Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 556

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2018/00556

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, ****************** тоотод оршин суух, Харчин овогт Б Ц  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил, Чингисийн өргөн чөлөө гудамж, *******************тоотод оршин суух, Боржигон овогт Э Д холбогдох,

 

Орон сууц худалдан авахад 160 000 000 төгрөгийн хөрөнгө оруулсан тул хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмөнх, .Эрдэнэхүү, Д.Цээсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Б.Ц  Э.Дтай 2006 оноос үерхэж, хамтран амьдарч байгаад 2013 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулж одоог хүртэл гэр бүл болон амьдарч байна. Бид хоёрыг гэрлэснээс хойш 2013 онд охин Гэгээн, 2014 онд хүү Эрхэм нар төрж бөгөөд ам бүл дөрвүүлээ болсон. Бид гэр бүл зохиож хамт амьдарч эхлэхдээ аав, ээжийнхээ гэрт цуг амьдарч байсан. 2012 онд эхнэр жирэмсэн болж бид бүл нэмэх болсон тул хоёр талын гэр бүлийнхэн ярилцаад биднийг тусад нь гаргахаар болж орон сууц авах мөнгө цуглуулж эхэлсэн. Бид хоёр ч өөрсдийн цуглуулж байсан мөнгийг нэмэрлэхээр болсон. Ингээд бид хоёр 2013 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Удалгүй 2013 оны 3 дугаар сарын 08-ны өдөр охин Гэгээн төрсөн. Энэ үед хадам ээж Д.Энхжаргал боломжийн үнэтэй байр оллоо, цуглуулсан менгөө нийлүүлж төлөөд гэрээ байгуулья гэсэн тул манай ээж, ах хоёр хадам аав, ээж хоёрт цуглуулж байсан мөнгөө цувуулж өгсөн. Улмаар хадам аав, ээж хоёр өөрсдийн амьдарч байсан байраа зарахаар болсон. Ингээд хоёр талаас хөрөнгө оруулж, Хан-Уул дүүрэг, 15 хороо, Стадион оргил Чингисийн өргөн чөлөө гудамж, *********** тоот байрлах 103.62 м.кв гурван өрөө орон сууцыг худалдан авч, Ү- ******** дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ 2014 оны 10-р сарын 15-ны өдөр авсан. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд нэг иргэний өмч гэсэн тэмдэглэгээг хийсэн байгаа миний өмчлөх эрхийг зөрчиж байна гэж үзэж байна. Учир нь энэ орон сууцыг худалдан авахад Б.Ц гэдэг хувь хүн болох миний зүгээс өөрийн хөрөнгө, аав, ээж, ахаас оруулсан хөрөнгө 160 сая төгрөг болж байгаа бөгөөд Э.Д бид хоёр гэр бүл болсонтой холбоотойгоор хоёр талын гэр бүлээс бидний гэр бүлийн хэрэгцээнд зориулж авч өгсөн үл хөдлөх эд хөрөнгө байтал гэр бүлийн нэгхэн гиигүүний нэр дээр байгаа нь зохимжгүй байна. Ямарваа нэгэн байдлаар тухайн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой маргаан гарахад би болон миний хүүхдүүд энэ хөрөнгөтэй холбоотой эрх, үүрэгт огт хамааралгүй болж, бид хохирч болзошгүй байна. Тухайн орон сууцны өмчлөгчөөр давхар бүртгүүлзх талаар эхнэр Э.Д нь ямар нэгэн байдлаар нааштай алхам хийхгүй аль болох зайлхийсээр өнөөдрийг хүрлээ. Иймд Ү-******** дугаартай, Хан-Уул дүүрэг, 15 хороо, Стадион оргил Чингисийн өргөн чөлөө гудамж, *********** тоот байрлах 103.62 м.кв талбай бүхий орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож өгнө үү” гэв.

 

Хариуцагч Э.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Б.Цогт-Эрдэнийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Б.Ц бид хоёр нэг гэр бүлийн хүмүүс юм. Б.Цогт- Эрдэнийн нэхэмжлээд байгаа Нийслэлийн Хан-Уул дүүрэг, 15 хороо, Стадион оргил Чингисийн өргөн чөлөө гудамж, *********** тоот байрлах 103.62 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан авахад би өөрийн японд суралцаж байхдаа цагийн ажил хийж цуглуулж байсан мөнгөнөөс, хоёр талын хоёр талын аав,ээжүүдээс өгсөн мөнгийг цуглуулж хөрөнгө оруулсан. Гэхдээ манай нөхрийн гэр бүлийнхнээс хэдэн төгрөг гаргаж өгсөнийг сайн мэдэхгүй байна. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаан нь энэ орон сууцыг анхнаасаа миний нэр дээр авсан, нэг л өмчлөгчтэй хөрөнгө юм. Мөн Б.Ц бид хоёр хамтран амьдарснаас хойш хэд хэдэн удаа тусдаа амьдрах дээрээ тултал муудалцаж байсан. Энэ байдал дахин давтагдахыг үгүйсгэх аргагүй бөгөөд муугаар бодоход ийм зүйл тохиолдвол хоёр хүүхэд маань над дээр л үлдэх учраас бид гурав днэх байрандаа үлдэх ёстой. Хамт амьдарч байхад ямар нэгэн байдлаар би ганцаараа дур мэдэн энэ орон сууцыг зарж, үрээд үр хүүхдээ орох оронгүй болгохгүй. Энэ орон сууц бол ирээдүйд бидний хоёр хүүхдэд үлдэх ёстой тийм л хөрөнгө учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ц Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион оргил Чингисийн өргөн чөлөө гудамж, *********** тоот хаягт байрлах, 103.62 м.кв гурван өрөө орон сууцыг худалдан авахад 160 000 000 төгрөгийн хөрөнгө оруулсан болохыг тогтоолгож, хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Дд холбогдуулан гаргажээ.

 

Хариуцагч Э.Д нь энэ орон сууцыг анхнаасаа миний нэр дээр авсан, нэг л өмчлөгчтэй хөрөнгө, ирээдүйд бидний хоёр хүүхдэд үлдэх хөрөнгө учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзвэл, Б.Ц, Э.Д нар нь 2006 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэр бүл болсноо 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр эрх бүхий бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр тэд хууль ёсны гэр бүл болжээ. 

 

Үүний дараа 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион оргил Чингисийн өргөн чөлөө гудамж, *********** тоот хаягт байрлах 103.62 м.кв гурван өрөө орон сууцыг гэрлэгчид хамтран худалдан авсан болох нь хэрэгт авагдсан 000363660 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгсөн ************* нарын мэдүүлгээр нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д “гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн” гэж заасан. 

 

Иймд талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар үл хөдлөх эд хөрөнгийн Ү-******** дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион оргил Чингисийн өргөн чөлөө гудамж, *********** тоот хаягт байрлах, 103.62 м.кв талбай бүхий орон сууц нь зохигч гэр бүл болсноос хойш бий болсон хөрөнгө буюу гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн байх тул нэхэмжлэгч Б.Цогт-Эрдэний нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй. 

 

Харин тухайн орон сууцыг худалдан авахад 160 000 000 төгрөгийн хөрөнгө оруулсан болохыг тогтоолгох шаардлага нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн болохыг тогтоолгох шаардлагын үндэслэл гэж үзэх тул бие даасан шаардлага гэж үзэж шүүх шийдвэрлэх шаардлагагүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хамтран өмчлөгч гэж тодорхойлсон боловч нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд маргаан бүхий орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоолгохоор шаардаж байна гэж үзэхээр байх тул шүүх энэ хүрээнд хэргийг шийдвэрлэх нь нэхэмжлэлийн шаардлагаас хальсан дүгнэлт гэж үзээгүй.

 

Мөн нэхэмжлэгч Э.Д нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шүүгчийн захирамж гарснаас хойш хэргийн материалтай танилцаагүй ба шүүх хуралдааны товыг зохих журмын дагуу хүргүүлж, хэргийн материалтай танилцах тухай сануулахад шүүх хуралдаанд хүрэлцэн ирэхгүй өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул нэхэмжлэгчийг хэргийн материалтай танилцах эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзээд хариуцагчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид даалгах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,            115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д заасныг баримтлан, үл хөдлөх эд хөрөнгийн Ү-******** дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион оргил Чингисийн өргөн чөлөө гудамж, *********** тоот хаягт байрлах, 103.62 м.кв талбай бүхий орон сууц нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө тул хамтран өмчлөгчөөр Ц-г тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Даас улсын тэмдэгтийн хураамжид 957 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Цд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 957 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний    хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ                                Д.ЭНХЦЭЦЭГ