Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2014/1005

 

2014 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 005

Улаанбаатар хот

 

  Ч.Т нарын нэхэмжлэлтэй

  захиргааны хэргийн тухай

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, Л.Г нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 487 дугаар шийдвэртэй, Ч.Т, Н.М, Д.О, З.Ч нарын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг дарга, дүүргийн Өмч, газрын харилцааны албанд тус тус холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч Н.М-н гаргасан давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Ч.Т. Н.М, Д.О, 3.Ч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...БЗД-ийн 16-р хорооны оршин суугч Н.М, Д.О, Ч.Т, З.Ч бид нар 26-р байранд 1992 оноос хойш амьдарч байгаа бөгөөд байрныхаа гадна талбайд төмөр гарааштай байсныг үе үеийн хорооны удирдлагууд мэднэ. Тус хорооны болон дүүргийн газрын албаны ажилтан нараас 2007 онд гараашны доогуур дулааны шугам татах шаардлага гарлаа, та нарт гарааш барих өөр газар зааж өгье гэж санал тавихаар нь бид өөрсдийн хөрөнгөөр газрыг чөлөөлж өгч байсан.

Гэтэл бидний асуудлыг шийдэхгүй удаад байхаар бид холбогдох албан тушаалтнуудад удаа дараагийн хүсэлт гаргаж байсан учир хороо болон Сууц өмчлөгчдийн холбооноос хүсэлтийг шийдвэрлэн ямар ч ашиглалтгүй сул байдаг 70, 71 дүгээр байрны дунд хэсэг газрыг бидэнд зааж өгч, газрыг ашиглах зөвшөөрлийг 2013 оны 04 сард өгсөн юм.

Уг газар нь бидний оршин суудаг 26-р байрнаас нэлээд зайтай бөгөөд нүдэнд ил харагдахааргүй, хүн бараг явдаггүй завсар газар учир гарааш байрлах боломжтой байсан. Ингээд бид тус тусын хөрөнгө мөнгөө зарцуулан тэр газарт нь гараашаа шинээр бариад дууссаны дараа дүүргийн газрын албанаас 2013 оны 09 дүгээр сарын сүүлээр бидний гараашийг бидэнд мэдэгдэлгүйгээр нураасан.

Зохих зөвшөөрлийн дагуу зааж өгсөн газарт нь барьсан бидний эд хөрөнгийг нураасан байтлаа хажууд зэрэгцээ байгаа бусад гараашийг буулгахгүй үлдээсэн нь тэгш байдлын болон хууль ёсны зарчимд нийцэхгүй байгаа юм. Бидний гараашнууд нь бүгд цоожтой, тус бүрдээ хувь хувийн эд зүйлтэй байсан төдийгүй үнэ бүхий эд хөрөнгүүд байсан нь эргэж олдохгүй байна. Тухайн үед тэнд байсан биднийг мэдэх хүмүүс гараашны хаалгыг нь ядаж үлдээгээч гэхэд газрын албаны ажилтан ачаад явсан байсан. Бид энэ асуудлыг мэдээд хойноос нь сураглаж ямар захирамж шийдвэрээр хийгдэж байгааг асууж, танилцуулахыг хүссэн боловч бид мэдэхгүй, дарга нар нураа гэсэн хариу өгсөн төдийгүй эд зүйлээ авъя гэхэд гараашныхаа нэг хаалгыг 150.000 төгрөг төлж ав гэсэн шаардлага тавьж байна. Үүнийг бид төрийн нэрийн өмнөөс хийж буй дээрэм гэж үзэж байна.

Энэхүү нураах үйл ажиллагааг зааварчилсан эрхийн акт буюу газар албадан чөлөөлөх тухай захирамжтай танилцах боломж олгохыг хүсэхэд төрийн нууц гээд бидэнд үзүүлэхгүй байгаа учир ямар учиртай болохыг нь бид мэдэхгүй байна. Уг захирамжаа интернэтэд байршуулаагүй учир үзэх боломжгүй байх бөгөөд уг үйл ажиллагаа нь хууль ёсны дагуу хийгдээгүй болохыг тогтоолгохыг, эд хөрөнгөө нураалгаж зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, захиргааны байгууллага, албан тушаалтны зохих журмын дагуу хийгдээгүй үйл ажиллагааны улмаас хохирсон болохыг тогтоолгох, улмаар учирсан хохирлыг гаргуулахыг хүсэж, шүүхэд хандаж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар хэрэв бусдын эд хөрөнгийг буулгаж, газар чөлөөлөх ажиллагаа хийх бол иргэнд мэдэгдэх ажиллагаа хийх шаардлагатай болохыг тогтоосон байна. Мөн хуулийн 56 дугаар зүйлд зааснаар төрийн захиргааны байгууллагаас газар чөлөөлөхийн тулд хугацаатай мэдэгдэл өгөх нь хуулийн үндсэн шаардлага болохыг тодорхойлжээ.

Бид дүүргийн газрын алба, дүүргийн Засаг даргын Тамгын газарт ээлжлэн очиж удаа дараа хүсэлт гаргасан бөгөөд 2013 оны 12 дугаар сарын сүүлээр хариугаа интернэтээс авахыг утсаар мэдэгдсэн. Ингээд 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хамгийн сүүлийн хариу болох 2012 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн3/1014 дүгээр албан бичгийг хүлээн авлаа. Уг албан бичгээр Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар газар чөлөөлсөн ажиллагааны зардлыг төлөөд эд зүйлээ авахыг мэдэгдсэн байна

Иймд, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/228 захирамжийн иргэн Ч.Т, Н.М, Д.О, З.Ч нар холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, төрийн захиргааны байгууллагын хуулийн дагуу хийгдээгүй үйл ажиллагааны улмаас эд хөрөнгийн хохирол учирсан болохыг тогтоолгож, хохирлыг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Иргэн Ч.Т, Н.М, Д.О, З.Ч нарын нэхэмжлэлтэй Баянзүрх дүүргийн Засаг дарга, Өмч, газрын харилцааны албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна

Тус дүүргийн 16 дугаар хороо, 70 дугаар байрны зүүн талд нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүйгээр гарааш барьж байгаа тухай дуудлага тус дүүргийн Өмч, газрын харилцааны албаны утсанд удаа дараа ирж байсан. Дуудлагын дагуу албаны тухайн өдрийн жижүүр удаа дараа очиж шаардсан боловч шаардлагыг хүлээн авалгүй барилгын ажлаа үргэлжлүүлсээр байсан тул 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр шаардах хуудас хүргүүлсэн. Тухайн үед тус газар дээр эзэнгүй байсан тул шаардах хуудсыг гараашны хаалган дээр наан үлдээсэн байдаг.

Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/306, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны А/288 дугаар захирамжаар дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбайд хашаа, объект барьсан, ТҮЦ контейнер байршуулан орц гарц хаасан, мухар гудамж үүсгэсэн зэрэг зөрчил маргааныг арилгах зорилгоор “Хашаа” арга хэмжээ зохион байгуулагдсан. Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт зааснаар дээрх арга хэмжээний хүрээнд тус 16 дугаар хорооны 70 дугаар байрны зүүн талд зөвшөөрөлгүй баригдаж байсан гараашийг 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр албадан буулгаж газар чөлөөлөх ажиллагааг зохион байгуулсан.

Нэхэмжлэгчид нэхэмжлэлдээ гарааш дотор үнэ бүхий эд хөрөнгүүд байсан гэх боловч газар чөлөөлөх ажиллагааны үед тус гарааш блокоор барьсан, дээвэргүй, төмөр хаалгатай, хоосон байсан нь газар чөлөөлсөн тухай илтгэх хуудас, баримтуудаар тогтоогдож байна. Тус албадан чөлөөлсөн газарт нэхэмжлэгч нарт эрх бүхий байгууллагаас эзэмших, ашиглах талаар эрх олгогдоогүй бөгөөд нэхэмжлэлд газар ашиглах эрх олгосон гэж дурдсан Сууц өмчлөгчдийн холбоо болон хорооны Иргэдийн нийтийн хурал нь газар эзэмших, ашиглах эрх олгох эрх бүхий этгээд биш юм.

Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 487 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 5 дугаар зүйлийн 5.1, 27 дугаар зүйлийн 27.1, 32 дугаар зүйлийн 32.1-т заасныг тус тус баримтлан газар албадан чөлөөлсөн ажиллагаа Газрын тухай хуульд заасны дагуу хийгдээгүй, хууль бус  болохыг тогтоолгохыг хүссэн” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгч Н.М давж заалдах гомдолдоо: “Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 487 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Баянзүрх дүүргийн Засаг даргад хандахдаа гараашийг буулгасан шийдвэрийнхээ хувийг өгөхийг хүссэн боловч хариу албан бичигтээ Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/306 дугаар, дүүргийн Засаг даргын 2013 оны А/288 дугаар захирамжаар албадан буулгасан гэсэн хариуг өгсөн. Уг захирамжуудын агуулгатай танилцах боломжгүй байсан бөгөөд захирамжийг албадан буулгах захирамж гэж ойлгосны улмаас “БЗД-ын 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/228 захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, төрийн захиргааны байгууллагын хуулийн дагуу хийгдээгүй үйл ажиллагааны улмаас эд хөрөнгийн хохирол учирсан болохыг тогтоолгож, хохирлыг гаргуулах” гэж шаардлага гаргаж байсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэхэмжлэгч 4 иргэний өмч хөрөнгийг буулгасан хариуцагч төрийн захиргааны байгууллагын ажиллагаа нь Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.4, 57.5 дахь заалтын дагуу хийгдээгүй хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн. Гэвч 487 дугаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсонгүй.

Бидний нэхэмжлэлийн шаардлагын гол нөхцөл нь Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.4, 57.5 дахь заалтын дагуу ажиллагаа хийгдсэнгүй. Өөрөөр хэлбэл, бидэнд газар эзэмших эрх байхгүй, тухайн үед газар эзэмших эрх олгох байгууллагад хандаагүй, хороо болон СӨХ-ны удирдлагад хандаж бусдын адил болох юм байна гэж итгэсэн, бидэнд хуулиар олгогдсон эрх ашгаа хамгаалах боломжийг олгосонгүй гэж тайлбарлаж мэдүүлсээр байхад шүүх шийдвэрийн хууль зүйн дүгнэлт, үндэслэлдээ “газар эзэмших хүсэлтээ зохих журмын дагуу Засаг даргад хандаагүй байна. Гараашны газар эзэмших гэрээ гэрчилгээгүй” зэрэг нь Газрын тухай хуулийн 27, 32 дугаар зүйл заалттай нийцэхгүй байна гэж дүгнэсэн.

Уг нь Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.4, 57.5 дахь заалтын дагуу хариуцагчийн ажиллагаа хийгдээгүй, энэ нь иргэдийн хөрөнгийг шууд нурааж хохироосон байдлыг дүгнүүлэхийг хүссэн.

Бодит байдал дээр маш олон шинэ гараашнууд байсаар байхад шүүх нэг ч гарааш байхгүй гэж илт зөрүүтэй дүгнэлт хийж байгаад гомдолтой байна. Иймд дээрх шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянаж,нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж, хариуцагчийн үйлдлийн хууль бус байдлыг тогтоож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулж, дүгнээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

            Нэхэмжлэгч Ч.Т, Н.М, Д.О, З.Ч нараас “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/228 дугаар захирамжийн нэхэмжлэгч нэр бүхий иргэдэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, төрийн захиргааны байгууллагын хуулийн дагуу хийгдээгүй үйл ажиллагааны улмаас эд хөрөнгийн хохирол учирсан болохыг тогтоолгож, хохирлыг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “бидний 4 иргэний өмч хөрөнгийг буулгасан хариуцагч төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.4, 57.5 дахь заалтын дагуу хийгдээгүй хууль бус болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлагаа[1] өөрчилжээ.

            Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/306 дугаар захирамжийг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/288 дугаар захирамжаар тус дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбайд хашаа, объект барьсан, ТҮЦ, контейнер байршуулж, орц гарц хаасан мухар гудамж үүсгэсэн зөрчил маргааныг арилгах зорилгоор “Хашаа” арга хэмжээг зохион явуулахаар шийдвэрлэж, ажлын хэсгийг байгуулжээ.

            Нэхэмжлэгч нарын маргаж буй гарааш нь тус дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж байсан бөгөөд нэхэмжлэгч нар тухайн гарааш барьсан газрыг СӨХ, болон хорооны иргэдийн Нийтийн Хурлаас зааж өгсөн, бид дураараа тухай газарт гарааш бариагүй, биднийг дур мэдэж зөвшөөрөлгүй гарааш барьсан хүмүүстэй адилтгаж болохгүй гэж тайлбарлан маргаж байна.

            Харин хариуцагчаас тухайн гарааш байсан газрыг нийтийн эзэмшлийнх, СӨХ-ных, иргэний эзэмшлийнх гэдгийн аль нь болохыг мэдэхгүй, шүүх хуралдаанд иргэний газартай давхцалтай байсан учраас буулгасан, иргэдээс гомдол ирсний дагуу буулгасан, СӨХ-ноос шаардсаны дагуу буулгасан гэх зөрүүтэй тайлбарууд гаргаж байх бөгөөд маргаж буй гараашнууд нь “Хашаа” ажиллагаанд хамрагдах газарт байрлаж байсан эсэхийг хэрэгт авагдсан баримт болон хариуцагчийн төлөөлөгчийн тайлбараар тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дүгнэлт өгөх боломжгүй байна.

            Нөгөөтээгүүр нэхэмжлэгч 4 иргэнээс гарааш буулгах талаар бидэнд мэдэгдээгүй гэж маргасан бөгөөд хариуцагчийн төлөөлөгч мэдэгдлийг 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүргүүлж, шаардах хуудас наасан, 09 дүгээр сарын 20-ны өдөр буулгах ажиллагаа явагдсан гэх боловч шүүх хуралдаанд шаардах хуудсыг нааснаас хойш 3 хоногийн дараа албадан буулгах ажиллагаа явуулсан гэж, мөн шаардах хуудсанд хэдий хугацаанд буулгах талаар зөрүүтэй тайлбар гаргаж байгаа тул нэхэмжлэгч иргэдэд гарааш буулгах тухай мэдэгдэл өгсөн эсэх, шаардах хуудас наагдсан байсан эсэх, уг хуудсанд хэдий хугацаа заасан эсэхийг уг ажиллагаанд оролцсон холбогдох хүмүүсийг гэрчээр асуух болон тухайн байрны СӨХ-ноос энэ байдлыг тодруулах шаардлагатай байна.

            Нэхэмжлэгч нараас бидэнд газар эзэмших эрх байхгүй, гэрээ гэрчилгээ аваагүй гэж тайлбарласаар байхад шүүх газар эзэмших эрхийн гэрчилгээгүй, газар эзэмших эрх хуулийн дагуу үүсээгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь нэхэмжлэгчдийн маргаагүй үндэслэлд дүгнэлт өгсөн, уг нь Газрын тухай хуульд заасан ажиллагаа хийгдсэн эсэх, иргэдэд мэдэгдэлгүйгээр эд хөрөнгийг нь шууд нурааж хохироосон байдлыг дүгнүүлэхийг хүссэн боловч энэ талаар дүгнэлт өгөөгүй гэсэн гомдол үндэслэлтэй байна.

            Учир нь нэхэмжлэгч нар газар эзэмших эрхтэй эсэх талаар маргаагүй, харин Газрын тухай хуульд зааснаар зохих зөвшөөрөлгүй барилга, байгууламж барьсан иргэд эрх бүхий этгээдээс газар чөлөөлөх мэдэгдэл хүлээн авснаар заасан хугацаанд газраа чөлөөлөх асуудал нь хуулийн дагуу явагдсангүй, бодит байдал дээр бидний гараашны хажууд маш олон гарааш байсаар байхад бидний гараашнуудыг нураасан гэж маргасан байхад энэ талаар холбогдох хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авч, тухайн газар нь хэний эзэмшлийн газар болох, залгаа баригдсан гэх гараашнууд нь уг арга хэмжээнд хамрагдсан эсэх, тухайн газрыг чөлөөлөх төлөвлөгөөг гаргуулж, түүнд ямар ямар гарааш, объект хамрагдаж байгаа эсэх, хэдий хугацаанд чөлөөлөхөөр төлөвлөгдсөн, гарааш эзэмшигч иргэдэд мэдэгдэл хүрсэн эсэх зэрэг хэрэгт ач холбогдолтой нотлох баримтуудыг цуглуулалгүйгээр зөвхөн газар чөлөөлсөн илтгэх хуудас, шаардах хуудас наасан баримт /шаардах хуудас хэрэгт авагдаагүй/, нийслэлийн болон дүүргийн Засаг даргын захирамжуудад тулгуурлан газар албадан чөлөөлсөн ажиллагаа хуулийн дагуу явагдсан байна, нэхэмжлэгч нэр бүхий иргэдэд мэдэгдсэн байна гэж дүгнэж, шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

            Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нарын маргаж буй үндэслэл, хариуцагчийн үйл ажиллагаа хууль ёсны эсэх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зөрүүтэй тайлбаруудад үнэн зөв дүгнэлт өгөхийн тулд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасны дагуу ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Түүнчлэн дүүргийн Засаг даргын захирамжийн үндэслэл болсон Нийслэлийн Засаг даргын захирамж[2], түүний хавсралт болон хариуцагчаас гаргаж өгсөн зургууд[3] нь нотлох баримтын шаардлага хангаагүй, мөн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагатай холбогдуулан хариуцагчаас бичгийн тайлбар, нотлох баримтууд гаргаж өгөх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдаан хойшлогдсон[4] боловч нотлох баримт бичгийн тайлбар гаргуулж авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр, мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 487 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч Н.Мөнхжаргалаас гомдол гаргахдаа  төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.  

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.МӨНХТУЯА

                   ШҮҮГЧ                                                    Э.ЗОРИГТБААТАР

        ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ