| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2017/03270/И |
| Дугаар | 553 |
| Огноо | 2018-03-09 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 553
| 2018 оны 03 сарын 09 өдөр | Дугаар 183/ШШ2018/00553 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 5 дугаар хороо, ***************байранд байрлах “Ө” ХХК /РД:*************-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-20, өөрийн байранд байрлах, УБ Ц Т С УБЦТС ТӨХК гэх/-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 770 933 086 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганбаатар, А.Ариунтуул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрболд, Э.Мөнх-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч С.Батдэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө ХХК нь “УБ Ц Т С” ТӨХК-иас 2011 оны 08 дугаар сард зарласан тендерт оролцон, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах тус компанийн өргөтгөлийн барилга угсралтын ажил гүйцэтгэгчээр сонгогдсон бөгөөд 2011 оны 11 дүгээр сарын 10-ны едөр хоёр компанийн хооронд “УБЦТС” ТӨХК-ийн өргөтгөлийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Ажил гүйцэтгэх гэрээнд дээрх барилга угсралтын ажлыг 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хооронд 2 180 323 378 /хоёр тэрбум нэг зуун наян сая гурван зуун хорин гурван мянга гурван зуун далан найман/ төгрөгийн төсөвтэйгээр хийж гүйцэтгэх талаар тусгаж, захиалагч, гүйцэтгэгч талуудын эрх үүрэг, хариуцлагыг зааж өгсөн. Гүйцэтгэгч тал болох манай компани нь гэрээнд заасан хугацаанд барилгын ажлыг эхлүүлсэн боловч, захиалагч тал буюу “УБЦТС” ХК нь барилга барихад шаардлагатай баримт бичгүүдээ манайд гаргаж өгөөгүй. Өөрөөр хэлбэл тус барилгын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл нь олгогдоогүй, техникийн нөхцлүүдээ аваагүй, ажлын зураг нь экспертизээр батлагдаагүй байснаар барахгүй барилга баригдах газар олголтын захирамж шийдвэр нь ч гараагүй, мөн өвлийн улирал эхэлсэн зэрэг нөхцөл байдлын улмаас тус барилга угсралтын ажлыг явуулах боломжгүйд хүрсэн юм. Түүнчлэн барилга угсралтын үйл ажиллагаа явуулахад шаардлагатай дээрх баримт бичгүүд гарах хүртэлх 1-1,6 жилийн хугацаанд тус барилгын ажлын зураг өөрчлөгдсөн бөгөөд нэмэлт ажлууд зайлшгүй хийгдэх шаардлагатай болсон. Мөн Зам Тээвэр Барилга Хот Байгуулалтын сайдын 2012.01.31-ний өдрийн 18 дугаар тушаал гарч барилгын төсөвт өртөг 30 хувиар өссөн, мөн сайдын 2012.06.15-ны 181 дугaap тушаал гарснаар барилгын төсөвт өртөг 1,05 хувиар өссөний улмаас анх тооцоологдсон зардал болон хугацааны дотор тухайн барилгын ажил гүйцэтгэгдэх ямар ч боломжгүй болсон юм. “УБЦТС ХК-ны зүгээс тус өргөтгөлийн барилга угсралтын ажлыг явуулахад шаардлагатай санхүүжилтийн асуудлыг дараа шийдвэрлүүлж өгөх тул ажлаа зогсоож болохгүй, өөрийн хөрөнгөөр, бүхий л бололцоогоороо ажлаа явуул гэсэн чиглэлийг манайд өгч байсан тул Ө ХХК нь өөрийн хөрөнгөөр тус барилгын ажлыг явуулсан. Үүний тулд компанийхаа нэр дээр болон хувь хүний нэрээр банк, санхүүгийн байгууллагуудаас мөнгөн зээл, хувь хүн, байгууллагуудаас барилгын материал зээлээр авч хэрэглэх зэргээр компанидаа ихээхэн эрсдэл хүлээн “УБЦТС ХХ-ны өргөтгөлийн барилга угсралтын ажлыг явуулсан. 2013 онд “УБЦТС” ХК-ны хүсэлтээр Барилга Архитектур корпораци байгууллага нь тус компанийн өргөтгөлийн барилгын зураг төсөв болон барилга угсралтын ажлын гүйцэтгэлтэй танилцаж хянан судалсны үндсэн дээр “Өргөтгөлийн барилгын төсөвд заасан ажил 67,5 хувийн гүйцэтгэлтэй, барилгын угсралтын дуусаагүй байгаа ажлыг өнөөгийн мөрдөж буй төсвийн норм, үнэ тарифаар тооцон үзэхэд 936,6 сая төгрөг шаардлагатай байна’’ гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Гэтэл УБЦТС ХК-ийн ТУЗ нь манай компаниас тус барилгын ажилд зарцуулагдсан хөрөнгө богон цаашид шаардлагатай бусад зардлыг бодитооор авч үзэж, тооцохгүйгээр зөвхөн 487,826,918 төгрөгийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд энэ санхүүжилтийн хүрээнд барилгын ажлыг дуусга гэсэн хууль бус шаардлагыг манай компанид тулгасан. Манай компани нь “УБЦТС” ХК-тай зөвшилцөн асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд чармайж ирсэн боловч үр дүнд хүрээгүй бөгөөд энэхүү барилгын ажлыг юуны түрүүнд дуусган, улсын комисст хүлээлгэж өгөхийн тулд ихээхэн хичээж, өөрөөс их жэмжээний хөрөнгө, хүч гарган, өрийн болон зээлийн хүү, торгууль алдангийн дарамтанд орох зэргээр маш их алдагдал, хохирол хүлээж ажилласны эцэст 2014 сны 12 дугаар сарын 15-ны өдөр “УБЦТС” ТӨХК-ийн өргөтгөлийн барилгыг барьж дуусган, улсын комисст хүлээлгэж өгсөн. 'УБЦТС" ТӨХК-ийн өргөтгөлийн барилга нийт 3,570,265,927 төгрөгийн өртөгтэй баригдсан, үүнээс УБЦТС” ХК нь Ажил гүйцэтгэх анхны гэрээнд тусгагдсан 2,180,323,378 төгрөг, нэмэлт гэрээгээр 457 342 549 төгрөг, “УБЦТС” ХК-ийн ТУЗ-ын шийдвэрлэсэн 487 826 918 төгрөг буюу нийт 3 125 492 845 сая төгрөгийн санхүүжилтийг олгохоор зөвшөөрснөөс 98 300 000 төгрөгийг манай компанид олгоогүй. Түүнчлэн дээрх 3 570 265 927 төгрөгийн зөрүү болох манай байгууллагаас ажил гүйцэтгэхэд гаргасан 444 773 082 төгрөгийн асуудлыг шийдвэрлэж өгөхгүй байгаад гомдолтой байна. “УБЦТС” ХК нь дээрх төлбөрийг олгохгүй байгаагийн улмаас манай компани нь их хэмжээний хохирол хүлээж, өр зээлийн дарамтанд орж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хэд хэдэн өр төлбөрийн асуудалтай хүнд байдалд ороод байна. "Ө” ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр “УБЦТС” ХК-д холбогдуулан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжпэл гаргасан бөгөөд хариуцагч “УБЦТС” ХК-ний зүгээс шүүхэд хандахгүйгээр эвлэрэх боломжтой байсан, нэхэмжлэлээ татан авсан тохиолдолд асуудлыг шийдвэрлэж өгнө гэсэн санал гаргаж байсан учраас нэхэмжлэлээ түр татан авсан юм. Энэ хугацаанд манай компани нь “УБЦТС” ХК-тай эвлэрэн хэлэлцэх талаар ярилцаж ирсэн ч тодорхой үр дүнд хүрээгүй учир дахин шүүхэд хандаж байна. “УБ Ц Т С” ХК-ны өргөтгөлийн барилга угсралтын ажил гүйцэтгэхэд “Ө” ХХК-аас гаргасан хөрөнгө мөнгө болох 543 073 086 /таван зуун дөчин гурван сая далан гурван мянга наян зургаан/ төгрөг, мөн “УБ Ц Т С” ТӨХК-ийн өргөтгөлийн барилгын ажил гүйцэтгэхийн тулд хувь хүн, банк санхүүгийн байгууллагуудаас авсан зээлийн мөнгөнд төлөх хүү, торгууль, алданги, зэргийн улмаас манай компанид учирсан хохирол болох 227 860 000 /хоёр зуун хорин долоон мянга найман зуун жаран мянга/ төгрөг, нийт дүнгээр 770 933 086 /долоон зуун далан сая есөн зуун гучин гурван мянга наян зургаан / төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт “УБЦТС” ХК-аас гаргуулахаар нэхэмжилж байна. Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2, 345.3, 345.4-т зааснаар шаардах эрхтэй гэж үзэж байна. Яагаад төсөв нэмэгдэж байна, яагаад дахин санхүүжилт орж байна гэдгийг анхаарч үзэхийг хүсч байна. Мөн Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д гэрээнд заасан ажлыг хүлээн авмагч ажлын хөлсийг төлөхөөр зохицуулсан. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “УБЦТС” ТӨХК 2011 оны 09 дүгээр сард өргөтгөлийн барилгын ажил гүйцэтгэх ажилд нээлттэй тендер зарлаж 3 байгууллага санал ирүүлсэн. Үүнээс үнэлгээний хороо 2,180,323,378 төгрөгийн санал ирүүлсэн “Ө” ХХК-тай гэрээ байгуулах зөвлөмж өгсний дагуу 2011.11.10-ны өдөр 280/2011 дугаартай гэрээ байгуулсан. Гэрээний 1.1-т ’’...тендерт шалгарсан үнэд багтаан ажлыг гэрээний хугацааны дагуу чанартай хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөх, захиалагч, гүйцэтгэгчийн хооронд үүсэх харилцааг зохицуулах, харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тогтооход энэхүү гэрээний ач холбогдол оршино” гэж заасан. “Ө” ХХК-тай 2011 оны 11 дүгээр сарын 10-нд гэрээ байгуулсан бөгөөд гэрээний 3.2-т заасны дагуу урьдчилгаа төлбөрийг 11-р сарын 25, 12-р сарын 30-нд тус тус нийт 600 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл урьдчилгаа төлбөр болох 30 хувийг шилжүүлсээр байтал өвлийн улирал эхэлсэн зэрэг шалтаг шалтгаан тоочиж барилгын ажлыг хийгээгүй ба дуусах хугацаагаа тооцоололгүй гэрээ байгуулсан нь “Ө” ХХК-ний хариуцлагагүй үйлдэл юм. Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2012.01.31-ны өдрийн 18 дугаар, 2012.06.15-ны 181 дугаар тушаалуудаар барилгын төсөвт өртөг 30 хувиар өсөж нэмэгдсэн гэсэн байна. Ажил гүйцэтгэх гэрээний 3.4-т “Захиалагч энд зааснаас өөр төлбөр төлөхгүй бөгөөд зайлшгүй шаардлагатай энэ гэрээний 1.3-т зааснаас бусад тохиолдолд гэрээний хугацаанд бий болсон үнийн өөрчлөлт, мөнгөний ханш унах, мөнгөн машстабт өөрчлөлт орсон нь гэрээний үнийг өөрчлөх үндэслэл болохгүй” гэж заасан тул барилгын төсөвт өртөг нэмэгдсэн нь захиалагч манай компанид хамаагүй бөгөөд гүйцэтгэгч компани эрсдэлээ өөрөө тооцох ёстой байсан. Түүнчлэн барилгын ажил эхлээгүй байхад манай компаниас 600 000 000 төгрөгийн урьдчилгаа өгсөн бөгөөд бараа материалын үнэ нэмэгдэхээс өмнө шаардлагатай материалаа татаж цуглуулах бүрэн боломж байсан. Уг Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2012 оны 18, 181 дүгээр тушаалуудыг Монгол Улсын Их Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 30 дугаар “МУ-ын Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолоор хүчингүй болгосон. “Ө” ХХК нь гэрээнд тусгагдсан 2 180 323 378 төгрөг, нэмэлт гэрээгээр 457 342 549 төгрөг, ТУЗ-ын шийдвэрээр 487 826 918 төгрөг буюу нийт 3 125 492 845 төгрөг олгохоор зөвшөөрснөөс 98 300 000 төгрөгийг манайд компанид олгоогүй. Мөн зөрүү гүйцэтгэлд 444 773 082 төгрөгийн асуудал шийдвэрлээгүй гэсэн байна. Дээрх асуудал нь ямар ч үндэслэлгүй бөгөөд анх тендер болон гэрээнд өргөтгөлийн барилгын төсөвт өртгийг 2 180 323 378 төгрөгөөр тохиролцсон бөгөөд нэмэлт гэрээний санхүүжилтээр 181 681 648 төгрөг, ханшийн зөрүүний санхүүжилт 487 826 918 төгрөг, гадна тохижилтын ажилд 105 660 897, гадна тохижилт нэмэлт гэрээнд 80 000 000 төгрөгийг санхүүжилтийг тус тус олгож нийт 3 027 319 830 төгрөгийг “Ө” ХХК-нд олгож манай компани хохироод байгаа билээ. Мөн 2011 онд 634 531 092 төгрөг, 2012 онд 1 108 793 900 төгрөг, 2012 онд 593 777 564 төгрөг, 2012 онд 689 217 274 төгрөгийг ажлын гүйцэтгэлийг харгалзахгүй тус тус “УБЦТС” ТӨХК-иас шилжүүлж байсан бөгөөд нэхэмжлэгч “Ө” ХХК-нд зээл авах өр төлбөр үүсэх нөхцөл байдал үүсгүүлж байгаагүй болно. Манай байгууллага гэрээний үүргээ хүлээн, уян хатан байж гэрээний хугацааг 3 удаа сунгаж барилгын ажлыг зогсоохгүй, цаг хугацаанд нь ашиглалтанд оруулах гэж гэрээг цуцлах буюу алданги тооцох зэрэг аливаа үйлдэл гаргаж байгаагүй. Улсын комиссын өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг өнөөдрийг хүртэл “Ө” ХХК бүрэн биелүүлээгүй байна. Үүнд өргөтгөлийн барилгын гадна фасад, ариун цэврийн өрөөний тусгаарлах хаалтууд, шатны хонгилын хананд үүссэн ан цавыг янзлах зэрэг ажпуудыг хийгээгүй байна. Түүнчлэн барилгын батлагдсан зурагт тусгагдсан “Ө” ХХК хийж гүйцэтгэх ажлыг манай компани өөрийн хөрөнгөөр 4 төрлийн ажил үйлчилгээг 322 875 704 төгрөгөөр хийлгэсэн. Үүнд спорт заалны шал, дотор тохижилтын ажилд 248 850 704 төгрөг, гражийн 2 хаалга солих ажилд 13 050 000 төгрөг, гражийн шал засварын ажилд 39 975 000 төгрөг, дээврийн ус зайлуулах системийг сольж шинэчлэх ажилд 21 000 000 төгрөгөөр тус тус хийлгэсэн. Мөн өргөтгөлийн барилгад орох байсан манай байгууллагын салбар нэгж болох Хан-Уул хэрэглэгчдэд үйлчлэх төв нь гэрээнд заасан хугацаандаа байрандаа орж чадаагүй улмаас 2 жил 2 сарын түрээсийн төлбөрт 108 108 000 төгрөгийн түрээсийн төлбөр төлж хохирсон болно. ”УБЦТС” ТӨХК нь анхны тендерийн үнэ, гэрээнд заасан төсөв болон ’’Ө” ХХК-ний тендерт ирүүлсэн үнийг 1 тэрбум төгрөгөөр давуулан санхүүжилтийг олгож чанар муутай стандартын шаардлага хангахгүй барилга хүлээн авч хохироод байна. Мөн “Ө" ХХК-иас 2015.01.26-ны өдөр 01/03 дугаартай албан бичиг /манай компани улсын комиссоос өгсөн үүрэг даалгаврыг хийж гүйцэтгэхийн тулд гэрээт ажпын үлдэгдэл төлбөр болох 33 473 000 төгрөгийг олгоно уу/ ирүүлж байсан бөгөөд дээрх мөнгийг нь өгсөн ба илүү мөнгө нэхэмжлэж байгаагүй болно. Гэтэл үндэслэлгүйгээр 770,933,086 төгрөг нэхэмжилж байгаа нь учир дутагдалтай байна. Манай компани “Ө” ХХК-нд удаа дараа дахин санхүүжилт, мөнгө өгч чадахгүй, гэрээнд заасан үүргээ биелүүлж, гэрээний хүрээнд ажиллах талаар албан бичиг өгч байсан ба 2014.03.07-ны өдрийн 1/419 дугаар албан бичгээр /487,826,918 төгрөгийн санхүүжилтээс илүү санхүүжилт шийдэх боломжгүй болохыг мэдэгдье/ тодорхой харагдаж байна. Хэрэв хохиролтой боломжгүй байсан бол дээрх мэдэгдлийн дагуу гэрээг цуцлах бүрэн боломжтой байсан. “УБ Ц Т С” ТӨКХ нь 2011 оны 11 сард тухайн өргөтгөлийн барилгын ажил эхлээгүй байхад “Ө” ХХК-д 600 000 000 төгрөгийг хоёр хувааж 2011 оны 11 сарын 25-ны өдөр, 2011 оны 12 сарын 30-ны өдөр тус, тус шилжүүлсэн. Гэтэл хавар болонгуут барилгын ажил эхлэнгүүт барилга захиалан бариулах гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт ажлын дараагийн санхүүжилтийг захиалагчид хүлээлгэн өгөөд баталгаажуулсаны үндсэн дээр гүйцэтгэгчийн нэхэмжлэлээр өгнө гэж заасныг зөрчиж “Ө” ХХК нь ажлаа хийлгүй мөнгөгүй хэмээн мөнгө нэхэн 2012 оны 08 сард ашиглалтад орох барилгыг барилгүй удааж байсан “УБ Ц Т С” ТӨКХ нь тухай, тухай үед нь санхүүжилтийг олгож байсан. Энэ нь хэрэгт байх материалаас тодорхой харагдана. Эндээс харахад сар бүр санхүүжилт хийж байсан тул “Ө” ХХК нь бусдаас зээл авах шаардлага байхгүй байсан. Иргэний хуулийн 352 дугаар зүйл, Барилгын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль зэргээр энэ харилцаа зохицуулагдана. Тэгэхээр нэгэнт хавтаст хэрэгт авагдсан гэрээний хүрээнд асуудал яригдана. Яагаад гэхээр гэрээ хүчин төгөлдөр байгуулагдаж, талууд гарын үсгээ зурж хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад гэрээнийхээ хүрээнд асуудал яригдана. Захиалагчийн хувьд гэрээгээр болон хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн гэдэг нь харагдаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэс байхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ө ХХК хариуцагчтай 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэрээ байгуулснаас хойш захиалагч тал гэрээнд зааснаар барилга барихад шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж өгөөгүйн улмаас ажил зогссон, энэ хугацаанд барилгын төсөвт өртөг нэмэгдэж, барилга барихад шаардлагатай бараа материалын үнэ нэмэгдсэн, иймээс гэрээний дагуу ажлыг хэвийн гүйцэтгэхэд шаардлагатай хөрөнгийг бусдаас зээлж, барилгыг ашиглалтанд оруулсан гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслээд гүйцэтгэсэн ажлын төсөв нэмэгдсэнтэй холбоотой хөлс 543 073 086 төгрөг, дутуу төлөгдсөн хөлс 98 300 000 төгрөг, бусдаас авсан зээлийн хүү, алдангид төлсөн хохирол нийт 770 933 086 төгрөг гаргуулахаар УБ Ц Т С ТӨХК-иас шаардаж байна.
Хариуцагч УБ Ц Т С ТӨХК /цаашид УБЦТС ТӨХК гэх/ ажил гүйцэтгэх гэрээний нийт төсөв татвар, бусад бүх ажлын хамт 2 180 323 378 төгрөг байхаар анх үндсэн гэрээгээр тохиролцсон, 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 21/2014 дугаар 280/2011 тоот ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт өөрчлөлтөөр захиалагч тал төсөвт өртгийг 487 826 918 төгрөгөөр нэмж санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн, үндсэн гэрээний 3.4-т “гэрээнд зааснаас өөр төлбөр захиалагч нэмж төлөхгүй” байхаар тохиролцсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Хэрэгт авагдсан баримтаар, 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 280/2011 дугаар УБЦТС ТӨХК, Ө ХХК нарын хооронд УБЦТС ТӨХК-ний өргөтгөлийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээт ажлын төлбөр нэмэгдсэн өртгийн албан татвар болон бусад татвар, бусад бүх ажлын хамт 2 180 323 378 төгрөг байхаар тохиролцсон, 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр УБЦТС ТӨХК-ний төв офиссын өргөтгөлийн барилгын гадна тохижилтын ажлыг нэмэгдсэн өртгийн албан татвар, тээврийн зардал тооцсон үнээр 90 000 000 төгрөгийн өртгөөр гүйцэтгэхээр, 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 226/2014 дугаар 280/2011 ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт өөрчлөлт гэх гэрээгээр барилгын суурь 80 см өндөрлөх, өрөө нэмж гаргах гэх мэтчилэн 5 төрлийн нэмэлт ажлуудыг бүх төрлийн татвар орсон дүнгээр 181 681 648 төгрөгийн өртгөөр нэмэлтээр гүйцэтгэхээр, 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 227/2014 дугаар 312/2013 тоот ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт өөрчлөлтөөр шалган нэвтрүүлэх байр, тоосгон хашаа буулгах зөөвөрлөх, В блокыг гадна хөөсөнцрөөр дулаалах ажлыг татвар орсон үнийн дүн 80 000 000 төгрөгөөр гүйцэтгэхээр, 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 179/2014 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 312/2013 тоот гэрээнд агуулахын зориулалттай байр болгох барилга угсралтын ажлыг нэмэлт ажлын хүрээнд хийж гүйцэтгэхээр тохиролцож гэрээний 2.1-д “гэрээний нийт үнийн дүн 105 660 897 төгрөг, гүйцэтгэж дуусах хугацааг 2014 оны 07 дугаар сарын 10-ны дотор” байхаар, 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 21/2014 дугаар 280/2011 тоот ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт өөрчлөлтөөр гэрээт ажлыг 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор улсын комисст хүлээлгэн өгөх, гэрээт ажлыг захиалагч тал 487 826 918 төгрөгөөр нэмж санхүүжүүлэхээр, үлдэх ажлыг нэмж санхүүжүүлсэн 487 826 918 төгрөгт багтаан хийхээр талууд тохиролцсон, 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр барилга байгууламжийг улсын комисст хүлээлгэн өгсөн зэрэг үйл баримт тогтоогдож байна.
Шүүх, талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээг шинжлэн судлаад уг гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн ба эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний төрөлд хамаарна гэж дүгнэсэн.
Талууд гэрээний хүчин төгөлдөр байдал, ажлын үр дүнг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн зэрэг үйл баримтын талаар маргаангүй, харин гэрээт ажлын нийт өртөг, захиалагч тал 3 125 492 845 төгрөг олгохоор хүлээн зөвшөөрснөөс 3 027 192 845 төгрөгийг олгож, үлдэх 98 300 000 төгрөгийг гүйцэтгэгчид олгоогүй зэрэг үйл баримтын талаар маргаантай байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
Талуудын хооронд байуулагдсан дээрхи үндсэн болон нэмэлт гэрээнээс дүгнэхэд, зохигч 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 2 180 323 378 төгрөгийн өртөг бүхий, 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан боловч нэмэлт ажил гүйцэтгэх зорилгоор болон нэмэлт санхүүжилт олгох үндэслэлээр удаа дараа нэмэлт өөрчлөлт оруулсан ба үндсэн гэрээгээр олговол зохих 2 180 323 378 төгрөгийн санхүүжилтыг 487 826 918 төгрөгөөр нэмэгдүүлэхээр, гэрээний хугацааг 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгаж, бусад нэмэлт гэрээгээр нийт 367 342 545 төгрөгийг нэмэлт ажлыг гүйцэтгэхээр тохиролцжээ.
Улмаар, талууд ажил гүйцэтгэх үндсэн гэрээгээр тохиролцсон 2 180 323 378 төгрөгийн төсвийн хэмжээнд барилга угсралтын ажлыг гүйцэтгэх боломжгүй болсон нь 487 826 918 төгрөгийг нэмэлт санхүүжилтийг шийдсэн нэмэлт өөрчлөлт, хариуцагч Ө ХХК-иас нэхэмжлэгчид хүргүүлж байсан удаа дараагийн албан бичгүүд, хариуцагч УБЦТС ТӨХК-ний захиалгаар Барилга архитектор корпорацийн гүйцэтгэсэн, 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “барилгын угсралтын ажлын гүйцэтгэлийн байдалтай танилцаж, барилгын зураг төсөв заасан ажил 67.5 хувийн гүйцэтгэлтэй, анхны төсөв хийсэн төсвийн норм, үнэ тарифаар тооцоход 674 900 000 төгрөг, өнөөгийн мөрдөж байгаа норм, үнэ тарифаар тооцвол барилга угсралтын дуусаагүй байгаа ажид 932 600 000 төгрөг шаардлагатай” гэх агуулга бүхий дүгнэлт зэргээр нотлогдож байна.
Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.1-д “гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй” гэж заасан ба дээрх баримтаас үзэхэд гүйцэтгэгч энэ үүргээ гүйцэтгэсэн гэж үзэхээр байна.
Хариуцагч гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмаар гүйцэтгэгчтэй 487 826 918 төгрөгийн нэмэлт санхүүжилтээс өөр хөлс олгохгүй байхаар тохиролцсон, энэ нь хэрэгт авагдсан 2014 оны 01 дүгээр сарын 250-ны өдрийн 01/07 дугаар Ө ХХК-ний албан бичиг, талуудын санхүүжилт болон үлдэгдэл ажил дуусгах талаар хэлэлцсэн хурлын тэмдэглэл зэргээр нотлогдоно гэж тайлбарлаж байна.
Хэдийгээр нэхэмжлэгч тал 487 826 918 төгрөгийн хэмжээнд үлдэх ажлыг хийж гүйцэтгэнэ хэмээн албан бичгээр мэдэгдсэн боловч гэрээний төлбөрийн талаар гомдол гаргаж байсан болох нь 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 12/2109 дугаар Монгол улсын Төрийн өмчийн хорооноос УБЦТС ТӨХК-ний Төлөөлөн удирдах зөвлөлийн даргад ирүүлсэн албан бичиг, 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 7/4092 дугаар Монгол Улсын их хурлын байнгын хорооны албан бичиг, 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 1/531 дугаар УБЦТС ТӨХК-ний албан бичиг, 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн в/1217 дугаар Эрчим хүчний сайдын УБЦТС ТӨХК-д хүргүүлсэн албан бичиг зэргээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.3-т “төсвийн хэмжээ нэмэгдсэнээс захиалагч нь гэрээг дуусгавар болгохоор шийдвэрлэсэн бол гүйцэтгэсэн ажлын хөлсийг ажил гүйцэтгэгчид төсөвт заасан хэмжээгээр төлөх үүрэгтэй” гэж заасныг гүйцэтгэгч анх тохиролцсон төсвийн хэмжээ нэмэгдсэн тухай захиалагчид мэдэгдэхэд захиалагч гэрээг цуцлах эрхтэй гэж ойлгоно.
Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд, УБЦТС ТӨХК нь ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүн хэт өндөр, эсвэл үндэслэлгүй гэж маргадаггүй, харин гэрээгээр нэгэнт үнийн дүнг эцэслэн тогтоосон гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлах ба ажил үйлчилгээ эрхлэх хүрээгээрээ хариуцагч хуулийн этгээд зах зээлд давамгайлдаг төрийн өмчит хувьцаат компани байгааг харгалзан үзвэл талуудын хооронд 487 826 918 төгрөгийн хэмжээнд барилга угсралтын ажлыг дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгнө тохиролцсон хэлцлийг иргэний эрх зүйн харилцаанд оролцогч талуудын тэгш эрхийн зарчмыг хөндсөн гэж үзэхээр байна.
Иймд талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилуулан гүйцэтгэсэн ажлын үнийн дүнг тогтоолгох хүсэлт гаргаагүй тул Барилга архитектор корпорацийн гүйцэтгэсэн барилга угсралтын ажлыг дуусгахад 932 600 000 төгрөг шаардлагатай гэх дүгнэлтийг үндэслэн захиалагчийн төлсөн 487 826 918 төгрөгийг хасч үлдэх 444 773 082 төгрөгийг ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Гэрээний улмаас учирсан хохирлын тухайд нэхэмжлэгчээс ирүүлсэн 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Төрийн банк Ө ХХК нарын хооронд байгуулсан барилга угсралтын зориулалтаар авсан 350 000 000 төгрөгийн зээлийн хүүнд төлсөн 100 389 340 төгрөгийг зохигчдын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээтэй шалтгаант холбоотой гэж үзэхээр байх тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг үндэслэн хангах үндэслэлтэй. Үлдэх зээлийн гэрээ, шүүхийн шийдвэр зэргээр эдгээр зээлийн мөнгөн хөрөнгийг УБЦТС ТӨХК-ний барилга угсралтын ажилд зарцуулсан болох нь тогтоогдохгүй байх тул хангах үндэслэлгүй.
Түүнчлэн ажил гүйцэтгэх гэрээний дагуу дутуу төлөгдсөн гэх 98 300 000 төгрөгийг мөн хангах үндэслэлгүй байна. Тодруулбал, нэхэмжлэгчийн тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй бөгөөд 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн барилгын гадна тохижилтын ажлыг үндсэн гэрээгээр 90 000 000 төгрөгийн өртгөөр гүйцэтгэхээр тохиролцсон гэрээнд хийгдсэн 2014 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 179/2014 дугаар нэмэлт өөрчлөлтөөр “гэрээний 2.1-д гэрээний нийт үнийн дүн 105 660 897 төгрөг...” гэж өөрчлөв гэж бичигдсэн байгаагаас үзэхэд хариуцагч талын 2013 оны 09 дүгээр сарын 23-ний өдрийн 90 000 000 төгрөгийн гэрээний үнийн дүнг 105 660 897 төгрөг болгож өөрчилсөн гэх татгалзал үндэслэлтэй байна.
Эцэст нь дээрхийг нэгтгэн дүгнэвэл, хариуцагч УБЦТС ТӨХК-иас 545 162 422 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ө ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 225 770 664 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчээс ирүүлсэн, 2 дугаар хавтасны 1-140 дугаар хуудсанд авагдсан баримтууд нэхэмжлэгч Ө ХХК-ний тамга тэмдэгтэй гэх үндэслэлээр үнэлээгүй, хариуцагчаас ирүүүлсэн Ширчин Цэвэлрагчаа гэх хүний тодорхойлолт гэх баримтыг нотлох баримтын шаардлага хангахгүй гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрийн үндэслэл болох боломжгүйг тус тус дурдаж байна.
Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхийг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар хойшлуулсан ба мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэсний дараа нөхөн төлүүлж, зохигчдод хуваан хариуцуулахаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 345.2-т заасныг баримтлан хариуцагч УБ Ц Т С ТӨХК-аас 545 162 422 төгрөг /таван зуун дөчин таван сая нэг зуун жаран хоёр мянга дөрвөн зуун хорин хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ө” ХХКомпанид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 225 770 664 /хоёр зуун хорин таван сая долоон зуун далан мянга зургаан зуун жаран дөрвөн/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч Ө ХХК-иас 4 012 615 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч УБ Ц Т С ТӨХК-аас 2 883 762 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ө” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ