Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 155/ШШ2018/00513

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүх хуралдааны танхимд явуулсан иргэний шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Т ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Тотал дистрибюшин ХХК-ийн Хөвсгөл аймгийн салбарыг хариуцсан худалдааны төлөөлөгч ажилтай, Хөвсгөл аймгийн ****************** оршин суух “А” овогт Н.Ц

Хариуцагч: Хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн тоотод оршин суух “М” овогт Ч.Т / -т холбогдох,

Хариуцагчийн өмгөөлөгч: Шүүхэд төлөөлөх эрхийн *********** дугаарын үнэмлэхтэй, “Б” овогт Б.Б

Зээлээр авсан барааны төлбөрт нийт 2.499.994 /хоёр сая дөрвөн зуун ерэн есөн мянга есөн зуун ерэн дөрөв/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц, хариуцагч Ч.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ТОТАЛ дистрибюшин ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ч.Т нь 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр, 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр, 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрүүдийн үеэр манай компанийн Хөвсгөл аймаг дахь салбарт хүсэлт гарган зээлээр бараа бүтээгдэхүүн авч 2 сард багтаан төлбөрийг төлнө гээд нийт 14.378.400 төгрөгийн бараа бүтээгдэхүүн авсан. Гэвч тохиролцсон хугацаанд төлбөрөө төлөөгүй ба удаа дараа нэхсэний үндсэн дээр 9.378.412 төгрөгийн төлбөрийг төлж өнөөдрийн байдлаар 2.499.994 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй үлдсэн. Уг үлдэгдэл төлбөрийг нэхэхэд удахгүй өгнө гэж Худалдагч, Түгээгч хоёроо шүүхэд өгсөн байгаа. Шүүхээс мөнгө оронгуут хамгийн эхэнд өгнө өө гэсээр өдий хүрсэн билээ. Төлбөрийг хугацаанд нь төлөөгүйгээс болж манай компанийн хэвийн үйл ажиллагаанд хохирол учруулж байна.

Иймд зээлээр авсан барааны төлбөрийн үлдэгдэл 2.499.994 төгрөгийг Ч.Т-аас гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц шүүх хуралдаанд тайлбарлахдаа. Миний бие 2011 онд ТОТАЛ дистрибюшин ХХК-д анх ажилд орж байсан ба бараа түгээгчээр ажилладаг байж байгаад 2013 оноос уг компанийн худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байна. 2016 оны 01 дүгээр сараас эхлэн Ч.Т гуайн худалдагч барааны захиалга өгдөг байсан ба ийнхүү хамтран ажиллаж эхэлсэн. 2016 оны 7 дугаар сард тооцоо хийхэд 14.000.000 төгрөгийн бараа авсан байсан ба уг төлбөриийг өөрөө төлж явсаар одоо үлдэгдэл 2.499.994 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа юм. Тухайн үед манай машин шатаж, худалдагчаа шүүхэд өгсөн. Ах нь хүнд байдалд орчихлоо гэж хэлсээр төлөхгүй өдий хүрсэн. Ч.Т гуай урьд нь өгнө гэдэг байсан ба манай компани төлбөрөө барагдуул гээд намайг шахаад цалин хассан гээд байна гэхэд ах нь цалинг нь өгнө гэдэг байсан юм. Гэтэл одоо төлөхгүй, намайг бүр танихгүй гэж тайлбар бичсэн байгааг нь гайхаж байна. Хэрэв 14 сая төгрөгийн бараа авчихаад авсан мөнгийг нь тушаахгүй байвал намайг танихгүй гэж хэлж чадах байсан боловч уу, настай хүн байж ямар муухай худлаа хэлдэг юм. Нэмэн ХХК-ийн гадаа намайг утсаар дуудаад өөрийхөө машинд мөнгө өгч байсан. Мөн охин нь мөнгө тоолоод өгч байхад хажууд байж л байсан. Бид Голомт банкны гадаа  тооцоо нийлж байсан шүү дээ.

Иймд зээлээр бараа авсны үлдэгдэл төлбөрт нийт 2.499.994 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Ч.Т шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ц-ыг урьд өмнө нь таньдаггүй байсан. Харин өр үүсгээд нэхдэг болсноос хойш таньдаг болсон. 2016 онд нэг ч төгрөгийн бараа зээлээр аваагүй манайд “Өсөх архи” гэдэг нэртэй дэлгүүр ч байхгүй. Эвлэрүүлэн зуучлагчид өгсөн байсныг нь хүлээн зөвшөөрөхгүй тул шүүхэд өгсөн байна. Манай охиныг О гэдэг тэр тооцоо нийлсэн акт дээрх тэмдэг миний тэмдэг мөн байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ТОТАЛ дистрибюшин ХХК нь хариуцагч Ч.Т-рт холбогдуулан барааны үлдэгдэл төлбөр 2.499.994 /хоёр сая дөрвөн зуун ерэн есөн мянга есөн зуун ерэн дөрөв/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ч.Т нь 2016 онд авсан барааны үлдэгдэл төлбөр гэх 2.499.992 төгрөгийг төлөхгүй гэж маргаж байна.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2.-т зааснаар хэрэгт авагдсан тайлбар мэдүүлэг болон нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээрх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.  Учир нь:

Талууд хүсэл зоригоо илэрхийлэн нэг тал нь бараа материал худалдах, нөгөө тал нь худалдан авах талаар амаар хэлэлцэн тохиролцсон байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж үзэх үндэслэлтэй. Уг гэрээг заавал бичгийн хэлбэрээр байгуулах талаар хуулийн зохицуулалт байхгүй байх тул зохигчдын хооронд харилцан тохиролцож худалдах-худалдан авах хэлцэл амаар хийгдсэн байна гэж үзлээ.Тухайлбал:

Иргэний хуульд “нэг талын хүсэл зоригийг илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ”, мөн хуульд “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр”,  “худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно” гэж хуульд тус тус заасан ба хэрэгт авагдсан 2016 оны 12 дугаар сарын 31-ний, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний, 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрүүдийн тооцоо нийлсэн актуудаар нотлогдож байна.

Нэгэнт шүүх  худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж үзсэн тул худалдан авагч буюу хариуцагч Ч.Т нь гэрээний үүргээ шударгаар биелүүлэх үүрэгтэй ба 2016 онд 3 удаагийн худалдан авалтаар 14.378.400 төгрөгийн бараа авснаас үлдэгдэл 2.499.994 төгрөгийг төлөөгүй гэрээгээ зөрчсөн байна гэж үзлээ.

Хариуцагч Ч.Т нь 2.499.994 төгрөгийн бараа аваагүй гэдгээ нотолж чадаагүй, энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтаа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй боловч үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлоогүй “төлөхгүй гэдгээ” нотолж чадахгүй байна.

Харин нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хувьд доорхи буруутай үйлдэл байна. Үүнд: Нэхэмжлэгч нь хариуцагч буюу Ч.Т-тай гэрээ байгуулаагүйн улмаас  хариуцагчийн эрх, хүлээх үүрэг, хариуцлага хүлээх хэлбэр, хэмжээ нь тодорхойгүй болжээ.

Хэрэгт авагдсан тооцоо нийлсэн 2 баримт дээр “Өсөх-Идэр” Ч.Т гэсэн тэмдэг дарагдсан байх хэдий ч Т.О гэх хүний гарын үсэг байх боловч хариуцагч нь “О нь манай охин” гэж мэдүүлэг өгч байх ба 2.499.994 төгрөгийн тооцоог хариуцагч Ч.Т-тай өөртэй нь тооцоо нийлсэн байна гэж үзэх үндэслэлгүй, мөн хавтаст хэргийн 5 дугаар хуудсанд авагдсан 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн баримтад хэн тооцоо нийлж гарын үсэг зурсан нь тодорхойгүй, гарын үсгийн тайлалгүй, тамга тэмдэг дарагдаагүй, дээрх тооцоо нийлсэн актууд дахь мөнгөн дүн зөрүүтэй байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: “....баримтууд нь дээшээ компани дээр байдаг ба манай компанийн ажилтнууд гадаад явснаас болоод баримтаа гаргаж өгөх боломжгүй байна....” гэх шүүх хуралдаанд мэдүүлэг өгч байгааг “хүндэтгэн үзэх шалтгаан” байна гэж шүүх хүлээн авч хариуцагч Ч.Т-ыг буруутгах үндэслэл болохгүй юм.

Түүнчлэн ямар бараа бүтээгдэхүүн хэдэн төгрөгийн бараа хэнд хүлээлгэж өгсөн нь тодорхойгүй, энэ талаархи баримтаа шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй, тооцоо тооллогоо цаг тухай бүрд нь хийж байгаагүйгээс үүдэн 2.499.994 төгрөгийн дутагдал гарч байхад тухай бүрд нь холбогдох арга хэмжээг аваагүйгээс хариуцагчид дээрх төлбөр тооцоо гарахад нөлөөлсөн буруутай үйлдэл тус тус байна.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасан “үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэсэн заалт нь үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгчийн хэн алины гүйцэтгэх үүрэгт хамаарах зохицуулалт юм.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж хохирлыг талуудад тодорхой хэмжээгээр хариуцуулж, нэхэмжилсэн 2.499.994 төгрөгийн 50% болох 1.249.997 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх хэсэг болох 1.249.997 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэв. 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Т-аас 1.249.997 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 48.589 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Тотал дистрибюшин ХХК-д олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 248 дугаар зүйлийн 248.2-т  зааснаар хариуцагч Ч.Т-аас 1.249.997 /нэг сая хоёр зуун дөчин есөн мянга есөн зуун ерэн долоо/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Тотал дистрибюшин” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг буюу 1.249.997 /нэг сая хоёр зуун дөчин есөн мянга есөн зуун ерэн долоо/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлсөн 54.950 /тавин дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Т-аас 48.589 /дөчин найман мянга таван зуун наян ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Тотал дистрибюшин” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Л.ЭРДЭНЭБАТ