| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2019/0080/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/87 |
| Огноо | 2019-07-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 2019/ШЦТ/87
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг, улсын яллагч хяналтын прокурор Э.Ариунболд, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Ариунболдын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ын Чинбатад холбогдох эрүүгийн *******тай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******, *******д төрсөн, 3*******, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхлэдэг, ам бүл 1, Улаанбаатар хот ******* 8 дугаар хороо Сонсголонгийн *******од оршин суух, урьд 1994 онд Эрүүгийн хуулийн 123.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаартай, *******ын Чинбат.
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэнд дурдсанаар/ Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсэрт үйл ажиллагаа явуулдаг “Мондэ тур” амралтын газарт -наас 03 дугаар сарын 19-нд шилжих шөнө 01 цагийн орчимд тай хувийн таарамжгүй харилцааны улмаас гараараа нүүр, ам, хацар, толгой хэсэг рүү нь, мөн галын дэгээ төмрөөр гар, хөл хэсэг рүү нь тус тус цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Нэмж хэлэх зүйлгүй. Би согтуу байсан ч өөрийгөө мэдэж байсан. Алтантуяа гэх манай төрсөн ахын эхнэрийг гараараа хэд хэдэн удаа уурандаа цохьсон. Гэм буруугаа ойлгож байна. Ноцолдоод унахдаа галын дэгээ бариад цохьсон байсан. Хохирол гээд ажилласан 15 хоногийн цалингаа үлдээсэн. Өөр надаас хохирол мөнгө нэхээгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч ******* нь яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “-ны өдөр Мондэ тур амралтын газарт зочид буудал тохижуулах ажил хийж байгаад манай бэр эгч Алтантуяа хотоос ирэхдээ 2 шил архитай ирээд бид нар байрлаж байсан гэртээ ороод ууцгааж байгаад манай ах Бааска түрүүлээд тасраад ойчсон. Алтантуяа эгч согтоод “явна” гээд гарахаар нь би араас нь гарч олж ирээд шөнө 1 цагийн үед бид 2 үлдэгдэл архиа ууж сууж байхдаа маргалдаж намайг эхлээд үснээс татахаар нь адилхан үснээс нь зулгааж ноцолдож, зууралдаж байхдаа толгой, бие, хөл гар гээд таарсан газарт нь хэд хэд цохисон” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 47 дугаар хуудас/
Хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр би хотоос Тэрэлж рүү ирж явахад манай нөхөр утасдаад “баярын өдөр байна даа 2 шил архи аваад ир” гэсэн. Би архи аваад 18 цагийн үед ирж манай нөхөр, дүү Чинбатын хамт ажлаа тараад 19 цаг өнгөрч байхад орж ирээд архиа задлаад ууцгаасан. Тэгээд 3-лаа гэрийн урд байрлах караокены өрөөнд орж нөхөртэй хамт ажиллаж байгаа 2 ахыг дуудаж, жаахан сууж байснаа тэр 2 ах яваад өгсөн. Бид 3 буцаж гэртээ ороод манай нөхөр нэлээн согтсон болохоор зүүн талын орон дээр унтаж Чинбат үлдсэн тал шил архиа уугаад үлдсэн. Би хамт юм ярьж сууж байхад Чинбат “чи янхан шүү дээ, манай хамаатны Хөвсгөлд байдаг Боёотой унтаж хэвтээ биз дээ” гэхээр нь “чи нүдээрээ харсан юм уу” гээд би хэрэлдэж нүүр ам хацарт хэд хэдэн удаа цохиж аваад 2-лаа ноцолдсон. Тэр үед манай нөхөр сэрж босож ирээд болиулж гараад бие засахаар гарахад нь би Чинбатыг бариад авч зууралдаж байтал нөхөр орж ирээд салгаж Чинбатыг ажил руугаа яв гээд түлхэж гаргахад хаалга татаж гараа оруулаад дотроос нь цоожлох гээд татаж байсан намайг дээд уруул орчимд 2 удаа цохиход нөхөр Чинбатыг татаж оруулж ирээд цээж хавьд нь хэд хэдэн цохиж гаргаж явуулсан.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 10-13 дугаар хуудас/
Гэрч Т.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Налайх дүүргийн 6 дугаар хороонд байрлах Мондэтур амралтын газарт зочид буудал тохижуулах ажил хийж байгаа юм. -ны өдөр манай эхнэр хотоос ирнэ гэхээр нь 2 шил архи захисан юм. Эхнэр 20 цагийн орчим ирж цэргийн баяр тэмдэглээд манай дүү Чинбат эхнэр Алтантуяа бид 3 архи уусан юм. 2 шил архиа дуусгаж би Мэлхий хадны дэлгүүр явж 2 шил архи авчраад ууж байгаад би тасраад унтаад өгсөн. 01 цаг өнгөрч байхад 2 хүн хэрэлдээд байх шиг болохоор нь сэрж харахад эхнэр дүү 2 зууралдчихсан байхаар нь “боль битгий муудаад бай” гээд салгачихаад гэрээс гарч бие засчихаад буцаад ороход дахиад муудалцаж байхаар нь “Чинбааг эмэгтэй хүн битгий зодоод бай” гээд цээж рүү нь гарын алгаараа 2 удаа түлхэж тэвэрч хаалгаар түлхэж гаргаад хаалгаа түгжиж Чинбат уурын зууханд очиж хоносон.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 16-18 дугаар хуудас/
Гэрч Ж.Төмөр-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 6 хүүхэдтэй Чинбат миний 4 дэх хүүхэд түүний дээд талын ах нь юм. Миний хүү Чинбат нь цагаан цайлган сэтгэлтэй хүнд тусархуу, гэм нь жаахан түргэн ууртай хүүхэд байгаа юм.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 27 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/174 дүгээр: “1. гийн биед зүүн хацар, дээд уруул, баруун мөр, баруун бугалга, баруун шуу, бугуйн шуу, бугуйн үе, зүүн дал, зүүн дал, зүүн бугалга, зүүн шуу, хэвлий, баруун ташаа, баруун зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 29 дүгээр хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/185 дугаар: “1. *******ын биед баруун зүүн шуунд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой 6. Баруун хацарт сорви гэмтлийн үүссэн хугацааг нарийн тогтоох боломжгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 31 дүгээр хуудас
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас , иргэний үнэмлэхийн лавлагаа, зэргийг шинжлэн судлав зэргийг шинжлэн судлав. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсэрт үйл ажиллагаа явуулдаг “Мондэ тур” амралтын газарт -наас 3 дугаар сарын 19-нд шилжих шөнө 01 цагийн орчимд өөрийн ахын эхнэр хохирогч г үг хэлээр доромжилж улмаар гараараа түүний нүүр, ам, хацар, толгой хэсэг рүү нь, мөн галын дэгээ төмрөөр гар, хөл хэсэг рүү нь тус тус цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би согтуу байсан ч өөрийгөө мэдэж байсан. Алтантуяа гэх манай төрсөн ахын эхнэрийг гараараа хэд хэдэн удаа уурандаа цохьсон. Гэм буруугаа ойлгож байна. Ноцолдоод унахдаа галын дэгээ бариад цохьсон байсан. үснээс нь зулгааж ноцолдож, зууралдаж байхдаа толгой, бие, хөл гар гээд таарсан газарт нь хэд хэд цохисон...” гэсэн мэдүүлэг,
Хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хамт юм ярьж сууж байхад Чинбат “чи янхан шүү дээ, манай хамаатны Хөвсгөлд байдаг Боёотой унтаж хэвтээ биз дээ” гэхээр нь “чи нүдээрээ харсан юм уу” гээд би хэрэлдэж нүүр ам хацарт хэд хэдэн удаа цохиж аваад 2-лаа ноцолдсон. Тэр үед манай нөхөр сэрж босож ирээд болиулж гараад бие засахаар гарахад нь би Чинбатыг бариад авч зууралдаж байтал нөхөр орж ирээд салгаж Чинбатыг ажил руугаа яв гээд түлхэж гаргахад хаалга татаж гараа оруулаад дотроос нь цоожлох гээд татаж байсан намайг дээд уруул орчимд 2 удаа цохиход нөхөр Чинбатыг татаж оруулж ирээд цээж хавьд нь хэд хэдэн цохиж гаргаж явуулсан....” гэсэн мэдүүлэг, Гэрч Т.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...01 цаг өнгөрч байхад 2 хүн хэрэлдээд байх шиг болохоор нь сэрж харахад эхнэр дүү 2 зууралдчихсан байхаар нь “боль битгий муудаад бай” гээд салгачихаад...” гэсэн мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн -ны өдрийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ. Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч *******ад холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, хэргийг шалгаж яллах дүгнэлт үйлдэхдээ хэргийн оролцогчийн хуулинд заасан эрхийг хангасан байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс Боржигон овогтой Төмөр-Очирын Чинбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ. Шүүгдэгч *******ыг шүүхээс гэм буруутайд тооцсонтой холбогдуулан улсын яллагчаас зүгээс тухайн зүйл ангид заасан ялаас 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг шүүх хянаж үзээд шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн биед олон гэмтэл учруулсан гэмт хэргийн шинжийг харгалзан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 5 сарын хугацаанд хэсэгчилж төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд зүйл битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг дурьдлаа. Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл нь шүүгдэгч хохирогч нарын гэр бүлийн хүрээн дэх таарамжгүй харьцаатай холбоотой гэж үзлээ.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******ын Чинбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоолд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД