| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2018/00223/И |
| Дугаар | 102/ШШ2018/00703 |
| Огноо | 2018-03-02 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 102/ШШ2018/00703
| 2018 оны 03 сарын 02 өдөр | Дугаар 102/ШШ2018/00703 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Ч.Г-ыг төлөөлж Б.Э-ы гаргасан нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч.Б-д холбогдох хууль бус эзэмшлээс байшин чөлөөлүүлэх, хохирол 3 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг тус хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийг төлөөлж Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Б нь гэр бүлийн хамт Ч.Г-ын өмчлөлийн Баянгол дүүргийн 22-р хороо, Зүүн нарангийн 15-6Б тоотод байрлах байшинг амаар тохирч сарын 100 000 төгрөгөөр түрээслэж, эмийн сангийн үйл ажиллагаа явуулж байсан. Харин 2013 оны 8-р сараас уг байшинг худалдан авч байгаа нэрээр Г-ын ээж Г-д 4 000 000 төгрөг өгсөн байдаг. Ингээд Ч.Б нь худалдан авсан байшинг өөрийн нэр дээрээ шилжүүлэх гэтэл Ч.Г-ын нэр дээр байсан тул шилжүүлж чадаагүй. Дүүргийн Иргэний анхан шатны 2 дугаар шүүхийн шийдвэрээр Ч.Г-оос байшингийн төлбөрт өгсөн 4 000 000 төгрөг, засварын зардал 2 500 000 төгрөг нийт 6 500 000 төгрөг гаргуулж Ч.Б-д олгохоор заасан. Шүүхийн шийдвэр 2014 онд хүчин төгөлдөр болсон бөгөөд Ч.Б нь үүнээс хойш уг байранд эмийн сан ажиллуулж, комиссын бараа зарах зэргээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашиглаж байна. 2017 оны 6-р сараас байшинг цоожтой байлгасан. Нэхэмжлэгчийн ээж Ч.Га нь шүүхийн шийдвэрээр Ч.Б-д төлөх төлбөрөө Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан төлж байгаа. Хүү Ч.Га нь байшингаа түрээслүүлж ээжийнхээ өрийг төлөх талаар олон удаа хэлсэн боловч Ч.Б чөлөөлж өгдөггүй, улмаар ямар ч төлбөргүйгээр, зөвшөөрөлгүйгээр эзэмшиж олох байсан орлогыг хаан боогдуулж байна. Иймд Ч.Б-аар уг байшинг чөлөөлүүлж, олох байсан орлого 3 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Б нь 2013 оноос өмнө Ч.Г-той ярилцаад тэр байшинг түрээслэж байсан. Тэгээд Г-той ярилцаад худалдан авахаар болж 2013 оны 8-р сард 4 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн байдаг. Байраа аваад өмчлөгчөө солиулах болоход байшин нь хүү Ч.Г-гынх нь нэр дээр байсан. Ингээд өмчлөх эрхийн гэрчилгээгээ авах боломжгүй болсон, Ч.Б уг байранд эмийн сан ажиллуулах зорилготой байсан тул засвар үйлчилгээ хийсэн байсан. Тэгээд Ч.Б шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхийн шийдвэрээр Ч.Г-оос 6 500 000 төгрөгийг гаргуулахаар болсон. Тухайн үед мөнгөө өгчихвөл байраа чөлөөлж өгнө гэдэг байсан. Гэтэл Ч.Г гуай мөнгийг бага багаар өгсөөр байгаад одоо 2 300 000 төгрөг үлдсэн. Мөнгөө төлчихвөл байшинг чөлөөлж өгөхийг зөвшөөрч байна. Харин байр түрээслэх ямар ч гэрээ хэлцэл байхгүй тул 3 000 000 төгрөгийг төлөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ч.Г-гыг төлөөлж Б.Э нь Ч.Б-д холбогдох хууль бус эзэмшлээс байшин чөлөөлүүлэх, хохирол 3 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Улсын бүртгэлийн Ү-2205024565 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 22-р хороо, Зүүн нарангийн 15-6Б тоот 99 м.кв талбай бүхий хувийн сууцны өмчлөгчөөр Ж овогтой Ч.Г бүртгэгдсэн /хх 14/ байна.
Ч.Г-ын өмчлөлийн хувийн сууцыг түүний эх Ч.Га нь Ч.Б-д эмийн сан, комиссийн бараа худалдах зориулалтаар ашиглуулж байсан, харин 2013 оны 8-р сард худалдахаар тохирч 4 000 000 төгрөгийг авсан боловч өмчлөх эрхийн гэрчилгээ шилжих боломжгүйгээс маргаан гарсан байна.
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10-р сарын 15-ны өдрийн 4741 тоот шийдвэрээр Ч.Г-оос6 581 700 төгрөг гаргуулж Ч.Бд олгохоор шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хүчинтэй болжээ.
Ч.Ганболд, Ч.Б нарын хооронд хийгдсэн худалдах, худалдан авах хэлцлийг шүүх Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн бөгөөд Ч.Г-ын өмчлөлийн сууцыг Ч.Б эзэмшиж, ашиглаж байгааг хууль бус эзэмшил гэж үзнэ.
Хууль бус эзэмшлээс орон байраа чөлөөлүүлэх шаардлагыг хариуцагч маргаагүй болно.
Харин 2015 оны 1-р сарын 01-нээс хойш олох байсан орлогоороо хохирсон гэж үзэж сарын 100 000 төгрөгийгөөр түрээсийн төлбөр тооцож 3 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрөхгүй маргажээ.
Хариуцагчийн татгалзал үндэслэлтэй, өөрөөр хэлбэл, өмчлөгч Ч.Г, хариуцагч Ч.Б нарын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй, олох байсан орлогоороо хохирсон гэх үндэслэлгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106-р зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Г-ын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205024565 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 22-р хороо, Зүүн нарангийн 15-6Б тоот 99 м.кв талбай бүхий хувийн сууцыг Ч.Б-ны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлсүгэй.
2. Иргэний хуулийн 492-р зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Б-аас 3 000 000 /гурван сая/ төгрөг гаргуулахыг хүссэн Ч.Г-ыг төлөөлж Б.Э-ны гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэг, 58-р зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75 500 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 70 200 төгрөг гаргуулж улсын орлого болгож, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА