| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2018/00375/И |
| Дугаар | 531 |
| Огноо | 2018-03-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 531
| 2018 оны 03 сарын 07 өдөр | Дугаар 183/ШШ2018/00531 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ******************, өөрийн байранд байрлах, “ХГ” СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ***************** дугаар байр, 4 тоотод оршин суух, Ц.Г /**************/-д холбогдох
Дундын өмчлөлийн эд зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 1 326 546 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сонинбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “ХГ” СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 147, 148.3, 149 дүгээр зүйл, Орон сууцны тухай хуулийн 13.2.6, 14, 15, 16, 17 дугаар зүйл, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд заасны дагуу 62 дугаар байрны 4 тоотод оршин суугч Ц.Г нь 2016 оны 9 дүгээр сараас 2016 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны орон сууц ашиглалт болон СӨХ-ны төлбөр 634 532 төгрөг, 2017 оны 01 дүгээр сараас 2017 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны СӨХ-ны төлбөр 692 014 төгрөг, нийт 1 326 546 төгрөгийг төлж барагдуулахгүй, нийт сууц өмчлөгчдийн эрх ашгийг хохироож байгаа тул дээрх төлбөрийг барагдуулах шийдвэр гаргаж өгнө үү. СӨХ-ны дүрэм, оршин суугчтэй болон банк, харилцагч байгууллагуудтай хийсэн гэрээний дагуу алдангийг хоног хэтэрсэн өдөр тутам 0.5 хувиар тооцдог. Дээрхи нэхэмжилсэн төлбөрийн дүнд алдангийн тооцоо ороогүй болно гэв.
Хариуцагч Ц.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сонинбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч “ХГ” СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад нэхэмжлэлээс зарим хэсгийг зөвшөөрч, зарим хэсгийг нь эс зөвшөөрч дараах үндэслэл бүхий хариу тайлбарыг хүргүүлж байна. Нэхэмжлэлийн шаардлагаас орон сууц ашиглалтын төлбөрийг салгаж, сууц өмчлөгчдийн холбоо энэ төлбөрийг нэхэмжлэх эрхгүй талаар дараах үндэслэлээр тайлбар хийж байна. Иргэний хуулийн 147 дугаар зүйлд орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн төлбөр, зардлыг хуваарилах, 147.1-д сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэжээ. Гэтэл тус СӨХ нь байгуулагдсан цагаасаа эхлэн хууль зөрчин, тусгай зөвшөөрөлгүйгээр орон сууцны барилгын ашиглалт, үйлчилгээг эрхэлж байсан бөгөөд энэ талаар холбогдох эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэжээ. Гэтэл тус СӨХ нь байгуулагдсан цагаасаа эхлэн хууль зөрчин, тусгай зөвшөөрөлгүйгээр орон сууцны барилгын ашиглалт, үйлчилгээг эрхэлж байсан бөгөөд энэ талаар холбогдох эрх бүхий байгууллагад нь удаа дараа гомдол гаргаж мэдэгдэж байсны үндсэн дээр буюу 2017 оноос албан ёсоор тусгай зөвшөөрөлтэй байгууллагад орон сууцны барилгын ашиглалт, үйлчилгээний асуудал шилжиж очсон байдаг. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д хуулийн этгээд хуульд заасан зарим үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэнэ гэж заасан бөгөөд “Хан-Оргил” СӨХ нь эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааг эрхэлж хууль зөрчиж байсан нь мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 65-07-0201/02-16 дугаар албан шаардлагаар тогтоогдсон болно. Тэгэхээр хуулиараа энэ СӨХ сууц өмчлөгчдөөс орон сууцны барилгын ашиглалт, үйлчилгээний төлбөрийг нэхэмжлэх эрхгүй юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 2016 оны 9 дүгээр сараас 2016 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны орон сууц ашиглалтын төлбөрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15, 14, 5 нийтийн аж ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэхээр зааснаас үзэхэд мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй байгууллагууд чиглэл чиглэлээр орон сууцны барилгын ашиглалт, үйлчилгээг хариуцна гэж ойлгох нь зүйтэй байна. Нөгөө талаар СӨХ өөрийн хариуцаж буй дундын өмчлөлийн эд хөрөнгөд шаардлагатай засвар үйлчилгээг авахдаа ч мэргэжлийн тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаар гүйцэтгүүлэх үүрэгтэй талаар орон сууцны тухай хууль, СӨХ-ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 19-д тодорхой заасан байна. Өмнө нь СӨХ-ны төлбөрийн асуудал шүүхээр шийдэгдэж байсан бөгөөд хариуцагч нэхэмжлэгчийн ийнхүү хууль зөрчин үйл ажиллагааг явуулж байгааг мэдээгүй, хуулийн мэдлэг дутмаг, хууль зөрчиж байгаа талаар таамаг төдий байсан ч хэрхэн яаж нотлохоо мэдэхгүй туршлага дутсан. Дараа нь буюу шүүхийн шийдвэр гарсан хойно эрх бүхий байгууллагад хандаж тухайн СӨХ-ны хууль зөрчсөн асуудал тодорхой болж улмаар холбогдох эрх бүхий байгууллагад шаардлага хүргүүлж байж өнөөдрийн нөхцөл байдалд хүрсэн.
Нэхэмжлэгч “********” СӨХ-ны үндсэн үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж байна уу гэдэг асуудлыг анхаарахгүй байхын аргагүй. СӨХ-ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна. 5.6-д Сууц өмчлөгч бүр бүх гишүүдийн хуралд өмчилж буй сууц бүрийн тоогоор саналын нэгтгэн нэг сууц болгон өөрчилсөн сууц өмчлөгч нь нэгтгэсэн сууц бүрийн тоогоор саналын нэг эрхтэй байна. 8.4-д Хурлаас тогтоол, хурлын тэмдэглэл гаргах бөгөөд түүнд хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурж, холбооны тэмдэгээр баталгаажуулна. 9.2-т бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно. 9.5-д дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах асуудлыг хуралд оролцож буй гишүүдийн гуравны 2-оос доошгүй хувийн саналаар шийдвэрлэнэ. 16.5 Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ гэж заасан заалтууд бүгд зөрчигдсөн байна. Нэхэмжлэгч “ХГ” СӨХ-д харьяалагдах 62, 63, 64 дүгээр байруудад нийт саналын эрхтэй 162 гишүүд байдаг.
1.Холбооны эрх барих дээд байгууллага буюу бүх гишүүдийн хурлаар холбооны сан бүрдүүлэх, дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардлыг хуваарилах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхээр хуульчилсан байна. Гэтэл бүх гишүүдийн хурал хэзээ, хаана хуралдсан, хэдэн хувийн ирцтэй, ямар асуудлыг хэлэлцсэн талаар нотлох баримт алга, Хэрэгт авагдаагүй юм уу гэтэл “ХГ” СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2012 оны 11 дүгээр сарын 10, 2013 оны 9 дүгээр сарын 03, 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн тус тус хурлын тэмдэглэлүүдээс үзэхэд бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэгдэх асуудлыг удирдах зөвлөл хэлэлцсэн, нөгөө талаар удирдах зөвлөл хэлэлцсэн асуудлаараа ямар нэг тогтоол, шийдвэр гаргаагүй байж хурлын тэмдэглэлийг сууц өмчлөгчдөөс төлбөр нэхэмжлэн авах үндэслэл болгон ажилласаар ирсэн байна гэж үзэхээр байна. Энэ нь хуулийн 5.6, 8.4, 9.5, 16.5 дах заалтуудыг тус тус зөрчсөн байна. Хэрэгт авагдсан дээрх гурван хурлын тэмдэглэлийг харагдах байдал баталгаажуулалт болон доторх агуулга талаас нь судалж үзэхэд илт хууль бус болох нь тодорхой байна. Үүнд:
-Удирдах зөвлөлд хэдэн гишүүн байхаас хэдэн хувийн ирцтэй оролцож байгаа нь тодорхойгүй,
-Хэлэлцэх асуудалтай холбоотой эрх олгосон ямар хуулийн заалтыг үндэслэл болгосон нь тодорхойгүй,
-Хэлэлцэх асуудлын талаар ямар нэгэн судалгаа, тоо баримт, харьцуулалт байхгүй,
-Төлбөрийг тогтоохдоо хуваарилалт хийх тооцоо байхгүй,
-Хэлэлцсэн асуудлыг шийдвэрлэхдээ санал хураалт авдаггүй.
-Зөвхөн хуралдаан даргалагч, тэмдэглэл хөтөлсөн хүн 2-оос өөр гарын үсэг байхгүй,
-Харагдах байдлаараа цаг хугацааг нь өөрчлөөд, утга агуулгыг нь өөрсдөдөө ашигтайгаар найруулаад 2 хүн гарын үсэг зураад тамга дараад баталгаажуулчихсан.
-Ийм хэлбэрийн ямар ч хуурамж шийдвэр гаргаж ирүүлэх боломжтой,
-Баталгаажуулсан хурлын даргын гарын үсгийг харахад энгийн хүний нүдээр ч дуурайж зурсан нь тодорхой зэрэг байдал ажиглагдаж байна. Эндээс үзэхэд тус СӨХ нь хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаггүй. Хяналтын зөвлөлгүй, бодит байдал дээр бүх гишүүдийн хурал болон УЗ-ийн хуралдааныг албан ёсоор зарлан хуралдуулж байгаагүй, сууц өмчлөгчиддөө санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан тавьж байгаагүй, төлбөрийн хэмжээг өөрсдөө дур мэдэн тогтоож ямар ч хяналтгүйгээр захиран зарцуулдаг нь тодорхой юм.
2.Төлбөр нэхэмжилсэн тооцоолол дээр нарийвчлан судлахад дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Харуул хамгаалалтын зардалд 3 байр нилээд сард 600 000 төгрөг төлөх гэрээтэй байна. Тэгвэл нэг байрны оршин суугч 600 000/162=3400 төгрөг, харуул хамгаалалтын зардалд төлөхөөр Иргэний хуулийн 147.2, орон сууцны цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууц хоорондын талбай болон тагт, сууцны доторх дундын ашиглалтын талбай, орцны хаалга, довжоо, цонх, хог зайлуулах хоолойн засвар үйлилгээтэй холбогдсон, түүнчлэн өөр нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчдийн оролцох хэмжээг тодорхойлохдоо уг зардлыг тухайн орон сууцны нийт сууцны тоонд хуваана гэж заасны дагуу хуваарилах байтал 16 000 төгрөг гэж тогтоосон нь ямар ч хуулийн үндэслэлгүй байна. Мөн лифтны төлбөрийг 1 давхрын айлаас нэхэмжлэх нийцтэй эсэх, 2017 оны 4 дүгээр сар хүртэл сар бүр 6500 төгрөгөөр нэхэмжилсэн байснаа нэхэмжлэхээ больсоноос үзэхэд үндэслэлгүй болох нь нотлогдож байна. цэвэрлэгээ мөн л харуул хамгаалалтын зардалтай адил хуваарилалт хийх ёстой гэтэл ИХ-ийн 147.2-д заасан тооцоолол огт байхгүй. Орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн цахилгааны төлбөр хэд гардаг болоод нэг айлаас 8000 төгрөг авах шийдвэр гаргаад байгаа юм. ИХ 147.2-д заасан тооцоолол, хуваарилалт бас л байхгүй тодорхойгүй байна.
Мөн “ХГ” СӨХ нь 2012 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 3 дугаар УЗ-ын тогтоолоор сууц өмчлөгчдөөс авах байрны Бонз, засвар, үйлчилгээний сарын хураамжийг 1 м.кв талбайгаас 160 төгрөг байхаар тооцож авна гэсэн байтал нэхэмжлэгчийн төлбөрийн дэлгэрэнгүй дээр засвар/үйлчилгээ/м.кв 160 төгрөг, гэж нэг бодоод хариуцагчийн байрны 139.21 м.кв-аар үржүүлээд сар бүр 22 274 төгрөг төлөхөөр дахиад БОНЗ гээд тогтмол сар бүр 6000 төгрөг төлөхөөр нэхэмжилсэн байна. Нэг төлбөрийг 2 өөр зардал болгон үндэслэлгүйгээр сар бүрийн төлбөр дээр 6000 төгрөг нэмэгдүүлсэн байна. Энэ талаар ч тайлбар баримт тодорхойгүй байна. Ингээд дээрх нөхцөл байдалд үндэслэн нэхэмжлэлийг зарим хэсгийг зөвшөөрч, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгуулах хүсэлтэй байна.
-Төлөхийг хүлээн зөвшөөрч буй төлбөр 416 610 төгрөг, /ТҮК, Домофон, засвар, үйлчилгээ м.кв -160 төгрөг/
-Эрх бүхий байгууллага биш гэх үндэслэлээр төлөхгүй 227 557 төгрөг, /дулааны үнэ, усны үнэ 2016.9-12 сар/
-Дундын өмчлөлийн нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчдийн оролцох хэмжээг тодорхойлохдоо хуулийн дагуу тооцоолоогүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй 417 500 төгрөг, /харуул хамгаалалт, цэвэрлэгээ, дундын цахилгааны төлбөр/,
-Огт үндэслэлгүй гэж үзэж байгаа тул төлөхгүй 214 882 төгрөг, /баримт, бусад, лифт, бонз/
Шүүх бүрэлдэхүүн дээрх нөхцөл байдлын хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шинжлэн судалж нэхэмжлэлийн шаардлагаас төлөхөөр зөвшөөрсөн хэсгийг хасч бусад хэсгийг нэхэмжлэх эрхгүй, төлөх хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоож хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Хан Оргил” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Ц..Гэрэлт-Одод холбогдуулан ус дулааны ашиглалтын зардал, дундын өмчлөлийн эд зүйлийн засвар үйлчилгээний төлбөр нийт 1 326 546 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч “ХГ” СӨХ нь 62, 63, 64 дүгээр байрнуудын оршин суугчдын тоо хүрэхгүй байна гэх үндэслэлээр ус, дулаанаар хангах тусгай зөвшөөрөлтэй компаниуд уг ажлыг гүйцэтгэхгүй байсан.Оршин суугчдын эрх ашгийн төлөө уг ажлыг гүйцэтгэхийг СӨХ-нд оршин суугчид хариуцуулж, зохих байгууллагуудтай гэрээ байгууулан, оршин суугчдыг ус, дулаанаар хангах ажлыг гүйцэтгэж, төлбөрийг айл өрхөөс хураан төвлөрүүлж гэрээ байгуулсан албан байгууллагуудад төлбөрийг төлсөн. Холбоо нь хариуцагч Ц.Г-ыг ус, дулаанаар хангасан, тусгай зөвшөөрөл байхгүйд маргахгүй, ус дулаан ашигласны төлбөр 328 557 төгрөг, хариуцагчийн гэр 3 давхарт байдаг тул лифт ашигладаг, лифт ашиглаагүй сарын төлбөрийг хассан, дундын өмчлөлийн эд зүйлийн засвар үйлчилгээний төлбөрт 997 989 төгрөг нийт 1 326 546 төгрөг нэхэмжилж байна гэж тайлбарлаж байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “ХГ” СӨХ-ны удирдах зөвлөл хуулийн дагуу байгууллагдаагүй, эрхгүй этгээдүүдийн гаргасан шийдвэрээр дундын өмчлөлийн эд зүйлийн засвар үйлчилгээний төлбөрт нэхэмжилсэн харуул, цэвэрлэгээ, дундын цахилгааны төлбөр, баримтын 500 төгрөг, БОНЗ гэх зардал мөн тусгай зөвшөөрөлгүй атлаа ус, дулаан нийлүүлсэн гэх ашиглалтын зардал болох 328 557 төгрөгийг тус тус хүлээн зөвшөөрөхгүй. Харин домофон, хогны төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй гэж маргаж байна.
“Хан Оргил” Сууц өмчлөгчдийн холбоог 2011 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэж 11/65 дугаартай гэрчилгээ олгосон байх бөгөөд тус Сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 2012 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн шийдвэрээр Д.Лхагвасүрэнг гүйцэтгэх захирлаар томилжээ.
Иймээс Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4-т зааснаар гүйцэтгэх захирал Д.Лхагвасүрэн нь холбооны нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг СӨХ-нд төлөх үүрэгтэй.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулиар Сууц өмчлөгчдийн холбооны хяналт болон хариуцлагын механизмыг тогтоосон байдаг бөгөөд оршин суугчид нь Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа, зохион байгуулалтын асуудлыг өөрсдөө шийдээд явах боломжийг хуулиар олгосон байна. Хариуцагч шүүх хуралдаанд хууль бус Удирдах зөвлөл байгуулагдсан, гарсан шийдвэрүүд нь хуулийн дагуу явагдаагүй гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлээгүй, тайлбар нь баримтаар тогтоогдохгүй байх тул “Хан Оргил” Сууц өмчлөгчдийн холбоо болон удирдах зөвлөлийг хууль бус байгуулагдсан гэж үзэх үндэслэл нотлогдохгүй байна.
Түүнчлэн хариуцагч нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т заасан эрхийнхээ дагуу засвар үйлчилгээний хөлс, зардал үндэслэлтэй эсэх талаар мөн СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотой гомдлоо дээд шатны байгууллагад гаргаагүй байх бөгөөд түүний татгалзлын тайлбар нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардлыг төлөхгүй байх үндэслэл болохгүй юм.
Харин нэхэмжлэгч “ХГ” СӨХ нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардлыг тодорхойлсон бусад 20882 төгрөг гэж нэхэмжилж буй зардлыг хасахад татгалзах зүйлгүй гэж байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 20 882 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хариуцагч Ц.Гоос 2017 оны 1 дүгээр сарын 1-ээс 2017 оны 12 сарын 31-ныг хүртэл буюу 12 сарын зардал 997 989 төгрөгөөс 20 882 төгрийг хасаад үлдэх 977 107 төгрөгийг гаргуулан “ХГ” СӨХ-нд олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч “ХГ” СӨХ нь хариуцагч Ц.Гоос 2016 оны 9 дүгээр сараас 2016 оны 12 дугаар сарын 31-ныг өдрийг хүртэлх ус, дулаан ашиглалтын төлбөрт нийт 328 557 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч нь ус, дулааны үйлчилгээг авсанд маргахгүй, тусгай зөвшөөрөлгүйгээр дээрх үйл ажиллагаа явуулсан тул СӨХ-нд төлбөрийг төлөхгүй гэж маргасан.
“ХГ” СӨХ нь 62 дугаар байрны оршин суугчдад ус, дулааны үйлчилгээг үзүүлэхээр 2015 оны 4 дүгээр сарын 20 өдөр Ус сувгийн удирдах газар, 2016 оны 8 дугаар сарын 29-ны өдөр Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-тай тус тус гэрээ байгуулан, оршин суугчдын өмнөөс төлбөрийг бүрдүүлэн дээрх хоёр байгууллагад төлж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 40-45, 52, 53-54/
Нэхэмжлэгч нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль зөрчсөн үйлдлийг шүүх зөвтгөх үндэслэлгүй байна.
Харин хариуцагч дээрх гэрээний дагуу “ХГ” СӨХ-ноос цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ, дулааны эрчим хүчийг худалдах-худалдан авах гэрээний дагуу үйлчилгээг бодитоор авсан, энэ талаар маргаагүй бөгөөд түүний хэрэглэсэн ус, дулааны ашиглалтын төлбөрийг нэхэмжлэгч зохих байгууллагуудад төлсөн байх тул хариуцагч уг гарсан зардлын хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж ус, дулааны ашиглалтын зардал 328 557 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иймд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар 977 107 төгрөг, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т зааснаар 328 557 төгрөг нийт 1 305 664 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20 882 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36 174 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35 840 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 492 дугаар зүйлийн 492.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар хариуцагч Ц.Гоос 1 305 664 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ХГ” СӨХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20 882 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36 174 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35 840 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ