Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 155/ШШ2018/00502

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат, шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ******************* оршин суух, **********дугаар регистртэй, А овогт Бгийн Б-ын,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1980 онд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, Иргэний нисэхийн ерөнхий газарт инженер ажилтай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 6-01 тоотод оршин суух, *************** дугаар регистртэй, Ц -овогт Х.С-т холбогдох

Гэм хорын улмаас эрүүл мэндэд учирсан хохирол 1.297.480 /нэг сая хоёр зуун ерэн долоон мянга дөрвөн зуун ная/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 201оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, хариуцагч Х.С нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээБи 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Булган сумын нутаг 6 дугаар багт Гангатын дөрөлж гэдэг газар 21-41 УНЛ улсын дугаартай тоёото аллион маркын автомашинд зорчигчоор сууж яваад осолд орж хүнд гэмтэл авсан. Уг ослыг Х.С нь гаргасан бөгөөд уг үйлдэлдээ Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тохирох ялыг авсан. Шүүх нь иргэний журмаар нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэйг дурьдаж хэргийг шийдвэрлэсэн байх тул би гэм хорын хохиролд дараахь хохирлыг нэхэмжилж байна. Үүнд: MRI бичлэг хийлгэсэн 485.000 төгрөг, авах ёстой байсан цалингийн зөрүү 203.980 төгрөг, шүдний эмчилгээ хийлгэсэн 210.000 төгрөг, Оюу-Ундраа эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн 300.000 төгрөг, Марал эмийн сангаас эм тариа авсан 78.500 төгрөг, тархины бичлэг хийлгэсэн 20.000 төгрөг, нийт 1.297.480 төгрөг нэхэмжилж байна. Мөн намайг шүдний дээд углуурга хугарсан тул Монголд эмчлэхгүй гээд уг ясыг авч хаясан бөгөөд гадаад улсад эмчлүүлэх шаардлагатай хавирга яснаас нөхөн суулгадаг гэсэн. Х.С нь эрүүгийн хэрэг шийдвэрлэгдэх үедээ холбоо барьж байснаа одоо огт холбоо барихгүй анхаарал халамж тавихгүй байна. Би мөн насан туршдаа хүнд гэмтэл авсан бөгөөд одоо байнгын марталттай байгаа. Иймд хуулийн дагуу хурдан шуурхай шийдэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1963 онд төрсөн, 55 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт сувилагч ажилтай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 2-07 тоотод оршин суух, РЮ63122568 дугаар регистртэй, А овогт Хандаагийн А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хүү Б 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр осолд орж хүнд гэмтэл авч байнгын эмчилгээ хийлгэдэг болсон. Манай хүүхдийн эрүүл мэнд тийм хугацаагаар эмчилгээ хийлгэх юм бол эдгэрнэ гэсэн зүйл байхгүй. Эрүүний хагалгааг гадаад улсад хийлгэвэл 20.000.000 төгрөгөөс 25.000.000 төгрөгийн зардал гарна, Монголд хийлгэвэл 10.000.000 гаруй төгрөгийн зардал гарна гэсэн учраас цаашид эмчилгээний зардал төлбөр нэхэмжлэхгүйгээр тохиролцож эвлэрэх саналгүй байна. Осолд орсныхоо дараа 2 удаа тархины MRI бичлэг хийлгэсэн. 9 шүд ломбодох шаардлагатай гэсэн эмчийн тамгатай бичиг бий. Мөн шүднүүд пааландуулах шаардлагатай гэсэн боловч Улаанбаатар хотод хийх юм байна. Хүү Б.Б-ын хамраас цус гарч эмчлүүлэх шаардлагатай болоод улсын эмнэлэгт хэвтүүлэх гэхэд 1 сарын дараа хэвтэх боломжтой гэсэн тул цаг хугацаа алдахгүйгээр Оюу-Ундраа хувийн эмнэлэгт хэвтүүлсэн. Шүүхэд гаргасан нэхэмжлэлд 3.252.243 төгрөг гаргуулна гэж шаардлага дээрээ буруу бичсэн байна. Хамгийн сүүлд Б.Бт эмчилгээ хийлгэсэн дараахь зардлууд гарсан. Үүнд: 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд толгой нурууны MRI хийлгэсэн төлбөр 485.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр мэдрэлийн эмч Оюунчулууны эмчилгээний дагуу Марал эмийн сангаас авсан эмийн үнэ 78.500 төгрөг2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр мэдрэлийн эмч Батхишигийн тархины зураг авсан төлбөр 20.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл Оюу-Ундраа эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн эмчилгээний төлбөр 300.000 төгрөг, 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Энэрэл дент шүдний эмнэлэгт 3 шүд ломбодуулсан төлбөр 210.000 төгрөг, нийт 1.093.500 төгрөг болсон. Б.Б-ын эмнэлэгт хэвтсэн хугацааны авах ёстой байсан цалингийн зөрүү 203.980 төгрөгийн талаарх нотлох баримт дутуу учир нэхэмжлэхгүй. Иймд Х.Саас гэм хорын хохиролд нийт 1.093.500 төгрөг гаргуулж авахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэв.

Хариуцагч Х.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр осол болж, эрүүгийн болон урьд иргэний хэргийн шүүхээр шийдүүлж гэм хорын хохиролд Б.Бт бүгд 6.000.000 орчим төгрөг өгсөн. Түүний эрүүл мэндэд хохирол учирсан боловч санаатайгаар ийм байдалд хүргээгүй гэдгийг ойлгоосой гэж хүсэж байна. Тэрээр удаа дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа бөгөөд дахин шүүхэд эмчилгээний зардал нэхэмжлэхгүйгээр 1.097.000 төгрөг өгч эвлэрэх санал тавьсан боловч боломжгүй гэсэн. Нэхэмжлэгч тархины бичлэг хийлгэсэн, эмнэлэгт хэвтсэн, эм тариа авсан, MRI хийлгэсэн зэрэг зардлуудыг нэхэмжилсэн боловч хийлгэсэн шинжилгээ, тархины бичлэг нь хэвийн гэсэн хариу гарсан, ослын улмаас 2 шүдний булгарал гэсэн гэмтэл байхад 3 шүдний эмчилгээний төлбөр нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

Б.Б-ын 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд толгой нурууны MRI хийлгэсэн төлбөр 485.000 төгрөгийг би эрүүгийн хэрэг шийдэхэд төлсөн, авах ёстой байсан цалингийн зөрүү 203.98төгрөгийг нийгмийн даатгалын сангаас листээр авах ёстой, шийтгэх тогтоолд 1-2 шүд булгарсан гэж бичсэн тул 3 шүд ломбодуулсан төлбөр 210.000 төгрөг шаардаж байна, хувийн эмнэлэгт хэн дуртай нь эмчилгээ хийлгэдэг учир Оюу-Ундраа хувийн эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн төлбөр 300.000 төгрөг, нийт 1.198.980 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй. Харин Марал эмийн сангаас авсан эмийг эмчийн бичигтэй бол 78.500 төгрөг, тархины бичлэг хийлгэсэн гэх 20.000 төгрөг, нийт 98.500 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Х.С-т холбогдуулан гэм хорын улмаас эрүүл мэндэд учирсан хохирол 1.297.480 /нэг сая хоёр зуун ерэн долоон мянга дөрвөн зуун ная/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 1.093.500 /нэг сая ерэн гурван мянга таван зуу/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан ба тэрээр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад 3.252.243 төгрөг гаргуулна гэж буруу бичсэн байна гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

Хэргийн зохигч зам тээврийн осол болсон талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч нь эрүүл мэндэд эмчилгээ хийлгэхэд гарсан зардал хохирол төлбөрөө авна, хариуцагч нь нэхэмжилж байгаа төлбөрөөс 98.500 төгрөг төлнө, бусад төлбөрийг төлөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч Х.Саас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 398.500 /гурван зуун ерэн найман мянга таван зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бт олгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Х.С 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зам тээврийн осол гаргаж, бусдын биед хүнд гэмтэл учруулсан болох нь Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоол, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 683 дугаартай шүүхийн шийдвэр, Хөвсгөл аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 37 дугаартай магадлал, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдлоо.

Тус зам тээврийн осол болсны улмаас Б.Б-ын эрүүл мэндэд хохирол учирч эмчилгээ хийлгэн дараахь зардал гарсан нь нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Амбулаториор эмчлүүлэгчдийн картанд 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хэвтэж, эмчилгээ хийх тухай бичилт, Оюун-Ундраа дотор мэдрэлийн эмнэлэгт 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр эмчилгээний төлбөрт 300.000 төгрөг төлсөн тухай бэлэн мөнгөний орлогын баримт, 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Марал эмийн сангаас 78.500 төгрөгийн эм тариа авсан тухай зарлагын баримт, 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн тархины цахилгаан бичлэг хийсэн баримт, Энхтөгөлдөр үүдэн эмнэлэгт 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 20.000 төгрөг төлсөн тухай бэлэн мөнгөний орлогын баримт зэргээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч Б.Б толгой нурууны MRI бичлэг хийлгэсэн 485.000 төгрөг, шүдний эмчилгээ хийлгэсэн 210.000 төгрөгийн хохирлыг гаргуулахаар нэхэмжилж байгаа боловч түүний шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд 485.000 төгрөг төлсөн баримт нь Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Х.Ст холбогдох шийтгэх тогтоолд ...дараахь хохирлыг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. Үүнд: ...толгой нурууны MRI-ны төлбөрийн /хохирогч үзүүлэх дарааллыг авч төлбөрийг урьдчилж хийсэн гэж тайлбарласан баримт нь хуулбар хувь/ ГССҮТ-ийн кассын орлогын ордер №1162 гэсэн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 485.000 төгрөг буюу нийт 4.539.994 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бт олгох нь зүйтэй... гэж заан тус баримтыг үндэслэн төлбөрийг гаргаж шийдсэн байх ба мөн 3 шүдний эмчилгээний үнэ 210.000 төгрөгийн Энэрэл дент шүдний эмнэлгийн нэхэмжлэхийг давхар нотлох баримт байхгүй тул үнэлэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл Б.Б-ын MRI бичлэг хийлгэсэн ГССҮТ-ийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 485.000 төгрөг төлсөн кассын орлогын ордер №1162 тоот баримтыг өмнөх эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд нотлох баримтаар өгч шийдвэрлүүлсэн, Энэрэл дент шүдний эмнэлгийн нэхэмжлэх нь эмчилгээнд 210.000 төгрөг төлсөн гэдгийг нотлохгүй бөгөөд тус төлбөрийг төлсөн тухай баримт байхгүй байна.

Иймд хариуцагч Х.Саас гэм хорын улмаас эрүүл мэндэд учирсан хохирол 398.500 /гурван зуун ерэн найман мянга таван зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 695.000 /зургаан зуун ерэн таван мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн Хөвсгөл аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 37 дугаартай магадлалын хуудас дутуу, давхардсан тул нотлох баримтад үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Х.Саас 398.500 /гурван зуун ерэн найман мянга таван зуу/ төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 12.605 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

Иргэдийн төлөөлөгч Б.Ганчулуун шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын зөвшөөрлөөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Х.Саас гэм хорын улмаас эрүүл мэндэд учирсан хохирол 398.500 /гурван зуун ерэн найман мянга таван зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 695.000 /зургаан зуун ерэн таван мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 12.605 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА

 

ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ

 

ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА