүй гэж үзэж байна. Атлас номны хувьд эдийн засгийн тооцоогүй шаардлага гаргаж байна.

Энэ номын 40 хувь нь миний зохиосон ном, 60 хувь нь нэхэмжлэгч нарын зохиосон ном боловч миний бүтээлүүд орсон байдаг.Энэ номыг 45 000 төгрөгөөр үнэлсэн. Нэхэмжлэгч нар миний бүтээсэн бүтээлийн 40 хувийг хасаад маргах ёстой байтал энэ номыг бүгдийг бүхлээр нь тооцоод шаардаад байгаа тул 22 500 000 төгрөг шаардаж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар Лувсандоржийн Дуурсахаас 13 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Э, Б.Б нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 9 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар Л.Д аас 27 000 000  төгрөг гаргуулахыг хүссэн Б.Энхбаяр, Б.Болормаа нарын нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 405 450 төгрөгөөс 112 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдсэн 292 950 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 225 450 төгрөгийг Л.Д аас тус тус гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Л.Д  давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан журмын дагуу үнэлээгүй байна.

Намайг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж буруу дүгнэсэн. Иргэний хуулийн 492 зүйл, 492.1 зүйлд Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрхи хөрөнгөө буцаан шаардах эрхтэй заалт байгаа юм. Б.Болормаа, Д.Э нараас Л.Д  надад ямар нэг хөрөнгө шилжүүлсэн зүйл байхгүй. Үүнийг нотлох ямар ч баримт хэрэгт байхгүй. Харин хамтарсан бүтээл туурвихдаа өөрөөсөө 100 хувийн хөрөнгөөр санхүүжилт хийсэн.

Харин миний хөрөнгөөр хохирсон баримтуудыг Д.Б манай эхнэр Б.Мөнгөншагайгаас "Танай нөхөр Дуурсахтай эвлэрнэ" гэж хэлээд аван устгасан. Д.Б нь эхнэрийн аавын төрсөн эгч Л.Бүжийгийн нөхөр юм.

Шүүхэд нотлох баримтаар 2 номоо өгсөн. "Мянган жилийн суут их хаан Чингис ном" нь түүхэн уран сайхны аргаар зохиосон 100 хувь Л.Д  миний бүтээл юм.

Номын үнэлгээг шүүх буруу гаргасан. Энэ ном 20 000 төгрөгөөр үнэлэх ёстой. Маргаантай байгаа "Чингис хаан атлас" дахь оюуны бүтээлийн оролцоо, эзэмших хувь нь Д.Б, Д.Э нарт 41.3 хувь, Л.Д  болон бусад уран бүтээлчдийн бүтээлд эзлэх хувь нь 58.7 хувь эзлэж байгаа бөгөөд 25 000 төгрөгөөр үнэлэх ёстой. Үүний 10 325 төгрөг нь Д.Б, Д.Э нарын эзэмших эрх бүхий хувь юм. Тус 300 ширхэг номыг тооцон үнэлбэл 3 097 500 төгрөг болж байна.

Оюуны өмчийн шинжээч нар хэргийн материал болон хамтын бүтээл, нотлох баримттай дутуу танилцсаны улмаас "үүсмэл бүтээл" гэсэн дүгнэлт гаргаснаас гадна Л.Д , Д.Б болон бусад олон зохиогч, уран бүтээлч талуудын оролцсон оролцоог бодит үнэнээр тогтоогүйн улмаас үүдэн өнөөдрийг хүртэл шүүхээр буруу шийдвэрлэгдэж байна.

Иймд Л.Д  миний бие дахин оюуны өмч болон мэргэжлийн байгууллагуудын мэргэжилтэн, шинжээчдээр "Чингис Хаан атлас" A3 номонд оролцсон зохиогчид, уран бүтээлчдийн оюуны бүтээлийн оролцоо, эзэмших хувийг нээлттэйгээр, нэхэмжлэгч хариуцагч талыг байлцуулан тогтоолгох хүсэлт гаргаж байна.

Шүүхэд нотлох баримтаар 2004 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн "Хамтран ажиллах, бүтээлийг эзэмших эрх бүхий гэрээ", 2010 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн "Уран зураг болон түүхэн дүрүүдийг зуруулах хамтран ажиллах, эзэмших гэрээ", 2011 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн "Фото зураг захиалан авахуулах гэрээ”, 2010 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн "Орчуулгын ажил гүйцэтгэх гэрээ", 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн "Номын эх бэлтгэх ажлын гүйцэтгэлийн гэрээ", "Монгол хэлнээс хуучин монгол бичиг рүү хөрвүүлэх ажил гүйцэтгэх, эзэмших гэрээ" зэрэг нотлох баримтуудыг үнэлээгүй. Энэ бүх гэрээгээр зохицуулагдаж буй харилцаа нь оюуны бүтээлүүд бөгөөд шүүх шийдвэр гаргахдаа нотлох баримт болгон ашиглаагүйгээс гадна зохиогчдын бүтээлүүдийг үнэлэн дүгнээгүй болно. Иймд "Чингис хаан атлас" A3 ном нь бидний олон зохиогч, уран бүтээлчдийн хөлс хөдөлмөр, ур чадвар, мэдлэг туршлагаар бүтсэн "Хамтын бүтээл" юм.

Иймд оюуны бүтээлд оролцсон зохиогчид, уран бүтээлчдийн эзэмших хувь хэмжээг тогтоогүйн улмаас буруу шийдвэрлэж 13 500 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байгаа тул анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон агуулгын хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч Д.Э, төлөөлөн нэхэмжлэгч Б.Болормаа нар нь хариуцагч Л.Д ад холбогдуулан 2005 онд хэвлэгдсэн “Мянган жилийн суут их хаан Чингис” нэртэй CD ном 10 000 ширхэгийг хэвлэж, борлуулахаар Л.Д тай хамтран ажиллах гэрээ байгуулсан боловч Л.Д  нь гэрээгээр тохирсон 15 хувийг өгөөгүй тул 27 000 000 төгрөг гаргуулах, 2012 онд алдаатай хэвлүүлсэн “Чингис хаан” атлас А3 хэмжээтэй 500 ширхэг номыг устгахыг шүүхээс даалгасан байхад зарж борлуулсан тул орлого 22 500 000 төгрөг, нийт 49 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

            Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2935/Б дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар 02-ны өдрийн 519 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 450 дугаар тогтоолоор Л.Д  нь 2005 онд хэвлэгдсэн “1000 жилийн суут их хаан Чингис” CD ном, 2012 онд хэвлэгдсэн “Чингис хаан” атлас А3 хэмжээтэй бүтээлд зохиогчоор нэрээ нийтлүүлэх эдийн бус баялгийн эрхгүй болохыг тогтоож, Л.Д аас “Чингис хаан” А3 хэмжээтэй 300 ширхэг атласыг гаргуулан устгах, нэхэмжлэлээс CD номыг борлуулсны ашиг 27 000 000 төгрөг гаргуулах, “Чингис хаан” атласыг дахин хэвлүүлэхэд гарах зардал 10 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн Д.Б, Д.Э нарын нэхэмжлэлийг болон дээрх 2 бүтээлийн хамтарсан зохиогч, зохиогчийн эрх эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн Л.Д ын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Иймд дээрх асуудлаар гаргасан нэхэмжлэлийг шүүх дахин шийдвэрлэх үндэслэлгүй болно. /хх 9-21/

 

            Шүүхийн дээрх шийдвэрээр Л.Д ыг 2005 онд хэвлэгдсэн “1000 жилийн суут их хаан Чингис” CD ном, 2012 онд хэвлэгдсэн “Чингис хаан” А3 хэмжээтэй атлас гэх 2 бүтээлийн хамтран зохиогч биш болохыг тогтоож, 10 000 000 ширхэг CD ном хэвлэж борлуулсан орлогоос 27 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байх тул анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Л.Д аас ном борлуулж олсон ашгийг гаргуулж улсын орлого болгох, CD номыг борлуулсны ашиг 27 000 000 төгрөг, “Чингис хаан” атлас номыг дахин хэвлүүлэхэд гарах зардал 10 000 000 төгрөгийг тус тус гаргуулах тухай Д.Б, Д.Э нарын нэхэмжлэл, эдгээр 2 бүтээлийн “хамтарсан зохиогч, зохиогчийн эрх эзэмшигч”-ээр тогтоолгохыг хүссэн Л.Д ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

            Түүнчлэн 2012 онд алдаатай хэвлүүлсэн 500 ширхэг “Чингис хаан” А3 хэмжээтэй атлас номоос Л.Д  200 ширхэгийг худалдсанаас олсон орлого нь номыг хийх, хэвлэхэд гарсан зардлаас бага байгаа тул үүнээс хариуцагч ашиг олоогүй гэж Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2935/Б дугаартай шийдвэрээр дүгнэсэн тул шүүх хариуцагч Л.Д  нь дээрх 200 ширхэг номыг худалдсанаас орлого олсон гэх үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

            Харин дээрх шүүхийн шийдвэрт Л.Д аас “Чингис хаан” атлас А3 хэмжээтэй 300 ширхэг номыг гаргуулан устгахаар заасан бөгөөд шүүх хариуцагч Л.Д ыг уг шүүхийн шийдвэрийг биелүүлсэнээ баримтаар нотлоогүй тул ном тус бүрийг 45 000 төгрөгөөр борлуулан орлого олж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэн хариуцагчаас 13 500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэлэх зарчимд нийцээгүй байна.

 

            Өөрөөр хэлбэл, Л.Д аас “Чингис хаан” атлас А3 хэмжээтэй 300 ширхэг номыг гаргуулан устгах талаар заасан анхан шатны шүүхийн дээрх шийдвэр нь 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний шүүх хуралдаанаар хянагдан хүчин төгөлдөр болсноос хойшхи хугацаанд хариуцагч Л.Д  нь уг номыг зарж борлуулан өөртөө орлого олсон тохиолдолд нэхэмжлэгч нь өөрт нь зохиогчийн эрхийг зөрчих замаар бий болгосон бүтээлийг худалдан борлуулах замаар ашиг олсон гэж үзнэ. Иймд Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт зааснаар тухайн этгээдэд орсон орлого, үр шим, ашгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй байжээ.

 

            Хэрэгт авагдсан “Интер ном”-ын дэлгүүрийн харилцагчийн гүйлгээ гэх баримтаар хариуцагч нь 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын өдрийг хүртэл хугацаанд “1000 жилийн суут их хаан Чингис” атлас А3 хэмжээтэй ном 5 ширхэг, “Номин тав трейд” ХХК-ийн албан бичиг, харилцагчийн борлуулалтын мэдээ гэх баримтаар тус компанийн Мажестик номын дэлгүүрт 2012-2016 онд дээрх ном 148 ширхэг /2015, 2016 оны дунджаар 60 ширхэг ном борлогдсон гэж үзэх боломжтой/, Мир номын их дэлгүүрийн албан бичиг, харилцагчийн гүйлгээ гэх баримтаар 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дээрх ном 1 ширхэг, нийт 67 номыг худалдан борлуулж 2 231 100 төгрөгийн орлого /шимтгэлгүй/ олсон нь тогтоогдож байна.  

 

Нэхэмжлэгч нарын зохигчийн эрхээр хамгаалагдсан бүтээлийн зөвшөөрөлгүйгээр, өөрчлөн хэвлэсэнтэй холбоотойгоор үүссэн ..............................................................маргаан өмнө шүүхээр шийдвэрлэгдсэн. Иймд зохигчдын хэн аль нь уг бүтээлийг хэвлүүлж ашиг олсон талаар ярилцаж байсан үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул тэдгээрийн хооронд оюуны үнэт зүйлийг хамтран эзэмших талаар хэлцэл хийгдээгүй болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон. Иймд нэхэмжлэгч нар зохиогчийн эрхэд хамаарах эдийн бус баялагийг хариуцагч өөртөө шилжүүлэн авсан гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэгчийн хувьд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3 дахь хэсэг, мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт зааснаар оюуны өмчийн эрхтэй эдийн бус баялагийг ашиглан олсон орлогыг шаардах эрхтэй. /хх 53, 174, 175, 196, 197, 201, 202/

           

           

            Шүүх хариуцагчийн “шинжээч томилуулан бүтээлд оролцсон зохиогчид, уран бүтээлчдийн оюуны бүтээлийн оролцоо, эзлэх хувийг тогтоолгох” талаар гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна. Уг хэвлэгдсэн бүтээл Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5, 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн талаар өмнө Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх шийдвэрлэсэн байх тул уг зохиогчийн эрх зөрчсөн, устгах талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй хамаарах уг бүтээл дэх зохиогчийн оролцоо, эдлэх хувийг тогтоох нь хэрэгт ач холбогдолгүй болно. Хариуцагчийн давж заалдах гомдлын энэ хэсэг үндэслэлгүй байна.

 

            Харин шүүх хариуцагчийн бодитой олсон орлого бус нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн 13 500 000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэн нь Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт нийцээгүй.

 

            Иймд давж заалдах шатны шүүхээс дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/02379 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Д аас 2 231 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Э, Б.Б нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20 269 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...225 450 төгрөг...” гэснийг “...50 648 төгрөг...” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.        

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Л.Д ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                           ШҮҮГЧИД                                   Ш.ОЮУНХАНД

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН