| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2019/0084/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/91 |
| Огноо | 2019-07-05 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | С.Цэрэндалай |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 2019/ШЦТ/91
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг, улсын яллагч хяналтын прокурор С.Цэрэндалай, хохирогч Б., шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.*******ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн *******тай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр ******* аймаг, Хайрхандулаан суманд төрсөн, *******, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Цагаан Ташаа тоосгоны үйлдвэрт ажилладаг, ам бүл 2, эхнэрийн хамтаар ******* аймгийн ******* сумын 6 дугаар баг, гэх газар оршин суух бүртгэлтэй, одоо Улаанбаатар хот Налайх дүүргийн 3 дугаар хороо, “Цагаан ташаа” ХХК-ийн тоосгоны үйлдвэрийн байранд түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/ Яллагдагч Э.******* нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны орой Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цагаан ташаа” ХХК-ийн хашаанд байрлах Н.Дорждагвагийн гэрт байхдаа Б.ын Хаан банкны картыг хулгайлан авч уг картаар дэлгүүрээс 4,800 төгрөгөөр тамхи худалдан авсан мөн бэлэн мөнгөний автомат машинаас 500,000 төгрөг гаргуулан авсан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “... 2 дугаар сарын 28-ны өдөр компанийн цайллагаас тараад үйлдвэрийн хашаанд ирээд архи ууцгаасан. Бямба ахаас унааны мөнгө авья гэж бодож байсан. Согтуу байсан болохоор нь картнаас нь 500,000 төгрөг авсан. Мөнгө аваад үйлдвэрийн хашаанд очоод архи ууя гэсэн чинь бүгд унтсан байсан. Картыг нь үлдээгээд буцаад Налайх руу яваад 2 хүнтэй архи уусан. Картных нь нууц кодыг “” дэлгүүрт байхад сонссон ба Бямбаа ахад “надад унааны мөнгө өгөөч” гэхэд “болноо” гээд хэлж байсан. 500,000 төгрөгөөр архи авч такси бариад дуусгасан байсан. Хохирол төлбөрийг бүгдийг нь 7 хоногийн өмнө төлж барагдуулсан. Мөнгө авснаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хохирогч Б. нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Гомдол санал алга. 4 жил хамт ажилласан. 2 дугаар сарын 28-ны өдөр компанид цайллага болоод бид нийлдэг нөхдүүд нийлээд үйлдвэрийн манаачийн гэрт ирсэн. Очихоос өмнө дэлгүүр орж архи, пиво авч байхдаа *******д картныхаа пин кодыг хэлсэн. Тэгээд манаачийндаа уугаад унтсан. Өглөө босоход карт хөргөгчинд байсан. Маргааш хотод очоод юм авах гэхэд картанд мөнгө байхгүй байсан. Дараа нь банкны хуулгаа харахад АТМ ээс мөнгө авсан байсан. Хохирол бүрэн барагдсан.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Э.*******гийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр миний ажилладаг “Цагаан Ташаа” тоосгоны үйлдвэрийн нээлт болоод ажилчдаа цуглуулаад Баянзүрх дүүргийн товчоон дээр байрлах оффис дээр цайллага болсон. Налайх дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “” хүнсний дэлгүүр ороод дахиад 0,75 литрийн Сангра нэртэй дарс, 5 шил 0,75 литрийн Соёрхол нэртэй архи, 2,5 литрийн 4 пиво аваад ах картаа барьчихсан “миний дансанд 1,000,000 төгрөг байгаа та нар юу авахуулах юм” гээд орилоод онгироод байсан ба худалдаж авсан бүх зүйлийнх нь тооцоог хийхээр картыг нь уншуулаад “код нь хэд юм” гэж асуухад 5000 гэж чанга орилж хэлээд мартдаг болохоор амархан тоо хийсэн гэж ярьж байсныг би тогтоогоод авсан. Ингээд тоосгоны үйлдвэр рүү явж байх замдаа ах гар утас болон картаа хаячихаж магадгүй гээд надад гар утас болон картаа өгснийг нь би биедээ авч яваад Мөнхдорж ахын гэрт очоод авч очсон архиа уугаад бүгд нэлээн согтсон. 22 цагийн үед би ахад “гар утас болон картыг чинь хөргөгчин дээр тавилаа шүү” гэж хэлээд тавьчихаад хэсэг сууж байгаад тухайн үед манай тоосгоны үйлдвэр эхлээгүй байсан болохоор явах гэсэн боловч мөнгөгүй байсан болохоор Улаанбаатар хотод гэр байсан болохоор ерөөсөө ахын картнаас гэртээ харих зардал авчихая гэж бодоод картыг нь аваад гэрээс нь гараад эхлээд картных нь дугаар болж байгаа эсэхийг шалгахаар төмөр замын урд байрлах дэлгүүрээс тамхи аваад нууц дугаарыг нь 5000 гэхэд болж байсан. Тэгэхээр нь шууд Налайхын төв рүү ороод “Хаан” банкны АТМ орж картнаас нь мөнгө авах гэсэн боловч би өөрөө сайн мэдэхгүй байсан болохоор хүн хүлээж байгаад нэг эрэгтэй хүн орж ирэхээр нь гуйгаад картаа өгөөд 500,000 төгрөг аваад шууд такси аваад 3 дугаар хороонд ирээд төмөр призерийн арын дэлгүүрээс 1 шил 0,75 литрийн Соёрхол нэртэй архи, 2,5 литрийн пиво, тамхи гэх зүйлс авсан шиг санагдаж байна. Тэгээд үйлдвэр дээр такси бариад буцаад архиа уухаар Мөнхдорж ахын гэрт 23 цагийн үед байна уу ирэхэд бүгд согтоод унтаж байхаар нь би картыг нь буцаагаад хөргөгчин дээр тавиад авч явсан архиа хувааж уух хүн хайгаад дахиад гараад Налайхын төв рүү алхаж явтал 3 дугаар хороо Нарангийн урд талын төмөр замын призер дээр 2 хүн алхаж явахаар нь дуудаад архиа хувааж уух уу гэхэд зөвшөөрөөд бид 3 төмөр замын призер дээр сууж байгаад танилцангаа архиа ууж дуусгаад тэр 2 залуутай хамтдаа такси бариад Налайх дүүргийн 2 дугаар хороонд байрлах М клаб нэртэй бааранд орсноо санаж байна. мөн 68000 төгрөгийн үнэтэй иржгэр шилтэй виски авсан мөн пиво самар гэх мэтчилэн зүйл аваад ууж дуусгаад тухай 2 залуутай дахиад хамт Эргэн дурсахуй нэртэй бааранд ороод бас нь архи дарс захиалаад ширээн дээр тавьж байснаа санадаг” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 31-35 дугаар хуудас/
Хохирогч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Налайх дүүрэгт ирээд Сузана нэртэй дэлгүүрээс эхлээд би өөрийн картаар 62,200 төгрөгөөр ууж идэх юм авсан юм. Багадах байх гэж бодоод ахиж нэртэй дэлгүүрээс 134,500 төгрөгийн архи дарс аваад Цагаан-ташаа ХХК-ийн тоосгоны үйлдвэрт манаач Мөнхдоржийн гэрт нь очоод авсан архи дарсаа уугаад би картаа утасныхаа гадна талын гэрт нь хийсэн юм. Тэгээд би тасарч унаад сэрсэн чинь миний картанд байсан 500,000 төгрөг алга болсон байсан. ... би тухайн үед ******* миний картын дугаарыг мэдэж байсан болохоор би дотроо *******г яг авчихлаа гэж бодож байсан ба камерын бичлэг дээр гарсан хүний хувцастай *******гийн хувцас яг таарч байсан болохоор ******* дээр очоод чи миний картнаас мөнгө авсан байна шүү дээ камерын бичлэг дээр гарч байна гэхэд тийм ээ би авчихсан юм гэдэгээ хэлсэн” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 09-12 дугаар хуудас/
Гэрч Н.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2019 оны 2 дугаар сарны 28-ны өдөр миний ажилладаг компаний ажил нээлт болоод Баянзүрхийн товчоо дээр нээлтийн арга хэмжээ болсон юм. Энэ арга хэмжээг тараад Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагаан ташаа нэртэй тоосгоны үйлдвэрт байх манай гэрт хамт ажилладаг хүмүүс болох БямбаОчир , , Мядаг, Үүрээ, Бадамаа, ******* нарын хүмүүс 17-18 цагийн хооронд манай гэрт ирээд 2 шил архи, 2 савтай пивоны хамт ирээд ууцгаасан. Энэ хүмүүс архи пиво уучихаад 20 цаг өнгөрөөгөөд дахин архи, согтууруулах ундааны зүйл авахаар 20 цагийн үед дэлгүүр лүү , , *******, БямбаОчир нарын хүмүүс явсан юм. Тэд дэлгүүрээс архи пиво, вино зэрэг эд зүйлийг аваад манай гэрт авчихаад ууж байгаад 23 цаг өнгөрөөгөөд явцгаасан юм өөр зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 19-20 дугаар хуудас/
Гэрч А.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Манай нөхөр ******* 1989 онд ******* аймагт төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр хүмүүжиж ******* аймгийн ерөнхий боловсролын сургуульд элсэн орж суралцаад 8 дугаар ангиасаа ар гэрийн гачигдлаар гараад, хөдөө мал дээр мал маллаж байгаад 2011 онд Налайх дүүрэгт тоосгоны үйлдвэрт ажиллахаар ирснээс хойш өнөөдрийг хүртэл тоосгоны үйлдвэрт ажиллаж байгаа. Манай нөхөр зан байдлын хувьд даруу төлөв, үг дуу цөөтэй, хүнтэй маргалдаж муудалцаад байдаггүй хүн. Бид 2 гэр бүлийн баталгаа байхгүй 2015 онд танилцаад өнөөдрийг хүртэл нэг гэрт амьдарч байна” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 21-22 дугаар хуудас/
Гэрч У.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* манай охин тай 2015 онд гэр бүл болоод одоо 5 дахь жилдээ бид нар хамт амьдарч байна. ******* зан байдлын хувьд ямар нэгэн догшин ширүүн ааш араншин байхгүй, хүний үгэнд сайн ордог үгнээс гардаггүй залуу. Архи хааяа нэг уудаг тамхи бол татдаг. Элдэв муу хорт зуршилгүй, архи уусан ч зан авирын хувьд даруу төлөв болохоор янз бүрийн асуудаллд орооцолдоод байдаггүй” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 24 дүгээр хуудас/
Хаан банкны Депозит дансны Бадарчийн ын 5753512267 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 5 р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар: Иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт, Цагаан Ташаа ХХК ны 2019 оны 06 р сарын 19 ны өдрийн тодорхойлолт зэргийг шинжлэн судлав. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.******* нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны орой Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цагаан ташаа” ХХК-ийн хашаанд байрлах Н.Дорждагвагийн гэрт байхдаа хохирогч Б.ын Хаан банкны картыг хулгайлан авч уг картаар дэлгүүрээс 4,800 төгрөгөөр тамхи худалдан авсан, бэлэн мөнгөний автомат машинаас 500,000 төгрөг гаргуулан авсан буюу бусдын 504,800 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох
Шүүгдэгч Э.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “....2 дугаар сарын 28-ны өдөр компанийн цайллагаас тараад үйлдвэрийн хашаанд ирээд архи ууцгаасан. Бямба ахаас унааны мөнгө авья гэж бодож байсан. Согтуу байсан болохоор нь картнаас нь 500,000 төгрөг авсан. Мөнгө аваад үйлдвэрийн хашаанд очоод архи ууя гэсэн чинь бүгд унтсан байсан. Картыг нь үлдээгээд буцаад Налайх руу яваад 2 хүнтэй архи уусан. Картных нь нууц кодыг дэлгүүрт байхад Бямбаа ахад надад унааны мөнгө өгөөч гэхэд болноо гээд хэлж байсан. 500,000 төгрөгөөр архи авч такси бариад дуусгасан байсан. Хохирол төлбөрийг бүгдийг нь 7 хоногийн өмнө төлж барагдуулсан. Мөнгө авснаа хүлээн зөвшөөрч байна. ” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Б.ын өгсөн: “...Гомдол санал алга. 4 жил хамт ажилласан. 2 дугаар сарын 28-ны өдөр компанид цайллага болоод бид нийлдэг нөхдүүд нийлээд үйлдвэрийн манаачийн гэрт ирсэн. Очихоос өмнө дэлгүүр орж архи, пиво авч байхдаа *******д картныхаа пин кодыг хэлсэн. Тэгээд манаачийндаа уугаад унтсан. Өглөө босоход карт хөргөгчинд байсан. Маргааш хотод очоод юм авах гэхэд картанд мөнгө байхгүй байсан. Дараа нь банкны хуулгаа харахад АТМ ээс мөнгө авсан байсан. Хохирол бүрэн барагдсан “...камерын бичлэг дээр гарсан хүний хувцастай *******гийн хувцас яг таарч байсан болохоор ******* дээр очоод чи миний картнаас мөнгө авсан байна шүү дээ камерын бичлэг дээр гарч байна гэхэд тийм ээ би авчихсан юм гэдэгээ хэлсэн...” гэсэн мэдүүлэг, Хаан банкны Депозит дансны Бадарчийн ын 5753512267 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоогдож байна гэж үзлээ. Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Э.*******д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, хэргийг шалгаж яллах дүгнэлт үйлдэхдээ хэргийн оролцогч нарын хуулинд заасан эрхийг хангасан байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс ******* овогтой *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр , нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ. Шүүгдэгч Э.*******г шүүхээс гэм буруутайд тооцсонтой холбогдуулан улсын яллагчаас зүгээс тухайн зүйл ангид заасан ялуудаас 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг шүүх хянаж үзээд шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинжтэй тохирсон байх тул уг ялыг оногдуулж шийдвэрлэлээ.
Хохирогч Б. нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд зүйл битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг дурьдлаа.
Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл нь шүүгдэгч нь бусдын эд хөрөнгөнд шунахай сэдлээр халдаж хялбар аргаар хөрөнгөжих гэсэн санаа сэдэлтэй нь холбож үзлээ. Шүүгдэгчид ял шийтгэлийг оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******г 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******д оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД