Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2019/ШЦТ/88

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг, улсын яллагч хяналтын прокурор С.Цэрэндалай, шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.*******ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ы *******д холбогдох эрүүгийн *******тай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, *******, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхлэдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамтаар, Налайх дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн 11 дүгээр гудамж 12 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ******* дугаартай, ******* овогт *******ы *******.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Яллагдагч Б.******* нь 2019 оны 5 дугаар сарын 18-ны орой Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн 11 дүгээр гудамж 11 тоот хашаанд хөрш айлын С.*******тай архи уун маргалдаж улмаар түүнийг тоосгоор нүүрэн тус газар нь цохиж баруун дээд зовхинд шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “ ...5 дугаар сарын 18-ны өдөр 20 цагийн үед *******ынд ороход согтуу байсан. Гэртээ орж ирээд хувцсаа тайлчихаад нүүрээ угаагаад хэвтэж байхад эхнэр ирэхэд нь пиво авахуулж уусан. Эхнэр болон , *******тай хамт архи уусан. Тараад гадаа Аягуль *******тай маргалдаж байхад нь би *******ыг аваад гараад тэдний байшингийн үүдэнд юм яриад сууж байхад намайг янз бүрээр доромжлоод болдоггүй. Тэгэхээр нь би зүүн гараараа цохьсон. Бид 2 муудалцаад харилцан тоосго аваад бие бие рүүгээ дайрсан. Эхнэр бид 2-ыг салгасан. *******ын биед хохирол учруулснаа зөвшөөрч байна. Ир ирмэг бүхий зүйлээр үүссэн гэмтэл нь миний гарын ясны ирмэгээр цохьсон. Би тоосгоор цохиогүй. Хохирол гээд надаас 160,000 төгрөг нэхсэн. Би 50,000 төгрөг өгсөн. Үлдсэн мөнгийг нь өгнө.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2019 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 19 цагийн орчим хөрш айлдаа яваад ороход ******* согтуу сууж байхаар нь юм хэлэлгүй буцаж гараад гэр рүүгээ орсон. Бид 3 ярингаа пиво уугаад сууж байхад 21 цагийн үед ******* гаднаас орж ирсэн. *******ад пиво хийж өгсөн. ...Тухайн архи 00 цаг өнгөрч байхад дуусаад гэр гэр рүүгээ орж амрахаар болсон. Тэр үед ******* эхнэрээ надтай хардаад эхнэр рүүгээ дайраад хэрүүл хийж байсан. *******ын эхнэр гадаа орилохоор нь би гэрээсээ гараад харахад манай хашаан дотор өөд өөдөөсөө хараад зогсож байсан. ******* эхнэрээ цохих гэхээр нь би очоод *******ыг бариад авсан. Хэсэг суусны дараа намайг ******* доромжилж эхэлсэн. Миний эцэг эхийг казакаар доромжлоод байхаар нь зүүн гараараа нүүр рүү нь нэг удаа цохисон чинь баруун хөмсөгний доод талаас нь цус гарсан. ******* босч цагаа дууд гээд гүйсэн. Газраас над руу ******* тоосго аваад дайрахаар нь би бас газраас тоосго аваад дайрсан. Тэр үед эхнэр гаднаас орж ирээд миний тоосгыг булааж аваад хаясан. Тэр үед ******* янз бүрээр доромжлоод л байсан” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 29-32 дугаар хуудас/

Хохирогч С.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр санагдаж байна манай хөрш айлын залуу болох ******* гэх залуу над руу утсаар яриад “машины аппартур үзээд өгөөч” гэхээр нь “би өнөөдөр оройтох байх аа” гэж хэлээд утсаа салгасан... ******* над руу өөрийнхөө 89842785 гэсэн дугаараас залгаад “хүрээд ир” гэхээр нь би гэр рүү нь яваад орсон. Гэрт нь ******* архи уусан байдалтай сууж байсан. Араас нь эхнэр нь нэг шил архи бариад ороод ирсэн. Надад архи хийж өгч байсан тухай архинаас 2 татсан. ...“Та 2 боль би ч харилаа” гэхэд “чи сууж бай” гэж хэлээд эхнэртэйгээ маргалдаад байсан. Араас ******* гарч ирээд надаас хэрүүл гуйгаад дагаад яваад байсан. Хашааруугаа орох гэтэл миний зүүн чихнээр ******* гараараа татсан. Би салгаад хашаа руугаа орсон. Араас хүрч ирээд ******* миний хэвлий рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн би газар саваад унасан. Миний дээр гарч суугаад газар байсан тоосго аваад нүүрэн тус газар нэг удаа цохичихоод босоод явсан..” /хх-ийн 6-7 дугаар хуудас/

Гэрч Ч.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би гэрээ цэвэрлээд байж байхад хүмүүс орилохоор нь гарсан. *******ын хашаан дотор яваад ороход нөхөр болон ******* 2 гартаа тоосго барьчихсан *******ын хөмсгөнөөс цус гарч байсан. Би нөхрийн гарт байсан тоосгыг авч гэртээ оръё гээд дагуулаад орсон” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 13 дугаар хуудас/

Гэрч Г.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би тухайн айлын хүргэн болоод 15 жил болж байна. Тэр үеэс хойш хадам аавыг мэднэ. Уул нь их зөөлөн даруухан ааштай хүн байгаа юм. Нэг их айхтар юм яриад байдаггүй даруу төлөв дуу цөөтэй хүн байгаа юм.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 15 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/299 дугаар: 1. С.*******ын биед баруун дээд зовхинд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт /хх-ийн 20 дугаар хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас , Нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргийг шинжлэн судлав. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.******* нь согтуугаар 2019 оны 5 дугаар сарын 18-ны орой Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн 11 дүгээр гудамж 11 тоот хашаанд 23 цагийн орчим хөрш айлын С.*******тай эцэг эхийг доромжилсон гэх шалтгаанаар маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж баруун дээд зовхинд шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Б.*******ы өгсөн: “...Миний эцэг эхийг казакаар доромжлоод байхаар нь зүүн гараараа нүүр рүү нь нэг удаа цохисон чинь баруун хөмсөгний доод талаас нь цус гарсан. Газраас над руу ******* тоосго аваад дайрахаар нь би бас газраас тоосго аваад дайрсан..." гэсэн мэдүүлэг,

Хохирогч С.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний дээр гарч суугаад газар байсан тоосго аваад нүүрэн тус газар нэг удаа цохичихоод босоод явсан. Миний баруун хөмсөг тус газраас цус гараад байсан..." гэсэн мэдүүлэг,

Гэрч Ч.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би гэрээ цэвэрлээд байж байхад хүмүүс орилохоор нь гарсан. *******ын хашаан дотор яваад ороход нөхөр болон ******* 2 гартаа тоосго барьчихсан *******ын хөмсгөнөөс цус гарч байсан.” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 08 шэ/299 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ. Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Б.*******д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, хэргийг хялбаршуулсан журмаар шалгаж яллах дүгнэлт үйлдэхдээ хэргийн оролцогчийн хуулинд заасан эрхийг хангасан байна гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүхээс ******* овогт *******ы *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ. Шүүгдэгч Б.*******д улсын яллагчаас зүгээс тухайн зүйл ангид заасан ялаас 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар санал гаргасныг шүүгдэгч нь прокурорын шатанд ойлгон хүлээн зөвшөөрсөн байх тул тохиролцсон хүрээнд нь түүнд уг ялыг оногдуулахаар шийдвэрлэлээ.

Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ хохирол төлбөр нэхсэн байдлаар мэдүүлээгүй ч хэрэгт өөрийн эмчилгээтэй холбоотой хохирлын баримтыг хавсаргасан байх тул шүүгдэгчид холбогдох нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэйгээр шийдвэрлэлээ. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд зүйл битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг дурьдлаа.

Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл нь шүүгдэгч, хохирогч нар нь архидан согтуурсан үедээ гаргасан зохисгүй авиртай нь холбоотой гэж үзлээ.

Шүүгдэгчид ял шийтгэлийг оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 , 1.4 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалсан байдлыг ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ы *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоолд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар хохирогч Б.******* нь шүүгдэгч Б.*******д холбогдуулан 140,000 төгрөгийн хохирлын шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүхэд дахин гаргах эрхтэйг дурьдсугай.

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД