| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2019/0082/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/89 |
| Огноо | 2019-07-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 2019/ШЦТ/89
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг , улсын яллагч хяналтын прокурор Э.Ариунболд, шүүгдэгч Х.Б******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Ариунболдын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* Б*******өд холбогдох эрүүгийн 1907002350103 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,*******,*******,,,,,, ******* Б*******.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Х.Б******* нь Н гэх газарт 2019 оны 4 дүгээр сарын 28-ны 12 цагийн орчимд өдөр Б.Хтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар гараараа толгойн ар дагз хэсэгт нь 1 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.Б******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “... 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр нүүрс ачихаар очоод 2 хоног хүлээсэн. Миний урдуур маш олон машин орсон. Өөр ажиллаж байгаа ам байгаагүй. Х өөрийн үзэмжээр машинуудад өгснөөс бидний маргаан үүссэн. Тэгээд Хт “чи болиоч, би 2 хоног хүлээлээ” гээд маргалдаад түүний толгой руу цохьсон. Би ойлгож гэмшиж байна. 120,000 төгрөгийн хохирлоо төлж барагдуулсан.” гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс дараахь нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд: Шүүгдэгч Х.Б*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Мөнгөнөөгийн уурхай дээр нүүрсний очерт ороод зогсож байхад леботикч Х урдуур машин оруулаад байхаар нь би “чи болиочээ, би олон хоног хүлээж байна” гэхэд “эхлээд архи авч ирж өгсөн машинаа ачаад Налайхын машинаа ачина, хотын машин хүлээж бай” гэхээр нь маргалдаж заамдалцаад бид 2 овгор дээрээс цаад руугаа зууралдаж орсон” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 44-47 дугаар хуудас/
Хохирогч Б.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Мөнгөн гэдэг залуугийн ажиллуулдаг нүүрсний аман дээр би леботикч хийж байсан юм. Үдийн үед Б гэдэг жолооч портер машинтай очерлож байгаад “очер дайраад ачина” гэхээр нь “чи 2 машины дараа аччих” гэж хэлэхэд “чи дандаа иймээрээ байгаарай” гэхээр нь “эхлээд Налайхын портероо ачаад явуулая” гэж хэлсэн. Тэгтэл “чи лаларын банди чинь юу гээд байгаа юм” гээд леботик руу ирээд намайг заамдаж аваад толгойн арын хэсэгт цохихоор нь би зууралдаж хоёулаа овгор шорооноос газар унаж босоод бие биенээ цохих гэж хальт мульт сарвалзаж байхад тэнд байсан жолооч Б ирж салгасан. Тэгээд Б намайг “хутгалж ална” гээд машин руугаа явснаа цагдаа дуудна гээд машинаа асаагаад явсан.” /хх-ийн 14-15 дугаар хуудас/
Гэрч Г.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би тэр өдөр Аяганы хонхорт Мөнгөнөөгийн нүүрсний аман дээр портертой очиж нүүрс ачих гээд очерлож зогсож 12 цагийн үед байх Б гэх жолооч “урдуур ороод ачина” гэхээр нь Х “эхлээд Налайхын портерыг аччихаад чинийхийг ачъя” гэхэд уурлаад маргалдаад эхэлсэн. Хг леботикныхоо тросыг хөвөөд зогсож байхад Б ирээд толгой орчимд нь нэг удаа цохиж зууралдаад овгор шороон дээрээс зууралдаад өнхөрөөд унасан. Тэгтэл Б гэдэг жолооч очоод салгаж авахад Б машин руугаа гүйж халив барьж ирээд “ална” гэхээр нь би дундаас нь барьж аваад ойртуулаагүй, салгаж холдуулсан. Тэгээд Б машинаа асаагаад явсан.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 17-18 дугаар хуудас/
Гэрч Д.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Аяганы хонхорт Мгийн нүүрсний аман дээр портертойгоо очиж нүүрс ачих гээд очерлоод зогсож 12 цагийн үед байх Б ирээд “би одоо ачна биз дээ” гэхээр нь Х “эхлээд энэ 2 портерыг аччихаад чинийхийн ачъя” гэж хэлэхэд уурлаад маргалдаад эхэлсэн. Б Хг толгой орчимд нь нэг удаа цохиж 2-даа заамдалцаж овгор шороон дээрээсээ өнхөрөөд цаашаа унахад нь би очиж салгаж авахад Б машин руугаа гүйж халив барьж ирээд “ална” гэхээр нь нэг нь дундаас нь барьж аваад зогсоосон. Тэгээд Б машинаа асаагаад цагдаад мэдэгдэнэ гээд явсан.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 19-20 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5412 дугаар: 1. Б.Хын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэх боломжтой. 2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт алдалтанд нөлөөлөхгүй. 4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэсэн дүгнэлт /хх-ийн 32 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5432 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт: 1. Х.Б*******ийн биед баруун дээд 4 , зүүн доод 1-р шүдний сулрали тогтоогдлоо. 2. Дээрх шүдний сулрал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй гэсэн дүгнэлт / хх-ийн 30 р хуудас/,
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, бичлэг бүхий СД-г эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 09-11 р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас , иргэний үнэмлэхийн лавлагаа, Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны тодорхойлолт зэргийг шинжлэн судлав. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Х.Б******* нь Н гэх газарт 2019 оны 4 дүгээр сарын 28-ны 12 цагийн орчимд өдөр Б.Хтай урдуур машин оруулж нүүрс ачууллаа гэж маргалдаж улмаар гараараа толгойн руу нь 1 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Х.Б*******ийн өгсөн: “...2019 оны 04 сарын 26 ны өдөр нүүрс ачихаар очиод 2 хоног хүлээсэн. Миний урдуур маш олон машин орсон. Өөр ажиллаж байгаа ам байгаагүй. Х үзэмжээр машинуудад өгснөөс бидний маргаан үүссэн Тэгээд Хт чи болиочоо би 2 хоног хүлээлээ гээд маргалдаад түүний толгой руу цохьсон. Би ойлгож гэмшиж байна. 120 000 төгрөгийн хохиролоо төлж барагдуулсан." гэсэн мэдүүлэг, Хохирогч Б.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг заамдаж аваад толгойн арын хэсэгт цохихоор нь би зууралдаж хоёулаа овгор шорооноос газар унаж босоод бие биенээ цохих гэж хальт мульт сарвалзаж байхад тэнд байсан жолооч Б ирж салгасан..." гэсэн мэдүүлэг,
Гэрч Г.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хүрлээг леботикныхоо тросыг хөвөөд зогсож байхад Б ирээд толгой орчимд нь нэг удаа цохиж зууралдаад овгон шороон дээрээс зууралдаад өнхөрөөд унасан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Д.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б Хүрлээг толгой орчимд нь нэг удаа цохиж 2-даа заамдалцаж овгор шороон дээрээсээ өнхөрөөд цаашаа унахад нь би очиж салгаж авсан...” гэсэн мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 5412 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ. Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Х.Б*******өд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон хэргийг хялбаршуулсан журмаар шалгаж яллах дүгнэлт үйлдэхдээ хэргийн оролцогчийн хуулинд заасан эрхийг хсан байна гэж үзлээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүхээс ******* Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Х.Б*******ийг улсын яллагчийн зүгээс тухайн зүйл ангид заасан ялаас 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар санал гаргасныг шүүгдэгч нь прокурорын шатанд ойлгон хүлээн зөвшөөрсөн байх тул тохиролцсон хүрээнд нь түүнд уг ялыг оногдуулахаар шийдвэрлэлээ.
Хохирогч Б.Х нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хүсэлтэндээ гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд зүйл битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг дурьдлаа.
Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл нь шүүгдэгч, хохирогч нар нь хоорондоо бие биенээ харилцан үл хүндэтгэсэнтэй холбоотой гэж үзлээ.
Шүүгдэгчид ял шийтгэлийг оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 , 1.4 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалсан байдлыг ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б*******ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б*******өд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б*******өд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоолд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Х.Б******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий cd 1 ширхэгийг хэргийн хамт хадгалуулсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б*******өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД