| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2018/00413/И |
| Дугаар | 593 |
| Огноо | 2018-03-14 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 593
| 2018 оны 03 сарын 14 өдөр | Дугаар 183/ШШ2018/00593 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, ************тоотод оршин суух, Б.А /РД:*************/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, ажилчны гудамж, өөрийн байранд байрлах, “А” ХХК /РД:**********/-д холбогдох
Урьд эрхэлж байсан “А” ХХК-ийн жолоочийн ажил, албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас халсан өдрөөс хойш анхан шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх өдрийг дуустал гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дөлгөөн, түүний өмгөөлөгч Ц.Дарьжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.А би тус байгууллагад 2016 онд нийтийн зорчигч тээврийн жолоочоор орж ажилласан. Миний бие ажиллах хугацаандаа хариуцсан ажилдаа алдаа дутагдал гаргаж байгаагүй бөгөөд үүрэг даалгаврыг цаг тухайд нь хийж гүйцэтгэж байсан. Ажиллах цагийн хуваарийн дагуу бол 7 хоногийн 6 өдөр ажиллаад 1 өдөр амардаг бөгөөд зарим тохиолдолд 14 хоногт 1 өдөр ажиллах үе цөөнгүй байсан. Ингээд ажлаа хэвийн хийж байтал 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 12 дугаар сарын цалин олгосон. Миний цалин дээрээс түлшний өр гээд мөнгө суутгасан байсан. Яагаад түлшний өр гэж суутгаж байгаа юм бэ гэхэд энэ орсон цалин чинь аваанз юм уу гэхэд цалин олгож байна. 24-ний өдрөөр тасалбар болгосон гэж хэлсэн. Тэгэхээр нь миний бие цалингаа 24-ний өдрөөр таслах байсан юм бол урьдчилан мэдэгдэж болоогүй юм уу. Түлшний өрийг хувилж суутгаж болоогүй юм уу гэхэд ерөнхий нягтлан бодогчид хэлсэн. Гэтэл нягтлан цалин ингэж таслахыг хэсгийн дарга нарт мэдэгдсэн тэд нар та нарт мэдэгдээгүй байна. Түлшний суутгалыг бол бид нар авах ёстой юмаа авч байна гэж хэлсэн. Тухайн асуудлын талаар “А” ХХК-ний ажилчдын нүүр номны групп дээр энэ юу болж байгаа юм бэ гэхэд цэцэрлэгийн хүүхэд чихрээр хуурч байгаа юм шиг гээд өөрийн сэтгэгдэлээ оруулсан. Гэтэл ерөнхий захирал Баярмагнай миний пост доор хамт олныг талцуулах гэсэн буруу үзэлтнээс сал шууд ажлаас хал гэж коммент бичсэн байсан. Ингээд 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ажлаас халах тушаал гаргасан байсан. 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажилдаа очиход тойрох хуудсаа зур тушаал чин 14 хоногийн дотор гарна өөрөө ирж аваарай гэсэн. Тушаалыг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гардаж авсан. Тушаалтай танилцахад ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан байсан. Ажилчин хүн өөрийнхөө зөрчигдсөн эрх ашгийг хамгаалахаар удирдлагадаа үг хэлснийг зөрчил гаргасан гэж ажлаас чөлөөлж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Ийм үндэслэлээр ажлаас халсанд гомдолтой байгаа. Иймд нэхэмжлэгч намайг ажил албан тушаалаас үндэслэлгүйгээр халсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан “А” ХХК-ний жолоочийн ажил, албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас халсан өдрөөс хойш анхан шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх өдрийг дуустал гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгүүлгэхийг даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч “А” ХХК шүүхэд хариу гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хандаж Б.Аын гаргасан ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулж, ажиллаагүй хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэх шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбар гаргаж байна. Б.А нь манай компанид 2016 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн 57 дугаартай тушаалаар зорчигч тээврийн үйлчилгээний жолоочоор томилогдон ажилласан ба тэрээр компанийн дотоод журамтай танилцаж, хөдөлмөрийн гэрээ байгуулж тэдгээрт тусгагдсан нөхцлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан болно. Бидний зүгээс Б.Аыг дэмжээгүй биш дэмжсэн 2017 оны 12 дугаар сард БНСУ-аас 5 шинэ автобус оруулж ирсний нэгийг Б.Аод өгч тээврийн хэрэгслээ эвдрэл гэмтэлгүй, осол зөрчилгүй сайн ажиллах байх гэж итгэл хүлээлгэсэн. Гэтэл Б.А нь 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг баримталж яваагүйгээс болж зам тээврийн осол гаргаж иргэн, байгууллагыг хохироосон. Мөн гэрээгээр нэгэнт тохирсон цалингаа голж хамт олны дунд элдэв яриа үүсгэн талцуулж, үйлчилгээ тасалдуулан компанид хохирол учруулсанд туйлын харамсалтай байна. Манай компанийн хөдөлмөрийн дотоод журмын 2 дах хэсэгт хөдөлмөрийн гэрээг компанийн удирдлагын санаачлагаар цуцлах үндэслэлийг заасан ба мөн дүрмийн 2.8-д ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчилд хамаарах үйлдлийг нарийвчлан заасан. Жолооч Б.А нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хороолол, дүнжингаравын чиглэлд 10 реис хийх даалгавартай ажилд гарсан хэдий ч, 3, 4 дүгээр хорооллын эцсийн буудал дээр хөдөлгөөн зогсоож утас руу нь залгахад утсаа авахгүй улмаар 5 реис яваад 16.30 цагийн үед баазын гаражид автобусаа тавиад тухайн өдрийн тээвэр зохицуулагчид мэдэгдэлгүй, тээврийн хэрэгслийг механикт хүлээлгэж өгөлгүйгээр орхиж яваад ажилдаа ирээгүй талаар тээвэр зохицуулагч Баасанжаргалын тэмдэглэлд тусгагдсан ба хүүхэд чихрээр хуурч байгаа мэт цалин өгч байгаа тул ажиллах хэрэггүй хэмээн ажилчдын дунд яриа гаргаж зарим ажилчид дэмжсэн байдал гаргасан зэрэг нь ноцтой зөрчилд хамаарч байгаа тул Б.Аыг ажлаас халах шалтгаан болсон. Хөдөлмөрийн дотоод журмын 2 дах хэсгийн 2.8-д хамт олны эв нэгдлийг үймээн бутаргах, өдөөн турхирах, дур мэдэн ажлын байр орхин явж ажлын байр эзэнгүйдүүлсний улмаас компанид хохирол учруулсан буюу нийтийн тээврийн үйлчилгээний жигд үйл ажиллагааг тасалдуулсан бол, хөдөлмөрийн гэрээний дөрөв дэх хэсгийн 4.2.4-ийн г-д байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, ё-д хамт олны эв нэгдлийг үймээн бутаргах арга хэмжээ зохион байгуулсан бусдыг энэ хэрэгтээ өдөөн турхирсан нь ноцтой зөрчилд тус тус хамаарахаар заасан. Б.А нэхэмжлэлдээ ажиллах хугацаандаа хариуцсан ажилдаа алдаа дутагдал гаргаж байгаагүй, үүрэг даалгавар цаг тухайд нь биелүүлж ажилласан талаар дурдсан нь үндэслэлгүй байна. Тухайлбал: 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн буруугаас зам тээврийн осол гаргаж хурлаар хэлэлцэгдэн анхаарулга авч бичгээр амлалт үүрэг авч байсан. Нийтийн тээврийн салбарт ухаалаг төлбөрийн систем нэвтрүүлснээр нийт зорчигчид картаар үйлчлүүлдэг болсон гэтэл 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдөр зорчигчоос бэлэн мөнгө хурааж хувьдаа авсан зөрчил гаргасныг Нийслэлийн тээврийн газрын 321490 дугаарын утаснаас манай компанид мэдэгдсэний дагуу сануулга өгч байсан зэрэг нь Б.А холбогдох дүрэм журмыг баримтлан анхаарал болгоомжтой авар осолгүй ажиллах үүрэг даалгавар биелүүлдэггүй, ажилдаа алдаа дутагдал гаргадаг болохыг харуулна. Түүнчлэн Б.Аын өмнө Эрдэмтранс ХХК-д ажиллаж байхдаа хариуцсан тээврийн хэрэгслээ эвдэж удаа дараалан хохирол учруулж байсан талаар баримт байгаагаас үзвэл ажилдаа хариуцлагагүй сэтгэлгүй ханддаг нь харагдаж байна. Иймд дээр дурдсанчлан байгууллагын дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан Б.Атой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 213 дугаартай тушаал, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн дотоод журмын 2 дах хэсгийн 2.8-ийн ё-д заасныг баримталсан тул үндэслэл бүхий хэмээн үзэж байх тул Б.Аын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч “А” ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь ажилчдын фэйсбүүк хуудасд сэтгэгдэл оруулсан, хамт олны эв нэгдлийг үймээн бутаргасан зүйл байхгүй ажлаа гүйцэтгэж байхад ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцласныг зөвшөөрөхгүй гэж тайлбарладаг.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасны улмаас цуцласан, сахилгын зөрчлийг давтан гаргасан, 10 рейс явах байтал дур мэдэн ажлын байр хаяж явсан, ажилчдын фэйсбүүк хуудсанд цалингаа голж цэцэрлэгийн хүүхэд чихрээр хуурч байгаа юм шиг гэж бичсэн нь хамт олны эв нэгдлийг үймээн бутаргах зорилгоор бусдыг өдөөн турхирсан үйлдлийг нотцой зөрчил гэж үзэн хөдөлмөрийн гэрээг цуцласан гэж маргасан.
Шүүх нэхэмжлэгч Б.Аыг “А” ХХК-ийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоох дараах үндэслэл байна гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч Б.А нь “А” ХХК-ийн жолоочоор 2016 оны 7 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн ажилд орж, хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болох нь зохигчийн тайлбар, 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын №А0321145 тоот дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 4, 6, 30-р хуудас/
Зохигч 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн №009 тоот хөдөлмөрийн гэрээний хувьд маргаагүй болно.
“А” ХХК-ийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 213 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 2013 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 18 дугаар тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 2 дугаар зүйлийн 2.8 дахь хэсгийн “ё”-д заасан зөрчил гаргасан гэж жолооч Б.Аыг 2017 оны 12 дугаар сарын 27 өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хэргийн 31-р хуудас/
Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд ажлаас халсан тухай 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №213 тоот тушаалыг хүлээн авч, ажлаас буруу халсан талаарх гомдлоо тус шүүхэд 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг /нэг сар/ хэтрүүлээгүй, энэ тухайд талууд маргаагүй болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заажээ.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-д “ажлаас халах” сахилгын шийтгэлийг ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд оногдуулахаар заасан байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.8 дахь хэсгийн “ё”-д заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчил 2-3 удаа гаргасан буюу хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан /..... хамт олны эв нэгдлийг үймээн бутаргах зорилгоор бусдыг өдөөн турхирсан, ажлын байр хаяж явсан болон бусад/ гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон болгожээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “сахилгын зөрчил давтан гаргасан” гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох, зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай юм.
Нөгөөтэйгүүр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаалын Тушаах хэсэгт хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийн зүйлчлэлийг баримтлалгүй зөвхөн Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журамд заасан ерөнхий зүйлчлэлийг баримталсан нь хуульд нийцээгүй байна.
Учир нь “ноцтой зөрчил” гэдгийг хөдөлмөрийн гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг ойлгоно.
Гэхдээ “ноцтой зөрчил” нь ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон үйлдэл, эс үйлдэл байхыг шаарддаг.
Нэхэмжлэгч Б.А нь байгууллагын фэйсбүүк хуудасд цэцэрлэгийн хүүхэд чихрээр хуурч байгаа юм шиг гэж бичсний улмаас хариуцагч компанийн хамт олны дунд эв нэгдэл муудсан, компанийн ажилчдын дунд үймээн самуун үүссэн, мөн нэхэмжлэгчийн уг үйлдлийн улмаас ямар учирсан хохирол, сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх тус тус баримтуудыг хариуцагч шүүхэд ирүүлээгүй, хөдөлмөрийн гэрээг цуцалж буй үндэслэл баримтаар нотлогдохгүй байна.
Хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.8 дахь хэсгийн “ё”-д заасан “ ...... ажлын байр хаяж явсан болон бусад ....” зөрчлийг гаргасан болох нь 2018 оны 1 дүгээр сарын 6 өдрийн тээвэр зохицуулагч Б.Баасанжаргалын тэмдэглэлээр нотлогдоно гэж шүүхэд ирүүлсэн баримтыг шүүх үнэн зөв эргэлзээгүй гэж үнэлэх үндэслэлгүй байна. Учир нь уг баримт нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ажлын цагийн бүртгэлийг 2018 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр нөхөн хийсэн, мөн ажлын байрыг эзэнгүй орхисон болохыг нотлохоор ажлын цагийн ирцийн бүртгэл, тухайн өдөр 10 рейс шугамд ажил гүйцэтгэх талаарх баримтыг тус тус шүүхэд ирүүлээгүй учраас хариуцагчийн татгалзал тогтоогдохгүй байна.
Иймд хариуцагчийн тушаалд дурдсан ноцтой зөрчлүүд гаргасан болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б.Аыг нь хариуцагч “А” ХХК-ийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалинг гаргуулах нь зүйтэй байна гэж шүүх үзэв.
Нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх дундаж цалинг тооцохдоо түүний нийгмийн даатгалын №А0321145 тоот дэвтрийн бичилтийг үндэслэн Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журмын” 7-ын А-д зааснаар тооцвол нэг сарын дундаж цалин 939 606 төгрөг /1 235 050+924 000+659 769=2 818 819:3=939 606 төгрөг/ байх тул түүний ажилгүй байсан хугацааны 50 хоног /12 сар ажлын 2 хоног, 1 сар ажлын 21 хоног, 2 сар ажлын 19 хоног, 3 сар ажлын 8 хоног нийт ажлын 50 хоног/ ажлын 50 хоногийн цалин нийт 2 185 100 төгрөгийг /939 606 : 21.5 хоног=43 702 төгрөг, 50 хоног х 43 702 төгрөг= 2 185 100 төгрөг/ хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, 46.2-т “ ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж тус тус заажээ.
Иймд “А” ХХК-нд Б.Аын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Боржигон овогт Б.А-ыг “А” ХХК-ийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар “А” ХХК-иас Б.Аод урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2 185 100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Аод олгосугай.
3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгч Б.Аын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “А” ХХК-нд даалгасугай.
4.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “А” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 120 112 /70200+49112/ төгрөг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ