| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2018/0259/И |
| Дугаар | 155/ШШ2018/00518 |
| Огноо | 2018-03-29 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 155/ШШ2018/00518
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүгч Н.Бямбасүрэн, шүүгч Г.Даваахүү нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотод 1963 онд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн ***************** оршин суух, ************* дугаар регистртэй, З овогт Р-ийн Д-гийн,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1979 онд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн ******************** оршин суух, **************** дугаар регистртэй, Т овогт Г.М-д холбогдох
Гэм хорын хохирол 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 155/2018/00259/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, иргэдийн төлөөлөгч Б.Амаржаргал, нэхэмжлэгч Р.Д, хариуцагч Г.М нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Мөрөнгөөс Улаанбаатар хот руу нүүхдээ Г.Мгийн жолоодож явсан ачааны машин дээр эд зүйл болох авдар, хивс, хөлдөөгч, зурагт, эсгий гудас, дрож, бурхны гүнгэрваа зэрэг эд зүйлээ ачсан ба авдар дотор дүүрэн юм байсан. Г.М нь замаасаа Булган, Орхон аймгуудаас ачаа ачуулах хүний ачааг ачсан ба Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутгаас ачсан мотроос бензин гоожсон байсныг хэлэхэд тоохгүй байсан. Тэгээд Булган аймгийн Бүрэгхангай сумын Холчийн хөндий гэх газарт явж байхад машинд гал гарч шатсан. Тухайн машиныг Г.М жолоодож, Нямбаяр гэх хүн бид гурав явж байсан. Галын дүгнэлтээр ачиж явсан аккумлятораас богино холбоо үүсч, асгарсан бензинд хүрч гал гарсан болох нь тогтоогдсон. Уг машинд ачиж явсан миний гэрийн тавилга, эд зүйл, хувийн бичиг баримтууд шатаж үрэгдсэн. Шатсан эд зүйлийн үнэлгээгээр танд 2.700.000 төгрөгийн хохирол учирсан байна гэж Г.М надад хэлсэн. Тэр дүнгээр нэхэмжлэл гаргасан. Эхлээд Г.М 1.000.000 төгрөг өгье гэсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй. Эд зүйлийн үнэлгээ гаргахдаа миний нэрийг Дүгэрээ гэж бичсэн байна. Г.Мтай тохирч ачаагаа ачсан, надад учирсан хохирлыг одоо болтол төлөөгүй тул шатсан эд зүйлээ үнэлгээчний тогтоосон үнээр үнэлж, нийт 2.506.697 төгрөг гаргуулж авахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Миний хохирол төлбөрийг барагдуулахгүй бол энэ хэргийг дахин эхнээс нь шалгуулж, дүгнэлт гаргуулна, 1.000.000 төгрөг өгнө гэснийг зөвшөөрөхгүй, эвлэрэх боломжгүй гэв.
Хариуцагч Г.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед би машин барьж явсан боловч тус машины ээлжийн жолооч хийдэг байсан. 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Р.Д ах Улаанбаатар хот руу ачаа ачих гэсэн юм, надад замын зардал байхгүй, чи ачаад яваач гэж гуйсаар байгаад орой бүрэнхий болж байхад ачаагаа ачуулсан. Яг ямар ачаа ачуулсан талаар сайн мэдэхгүй байна. Хөлдөөгч, авдар, гурван хивс гэсэн эд зүйлийг ачсан. Авдар дотор ямар эд зүйл байсан талаар мэдэхгүй. Шатсан судрын тасархай байсан. Би 9 хүний бараа ачиж яваад Булган аймгийн Бүрэгхангай сумын Холчийн хөндий гэх газар машинд гал гарч шатсан. Р.Д ахад 1.000.000 төгрөг өгье гэсэн боловч жолооны эрхээ хасуулаад ажилгүй болж, мөн бусад хүмүүсийн төлбөрийг хашаа байшингаа зарж төлөөд ч барагдуулж чадаагүй. Би 2.506.697 төгрөг төлөх боломжгүй, харин 1.000.000 төгрөгийн эд зүйлийн үнийг дараахь байдлаар үнэлж төлөхийг зөвшөөрч байна. Үүнд: Хөлдөөгч 400.000 төгрөг, 2 ширхэг хивсний үнэ нийт 250.000 төгрөг, авдар 50.000 төгрөг, бурхны гүнгэрваа 30.000 төгрөг, эсгий гудас 3 ширхэг 30.000 төгрөг, дрож 174.600 төгрөг, эрүүл мэндийн дэвтэр 5.500, ХААН банкны виза карт 2.500, иргэний үнэмлэх 15.000, судар 42.400 төгрөг буюу нийт 1.000.000 төгрөг болж байгаа юм гэв.
Шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар болон бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.Д нь хариуцагч Г.М-д холбогдуулан гэм хорын хохирол 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд 2.506.697 /хоёр сая таван зуун зургаан мянга зургаан зуун ерэн долоо/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа 193.303 /нэг зуун ерэн гурван мянга гурван зуун гурав/ төгрөгөөр багасгажээ.
Хэргийн зохигч машинд гал гарч, ачиж явсан ачаа шатсан талаар маргаагүй бөгөөд хариуцагч нь төлбөрийг төлөхөд хэцүү байгаа тул 1.000.000 /нэг сая/ төгрөг төлнө, нэхэмжлэгч нь шинжээчийн үнэлгээний тайланд заасан үнэлгээгээр шатсан эд зүйлээ үнэлж, 2.506.697 /хоёр сая таван зуун зургаан мянга зургаан зуун ерэн долоо/ төгрөгийн хохирлоо авна гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч Г.М FAW маркийн 68-89 ХӨВ улсын дугаартай, автомашиныг жолоодож яваад Булган аймгийн Бүрэгхангай сумын 2 дугаар баг Холчийн хөндий гэх газарт автомашины ачаанд гал гарсны улмаас Р.Дгийн ачсан эд зүйл шатсан болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагчийн гал түймрийн хэрэг зөрчлийн тухай тодорхойлолт зэргээр тогтоогдлоо.
Нэхэмжлэгч Р.Дгээс шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн Хөрөнгийн үнэлгээ, төслийн лэндс хягаарлагдмал хариуцлагатай компанийн Орхон салбарын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн үнэлгээний тайлангаар түүнд 2.506.697 /хоёр сая таван зуун зургаан мянга зургаан зуун ерэн долоо/ төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдохгүй байна.
Учир нь 69-89 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачаа ачуулсан хүмүүсийн эд хөрөнгийн хохирлын тооцоололд эд зүйл эзэмшигчийн нэр Дүгэрээ, нийт хохирол ...9. Дүгэрээ 2.506.697.2 гэж бичсэн байх тул Р.Дгийн эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан гэж дүгнэх боломжгүй юм.
Р.Д тус үнэлгээний тайланд миний нэрийг Дүгэрээ гэж бичсэн байна, эд хөрөнгө үнэлсэн үнэлгээнд заасан хохирлоо гаргуулж авна гэж мэтгэлзэж байгаа ч үүнийгээ нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно.
Гэвч хариуцагч Г.М нь нэхэмжлэлийн шаардлагаас 1.000.000 /нэг сая/ төгрөг төлөх тухай тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-д зааснаар зохигчнөгөө талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн буюу түүний зарим хэсгийг хүлээн зөвшөөрч болно гэсний дагуу хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагын зөвшөөрсөн хэмжээнд хангаж шийдвэрлэж байна.
Иймд хариуцагч Г.Мгаас гэм хорын хохирол 1.000.000 /нэг сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.506.697 /нэг сая таван зуун зургаан мянга зургаан зуун ерэн долоо/ төгрөгийг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 2.000 төгрөгийг улсын орлогоос буцааж гаргуулан, хариуцагч Г.Мгаас 1.000.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 28.550 төгрөг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Г.Мгаас гэм хорын хохирол 1.000.000 /нэг сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.506.697 /нэг сая таван зуун зургаан мянга зургаан зуун ерэн долоо/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Р.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 2.000 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.Мгаас улсын тэмдэгтийн хураамж 28.550 төгрөг гаргуулан тус тус нэхэмжлэгч Р.Дд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН
ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ