Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 1968

 

“Фүжихолдинг ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

                                  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2017/01315 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “Фүжихолдинг ББСБ” ХХК-ийн, хариуцагч Н.Дашнямд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 29 603 028 төгрөг гаргуулан, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч “Фүжихолдинг ББСБ” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Зоригтбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Дашням нь 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр “Фүжи холдинг ББСБ” ХХК-тай 04/06 тоот зээлийн гэрээ байгуулж, сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай 30 000 000 төгрөгийг зээлсэн. Зээлийн барьцаанд Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 4 дүгээр байр, 4 тоотод байрлах Ү-2206004387 тоот улсын бүртгэлийн дугаартай, мөн №000176978 тоот гэрчилгээний дугаартай 29 м.кв талбай 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр дууссан ба хариуцагч Н.Дашням нь зээлийн гэрээний хавсралт 1-д заасан зээлийн эргэн төлөх хуваарийг зөрчсөн тул шүүхэд нэхэмжлэл гаргаж хариуцагчаас 27 670 137 төгрөг гаргуулахаар шаардсан боловч шүүх хуралдаан хойшилсонтой холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Иймд Н.Дашнямаас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар үндсэн зээлийн үлдэгдэл 20 882 150 төгрөг, үндсэн хүү 6 740 846 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 966 532 төгрөг, нотариатын төлбөр 13 500 төгрөг, нийт 29 603 028 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа эд хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.Дашням шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би “Фүжи холдинг ББСБ” ХХК-тай 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 04/06 тоот зээлийн гэрээ байгуулж, сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай 30 000 000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Дээрх гэрээ болон түүний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу өнөөдрийг хүртэл төлсөөр ирсэн. Сүүлийн 2-3 сарын хугацаанд санхүүгийн хүндрэлээс болж эргэн төлөлтийг төлөх хугацаа хожимдуулсан нь үнэн. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хүүгийн төлбөрөөс чөлөөлбөл нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөөрч, эвлэрэн хэлэлцэхэд бэлэн байгаагаа илэрхийлэхэд таатай байна. Иймд нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа багасган шаардлагатай арга хэмжээг авч өгөхийг хүсэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Н.Дашнямаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 29 603 028 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Фүжихолдинг ББСБ” ХХК-д олгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 4 дүгээр байрны 4 тоот 29 м.кв талбайтай орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр биелүүлэх албанд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 342 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 305 965 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Н.Дашнямын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Тогмид давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй. Талуудын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 30 000 000 төгрөгийг авч, гэрээнд заасны дагуу эргэн төлөлт хийж, зээлийн үлдэгдэл 5 200 000 төгрөг болоход дахин хүсэлт гаргаж, нэмж 16 000 000 төгрөг зээлж, нийт үндсэн зээл 20 882 150 төгрөг болсон. Мөн гэрээнд заасан зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөлт хийсээр ирсэн бөгөөд сүүлийн хэдэн сарын хугацаанд санхүүгийн хүндрэл бэрхшээлийн улмаас зээлийн эргэн төлөлтийг төлж чадалгүй хугацаа хожимдуулсан. Зээлийн гэрээний үүрэгт нэхэмжилсэн үндсэн зээл 20 882 150 төгрөг, үндсэн хүү 6 740 846 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин нэмэгдүүлсэн хүү 1 196 532 төгрөг, нотариатын зардалд 13 500 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэмэгдүүлсэн хүү 1 966 532 төгрөг, нотариатын зардалд 13 500 төгрөгийг зарим хэсгийг хүчингүй болгож, бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулж, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн боловч зохигчдын хоорондын маргаанд хамааралтай хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйг зөвтгөн өөрчлөх боломжтой.

 

            Нэхэмжлэгч “Фүжи холдинг ББСБ” ХХК нь хариуцагч Н.Дашнямд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 29 603 028 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 04/06 тоот зээлийн болон ипотекийн гэрээгээр нэхэмжлэгч нь 30 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлэх, хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд хүүгийн хамт буцааж төлөх үүрэг хүлээсэн байх бөгөөд үүргийн гүйцэтгэлд хариуцагчийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хорооллын, 4 дүгээр байрны 04 тоотод байрлах 29 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалсан байна. /хх-7-11/ Улмаар нэхэмжлэгч, хариуцагч нар мөн сарын 30-ны өдөр 04/21 тоот зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр үндсэн зээлийн үлдэгдлийг 16 000 000 төгрөг болгон, гэрээний хугацааг 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хугацаагаар сунгаж, тус гэрээний 1.1.4, 2.1 дэх заалтаар 04/06 тоот зээлийн болон барьцааны гэрээ, мөн бусад нөхцлийг хэвээр мөрдөхөөр тохиролцон баталгаажуулж, гарын үсгээ зурж, хэлцэл хийсэн байна.

Дээрх үйл баримтын талаар маргаангүй байна. Зохигчдын хооронд байгуулсан зээлийн болон ипотекийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх тул гэрээний үүргийг гүйцэтгэх үндэслэлийн талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

            Хариуцагч Н.Дашням нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй боловч өөрийн үндэслэлийг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Түүнчлэн эдийн засгийн хямралаас шалтгаалан зээлээ төлж чадаагүй гэх тайлбар нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй тул нэхэмжлэгч тал хариуцагчаас гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

Шүүх хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн хариуцагч Н.Дашнямаас үндсэн зээл 20 882 150 төгрөг, зээлийн хүү 6 740 846 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцжээ.

Харин нэмэгдүүлсэн хүүгийн талаар зохигчдын хооронд гэрээгээр тохиролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эгүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заажээ.

Хэргийн 7 дугаар талд авагдсан зээлийн гэрээний 3.1-д нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг тогтоохдоо сарын 0.7 хувь, эргэн төлөлтийн дагуу төлөгдөх нийт төлбөрийн үлдэгдлээс хугацаа хэтэрсэн хоног тутамд тооцож төлүүлнэ гэж заажээ. Энэхүү заалт нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан хугацаандаа төлөөгүй тохиолдолд “зээл”-ээс нэмэгдүүлсэн хүүг гэрээнд заасны дагуу төлөх зохицуулалттай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, гэрээгээр тогтоосон нэмэгдүүлсэн хүүг үндсэн зээлийг төлөх үүрэг зөрчсөн тохиолдолд тооцох бөгөөд хүүгийн төлбөрт нэмэгдүүлсэн хүү тооцож болохгүй. Гэтэл гэрээний нэмэгдүүлсэн хүү тогтоосон дээрх заалтаар зээл, хүүгийн аль алиныг багтаасан нийт төлөгдөөгүй үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүү тооцохоор заасан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл болно.

Иймд гэрээний уг заалтад үндэслэн “Фүжи холдинг ББСБ” ХХК-ийг хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээнд нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон гэж үзэх боломжгүй тул нэмэгдүүлсэн хүү гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Мөн нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хариуцагчаас нотариатын зардалд 13 500 төгрөг гаргуулахаар шаардсан боловч хэргийн 16 дугаар талд авагдсан баримтаар нэхэмжлэгч нотариатын үйлчилгээ авч, төлбөр төлсөн нь тогтоогдохгүй байх тул уг шаардлагыг хангах боломжгүй байна.

 

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Н.Дашнямаас үндсэн зээл болон зээлийн хүүд 27 622 996 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Фүжи холдинг ББСБ” ХХК-д олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2017/01315 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсгийг баримтлан хариуцагч Н.Дашнямаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 27 622 996 /хорин долоон сая зургаан зуун хорин хоёр мянга есөн зуун ерэн зургаан/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Фүжи холдинг ББСБ” ХХК-д олгож, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 1 980 032 /нэг сая есөн зуун наян мянга гучин хоёр/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

3 дахь заалтын “305 965” төгрөг гэснийг “296 065” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 47 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                 ШҮҮГЧИД                                         А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                            Ч.ЦЭНД