| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2017/03390/и |
| Дугаар | 1070 |
| Огноо | 2018-03-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 1070
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М-ийн гаргасан,
Хариуцагч: М-т холбогдох,
Хашаа буулгаж, орц, гарцыг чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Мийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Золзаяа, түүний өмгөөлөгч А, хариуцагч Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч тал тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгч М нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, дунд дарь эх, 7 дугаар гудамж, 932 тоот хаягт байршилтай 18644314974341 тоот нэгж талбарын дугаартай, Г-2204008804 тоот улсын бүртгэлийн гэрчилгээний дугаартай 566 м.кв талбайтай газрыг эхнэр Б.Мартын хамт өмчилдөг.
Хариуцагч М нь манай хил залгаа газар болох 931 тоот хаягт байрлах газрыг өмчилдөг, бид хөршүүд бөгөөд өнгөрсөн хугацаанд ямар нэгэн асуудалгүй амьдарч байсан. Манай хашаа анхнаасаа кадастрын зургийн дагуу хариуцагчийн хашаанаас тодорхой хэсгээр илүү гарч баригдсан бөгөөд тухайн илүү хэсэг дээр булан үүсдэг ба үүнийг дааман буюу орц, гарцын зориулалтаар ашигладаг байсан.
Гэтэл хариуцагч тал 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр өөрсдийн хашаагаа сунгаж, манай орц, гарцыг хааж, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд минь саад учруулж байна.
Бид, энэ талаар харъяа дүүргийн газрын албанд хандаж, зөвшөөрөлгүйгээр сунгасан хашааг буулгах хүсэлт гаргасан хэдий ч тус байгууллагаас шүүхийн журмаар асуудлаа шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн. Хэрэгт авагдсан баримтанд Баянзүрх дүүргийн газрын албанаас хариуцагч талд хашаа сунгахыг зөвшөөрөөгүй гэсэн агуулгатай албан бичиг байдаг.
Гэвч хариуцагч М нь эрх бүхий байгууллагын шаардлага, мөн нэхэмжлэгчийн хүсэлтийг үл хэрэгсэж, өнөөдрийг хүртэлх хугацаанд сунгасан хашаагаа буулгахгүй, орц, гарцыг чөлөөлөхгүй, энэхүү хууль бус үйлдлээ үргэлжлүүлсээр байна.
Хэдийгээр бид хашааныхаа хойд хэсэгт орц, гарц гаргасан ч өмнө нь ашигладаг байсан хуучин орц, гарцын хэсэгт барилга барих төлөвлөгөөтэй байгаа ба хариуцагчийн хууль зөрчсөн энэхүү үйлдлээс улбаалан тус эрхээ хэрэгжүүлж чадахгүй байна.
Иймд, хариуцагчид хууль бусаар сунгаж барьсан хашааг буулгаж, орц, гарцыг чөлөөлөхийг даалгаж өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
“Нэхэмжлэгчийн гаргасан уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, 2012 онд Мянганы сорилтын сангаас Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны орчмын айлуудын хашаанд кадастрын зураг хийх ажлыг зохион байгуулсан бөгөөд нэхэмжлэгчийн орц, гарц байсан газрын булан дээр архичид байнга цугларч, чимээ шуугиан гаргаж, зодоон хийх зэргээр нийгмийн хэв журмыг их зөрчдөг байсан.
Бид, энэхүү нөхцөл байдлын талаар хорооны засаг дарга болон Мянганы сорилтын сангийн хүмүүст мэдэгдэж, тухайн газрыг хогийн цэг болох, архичид цугларч, цаашилбал гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлж, хашаагаа татах хүсэлт гаргасныг хүлээн авсан.
Миний бие хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн газрын албанаас хариуцагч талд хашаа сунгахыг зөвшөөрөөгүй гэсэн утгатай албан бичгийн талаар сайн мэдэхгүй, энэ тухай харъяа газрын албанаас тодруулах болно.
Нэхэмжлэгч тал яагаад заавал тухайн хэсгээр орц, гарц гаргах гээд байгааг ойлгохгүй байна, нэхэмжлэгчийн өмчлөлийн хашааны ар талын гудмаар явахад автобусны буудалд 300 метр орчим явж хүрэх бол хуучин орц, гарцын хувьд 600 метр орчим явж хүрнэ. Ер нь, нэхэмжлэгч М энэхүү хашаандаа амьдардаггүй, орц, гарцаа хашааныхаа хойд хэсгээр гаргасан бөгөөд цаашид тухайн хэсгийг ашиглахад ямарч хүндрэл байхгүй.
Нэхэмжлэгчийн одоогийн барьсан хашаа нь түүний кадастрын зургаас өөр, хажуу айлын өмчлөлийн газар руу хил зөрчиж орсон байдаг. Бид, анхнаасаа хашаагаа сунгаж татахдаа энэ талаар нэхэмжлэгчид удаа дараа хэлж, сануулж байсан.
Иймд, дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мөөс хариуцагч Мт холбогдуулан хашаа буулгаж, орц, гарцыг чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийг хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Зохигчид, шүүхэд гаргасан нэхэмжлэл болоод шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч Мыг зөвшөөрөлгүйгээр хашаагаа сунгаж барьснаас улбаалан нэхэмжлэгч М өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй нөхцөл байдал үүссэн эсэх талаар маргаж, мэтгэлцсэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс талуудын хүсэлтээр 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр үзлэг хийж, зохигчдын хооронд маргаан үүсэх болсон шалтгаан, нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд хариуцагчийн саад болж буй хашаа татсан байдалтай танилцаж, хэргийн бодит нөхцөл байдлыг тодруулсан /х.х-ийн 77-79-р хуудас/.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээс үзвэл тэрээр хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2.-т зааснаар эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээлгэхийг хүсчээ.
Гэвч шүүх, хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, дунд дарь эх, 7 дугаар гудамж, 932 тоот хаягт байрлах 566 м.кв талбайтай газрыг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 159 тоот захирамжаар иргэн Г, Б, Д нарт өмчлүүлжээ /х.х-ийн 86, 102-р хуудас/.
Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч М нь дээр дурьдсан газрын өмчлөх эрхийг өмчлөгч Г нараас худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр шилжүүлэн авч, 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн Б.Мартын хамт өмчлөх болсон байна /х.х-ийн 7, 17-р хуудас/.
Харин хариуцагч Мын хувьд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/568 тоот захирамжаар Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, дунд дарь эх, 7 дугаар гудамж, 931 тоот хаягт байрлах 366 м.кв талбайтай газрыг өмчлөн авчээ /х.х-ийн 86, 109-р хуудас/.
Тодруулбал, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2.-т “иргэнд газар өмчлүүлэх гэж Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэнд өмчлүүлж болохоор заасан газраас энэ хуульд заасан хэмжээ, болзол, шаардлага, журам, нөхцөлөөр иргэний өмчлөлд шилжүүлэхийг хэлнэ” гэж, мөн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.2.-т “иргэнд газрыг гэр бүлийн хэрэгцээний болон аж ахуйн зориулалтаар өмчлүүлнэ” гэж, түүнчлэн 12.1.3.-д “аймгийн төвийн сумын Засаг дарга болон нийслэлийн дүүргийн Засаг даргын өргөн мэдүүлснээр иргэний газар өмчлүүлэх тухай өргөдлийг хүлээн авч, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах” гэж тус тус заасны дагуу зохигчид эдгээр газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилж байгаа ажээ.
Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, үзлэг хийсэн баримтаар нэхэмжлэгч болон хариуцагч нарын өмчлөлийн газар хил залгаа үл хөдлөх эд хөрөнгүүд байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1.-д “Хоёр талаасаа харилцан нөлөөлж болох хил залгаа эзэмшил газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийг хөрш залгаа эд хөрөнгө гэж үзнэ” гэж заасны дагуу зохигчдын өмчлөлийн газрууд харилцан нөлөөлж болох хөрш газар бөгөөд өмчлөгч нарт хуульд зааснаар нөгөө талынхаа үйлдлийг хүлцэн тэвчих үүрэг бий болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2016/04764 тоот шийдвэрээр одоогийн иргэний хэргийн хариуцагч Мын гаргасан нэхэмжлэгч Мд холбогдох газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 1462 тоот магадлалаар хэвээр үлдээжээ /х.х-ийн 8-15-р хуудас/.
Тодруулбал, шүүхээс зохигчдын хооронд маргаан үүсгэсэн газрын хэсэгт нэхэмжлэгч Мийн орц, гарц гаргасныг чөлөөлөхийг даалгах тухай хэргийг хянан шийдвэрлэхдээ хариуцагч Мыг тухайн газрыг хууль ёсоор эзэмшдэггүй тул түүний өмчлөх эрх зөрчигдөөгүй, тэрхүү хэсэгт хашаа сунгаж барих эрхийг түүнд Мянганы сорилт сан бус харин хуульд заасан эрх бүхий этгээд олгох ёстой гэсэн үндэслэлээр түүний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.
Гэтэл хариуцагч Мт Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.1.1, түүнчлэн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3.-д заасан эрх бүхий этгээдээс тухайн орц, гарц байсан хэсэг газрыг эзэмшүүлээгүй, өмчлүүлээгүй байтал тэрээр хашаагаа дур мэдэн сунгаж, нэхэмжлэгчийн орц, гарц байсан хэсгийг хаасан байна.
Энэ талаар хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн тодорхойлолт, тус дүүргийн Газрын албаны 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 10/811 тоот дугаартай хариу албан бичиг болон 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн нотлох баримт хүргүүлэх тухай албан бичигт тус тус зааснаар хариуцагчийг хашаагаа сунгаж татсан хэсэг газрыг эзэмших, өмчлөх эрхгүй болох нь тогтоогдож байна /х.х-ийн 4, 5, 86-р хуудас/.
Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.-д “Хөрш залгаа эд хөрөнгийн нэг талын өмчлөгч буюу эзэмшигч нь өөрийн эд хөрөнгөө ашиглахад саад болохооргүй нөгөө талын зайлшгүй шаардлагатай нөлөөллийг хориглон хязгаарлаж болохгүй” гэж, мөн 135.2.-т “Нөлөөлөл нь ноцтой боловч нөгөө тал нь өөрийн эд хөрөнгөө аж ахуйн ердийн зориулалтаар ашиглах зайлшгүй шаардлагаар ийнхүү нөлөөлж байвал энэ хуулийн 135.1.-д заасан журам нэгэн адил үйлчлэх бөгөөд хэрэв энэ нөлөөлөл нь ердийн ашиглалтын үед байж болох хэвийн хэмжээнээс хэтэрсэн гэж үзвэл нөгөө тал нь ийнхүү нөлөөлж байгаа талаас мөнгөн хэлбэрээр нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж заасан.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Мийг өөрийн өмчлөлийн хашааны маргаж буй хэсгийн орц, гарцаар гарахад хариуцагч Мын өмчлөх эрхэд ноцтой нөлөөлөхөөргүй тохиолдолд тэрээр үүнийг хориглон хязгаарлах ёсгүй. Тус хуулийн 138 дугаар зүйлийн 138.1.-д “Эзэмшил газар нь бусдын газраар хүрээлэгдсэн, нийтийн ашиглалтын замд хүрэх гарцгүй буюу цахилгаан, хий, усан хангамжийн нийтийн шугам ашиглах боломжгүй бол газар эзэмшигч нь хөршийн газраар дамжин өнгөрөх дээрх цэгүүдтэй холбогдох зам, шугам хоолойг тавих, байрлуулах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч тал хариуцагчийн сунгаж татсан хашааны маргаж буй хэсгээр дамжин нийтийн эзэмшлийн замд хүрэх боломжтой юм.
Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчийн орц, гарцыг хаасан маргаж буй хэсгийн тухайн газрыг хуульд зааснаар эзэмшиж, өмчлөөгүй байх тул талуудын хооронд тэрхүү хэсгээр хөршийн эрхтэй этгээдийн хүлцэн тэвчих эрх, үүрэг үүсэхгүй. Учир нь, хөрш залгаа эд хөрөнгүүд анхнаасаа бий болж, энэ төрлийн харилцаа үүсэхдээ хөрш газрын өмчлөгчид хууль зөрчихгүйгээр эд хөрөнгийг бий болгох бөгөөд хөршийн эрхийг зөрчиж байгаа тохиолдолд уг үйлдлийг зогсоохыг шаардах эрхтэй байдаг нь хөршийн эрх зүйн зохицуулалтын онцлог юм.
Тодруулбал, Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3.-т “Хөрш залгаа газрыг эзэмшигч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож болох барилга байгууламжийг газар дээр буюу доор барих, ашиглахыг хориглон нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчээс эрх зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардах эрхтэй” гэж, мөн 135.4.-т “Энэ хуулийн 135.3.-д заасан барилга, байгууламж нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хөрш залгаа газрын тогтоосон хил хязгаараас гадагш баригдсан боловч нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд харшилж байвал түүнийг буулгах буюу зайлуулахыг шаардах эрхтэй” гэж заасны дагуу шаардах эрхээ хэрэгжүүлэхэд дээр дурьдснаар хөршийн эрх зохих ёсоор үүссэн байх ёстой.
Гэвч хариуцагч М нь нэхэмжлэгч Мийн орц, гарцыг хааж хашаагаа сунгахдаа тухай хэсэг газрыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр эзэмшиж, өмчлөөгүй байх тул тэдгээрийн хооронд хөршийн эрхийн хүрээнд хүлцэн тэвчих, аль эсхүл хашаа буулгахыг шаардах эрхийн зохицуулалт хамаарахгүй юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэж, мөн Иргэний хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.-д “Монгол Улсад нийтийн болон хувийн өмч байна” гэж, түүнчлэн 99.2.-т “Нийтийн өмч нь төрийн, орон нутгийн, шашны, олон нийтийн гэсэн хэлбэртэй байна” гэж тус тус заасан.
Тодруулан хэлбэл, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “Төрийн өмч нь төрийн нийтийн зориулалттай өмч, төрийн өөрийн өмчөөс бүрдэнэ. Төрийн нийтийн зориулалттай өмч, төрийн өөрийн өмч нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлд заасны дагуу үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөд хуваагдана” гэж, мөн 4 дүгээр зүйлийн 4.2.1.-д “иргэдэд өмчлүүлснээс бусад газар нь төрийн нийтийн зориулалттай өмч” гэж, түүнчлэн Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.-д “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн” гэж тус тус заасны дагуу хариуцагч М нь тухайн хашаа татсан хэсэг газрыг хуульд зааснаар эзэмшиж, өмчлөөгүй байх тул тэрээр төрийн өмчийн газрыг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа ажээ.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж, мөн 3 дугаар зүйлийн 3.1.5.-д “газрыг чөлөөлөх гэж тухайн газрыг эзэмших, ашиглах эрх дуусгавар болох, түүнчлэн газрыг зөвшөөрөлгүй ашигласан бол уг газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгийг шилжүүлэх, газрыг засаж тохижуулах зэргээр хууль болон гэрээнд зааснаар газрыг өмчлөгчид нь эргүүлэн өгөхөд саадгүй болгохыг хэлнэ” гэж, түүнчлэн 57 дугаар зүйлийн 57.3.-д “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө” гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, хариуцагчаас зөвшөөрөлгүйгээр эзэмшиж буй энэхүү газрыг чөлөөлүүлэх эрхийг Газрын тухай хуульд зааснаар гагцхүү эрх бүхий этгээд хэрэгжүүлнэ.
Харин нэхэмжлэгч Мөөс хариуцагч Мт холбогдуулан Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2.-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж, мөн 106.3.-д “Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна” гэж тус тус заасны дагуу маргаан бүхий газрыг чөлөөлүүлэхийг шаардаж болно.
Гэвч шүүх, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болоод хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, үзлэгээр илэрсэн нөхцөл байдлыг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь зөрчигдсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна гэж үзэв.
Учир нь, хэдийгээр хариуцагч тал тодорхой этгээдийн зөвшөөрөлгүйгээр маргаж буй газарт хашаагаа сунгаж татсанаар нэхэмжлэгчийн өмчлөлийн газрын орц, гарцыг хаасан болох нь тогтоогдож байгаа ч нэхэмжлэгч тал бусдын газраар хүрээлэгдсэн, нийтийн ашиглалтын замд хүрэх гарцгүй газрыг өмчилдөггүй, тэрээр өмчилж буй газрынхаа гудамж, нийтийн эзэмшлийн талбай руу харсан хэсэгт орц, гарц гаргах бүрэн боломжтой байна /үзлэг хийсэн тэмдэглэл болон фото зураг/.
Тухайлбал, нэхэмжлэгч М нь үзлэг хийсэн үеийн фото зургаар баримтжуулсан хавтас хэргийн 135-аас 148 дугаар хуудаст авагдсан зураг дахь орц, гарцыг ашигласнаар өөрийн өмчлөлийн газрын хойд талын гудамжаар нийтийн эзэмшлийн зам, автобусны буудалд хүрэх бүрэн боломжтой байгаагаас гадна тэрхүү хаалгаар гарч, хуучин ашигладаг байсан орц, гарцын зам буюу сургуулийн хажуу талын замаар автобусны буудалд цаг хугацаа алдахгүйгээр хүрэх боломжтой байна.
Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1.-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж заасан.
Энэхүү заалтын хүрээнд нэхэмжлэгч Мийг өөрийнхөө өмчлөлийн газрын аль ч боломжтой хэсгээр нийтийн эзэмшлийн зам, харгуй болон автобусны буудалд хүрэх орц, гарцыг гаргах эрхтэй гэж тайлбарлаж болох хэдий ч бодит байдлыг авч үзвэл хариуцагч Мын хашаагаа сунгаж татсан үйлдлээс шууд хамаарч нэхэмжлэгч тал зөвхөн тухайн орц, гарцаар л орж, гарах боломжоо хаалгасан буюу аргагүй байдалд ороод байгаа бус, харин ийнхүү хашаа татсанаар түүнд нийцүүлэн орох, гарах гарцыг өөрчлөх шаардлага үүсч байгаа ч тэрээр газрынхаа онцлог буюу давуу байдалд тулгуурлан нийтийн эзэмшлийн замд гарах гудамж, талбайн нөхцөлд нийцүүлж, өмчлөх эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой байх тул нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг шууд зөрчсөн үйлдэл гэж үзэхээргүй байна.
Иймд, дээр дурьдсныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР