| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2016/01815/И |
| Дугаар | 554 |
| Огноо | 2018-03-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 554
| 2018 оны 03 сарын 09 өдөр | Дугаар 183/ШШ2018/00554 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ******************* тоотод оршин суух, Монгол овогтой, Ц Б нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, ******************** тоотод оршин суух, Олхонууд овогтой, Ц М холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 7 875 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Саранбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сутай, түүний өмгөөлөгч Ш.Базаррагчаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хуралдаанд тайлбарлахдаа: Ц.Б, Ц.М нарын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 5 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар 0.5 хувийн алданги авахаар зээлийн гэрээг байгуулж нотариатаар батлуулсан. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний дагуу 5 000 000 төгрөгийг Ц.Мт шилжүүлсэн. Зээлийн гэрээний дагуу үүргээ Ц.М огт биелүүлээгүй эргэн төлсөн төлбөр байхгүй өнөөдрийг хүрлээ. Ц.М зээлийг төлөх боломжтой хэрнээ зээлээ төлье гэсэн санаачлага гаргаагүй. Ц.Б тухайн өдөр бэлэн мөнгөтэй байсан учир өөрийн данс руу мөнгөө хийгээд түүнийгээ Ц.Мын данс руу шилжүүлсэн. Үүнийг л Ц.М мөнгийг өгсөн гэж тайлбарлаад байна. Тухайн өдөр хариуцагч нэхэмжлэгчээс 100 000 төгрөг буцалтгүй тусламжаар өгөөч гэхэд Ц.Б тухайн өдөр 100 000 төгрөгийг Ц.Мт өгсөн. Иймд Ц.Б надад дээрх зээлийн гэрээний дагуу Ц.Маас үндсэн зээл 5 000 000 төгрөг, хүү 250 000 төгрөг, алданги 2 625 000 төгрөг, нийт 7 875 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 5 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан өөрийн *9*************** дугаар дансанд хийснийг нь мөн өдөр бэлэн аваад Ц.Бы *******************дугаар дансанд буцааж хийсэн учир зээлийн гэрээ тэр өдрөө дуусгавар болсон. Тухайн өдөр 12 цаг 58 минутад Ц.М өөрийн данснаас 5 100 000 төгрөг зарлагадаад 5 100 000 төгрөгийг 12 цаг 59 минутад Ц.Бы данс руу хийсэн. Ц.М нэг теллерээс мөнгө аваад тухайн теллерээрээ Ц.Бы данс руу хийлгэсэн нь теллерийн гарын үсэг, нэг теллерээр үйлчлүүлсэн байдал зэргээр нотлогдоно. 12 цаг 43 минутад шилжүүлсэн 100 000 төгрөгийг нэхэмжлэгч шүүх хуралдаан бүр дээр өөр, өөр байдлаар тайлбарлаад байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан. Ер нь бол тухайн үед зээлийн гэрээ байгуулаад 5 000 000 төгрөгийг авсан боловч түүнийг тэр даруйдаа мөнгө зээлэхээ болиод буцааж өгсөн учир зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б нь зээлийн гэрээний үүрэгт 7 875 000 төгрөг гаргуулахаар хариуцагч Ц.Маас шаарджээ.
Хариуцагч Ц.М нэхэмжлэлийн шаардлагагыг хүлээн зөвшөөрөхгүй, зээл авсан өдрөө зээлийг буцаан өгсөн тул зээлийн гэрээний үүрэг биелэгдсэн гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгч Ц.Б нь 5 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр Ц.Мөхбаярт зээлдүүлж, үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон зээлийн гэрээ байгуулсан байна.
Дээрх гэрээг шүүх шинжлэн судлаад, уг гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо баталгаажуулж гарын үсэг зурсан хүчин төгөлдөр хэлцэл байх ба эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаанд хамаарна гэж үзлээ.
Дээрх гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгө болох 5 000 000 төгрөгийг Ц.Бы эзэзмшлийн 5374418754 дугаарын данснаас Ц.Мын 5027599198 дугаарын данс руу шилжүүлсэн болох нь ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байна.
Иймд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх ба нэхэмжлэгч зээлдэгчийг зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй гэж, зээлдэгч зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авсан даруйд буцаан төлсөн гэж маргаж, түүний татгалзал Ц.Бы дугаарын данснаас 5 000 000 төгрөг 2017.04.30-ны өдөр 15 цаг 58 минутад зарлагын гүйлгээ хийгдсэн бол Ц.Бы эзэзмшлийн өөр нэг данс болох дугаарын дансанд мөн өдрийн 12 цаг 59 минутад 5 100 000 төгрөгийг орлого орсон үйл баримтаар тогтоогдоно гэж тайлбарласан.
Талууд зээлийн гэрээ байгуулж, зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдүүлэгч зээлдэгчид хүлээлгэн өгсөн эсэхэд маргахгүй, харин үүргийн гүйцэтгэл буюу зээлийг буцаан төлсөн эсэхэд маргаж байгаа тохиолдолд нотолгооны зарчим хариуцагчид хамаарахаар буюу зээлдэгч зээлийг буцаан төлсөн болохоо нотлох үүрэгтэй байхаар байна. /хх-38,60 ху/
Хэдийгээр хэрэгт авагдсан дансны хуулгаар хариуцагчийн хэлсэнчлэн нэхэмжлэгчийн эзэмшлийн хоёр өөр дансанд 1 минутын зайтай 5 100 000 төгрөгийн зарлага, орлогын гүйлгээ хийгдсэн байх боловч эдгээр гүйлгээг тэмдэглэсэн дансны хуулгаар зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагч буцаан төлсөн болох нь эргэлзээгүй нотлогдохгүй ба 5 100 000 төгрөгийг орлогын мэдүүлгийг нэхэмжлэгч бөглөж бичмэн тухайд талууд маргахгүй байна.
Иймд хариуцагчийн татгалзал хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна гэж үзээд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Ц.Маас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5 000 000 төгрөг, зээлийн хүү 250 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэлээ.
Түүнчлэн нэхэмжлэгч алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасанд нийцэж байх ба гүйцэтгээгүй үүрэгт үндсэн зээл, зээлийн хүү хамаарах тул 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алдангид 2 625 000 төгрөг гаргуулах үндэслэлтэй.
Эцэст нь дээрхийг нэгтгэн дүгнэвэл, хариуцагч Ц.Маас зээлийн гэрээний үүрэгт 5 250 000 төгрөг, алданги 2 625 000 төгрөг, нийт 7 875 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Бд олгохоор нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч М-с 7 875 000 /долоон сая найман зуун далан таван мянган/ төгрөг гаргуулж Б-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Маас 140 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Бд олгон, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид. тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ