Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2019/ШЦТ/92

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг, улсын яллагч хяналтын прокурор Э.Ариунболд, шүүгдэгч Д.Баяржаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчин овогт Даваадоржийн Баяржаргалд холбогдох эрүүгийн 1907000000080 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамтаар Налайх дүүргийн 3 дугаар хороо Нарангийн 9 дүгээр гудамж 484 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн УД95122200 дугаартай, Харчин овогт Даваадоржийн Баяржаргал.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Яллагдагч Д.Баяржаргал нь Налайх дүүргийн 3 дугаар хороо Нарангийн 9- 484 тоотод байрлах гэртээ 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 21 цагийн орчим ах болох Л.Баярсайхантай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар зүүн гуя хэсэг рүү нь нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Баяржаргал нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би тэр үед найз охинтойгоо жаахан согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тэр үед ах ээж рүү дайраад байхаар нь би уур хүрээд хутгалчихсан байсан. Манай ээж сэтгэцийн өөрчлөлтэй болохоор би өмөөрсөн. Би ахынхаа үгэнд эрүүл байхад нь ордог. Ээжийг зүгээр сууж байхад нь ах цохиод авахад нь би “яагаад тэгж байгаа юм” гэхэд “чамд ямар хамаатай юм” гэхээр нь хоол хийж байсан хутгаар сандраад хатгачихсан.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Баяржаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр би таньдаг Гантулга гэх айлд 16 цагийн үед ороход танай ах ээжийг чинь зодож нүдээд байдаг гэж хэлсэн. 20 цагийн үед ээжийнхээ гэрт яваад очиход гэр дотор Эрдэнэмөнх, Нэргүйбаатар, Төмөрчөдөр, ээж Баярцэнгэл болон төрсөн ах нар согтуу архидаад байж байсан. “архи дарсаа болиоч ээжийг яагаад зодож нүдээд байдаг юм” гэж хэлэхэд Баярсайхан “чамд ямар хамаатай юм гичий минь бид нарын амьдрал чамд хамаагүй” гэж хэлээд бид 2 маргалдсан. Би мах гаргаад хоол хийх гээд байж байхад ээж “Баярсайхан болиоч” гэж хэлэхэд Баярсайхан ах түлхээд унагасан. Ээжийг түлхэж унагахыг хараад “болиоч” гэж хэлээд Баярсайхан ах дээр очсон. Гартаа хутга барьсан байсан. зүүн талын гуянд нь хутгалчихсан байсан. Гуянаас нь цус гарахаар нь гарч түргэн дуудчихаад эргэж гэртээ ирсэн..” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 41-42 дугаар хуудас/

Хохирогч Л.Баярсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 21 цагийн орчим байх яг цагийг нь сайн санахгүй байна. Гаднаас дүү охин Баяржаргал орж ирээд гэрт хүмүүс цуглуулаад хэд хоног архидлаа гээд уурласан. Би өөдөөс нь хэрэлдээд “чамд ямар хамаатай юм” гээд есөн шидээр нь хараасан. Ээж дүүг өмөөрөхөд ээж Баярцэнгэлтэй бас хэрэлдсэн. Дүү хоол хийгээд мах хэрчээд зогсож байсан. Чиний хоолоор яадаг юм гэж хэлсэн. Ээж над руу чарлаад дайрахаар нь цааш нь түлхсэн чинь дүү охин “яаж байна аа” гээд мах хэрчиж байсан хутгаараа гуя руу шүргэх шиг болсон. Зүүн гуянаас цус гарч эхэлсэн. Нэргүйбаатар миний гуян дээр дараад цусыг тогтоох гээд оролдоод байсан. дүү гарч яваад түргэн дуудчихаад эргээд ороод ирсэн. гэсэн мэдүүлэг, /хх-ийн 20-21 дүгээр хуудас/

Гэрч Л.Нэргүйбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 23 цагийн үед би Баярсайханы гэрт очсон. Баярсайханы гэрт Эрдэнэмөнх, Чөдөрөө ах, Баярсайханы ээж байсан. Архи ууж байсан. Хамт архинаас нь би уусан. Тухайн архи дуусаад байж байхад гаднаас Баярсайханы дүү Баяржаргал орж ирсэн. Ахтайгаа ингэж амьдраад яадаг юм гэж хэлээд тэр 2 маргалдсан. Баярсайхан өөдөөс нээх юм хэлээгүй байсан. Гэнэт Баярсайханы гуянаас цус гарсан.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 25 дугаар хуудас/

Гэрч Г.Эрдэнэмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2019 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 20 цаг өнгөрч байх үед би согтуу Баярсайханы гэрт орж унтсан. Унтаж байгаад сэрэхэд Нэргүйбаатар гэх хүүхэн Баярсайханы гуянаас гарч байгаа цусыг дараад сууж байсан.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 27 дугаар хуудас/

Гэрч Ч.Төмөрчөдөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Баярсайханы хамт архи ууж байгаад 20 цагийн орчим төрсөн эгч Баярцэнгэлийн гэрт очсон. Очиход эгч ганцаараа байсан. Эгч 0,5 литрийн нэрийг нь мэдэхгүй архи авч өгсөн. Тухайн архийг Баярсайхан, эгч бид 3 хувааж уусан. Би унтсан. Баярсайхан “хутгалчихлаа шүү дээ” гэж орилохоор нь сэрсэн. Баяржаргал гартаа хутга барьчихсан зогсож байхаар нь “чи яаж байгаа юм бэ, хутгалчихлаа шүү дээ гээд гарнаас нь хутгыг нь булааж аваад хурдан утсаар ярьж түргэн дууд гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 29 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/323 дугаар: 1. Л.Баярсайханы биед зүүн гуянд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт /хх-ийн 23 дугаар хуудас/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-6 р тал/ ,

Үзлэгт хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-11-14 р тал/

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-15р тал/, Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас , иргэний үнэмлэхийн лавлагаа, Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Баяржаргал нь Налайх дүүргийн 3 дугаар хороо Нарангийн 9-484 тоотод байрлах гэртээ 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 21 цагийн орчим төрсөн ах болох Л.Баярсайхантай архи уулаа, ээж рүү дайрлаа гэх шалтгаанаар маргалдаж улмаар зүүн гуя хэсэг рүү нь нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох

Шүүгдэгч Д.Баяржаргалын өгсөн “...Тэр үед ээж рүү дайраад байхаар нь би уур хүрээд хутгалчихсан байсан. Ээжийг зүгээр сууж байхад нь ах цохиод авахад нь би яагаад тэгж байгаан гэхэд чамд ямар хамаатай гэхээр нь хоол хийж байсан хутгаар сандраад хатгачихсан." гэсэн мэдүүлэг,

Хохирогч Л.Баярсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Дүү хоол хийгээд мах хэрчээд зогсож байсан. Чиний хоолоор яадаг юм гэж хэлсэн. Ээж над руу чарлаад дайрахаар нь цааш нь түлхсэн чинь дүү охин “яаж байна аа” гээд мах хэрчиж байсан хутгаараа гуя руу шүргэх шиг болсон. Зүүн гуянаас цус гарч эхэлсэн..." гэсэн мэдүүлэг, гэрч

Ч.Төмөрчөдөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Баярсайхан “хутгалчихлаа шүү дээ” гэж орилохоор нь сэрсэн. Баяржаргал гартаа хутга барьчихсан зогсож байхаар нь “чи яаж байгаа юм бэ, хутгалчихлаа шүү дээ гээд гарнаас нь хутгыг нь булааж авсан...” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 08 шэ/323 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ. Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Д.Баяржаргалд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, хэргийг хялбаршуулсан журмаар шалгаж яллах дүгнэлт үйлдэхдээ хэргийн оролцогчийн хуулинд заасан эрхийг хангасан байна гэж үзлээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүхээс овогтой Харчин овогт Даваадоржийн Баяржаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Баяржаргалд улсын яллагчийн зүгээс тухайн зүйл ангид заасан ялаас 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар санал гаргасныг шүүгдэгч нь прокурорын шатанд ойлгон хүлээн зөвшөөрсөн байх тул тохиролцсон хүрээнд нь түүнд уг ялыг оногдуулахаар шийдвэрлэлээ. Хохирогч Д.Баярсайхан нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хүсэлтэндээ “дүүдээ гомдол санал байхгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд зүйл битүүмжлэгдээгүй болохыг дурьдлаа. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсэг нь 15 см урт, хутганы бариул нь наалдамхай туузаар ороож наасан, 13 см урт бариултай нийт 30 см урттай хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комиссд шилжүүллээ.

Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл нь гэр бүлийн хүрээнд хохирогчийн архины байнгын хэрэглээнээс хамааралтай холбоотой гэж үзлээ. Шүүгдэгчид ял шийтгэлийг оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 , 1.4 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалсан байдлыг ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Харчин овогт Даваадоржийн Баяржаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баяржаргалыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баяржаргалд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баяржаргалд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоолд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Д.Баяржаргал нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсэг нь 15 см урт, хутганы бариул нь наалдамхай туузаар ороож наасан, 13 см урт бариултай нийт 30 см урттай хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комиссд шилжүүлсүгэй.

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Баяржаргалд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД