Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2016/0308

 

 

 

 

 

 

 

 

П.А нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 06 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Завхан аймгийн Дөрвөлжийн сумын Засаг дарга Н.Б гаргасан давж заалдах гомдлоор П.А нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Дөрвөлжин сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,      

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч П.А 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа:

“...Завхан аймгийн Дөрвөлжин сумын Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/26 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг одоогийн ажиллаж байгаа Санхүүгийн албаны төсөв, төрийн сангийн мэргэжилтний цалингийн зөрүүгээр бодож нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү” гэжээ.

Хоёр. Хариуцагч Завхан аймгийн Дөрвөлжин сумын Засаг дарга Н.Б 2016 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...Монгол Улсын Засгийн газрын “Санхүүгийн алба байгуулах тухай” 326 дугаар тогтоолыг үндэслэн Завхан аймгийн 24 сумын хэмжээнд Санхүүгийн албаны даргын сонгон шалгаруулалт явагдах юм байна гэсэн ойлголттойгоор хуучин ажиллаж байсан Төрийн сангийн төлөөлөгч, Тамгын газрын нягтлан бодогч, эмнэлгийн нягтлан бодогч, сургууль, цэцэрлэгийн нягтлан бодогч нарыг сонгон шалгаруулалтад оруулсан. Гэтэл энэ шалгаруулалтад бүх сум биш 7 сумын санхүүгийн албаны сонгон шалгаруулалт болсон.

Ингээд Завхан аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэрийг үндэслэн П.А 2015 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн Б/14 дүгээр захирамжаар тус сумын Санхүүгийн албаны даргаар томилон ажиллуулсан. 23 хоногийн дараа сумын Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/26 дугаар захирамжаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Чөлөөлөх болсон шалтгаан нь:

-Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, шалгуур журмын 2.1.3-т “Төсвийн ерөнхий нягтлан бодогч нь ахлах нягтлан бодогч буюу нягтлан бодогчоор 7-гоос доошгүй жил, үүнээс төвлөрүүлэн болон шууд захирагчийн ахлах нягтлан бодогчийн ажлыг 5-аас доошгүй жил эсвэл санхүү, төрийн сангийн газар, хэлтэст 3-аас доошгүй жил ажилласан, эрх бүхий мэргэшсэн нягтлан бодогч зэрэгтэй байх” гэж заасныг зөрчсөн.

-П.А нь төрийн албан хаагчийн ёс зүйгүй болох нь ажиллах хугацаанд ажиглагдсан.

-Өмнөх төрийн сангийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Т.Б нь удаа дараалан хуучин ажил дээрээ ажиллах тухай санал, гомдол гаргасан.

-П.А хамтран ажиллах ямар ч боломжгүй учраас сумын Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/26 дугаар захирамжаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн” гэжээ.

Гурав. Гуравдагч этгээд Т.Б 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...Нягтлан бодох мэргэжлээрээ 19 дэх жилдээ тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахин албан ажилдаа алдаа дутагдал гаргалгүй ажил үүргээ гүйцэтгэн ажиллаж байна. Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 326 дугаар тогтоолоор сумдад Санхүүгийн албыг байгуулсан. Манай аймаг, сумдын Санхүүгийн албыг байгуулахаас өмнө удирдах албаны сонгон шалгаруулалтыг 24 сумын хэмжээнд 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдөр /сонгон шалгаруулалт/ зарласан байсан.

Мөн сумын Засаг дарга Н.Б намайг болон төсвийн байгууллагуудын нягтлан бодогч нарыг удирдах албаны сонгон шалгаруулалтад бүгдээрээ ор гэж шаардлага тавьсан. Ингээд бид аймагт удирдах албаны сонгон шалгаруулалтад ортол 7 сумын Санхүүгийн албаны дарга нарын сонгон шалгаруулалт болсон. Бүх сумдын Санхүүгийн албаны дарга нар сонгон шалгаруулалтад орно гэсэн бодолтой байсан. Дараа нь Засаг даргатай албан өрөөнд нь 2 удаа уулзаж, гомдол мэдүүлсэн.

Гомдлоо миний хувьд өмнө нь энэ шалгалтад 2007 онд орж тэнцсэн учраас Төрийн сангийн төлөөлөгчийн ажлыг хийж байсан. Одоо нэр нь өөрчлөгдсөн боловч цалингийн шатлал, зэрэглэл өөрчлөгдөж ахиагүй байгаа. Албан тушаал буурч ажилламааргүй байна. Ажиллах хугацаандаа ажлын хариуцлага, сахилга бат алдаж, алдаа дутагдал гаргаж байгаагүй ямар шалтгаанаар албан тушаал бууруулж ажиллуулах болсон шалтгааныг асууж гомдол мэдүүлсэн” гэжээ.

Дөрөв. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 06 дугаар шийдвэрээр:

“...Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.3, 72 дугаар зүйлийн 72.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, Төсвийн тухай хуулийн 19.5 дахь хэсгийг тус тус баримтлан Завхан аймгийн Дөрвөлжин сумын Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Ажилд түр томилох, ажлаас чөлөөлөх тухай Б/26 дугаар захирамжийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч, П.А Завхан аймгийн Дөрвөлжин сумын Санхүүгийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн цалингийн зөрүү 553.425 төгрөгөөс эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл, холбогдох суутгалыг тооцон бичилт хийж, 448.274 төгрөгийн зөрүү олговор олгохыг хариуцагч Завхан аймгийн Дөрвөлжин сумын Засаг даргад даалгаж” шийдвэрлэжээ.

Тав. Хариуцагч Завхан аймгийн Дөрвөлжин сумын Засаг дарга Н.Батболд дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Сумын Санхүүгийн албаны төсөв, төрийн сангийн мэргэжилтэн П.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Засаг дарга намайг өөрийг нь огт ажилгүй болгосон, ажил хийдэггүй ихэнх хугацаанд ажлын байрандаа байдаггүй мэтээр хөдөө гадаа, аймаг орон нутагт сургалт семинар, уулзалтад оролцож явдгийг буруугаар ашиглан гүтгэн нэхэмжлэл гаргасан байна.

Одоо ажиллаж байгаа Санхүүгийн албаны дарга Т.Б нь төгссөн сургууль, ажилласан жил, ажиллаж хуримтлуулсан туршлага хамт олныхоо дунд нэр хүнд сайтай эрхэлсэн ажилдаа хариуцлагатай 19 жил төсөв санхүүгийн мэргэжлээрээ алдаа дутагдал гаргаж байгаагүй, мөн төрийн жинхэнэ албаны удирдах албаны сонгон шалгаруулах шалгалтад 2007 онд тэнцсэн, төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн албан хаагч зэргээс харахад П.А дэргэд харьцуулшгүй чадамж өндөртэй байсныг үндэслэн Санхүүгийн албаны даргаар буцаан томилсон.

Засгийн газрын 2014 оны 326 дугаар тогтоолоор манай аймаг сумдын Санхүүгийн албыг байгуулахтай холбоотой 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 24 сумын Санхүүгийн албаны дарга нарын сонгон шалгаруулалт зарласан. Гэтэл уг шалгалтад 7 сумын санхүүгийн мэргэжилтнүүд оролцсон нь шалгалт аймгийн хэмжээнд нийтлэг болоогүй юм.

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нэхэмжлэгчийн талд гарсан ч Санхүүгийн албаны дарга Т.Б “...ажил дээрээ алдаа дутагдал гаргаагүй байхад албан тушаал буурч ажиллахгүй, захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргана” гэдгээ албан ёсоор надад хэлсэн. Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны төсөв, төрийн сангийн мэргэжилтэн П.А нь Засаг даргын Тамгын газрын дарга В.У төрсөн ах дүүгийн хүүхдүүд, нягтлан бодогч Ш.Н төрсөн ахынх нь эхнэр учраас Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4, 11 дүгээр зүйлийн 11.1, Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж байгаа учраас тухайн албан тушаалд томилох боломжгүй” гэжээ.

ХЯНАВАЛ:

Хэрэгт авагдсан нотлох баримт, хариуцагчийн давж заалдах гомдлоос үзэхэд анхан шатны шүүхээс маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийж, холбогдох хуулийн заалтыг агуулгын хувьд зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг дараах үндэслэлээр хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Завхан аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 17 дугаар тогтоол, түүний хавсралтаар тус аймгийн нийт 7 сумдын, түүний дотор Дөрвөлжин сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцож 72.5 оноо авсан нэхэмжлэгч П.А төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцөд бүртгэн, уг албан тушаалд томилуулахаар дүгнэлт гарган нэр дэвшүүлж, томилох эрх бүхий албан тушаалтнуудад санал болгосны дагуу тус сумын Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 14 дүгээр захирамжаар П.А санхүүгийн албаны даргаар түр томилсон боловч мөн сарын 31-ний өдрийн “Ажилд түр томилох, ажлаас чөлөөлөх тухай” Б/26 дугаар захирамжаар Сумын төрийн сангийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Т.Б түүний оронд түр томилж, П.А томилсон өмнөх захирамжийг хүчингүй болсонд тооцжээ.

Дээрхээс дүгнэхэд П.А нь тухайн ажлын байранд зарласан сонгон шалгаруулалтад өрсөлдөж тэнцсэний дагуу тухайн ажилд томилогдсон, мөн түүнийг томилсноос хойш 1 сар хүрэхгүйн дараа ийнхүү албан тушаал бууруулах болсон үндэслэл нь тодорхойгүй байна.

Тухайлбал, Санхүүгийн албаны даргаар одоо ажиллаж байгаа Т.Байгаль нь нэхэмжлэгч П.А “төгссөн сургууль, ажилласан жил, хуримтлуулсан туршлага, нэр хүнд, ажлын хариуцлага зэргээр харьцуулшгүй чадамж илүү” гэх, мөн “2015 оны 2 дугаар сарын 11-ний өдөр зарласан сонгон шалгаруулалтад Завхан аймгийн нийт 24 сум бус харин 7 сумын санхүүгийн мэргэжилтнүүд оролцсон, шалгаруулалт аймгийн хэмжээнд нийтлэг болоогүй” гэх шалтгаан нь нэгэнт томилогдон ажиллаж байгаа П.А ажлаас чөлөөлж, албан тушаал бууруулах үндэслэл болохгүй.

Өөрөөр хэлбэл Завхан аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн мөн оны 5 дугаар сарын 1-ний өдрийн дүгнэлтээс үзэхэд Т.Б нь удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад ороод тэнцээгүй байдаг.

Завхан аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 17 дугаар тогтоолоор зарлагдсан төрийн албаны шалгалт аймгийн хэмжээнд нийтлэг болж чадсан эсэх, уг шалгалтын дүнг хүлээн зөвшөөрөх эсэх нь зохион байгуулагч Салбар зөвлөлийн бүрэн эрхэд хамаарах бөгөөд шалгаруулалтыг үгүйсгэх эрх хэмжээ хариуцагчид хуулиар олгогдоогүй болно.

Хэдийгээр гуравдагч этгээд Т.Б 19 жил төсөв, санхүүгийн мэргэжлээр алдаа дутагдалгүй ажиллаж байж болох ч удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад тэнцээгүй түүнийг Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомж, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн тогтоолыг зөрчиж удирдах албан тушаалын ажилд томилсон Завхан аймгийн Дөрвөлжин сумын Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/26 дугаар тушаал хууль зүйн үндэслэлгүй.

“...П.А нь Засаг даргын Тамгын газрын дарга В.У төрсөн ах дүүгийн хүүхдүүд, нягтлан бодогч Ш.Н төрсөн ахынх нь эхнэр” гэх гомдлын тухайд энэ талаар нэхэмжлэгчийг анх ажилд авахдаа нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг харгалзаж үзсэн эсэх нь тодорхойгүй, мөн энэ тохиолдолд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх, хуульд заасан ашиг сонирхлын зөрчил үүсч болох эсэхийг хариуцагч өөрөө бус эрх бүхий байгууллагаар тогтоолгох шаардлагатай. 

Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.5 дахь хэсгийг удирдлага болгосон буруу болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 06 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн Дөрвөлжин сумын Засаг дарга Н.Б гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН