Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2019/ШЦТ/90

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг, улсын яллагч хяналтын прокурор С.Цэрэндалай, шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Хурцын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******т холбогдох эрүүгийн *******тай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймагт төрсөн, *******, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх дүүгийн хамтаар Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелын 11-194 тоотод оршин суух, Урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 61 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, регистрийн ******* дугаартай, ******* овогт *******ийн *******.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Яллагдагч Б.******* нь 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн орчим 16 настай Б.*******ыг муухай харсан гэх шалтгаанаар 2 удаа алгадаж зүүн завжинд шарх, зүүн завж, уруул, хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “ ...Нэмж ярих зүйлгүй. Намайг үүдэнд байхад ******* надтай мөргөлдсөн. Хот руу орох гэж явахад нь надтай таарахад нь 2 зөөлөн алгадсан. Цус гарсан байдал харагдаагүй. Хохирол 300,000 төгрөг төлсөн. Хохирогчтой эвлэрсэн гэм буруугийн талаар маргаан байхгүй. Дахин ийм асуудал гаргахгүй.” гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр би 15 цаг 10 минутын үед хоолондоо орох гээд байрныхаа хүүхдүүдийг хоолны өрөө рүү оруулсан. Ард нэг хүүхэд үлдсэн байхаар нь хоолондоо ор гэж хэлчихээд эргээд харахад урдаас ******* надтай мөргөлдсөн. Муухай хараад үлдсэн би хоолны заал руу орсон.. Сургуулийн хажууд явж байх үед урдаас ******* зайрмаг барьчихсан ирж байсан. Хүрээд ирэхээр нь *******д хандаж “чи хүн мөргөсөн бол уучлалт гуйж бай, замаа харж явж бай” гэхэд юм дугарахгүй хөмхийгөө зуугаад зогсоод муухай хараад байхаар нь миний уур хүрээд баруун гараараа нүүрэн тус газар нь 2 алгадсан.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 53-54 дүгээр хуудас/

Насанд хүрээгүй хохирогч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2019 оны 5 дугаар сарын 14-ны өдөр 14-15 цагийн үед би сургуульд болох арга хэмжээнийхээ сургуулилтанд сургууль дээрээ ирж байгаад багшаар түр зөвшөөрөл аваад ундаа авах гээд гарах үед үүдэнд сургуулийнхаа хэдэн хүүхэдтэй таарсан. Тэгээд тэд нарыг “түр холдож байгаач гаръя” гэсэн чинь тэр хүүхдүүд холдож өгөлгүй бид бага зэрэг мөргөлдсөн. Тэгээд би цаашаа ундаандаа явж ирж байтал намайг үүдэнд байсан нөгөө хүүхдүүд сургуулийн хашааны гадна байхад дуудсан. Тэгээд “чи аль хорооных юм” гэхэд “би 1 дүгээр хорооных” гэсэн чинь “чиний 1 дүгээр хорооных байх чинь хамаагүй шүү” гэж хэлээд намайг 18-19 орчим настай 175 см өндөртэй, бор царайтай, сахалтай, улаан хартай бомбер, цэнхэр жинс өмссөн ах нь 2 удаа алгадсан. Тэгснээ бас “чи хорооныхоо ах нараа мэдэх үү” гэхэд би “мэднэ” гэж хэлсэн. Тэгсэнээ “чи намайг мэдэх үү” гэхэд би “мэдэхгүй” гэж хэлсэн чинь “тэгвэл одоо мэдэж ав за” гээд дахин нэг удаа алгадсан.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 06-07 дугаар хуудас/

Гэрч А.Сод-Эрдэний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хот руу тайлангаа хамгаалсан тодорхойлолтоо авах гээд 15 цаг өнгөрч байхад нэг ангийн хамт сурдаг , ******* нарын хамт сургуулиасаа гараад алхаад зам гарах гээд явах замд ******* нэг хүүхдийг дуудсан. Замын цаана гараад эргээд харахад ******* дуудсан хүүхдээ 2 удаа алгадсан.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 29 дүгээр хуудас/

Гэрч Ж.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “******* бол уг нь дөлгөөн томоотой хүүхэд манай сургуулийн оюутны зөвлөлийн гишүүн үүрэгт ажлаа сайн гүйцэтгэдэг хичээл сургалтандаа ихэд санаачлагатай оролцдог. Хичээлээс гадуурх бүхий л ажилд сайн оролцдог манай ангийн тэргүүний сурагчдын нэг юм.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 31 дүгээр хуудас/

Насанд хүрээгүй гэрч Э.Эрдэнэцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр би дотуур байрнаасаа 15 цагийн орчим найз Алтантуяагийн хамт дэлгүүр орох гээд явж байх замд *******, Баярсайхан ах 2 *******тай зөрж байсан. ******* *******ыг дуудаад нүүрэн тус газар нь 2 удаа алгадсан. ******* сургууль руу алхсан.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 32 дугаар хуудас/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/271 дугаар: 1. Б.*******ын биед зүүн завжинд шарх, зүүн завж, уруул, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт /хх-ийн 14 дүгээр хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас , анги удирдсан багш Ж.ы шүүгдэгчийн зан байдлын талаарх тодорхойлолт, Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол, иргэний үнэмлэхийн лавлагаа, зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.******* нь нь 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 15 цагийн үед Налайх дүүргийн 2 дугаар хороо, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн орчим 16 настай Б.*******ыг мөрлөж зөрөөд муухай харсан гэх шалтгаанаар 2 удаа алгадаж зүүн завжинд шарх, зүүн завж, уруул, хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Б.*******ын өгсөн “..Намайг үүдэнд байхад ******* надтай мөргөлдсөн. Хот руу орох гэж явахад нь надтай таарахад нь миний уур хүрээд баруун гараараа нүүрэн тус газар нь 2 алгадсан..." гэсэн мэдүүлэг,

Насанд хүрээгүй хохирогч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...намайг 18-19 орчим настай 175 см өндөртэй, бор царайтай, сахалтай, улаан хартай бомбер, цэнхэр жинс өмссөнах нь 2 удаа алгадсан. ... “тэгвэл одоо мэдэж ав за” гээд дахин нэг удаа алгадсан..." гэсэн мэдүүлэг,

гэрч А.Сод-Эрдэний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Замын цаана гараад эргээд харахад ******* дуудсан хүүхдээ 2 удаа алгадсан...” гэсэн мэдүүлэг,

Насанд хүрээгүй гэрч Э.Эрдэнэцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* *******ыг дуудаад нүүрэн тус газар нь 2 удаа алгадсан...” гэсэн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 08 шэ/271 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Б.*******т холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, хэргийг хялбаршуулсан журмаар шалгаж яллах дүгнэлт үйлдэхдээ хэргийн оролцогчийн хуулинд заасан эрхийг хангасан байна гэж үзлээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс ******* овогтой *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ. Шүүгдэгч Б.*******т улсын яллагчаас зүгээс тухайн зүйл ангид заасан ялаас 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар санал гаргасныг шүүгдэгч нь прокурорын шатанд ойлгон хүлээн зөвшөөрсөн байх тул тохиролцсон хүрээнд нь түүнд уг ялыг оногдуулахаар шийдвэрлэлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Гэрэлцэцэг нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хүсэлтэндээ гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 61 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн байх ба уг ялаа эдэлж дууссан болох нь Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолоор тогтоогдож байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд зааснаар ял шийтгэл нэмж оногдуулах үндэслэлгүй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд зүйл битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг дурьдлаа. Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл нь шүүгдэгч ялимгүй шалтгаанаар бусдыг давамгайлах зан авиртай нь холбоотой гэж үзлээ.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 600 нэгжтэй тэнцэх буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан 600,000 төгрөгөөр торгох ялыг хуулинд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД