Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2021/00314

 

Ч.Б.гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

          Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн         

          2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/01659 дүгээр шийдвэр,

 

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1769 дүгээр магадлалтай,

 

          Нэхэмжлэгч: Ч.Б.

          Хариуцагч: Б.Д.

 

          нэхэмжлэл: 37,379,250 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай,

          сөрөг нэхэмжлэл: орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Б., түүний өмгөөлөгч Н.Одонтуяа, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

          Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: Миний бие Б.Д.тэй 2014-09-02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 19 сая төгрөгийг 4%-н хүүтэй, 6 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн барьцаанд ХУД-н 10-р хороо Нисэхийн хороолол, 7-55 тоот 40 м.кв 3 өрөө орон сууцыг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Б.Д. нь 2014-09-04-ний өдөр 5 сая төгрөг, 09-05-ны өдөр 7,5 сая төгрөгийг гэрээнд бичигдсэн түүний охин Ц.Гэрэлтуяагийн дансанд, 2014-10-02-ны өдөр дансанд 2сая төгрөг, 2014-09-04-ний өдөр 4,5 сая төгрөгийг бэлнээр тус тус авсан. Б.Д. нь 2014-11 сард үндсэн зээл 3,5сая төгрөг, 2015-06-02-ны өдөр хүртэл зээлийн хүүнд 5,192,500 төгрөг тус тус төлсөн. Үүнээс хойш амаар байгуулсан гэрээгээр 1 жил 6 сар сунгасан боловч 2018-12 сар хүртэл огт төлөлт хийгээгүй, үндсэн зээл 15,500,000 төгрөг, зээлийн хүү, алданги 12,459,750 төгрөг, нийт 37,379,250 төгрөг тооцогдсон. Б.Д.гээс удаа дараа зээлээ төлөхийг шаардаж байсан тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан. Энэ талаарх баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн. ХХША-ны явцад зээлийн хүү, алданги болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаа ихэсгэсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. 2014-09-02-ны өдрийн зээлийн гэрээний 1, 2, 3-т заасан үүргээ Б.Д. бүрэн биелүүлээгүй. Үндсэн зээл 15,5сая төгрөг, сунгалт хийсэн 1 жил, 6 сарын хүү 9,419,500 төгрөг төлөөгүй. Энэ хугацаанд Б.Д.тэй Ч.Б. нь утсаар байнга ярьж, хүү үндсэн зээлээ төлөхийг шаардаж байсан. Зээлийн гэрээний 1, 2 дахь хэсэгт заасан үүргээ бодитойгоор биелүүлж зээл, хүү төлөөгүй үндсэн зээл 15,5 сая төгрөг, хүү 9,419,500 төгрөг, алданги 12,459,750 төгрөг төлөөгүй байх тул Б.Д.гийн өмчлөлийн  орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

         Хариуцагч тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Ч.Б.тэй 2014-09-02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, гэрээний үүргийн гүйцэтгэлд ХУД-н 10-р хороо, 7-55 тоот хаягт байрлах, 40 м.кв талбайтай өөрийн өмчлөлийн орон сууцаа барьцаалсан. Гэхдээ бодит байдал дээр Ч.Б. надад 19сая төгрөг зээлдүүлээгүй. Би Ч.Б.гээс банкны дансны хуулгаар нотлогдож байгаа 14,5 сая төгрөгийг хэсэгчилж шилжүүлж авсан. Зээлийг түүний тооцоолсны дагуу бодогдсон хүүгийн хамт тухай бүрт нь шилжүүлж, зээлийн гэрээний үүргээ биелүүлж дуусгасан. Би Ч.Б.гийн Хаан банк дахь данс руу, өөрийн биеэр болон охин Ц.Гэрэлтуяа, ач охин Б.Саруул нарын дансаар дамжуулан 2014-10-02-с 2015-06-16-ны өдөр хүртэл нийт 17,122,500 төгрөгийг гэрээний төлбөрт шилжүүлсэн. Ч.Б. нь миний охин Ц.Гэрэлтуяад 4,5сая төгрөг бэлнээр зээлдүүлсэн мэтээр шүүхэд хуурамч нотлох баримт бүрдүүлж, түүний гарын үсгийг дуурайлган зурсан бөгөөд бусдыг иймэрхүү аргаар ор үндэсгүй зүйл ярьж байна.Тэрээр миний охин Ц.Гэрэлтуяатай хувийн таарамжгүй харилцаатай болсон бөгөөд энэхүү нөхцөл байдлаас үүдэн, хувийн сэдлээр өс санаж надад холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ч.Б. нэхэмжлэлдээ 2015-06-02-с хойш зээлийн гэрээг ам гэрээгээр 1 жил 6 сараар сунгасан гэж ор үндэсгүй, зохиомол зүйл бичсэн байна. Ийм зүйл огт болоогүй бөгөөд би зээлийн гэрээний үүргээ 2015-06 сард бүрэн биелүүлж дуусгасан. Түүний нэхэмжлэлдээ зориудаар худал зүйл зохиож бичсэн шалтгаан нь шүүхэд гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэх ойлголтыг төрүүлж, төөрөгдүүлэх санаа зорилгыг агуулж байгаа нь харагдаж байна. Түүний олгосон зээл, зээлийн гэрээний огноо, зээлийн хүү тооцооллын хүснэгт зэрэг нь хоорондоо маш их зөрүүтэй, ойлгомжгүй байх бөгөөд огт олгоогүй зээлэндээ хүү тооцож нэхэмжилсэн болох нь харагдаж байна. Би гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсээр байтал Ч.Б. миний өмчлөлийн орон сууцыг барьцаанаас чөлөөлөхгүй байгаа нь хувийн сэдлээр бусдыг өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд санаатайгаар саад учруулж буй үйлдэл гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2014-09-02-ны өдрийн зээлийн гэрээгээр Ч.Б. нь бодит байдал дээр 14,500,000 төгрөгийг хэсэгчилж зээлдүүлсэн. Б.Д. нь дээрх зээлийн гэрээний үүргээ 2015-06 сард бүрэн биелүүлж дуусгасан ч Ч.Б. нь түүний өмчлөлийн орон сууцыг барьцаанаас чөлөөлөх бичгээ хийж өгөхгүй байсаар өдийг хүрсэн. Учир нь Ч.Б.гийн ажилладаг “Проадд ББСБ” ХХК болон Б.Д.н охин Ц.Гэрэлтуяа нарын хооронд зээлийн гэрээний маргаан үүсч, уг маргаан нь одоог хүртэл хууль шүүхийн байгууллагаар хянан шийдвэрлэгдэж байна. Мөн Ч.Б.гийн хамаарал бүхий дээрх ББСБ-ын хууль бус үйл ажиллагааны талаарх мэдээллийг Ц.Гэрэлтуяа нь эрх бүхий байгууллагад мэдэгдэж, гомдол гарган, хяналт шалгалт оруулсан гэдэг. Ч.Б. дээрх нөхцөл байдлаас үүдэж Б.Д.гийн өмчлөлийн орон сууцыг барьцаанаас чөлөөлөхгүй, тусдаа гэрээний маргааныг Б.Д.д нялзааж, өмчлөх эрхэнд нь халдаж байна. Зээлдэгч гэрээний үүргээ бүрэн биелүүлснээр 236 дугаар зүйлд заасны дагуу түүний үүрэг дуусгавар болох бөгөөд үүнийг дагаад зээлдүүлэгчийн барьцааны эрх Иргэний хуулийн 160 дугаар зүйлд заасны дагуу дуусгавар болно. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2015-3-2-ны өдөр дуусгавар болсон. Б.Д. нь 2015-06 сард гэрээний төлбөрийг бүрэн төлж дуусгасан. Иймд Б.Д.гийн өмчлөлийн Ү-2206002294 дугаартай Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 7-55 тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.

        Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 183/ШШ2019/01659 дүгээр шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Б.Д.д холбогдох 37,379,250 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулах тухай Ч.Б.гийн нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 160 дугаар зүйлийн 160.1.6-д заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн хороолол, 7 байр 55 тоотод хаягт байршилтай орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг Ч.Б.д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 502,800 төгрөг, хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 70,200 төгрөг гаргуулж хариуцагчид олгохоор шийдвэрлэжээ.

 

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1769 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 сарын 26 өдөр өдрийн 183/ШШ2019/01659 шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.1” гэснийг “Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 415,050 төгрөгийг улсын орлогод үлдээсэн байна.

 

         Нэхэмжлэгч Ч.Б. хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй, мөн барьцааны орон сууцыг чөлөөлөхийг Ч.Б.д даалгасан шийдвэр гаргасан нь шүүх илэрхий хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, хариуцагчийн талд үйлчилсэн шийдвэр болсон. Хяналтын гомдлын үндэслэл нь: ИХШХШТХ-н 172.2.1 заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн;” 1. Шүүх “зээлийн гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, ИХ-н 75.2.1 гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан” гэх дүгнэлт нь хуулийн зохицуулалтыг зориуд үндэслэлгүй буруу тайлбарласан. Б.Д. нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул хэлэлцэн тохиролцож төлбөр төлөх хугацааг сунгаж байсан, утсаар шаардах бүрт зээлийн гэрээний үндсэн үүрэг болох үлдэгдэл мөнгийг төлнө гэдгээ зөвшөөрөн хойшлуулж байсан, улмаар зээлийн төлбөрийн үлдэгдэл төлбөрөөс 2018- 09-24-нд 700,000 төгрөгийг төлсөн, зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгон барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгөө өдий хүртэл шаардаагүй байсан нь нэхэмжлэлд шаардсан зээлийн гэрээний үүргээ хүлээн зөвшөөрч байсны баталгаа мөн. Эдгээртэй холбоотой баримт хэрэгт авагдсан байгаа. 2. Шүүх хэргийн зохигч нараас гаргасан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй. ИХШХШТХ-н 40 дүгээр зүйлд заасан “нотлох баримтыг үнэлэх “ талаар заан тогтоосон журмыг хэрэгжүүлээгүй болно. Шүүгч Д.Мөнхцэцэгийн хэрэг хянан шийдвэрлэхдээ гаргасан энэ үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоон тунхагласан иргэн миний үндсэн эрх эрх чөлөөг үл хайхарсан, ИХШХШТХ-н 4-р зүйлд заасан “ШҮҮХИЙН ӨМНӨ ЭРХ ТЭГШ БАЙХ” зарчмыг гажуудуулсан хэрэг боллоо. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ ИХ-н 79-р заасан “үүрэг хүлээсэн этгээд урьдчилгаа олгох, хүү төлөх баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэсэн заалтыг, мөн 79.7-д заасан “хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй хугацааг дахин шинээр эхлэн тоолно” гэх заалтуудыг илт хайхрахгүй орхиж, улмаар шүүх бүр эсрэгээр нь “Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 заалтад хамаарахгүй байна” гэж дүгнэхдээ 79.1 дэх заалтын “шаардлагыг хүлээн зөвшөөрч байсан” энэ хугацаанд барьцааны хөрөнгөө шаардаагүй байсан, миний шаардлагыг хүлээн зөвшөөрч байсан байдал, 2018-9-24-нд төлбөр төлж байсан зэрэг хэрэгт авагдсан үйл, баримт нотолгоог орхигдуулсан байна. Энэ байдал нь шүүгчийн зүгээс асуудалд зориуд хэрэгжүүлж байгаа санаатай үйл ажиллагаа гэж үзэх үндэслэлтэй. Хоёр шатны шүүх хэргийн нотлох баримтыг буруу дүгнэж шийдвэрлэсэн. Шүүх яагаад Ц.Гэрэлтуяагаас 2018-9-24-нд миний хувийн данс руу хийсэн 700,000 төгрөгийг авч хэлэлцэхгүй байна вэ. Ц.Гэрэлтуяа гэгч зальт этгээд миний хувийн данс руу хийчихээд гүйлгээний утга дээр Гэрэлтуяагаас Проадд-д гэж бичсэн байна. Энэ нь миний хувийн данс руу хийсэн миний мөнгө. Шүүх Ц.Гэрэлтуяа гэдэг хүний амаар ярьсан мэдүүлэг дээр үндэслэж дүгнэлтээ гаргасан. “би “Проадд ББСБ” ХХК-иас найздаа 35.0 сая төгрөг авч өгсөн. 700,000 төгрөг бол тус ББСБ-ийн зээлийн эргэн төлөлт” гэж мэдүүлсэн байх тул энэ өдрөөр хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхгүй” гэж дүгнэсэн. Ц.Гэрэлтуяа энэ талаар ямар ч нотлох баримт гаргаж өгөөгүй, бичгийн гэрээ хэлцэл шүүхэд өгөөгүй атал үүнийг хөдөлбөргүй үнэн гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан шийдвэр болсон. Проадд ББСБ гэх энэ байгууллага өөрөө тусдаа данстай. Хувийн дансанд хийчихээд байгууллагын нэр бичсэн байгаа нь эдгээр хүмүүс үгсэн хуйвалдаж, бүлэглэн зориуд санаатайгаар хэргийг төөрөгдүүлэх бусармаг арга заль байна. Эдгээр нь Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, шийдвэрийг нотлох баримтын үндсэн дээр гаргах шаардлагыг тус тус зөрчсөн болно. Иймээс шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэрэгт авагдсан баримтанд үндэслэн гомдол, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        Ч.Б. 2019-04-08-ны өдөр шүүхэд хандаж, Б.Д.гээс нийт 37,379,250 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгө болох Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны Нисэхийн хороолол, 7-р байрны 55 тоот орон сууцаар хангуулах шаардлага гаргахдаа “...2014-09-02-ны өдрийн гэрээгээр 19,000,000 төгрөгийг 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлүүлж 3 өрөө орон сууцыг нь барьцаалсан... үндсэн зээлд 3,500,000 төгрөг, хүүд 5,192,500 төгрөг төлөгдсөн...иймд одоо үндсэн зээл 15,500,000 төгрөг, хүү 9,419,500 төгрөг, алданги 12,459,750 төгрөг авна...” гэсэн үндэслэл заажээ. 

       

        Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...зээлийн гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн орон сууцаа барьцаалсан...авсан зээлээ бүгдийг нь төлж дуусгасан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...харин барьцааны хөрөнгө буюу Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны Нисэхийн хороолол, 7-р байрны 55 тоот орон сууцыг чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэл гаргаж байна..” гэснийг нэхэмжлэгч үгүйсгэж маргасан  байна.

        Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангасан бөгөөд ийнхүү шийдвэр гаргахдаа “...талууд зээлийн болон барьцааны хүчин төгөлдөр гэрээ байгуулсан байна...нэхэмжлэгч 19,000,000 төгрөгөөс 14,500,000 төгрөг зээлүүлсэн нь тогтоогдож байна... гэрээний хугацааг сунгасан нь нотлогдоогүй...нэхэмжлэгч 2015-03-02-ны өдрөөс хойшхи хугацааны хүү шаардах эрхгүй байна...хариуцагч нь зээлийн төлбөрт нийт 17,980,000 төгрөг төлөхөөс 17,112,500 төгрөг төлсөн нь тогтоогдсон ба төлбөл зохих гэрээний үүрэг 867,500 төгрөг байгаа ч зээлийн гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна...” гэсэн үндэслэл заажээ.

 

        Давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээхдээ “...шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож сөрөг нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлтэй болсон хэдий ч сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ холбогдох хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэсэн байна..” гэсэн дүгнэлт хийсэн байна.

  

        Нэхэмжлэгч хяналтын гомдолдоо “...зээлийн гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх үндэслэлгүй... шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн холбогдох заалтыг хэрэглээгүй... 2018-9-24-нд төлсөн  700,000 төгрөгийг шүүх авч хэлэлцээгүй...” гэх зэрэг үндэслэл заажээ.

        Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        1. Хоёр шатны шүүх талуудын хооронд 2014-09-02-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

       Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэг хүлээнэ. 

        Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу хариуцагчид 19,000,000 төгрөг шилжүүлэхээс  14,500,000 шилжүүлсэн, зээлдэгч нь үндсэн зээл 14,500,000 төгрөг, 6 сарын хугацаанд нэг сарын хүүг 4 хувиар тооцон нийт 3,480,000 төгрөг бүгд 17,980,000 төгрөг төлөх үүрэгтэй гэж шүүх тус тус үзсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийг зөрчөөгүй бөгөөд зээлдэгч 17,112,500 төгрөг төлсөн нь тогтоогдсон талаар хоёр шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд нотлох баримтыг үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд нийцээгүй гэх байдал тогтоогдсонгүй.

 

        Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацааг сунгасан гэх боловч энэ үйл баримт хэрэгт буй баримтаар нотлогдоогүй байна. 

 

     2. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 74,76 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

        

       Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна. Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна. Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. 

 

       Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэлийн үндэслэл болсон зээлийн гэрээний хугацаа 2015-03-02-ны өдөр дууссан байх бөгөөд шүүх энэ өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тоолсон, хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэх баримт хэрэгт байхгүй тул шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 76,77,79,82 дугаар зүйлд нийцжээ.

  

       Шүүх сөрөг нэхэмжлэлийг хангахдаа Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

       3. Өөрийн шаардлага болон татгалзлыг нотлох үүргийг зохигч хүлээнэ. Шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийнэ.

 

       Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэлийн шаардлагыг хангах нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.

 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1769 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төлсөн 415,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Г.АЛТАНЧИМЭГ

                                                     ШҮҮГЧИД,                              П.ЗОЛЗАЯА

                                                                                                     Б.УНДРАХ

                                                                                     Х.СОНИНБАЯР

                                                                                                                       Г.ЦАГААНЦООЖ