| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2018/00109/И |
| Дугаар | 258 |
| Огноо | 2018-03-22 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 258
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Б.Д-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Содномцэрэн, хариуцагч байгууллагын төлөөлөгч Ч.Б- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцээд Б.Д-гийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн Цагаанчулуут сумын Засаг даргад холбогдох тус сумын Засаг даргын 2018 оны 01 сарын 05-ны өдрийн Б/03 тоот захирамжийг хүчингүй болгон урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хүссэн тухай иргэний хэргийгхянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Завхан аймгийн Цагаанчулуут сумын Баянхайрхан багийн иргэн Алаг адуут овогт Ба-ийн Д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие Завхан аймгийн Цагаанчулуут сумын Эрүүл мэндийн төвд эрхлэгч их эмчийн ажлыг 2015 оноос одоог хүртэл ажиллаж байтал Цагаанчулуут сумын Засаг дарга 2018.01.05-ны өдрийн Б/03 тоот захирамж гарган ажлаас чөлөөлсөн. Уг захирамж нь миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байгаа болно. Иймд уг захирамжийг хүчингүй болгуулах хөдөлмөрлөх эрхээ сэргээлгэхээр танай шүүхэд хандаж байна гэжээ.
Хариуцагч Завхан аймгийн Цагаанчулуут сумын Засаг дарга Ч.Б- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн орон тоон дээр 2017 онд төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтыг аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс 3 удаа зарласан. 2017 оны 5 сард сонгон шалгаруулалтанд ЭМТөвд эрхлэгч эмчээр ажиллаж байсан Б.Д- мөн сумаас Содномдаржаа, Б.Жавзансүрэн нар орсон гэх боловч хэн нь ч тэнцээгүй бөгөөд хоёр дахь удаагийн сонгон шалгаруулалт дахин зарлагдаж Б.Д- ганцаараа орсон мөн л тэнцээгүй болно. Үүний дараа дахин сонгон шалгаруулалт зарлахад Б.Д-, одоогийн эрхлэгч эмчээр ажиллаж байгаа Г.Баярбат нар орж хамгийн өндөр оноог Г.Баярбат авч тэнцсэн. Үүнээс хойш 2017 оны 11 сарын 22-ны өдөр аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоол, Төрийн албаны салбар зөвлөлийн албан бичгийн дагуу зохих хууль журмыг үндэслэн аймгийн Эрүүл мэндийн газартай зөвшилцөхийн зэрэгцээ ард иргэдээс ирсэн өргөдөл гомдол, санал хүсэлтийг үндэслэн Б.Д-г эрхлэгч эмчийн үүрэгт ажлаас чөлөөлж Г.Баярбатыг эрхлэгч эмчийн үүрэгт ажилд томилсон. Б.Д- нь ажиллах хугацаандаа ард иргэддээ байгууллага удирдах чадвар сул, тангараг өргөсөн эмч хүн гэхэд ёс зүйгүй мэдлэг чадвар дутмаг гэж үнэлэгдсэн болно гэжээ.
Нэхэмжлэгч Б.Д- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би мэргэжлийнхээ чиглэлээр алдаа зөрчил гаргаж байгаагүй. Тодорхой хэмжээнд сумд ажиллаж байсан болохоор өмнө нь Засаг даргад суралцах санал тавьж байсан. Тэгэхэд Засаг дарга энэ талаарх саналыг дэмжиж байсан.Тэгсэн гэнэт болиод сонгон шалгаруулалтад ороод тэнцчих гэсэн юм. Тэгсэн уг шалгалтын эхнийхээ шатанд тэнцээд дараагийнхаа шатанд тэнцээгүй. Тэгээд дахин сонгон шалгаруулалт зарлагдахад нь тэнцсэн атлаа өрсөлдөгч нар хэдэн оноо авсаныг би сайн мэдэхгүй байсан. Тэгээд Төрийн албаны салбар зөвлөлөөс тогтоол ирж танилцуулсан юм. Тэгэхээр нь би энэ тогтоолын хариуг яах юм бэ? Та надтай ажиллаж болохгүй байгаа юм уу гэсэн чинь уг нь чамтай ажиллахад болохгүй юм алга байна гэж байсан юм. Тэгсэн гэнэт ажлаас халах тухайн захирамж гаргаад ажлаас чөлөөлсөн тэгэхэд нь би өөрийнхөө зүгээс алдаа зөрчил гаргаагүй, мэргэжил талаасаа мөн адил алдаа гаргаагүй учраас эгүүлэн ажилдаа орох нэхэмжлэл гаргасан байна. Мөн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргасан байгаа. Миний ажилгүй байсан хугацааны нэхэмжлэх мөнгөн дүн нь 2.399.705 төгрөг болж байгаа. Тэгээд ажилдаа эгүүлэн томилуулах саналтай байна. Засаг даргын гаргасан захирамжийг хүчингүй болгуулах саналтай байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Содномцэрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Д- нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Завхан аймгийн Цагаанчулуут сумын Засаг дарга нь Д-г ажлаас чөлөөлөхдөө Завхан аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2013 оны 04 сарын 10 өдрийн 60 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтын зарим заалтыг баримталсан байна. Мөн салбар зөвлөлийн 2017 оны 114 дүгээр тогтоол зэргийг үндэслэсэн нь Д-г ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй байна. Энэ хүн хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Тиймээс Хөдөлмөрийн хуулийг баримтлах ёстой байсан. Гэтэл Хөдөлмөрийн хуулийн зүйл заалтыг баримтлахгүй Төрийн албаны салбар зөвлөлийн баталсан тогтоолыг баримталж байгаа нь үндэслэлгүй байна. Төрийн албан салбар зөвлөлийн баталсан 60 дугаар тогтоолд заасан сонгон шалгаруулалт явуулах тухай заалтыг буруухэрэглэсэн. Д- сонгон шалгаруулалт зарлагдах үед Цагаанчулуут сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчээр ажиллаж байсан. 60 дугаар тогтоолд зааснаар бол сул орон тоон дээр сонгон шалгаруулалт явуулах ёстой байсан. Сул орон тоо гарснаас хойш 14 хоногийн дотор ажлын байрны сул орон тоог нөхөхийн тулд сонгон шалгаруулалт явуулна гэж заасан байгаа. Тухайн сул орон тоо байхгүй байхад сонгон шалгаруулалтын захиалга өгсөн нь ашиг сонирхлын зөрчил байгаагийн нэг илэрхийлэл гэж үзэж байна. Засаг дарга Д-г ажлаас чөлөөлсөн захирамж гаргахдаа хэрэглэх ёсгүй хуулиудыг хэрэглэсэн, хууль тогтоомжуудыг буруу хэрэглэсэн байна. Тиймээс Засаг даргын Д-г ажлаас чөлөөлсөн захирамжийг хүчингүй болгож, Д-г ажилд нь эгүүлэн тогтоолгох тухай гаргасан нэхэмжлэлийн шаардлага, мөн ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөр гаргуулах, ажилгүй байсан хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна. Хариуцагч нь ард иргэдээс удаа дараа гомдол мэдээлэл ирж байсан гэж байгаа боловч уг гаргасан гомдол нь хэн хэзээ гаргасан нь тодорхойгүй. Тухайн гомдлыг Засаг дарга нь хүлээж авсан юм уу, Засаг даргын тамгын газар хүлээж авсан юм уу гэдэг нь тодорхойгүй. Төрийн албаны бичиг хэргийн стандарыг баримтлаагүй байж Д- гэдэг хүн ёс зүйн зөрчил гаргасан гэж яриад байгаа нь үндэслэлгүй. Завхан аймгийн Цагаанчулуут сумын Засаг даргын 2018 оны 01 сарын 05-ны өдрийн Б/03 тоот захирамжийг хүчингүй болгож Д-г ажилд нь эгүүлэн тогтоолгох үндэслэлтэй байна. Хөдөлмөрийн хуулийн 128 дугаар зүйлд заасны дагуу Д-г ажилд нь эгүүлэн томилох, мөн хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар нөхөн төлбөр гаргуулах, мөн хуулийн 46 дугаар зүйлд заасны дагуу дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх үндэслэлтэй гэдэг нь нэхэмжлэгч хариуцагч нарын шүүхэд хэлсэн тайлбаруудаар тогтоогдож байгаа учраас нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ч.Б- шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бүх сумдын төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт явагдсан. Уг сонгон шалгаруулалтад манай сумын Эрүүл мэндийн төв эрхлэгч эмч 3 удаа ороод тэнцээгүй. Үүнийг манай сумын иргэд болон Төрийн албаны салбар зөвлөлийнхөн мэдэж байгаа. Төрийн албаны салбар зөвлөлөөс ирсэн тогтоолын дагуу үйл ажиллагаагаа явуул хамгийн өндөр оноо авсан Баярбат гэдэг залууг 3 удаагийн сонгон шалгаруулалтад ороод бүгдэд нь тэнцсэн байсан. Тэгээд Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолын дагуу Эрүүл мэндийн газартай зөвшилцөөд ажлаас нь чөлөөлөх захирамжаа гаргасан байгаа. Ер нь сонгон шалгаруулалтдаа тэнцчихсэн бол ажлаас чөлөөлөх асуудал яригдахгүй байх байсан. Би хууль журмынхаа дагуу сонгон шалгаруулалтад ороод хамгийн өндөр оноог нь авсан хүнийг Төрийн албаны салбар зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу томилон ажиллуулж байгаа. Өмнө нь эрхлэгч эмчээр ажиллаж байхад би Засаг дарга болоод эмчлэгч эмч болгосон юм.Тэр үед ард иргэдээс олон санал хүсэлт өргөдөл гомдол ирдэг байсан. Түүнээс заримыг нь хавсаргаж ирүүлсэн юм. Би төрийн албаны салбар зөвлөлийн тушаал шийдвэрийг баримталсан юм. Өмнө нь энэ хүн ёс зүйн зөрчил гаргасан учраас захирамж гаргасан. Тэгээд шүүхэд нэхэмжлэл гаргаад шүүхийн шатанд эвлэрээд буцаж эрхлэгч эмч болсон юм. Би гаргасан шийдвэрээсээ буцахгүй. Энэ асуудлаар эхлээд өөрөө өөртөө дүгнэлт хийдэг байх хэрэгтэй. Ард иргэдээсээ асууж мэддэг байх хэрэгтэй. Би танд бүхэл бүтэн сумын Эрүүл мэндийн төвийг хариуцуулан ажиллуулж чадахгүй гэдгээ хэлсэн. Би Хөдөлмөрийн хууль дагаж мөрдөөгүй нь миний алдаа. Сонгон шалгаруулалтад ороод тэнцээгүй нь энэ хүн өөрийгөө хэн бэ гэдгээ, мөн сумын ард иргэд энэ хүнийг ямар хүн бэ гэдгийг ойлгосон байх гэж бодож байна. Ард иргэдээс ийм, ийм санал ирж байсан. Өмнө нь ийм асуудалтай байсан гэдгийг шүүхийн байгууллагыг мэдээсэй гэсний үндсэн дээр тухайн өргөдлүүдийг хавсаргасан юм. Яриад байвал маш олон өргөдөл гомдол цааснууд байгаа. Завхан аймаг иргэдээсээ асуудаг зарчимд шилжээд явж байгаа. 2017 онд Завхан аймгийн Эрүүл мэндийн төв бусад сумдаас хамгийн сүүлийн байранд орсон. Тэгэхэд нь би ажлаа эрчимжүүл, сайжруул гэж хэлж байсан. Хамгийн гол нь эмчийн ёс зүйн харилцаа, ард иргэдтэй харьцаж байгаа харьцаа зэрэг асуудал маш их яригдсан. Яг үнэндээ манай сумд ёс зүйн хороо ажиллаж байгаа юм огт байхгүй гэв.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Д-г Завхан аймгийн Цагаанчулуут сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/03 тоот захирамжаар Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29-р зүйлийн 29.2, 31-р зүйлийн 31.1.8, Эрүүл мэндийн тухай хуулийн 11-р зүйлийн 11.3, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04-р сарын 11-ний өдрийн 60-р тогтоолын 1-р хавсралтын 1.4.2 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны 12-р сарын 21-ний өдрийн 114-р тогтоол зэргийг үндэслэн түүнийг тус сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, их эмчийн үүрэгт ажлаас чөлөөлжээ.
Нэхэмжлэгч Б.Д- нь дээрх тушаалыг үндэслэлгүй гэж үзэн ажилд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хүсч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн Засаг даргын захирамж, зохигчдын тайлбар, хэргийн нөхцөл байдалддүгнэлт хийхэд ажил олгогч нь ажилтанг ажлаас чөлөөлөх үндэслэлээ зөв тодорхойлоогүй, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах талаар зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтыгбаримтлахгүйгээр захирамж гаргаж ажилтанг ажлаас нь чөлөөлсөн байна.
Хөдөлмөрийн хууль болон Төрийн албаны тухай хуульд төрийн үйлчилгээний ажилтанг ажилд авахдаа сонгоншалгаруулна гэсэн зохицуулалт байхгүй ба ажил олгогчийн зүгээс Б.Д-г ажлаас чөлөөлөхдөө төрийн үйлчилгээнийалбаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмыг баримталж сонгон шалгаруулалтанд 3 удаа орж хамгийн өндөр оноо авч чадаагүй гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлжээ.
Нэхэмжлэгч Б.Д- нь Цагаанчулуут сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, их эмчээр томилогдон ажиллаж байсан болох нь тус сумын Засаг даргын 2017 оны 05-р сарын 23-ны өдрийн Б/63 тоот захирамжаар тогтоогдож байна.
Ийнхүү нэгэнт захирамж гаргаж ажилтанг ажиллуулж байсан атлаа тодорхой хугацаа өнгөрмөгц хуулинд заагаагүйүндэслэлээр өөрөөр хэлбэл сонгон шалгаруулалтанд 3 удаа орж хамгийн өндөр оноо авч чадаагүй гэдэг үндэслэлээр түүнийгажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна гэж шүүх үзэв.
Хариуцагч Цагаанчулуут сумын Засаг дарга Ч.Б- шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөнзахирамжийнхаа үндэслэлийг тайлбарлахдаа энэ хүн мэргэжил, ур чадварын хувьд ажилдаа тэнцэхгүй байгаа учраас л ажлаас нь чөлөөлсөн гэв.
Ажил олгогчийн зүгээс ажилтанг мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй байна. Мөн ёс зүйн хувьд тэнцэхгүй байна гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд түүний мэргэжил ур чадварын хувьдтэнцэхгүй байгаа үйл баримтыг тогтоож, энэ талаар мэргэжлийн болон ур чадварын түвшин тогтоох комиссын албан ёсны дүгнэлтээр тогтоогдсон байх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.2 дахь зохицуулалтанд нийцнэ. Мөн энэ зүйлхэсгээр ажлаас чөлөөлөх тохиолдолд ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй байна.
Хэрэв ажилтанг эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэж үзэж байгаа бол энэ талаар эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт гарсан байх шаардлагатай.
Мөн ажилтанг Хөдөлмөрийн хуулийн 40-р зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлж буй тохиолдолд ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан байхыг хууль шаарддаг. Хэрэв ажил олгогч ажилтанг ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас чөлөөлж буй тохиолдолд ямар зөрчлийг ноцтойд тооцохыг талууд хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон байхыг хууль шаарддаг бөгөөд ажлаас чөлөөлсөн тушаалд уг заалтыг үндэслэл болгох ёстой юм.
Б.Д-д өмнө нь ямар нэгэн сахилгын шийтгэл оногдуулж байгаагүй нь хариуцагч байгууллагын төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг сахилгын зөрчилийг давтан гаргасан гэж үзэх боломжгүй юм .
Иймд ажил олгогчийг хууль буруу хэрэглэсэн, нотлох баримтанд үндэслээгүй тушаал гаргаж ажилтны хөдөлмөрлөх эрхийгзөрчсөн гэж үзэж нэхэмжлэгч Б.Д-г Завхан аймгийн Цагаанчулуут сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, их эмчийн үүрэгтажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны буюу 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорыг Завхан аймгийн Цагаанчулуут сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж,түүний Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төвлөрүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговортоо 2.399.705 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-гийн а-д зааснаар нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцож үзэхэд нэхэмжлэлийн шаардлагаас хальж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 2.399.705 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, хүн амын орлогын албан татварыг суутган авч зохих санд төвлөрүүлэх, дэвтрүүдэд нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70200 төгрөгийг Улиастай сумын төсвийн орлогын 090000941 тоот данснаас гаргаж нэхэмжлэгчид буцаан олгох үндэстэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжийг тооцож /ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагад төлүүлэх тэмдэгтийн хураамж 70200 + ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагад төлүүлэх тэмдэгтийн хураамж 53.345 төгрөг, нийт 123.545 төгрөгийг/ хариуцагч байгууллагаас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН
ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Алаг адуут овогт Батхуягийн Д-г Завхан аймгийн Цагаанчулуут сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, их эмчийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Завхан аймгийн Цагаанчулуут сумын Засаг даргын Тамгын газраас нэхэмжлэгч Б.Д-гийн ажилгүй байсан хугацааны буюу 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацааны цалинд 2.399.705 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Д-долгосугай.
3. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 46-р зүйлийн 46.1, 46.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийнажилгүй байсан хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, дэвтрүүдэд зохих бичилтүүдийг хийхийг хариуцагч байгууллагад даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70200 төгрөгийг Улиастай сумын төсвийн орлогын 090000941 тоот данснаас гаргаж нэхэмжлэгчид буцаан олгож, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас 123.545 төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулсугай.
5. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
6. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыгдурьдсугай.
ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ