Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 104

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Мөнхцэцэг,

улсын яллагч Б.Гантулга,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,

шүүгдэгч Б.Эрдэнэ-Очир нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан гэмт хэрэгт Б.Эрдэнэ-Очирыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626011488 дугаар хэргийг 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Монгол наадам цогцолбор” орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрийн газарт тохижилт үйлчилгээний ажилтан ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 2 дугаар гудамж, 36 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Боржигон овогт Баянмөнхийн Эрдэнэ-Очир /РД-ЦБ79012113/.

Шүүгдэгч Б.Эрдэнэ-Очир нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ давтан үйлдлээр 2016 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 44 дүгээр гудамж, 5в тоотод иргэн С.Олонбаяр, Ц.Нямлхагва нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж Ц.Нямлхагвын цээжин тус газар нэг удаа, С.Олонбаярын хэвлийн тус газар нэг удаа хутгалж хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Эрдэнэ-Очир шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хамт ажилладаг хүний 60 насны ойд очоод Батжуулах ахынд ирсэн. Түүнтэй маргасан бөгөөд намайг гэрт хүргэж өгсөн. 20-30 минутын дараа тэд нар манайд орж ирсэн. Батжуулах түрүүлээд гарсан. Нямлхагва намайг сэрээх гээд татаад арчаагүй гээд олон юм яриад байсан. Охин маань Нямлхагвын ханцуйнаас татаад боль гэсэн. Гэтэл охиныг түлхээд унагасан. Тэгэхээр нь би босч Нямлхагватай маргалдсан чинь намайг цохисон. Би ширээн дээр байсан хутгыг аваад хутгалсан. Олонбаяр өөдөөс хүрээд ирэхээр нь айгаад хутгалчихсан. Би тухайн үед их сандарсан, айсан байсан. Үйлдсэн хэрэгтээ их гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэв.

 

201626011488 дугаар эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Хохирогч Ц.Нямлхагвын: “2016 оны 5 дугаар сарын 29-ний ...манай байгууллагын харуул Дамбасүрэн ахын тэтгэвэрт гарсан 60 насны ой болоод манай байгууллагын ажилчид орсон. Тэнд архи дарс ууж найрласан. Орой нь 17-18 цагийн үед Хүй долоо худгаас жижиг машинаар Одбаатар, Эрдэнэ-Очир бид 3 хотын төв рүү ороод ажлын Батжуулах ахын гэрт очиж Одбаатар, Батжуулах, Олонбаяр, Эрдэнэ-Очир бид тав 0,75 литрийн архи ууж байгаад би тасарсан байсан. Нэг мэдэхэд би Батжуулах ахын гэрийн гадаа бөөлжөөд сууж байснаа хальт санаж байна, нэг мэдэхэд би аль эмнэлэгт гэдгээ мэдэхгүй цээжнийхээ зүүн суганы дээр оёдол хийлгэж байсан. Ухаан орж гараад байж байхад нэг хүн надаас юм асуугаад байсан би сайн санахгүй ухаан алдаад маргааш өглөө нь эмнэлэгт сэрсэн. Миний зүүн суганы дээр хутганы шархыг үүссэн байсныг би эмнэлэгт оёдол хийлгэж байхдаа мэдсэн. Ямар шалтгаанаас болж хэн намайг хутгалсан талаар мэдээгүй. Би Эрдэнэ-Очиртой маргалдсан талаараа мэдэхгүй байна, бид 2-ын дунд ямар нэгэн маргаантай асуудал байхгүй. Намайг тасарч согтохоос өмнө Эрдэнэ-Очир бид 2 маргалдаагүй. Миний биеийн байдал одоо сайн байгаа, эмчилгээ хийлгээд дууссан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.

...Ажлаа хийж байгаа. Дээрх саарал, ногоон өнгийн цамц нь хэрэг болсон өдөр өмсөж явсан цамц мөн байна. Би дээрх цамцаа хүлээн авлаа. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-30, 31/,

Хохирогч С.Олонбаярын: “2016 оны 5 дугаар сарын 29-ний өдөр ...Дамбасүрэнгийн 60 насны ой болоод найрласан. ...Тэгээд орой 17 цагийн үед Батжуулах бид 2 Батжуулахын гэрт очиж үргэлжлүүлэн архи уухаар явж байгаагаа санаж байна, тэгээд юу ч санахгүй байна. Би хамгийн сүүлд Дамбасүрэнгийн найран дээр 62 градустай архи уугаад согтоод тасарсан байсан. Батжуулахын гэрт Нямлхагва, Одбаатар, Эрдэнэ-Очир, Батжуулах бид 5 архи уугаад сууж байсныг хальт санаад байна. Нэг мэдэхэд Эрдэнэ-Очирын гэрт Эрдэнэ-Очирт цээжний баруун хэсэгт 5,6 дугаар хавирганы дундуур хутгалуулаад сэргэсэн. Сэргээд харахад Эрдэнэ-Очир миний урд хутга бариад зогсож байхыг би хараагүй, өмдөө өмсөөд сууж харагдсан. Эхнэр хүүхдүүд нь чарлалдаж байсан санагдаж байна. Тэгээд би гэрээс нь гараад Батжуулахын гэр лүү алхаж явснаа санаж байна, Батжуулахын хашааны гадаа явган суучихсан цээжин дээрээ Батжуулахын хүүгээр цус тогтоодог зүйл наалгаад байсан. Түргэний машин ирээд намайг Цэргийн коспиталын эмнэлэгт очоод рентгэн зураг авахуулаад нэг өрөөнд ороход тэр өрөөнд Нямлхагва хэвтэж байхыг харсан. Нямлхагватай ямар нэгэн зүйл яриагүй. Өглөө сэрээд юу болсон талаар Нямлхагваас асуухад Эрдэнэ-Очир намайг хутгалсан гэж хэлсэн. Эрдэнэ-Очир намайг хутгалсан гэж Нямлхагвад хэлсэн. ...Эрдэнэ-Очир бид 2-ын дунд ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй, хувийн ямар нэгэн зөрчилдөөнтэй маргааны асуудал, өс хонзонгийн зүйл байхгүй. ...Миний биеийн байдал одоо сайн байгаа, эмчилгээ хийлгэж байгаа. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-33, 34/,

Гэрч Ж.Батжуулахын: “2016 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Хүй долоо худагт манай байгууллагын манаач Дамбасүрэн 60 насны ой тэтгэвэрт суулаа гээд ажилчдадаа архи задалж хоол унд хийж өгч дайлсан. Тэнд Олонбаяр, Нямлхагва, Одбаатар, Эрдэнэ-Очир бид 5 бага зэрэг архи ууж байгаад ...19 цаг болж байхад манай гэрт ирээд бид 0,75 литрийн архи, хагас шил архи уугаад байж байтал Эрдэнэ-Очир “хөөе муу нохой минь” гээд намайг хэлэхээр нь би “чи дандаа ингэж муухай үг хэлэх юм, залуу хүн байж үгээ бодож ярь” гэхэд Эрдэнэ-Очир битгий солиор гэж хэлэхээр нь би “чи юу гээд байгаан” гээд Эрдэнэ-Очиртой заамдалцаад маргаан үүсэхэд Одбаатар дундуур орж салгаад намайг Одбаатар гэр лүү оруулсан. Тэр үед манай том хүү Бямбасүх Эрдэнэ-Очирыг гэрт хүргэж өгөхөөр аваад явсан. Тэгээд үлдэгдэл архиа уух гэтэл манай охин Даваахүү намайг унт гэсэн, үлдэгдэл тал шил архийг Нямлхагва, Олонбаяр 2 аваад гараад явахаар нь би араас нь дагаад гарах гэхэд охин намайг хориод гарч хэрэггүй гээд гэрээс гаргаагүй. Тэгээд удалгүй байж байтал 21 цагийн үед би бие засах гээд гэрээсээ гараад хашаан дотроо явж байтал хашааны гадаа Олонбаярын хэвлийгээс цус гарчихсан ирсэн юу болсон гээд асуухад Эрдэнэ-Очир намайг хутгалчихлаа бас Нямлхагвыг хутгалчихлаа гэж хэлэхээр нь би Эрдэнэ-Очирын гэрт гүйгээд очтол Нямлхагва орных нь өмнө суучихсан цээжнээс нь цус гарч байсан. Эрдэнэ-Очирыг “чи яавдаа яасан арчаагүй юм” гэж уурлаж хэлчихээд буцаад Олонбаяр дээр очиж түргэн ирээд Нямлхагва, Олонбаяр нарыг аваад явсан. ...Уг нь Нямлхагва, Олонбаяр манай гэрээс тал шил архиа аваад Эрдэнэ-Очирын гэрт очиж уухаар явсан тэгээд хутгалуулсан гэж байсан. 3-уулаа нилээн согтуу муудсан байсан. Одбаатар бид 2 арай гайгүй байсан. Тухайн өдөр миний ходоод өвдөөд архи бага уусан болохоор болсон явдлын талаар сайн мэдэж байна” гэх мэдүүлэг /хх-35/,

Гэрч Ц.Одбаатарын: “...Эрдэнэ-Очир нилээн согтоод Батжуулахыг “хөгширчихөөд тавьтартай архи уу, битгий чанга яриад бай” гээд маргалдаж байх үед миний утас дуугараад гадаа гараад хамаатныхаа эгчтэй ярьчихаад буцаад орох үед Батжуулах, Эрдэнэ-Очир 2 маргалдаад барьцалдаад байж байхаар нь би дундуур нь орж салгаад Батжуулах ахыг гэрт нь оруулсан. Тэгэхэд Батжуулах ахын том хүү Бямбасүх Эрдэнэ-Очирыг гэр лүү нь хүргэж өгөх гээд аваад явсан. Батжуулахын гэрт Олонбаяр, Нямлхагва, Батжуулах бид 4 үлдэгдэл архиа хуваагаад уугаад байж байтал хамт ажилладаг хүмүүс байж муудалцаад яах вэ, одоо Батжуулахын гэрт эхнэр хүүхэд нь ирэх болж байна айл хүндрүүлээд яахав Эрдэнэ-Очир дээр орж уучлалт гуйчихаад гэрлүүгээ явцгаая гээд Олонбаяр, Нямлхагва, бид 3 Эрдэнэ-Очирын гэрт ороход Эрдэнэ-Очир орон дээрээ унтаж байгаа бололтой хэвтэж байсан. Би Эрдэнэ-Очирыг сэрээх гэтэл охин нь сэрээгээд хэрэггүй гэж хэлэхээр нь би Эрдэнэ-Очирыг босоорой гээд сэрээхэд Эрдэнэ-Очир босож ирээд “над руу шууд гөлөг минь” гээд хараал хэлээд дайрсан. Тэгэхээр нь тасарчихсан хүнтэй юу ярих бэ гэж бодоод хаяад гараад Батжуулахын гэр лүү явсан. Тэгэхэд Олонбаяр, Нямлхагва 2 надаас Эрдэнэ-Очирыг салгаад Эрдэнэ-Очирын гэрт үлдсэн. Тэгээд Батжуулахын хүүхдийн гэрт нь орж хоол идээд сууж байтал гадаа хүмүүс орилолдоод байхаар нь гараад хартал Олонбаяр цамцаараа хэвлийгээ дарчихсан цус гарчихсан ирж байсан. Юу болсон талаар асуухад Эрдэнэ-Очир хутгалчихлаа гэж хэлэхээр нь Нямлхагва яасан гэж асуухад Нямлхагвааг бас хутгалчихлаа, Нямлхагва Эрдэнэ-Очирын гэрт байгаа гэж хэлсэн. Би 103-т дуудлага өгч байхад Батжуулах ах Эрдэнэ-Очирын гэр лүү гүйгээд явсан. Тэгээд Олонбаярын хэвлийнээс гарч байсан цусыг Батжуулах ахын хүү Бямбасүх бас охин нь тогтоох гээд боож байх хооронд ...түргэний машин Батжуулахын гэрийн гадаа ирж Олонбаяр ахыг үзүүлж байхад Эрдэнэ-Очирын гэрийн гадаа дахиад нэг түргэний машин ирсэн байсан. Тэгээд түргэний машин Олонбаяр, Нямлхагва нарыг тус тусад нь аваад явсан. ...Бие биендээ ямар нэгэн өс хонзон санасан асуудал байхгүй баймаар юм. Урд өмнө Эрдэнэ-Очир Нямлхагва, Олонбаяр 2-той маргалдаж зодолдож өс санасан зүйл байхгүй. 3-уулаа нилээн согтуу муудсан байсан. Батжуулах ах бид 2 гайгүй архи бага уусан байсан, болсон явдлын талаар сайн санаж байгаа” гэх мэдүүлэг /хх-36-37/,

Гэрч Б.Бямбасүхийн: “...Гэртээ ирэхэд аав Батжуулах ажлынхаа 4 залуутай архи ууж байгаад Эрдэнэ-Очир ахтай маргалдаад гэрийн гадаа барьцалдаад зогсож байхаар нь би салгаад Эрдэнэ-Очир ахыг гэрт нь хүргэж өгөөд буцаад гэртээ орсон. ...Орой 22 цаг өнгөрч байхад Олонбаяр ах манай хашааны гадаа хутгалуусан байдалтай байсан. Би очоод харахад баруун талын гэдэснээс нь цус гарч байхаар нь би гэрээсээ эмийн сангаа аваад Олонбаяр ахын хутгалуулсан шархан дээр цус тогтоодог наалт нааж дээгүүр нь уян боолтоор чангалж боосон. Тэгээд байж байтал түргэний эмч ирээд Олонбаяр ахыг аваад явсан. Олонбаяр ахаас таныг хэн хутгалчихав гэж асуухад Эрдэнэ-Очир хутгалчихлаа гэж хэлж байсан. Би Эрдэнэ-Очир ахыг Олонбаяр ахыг хутгалсан гэж ойлгосон. Би тухайн үед Олонбаяр ахыг хутгалуулсан байхад анхан шатны тусламж үзүүлээд сандарсан байсан болохоор өөр хүн хутгалуулсан талаар мэдээгүй. Сүүлд нь Одбаатараас асуухад тэр өдөр Эрдэнэ-Очир Олонбаяр ахыг хутгалсны дараа Нямлхагвыг бас хутгалсан байсан гэж надад хэлж байсан. Намайг Эрдэнэ-Очирыг гэрт нь хүргэж өгөх үед эхнэр, охин нар нь байсан” гэх мэдүүлэг /хх-38/,

Насанд хүрээгүй гэрч Э.Соёлмаагийн: “2016 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 19-20 цагийн орчим байх ээж бид 2 гэртээ байж байхад аав Эрдэнэ-Очирыг хойд айлын Сүхээ ах гэрт оруулж ирсэн. Аав халамцуу гэртээ орж ирэхэд хөл өвдөг тохой нь шалбарсан байсан. Ээж хөл тохой нь яачихсан юм гэж асуухад Сүхээ ах сая гэр лүү ирж яваад уначихлаа гэж хэлсэн. Аав зүгээр яав л гэж хэлж байсан. Тэгээл Сүхээ ах гараад явсан ээж бид 2 аавыг унт гээд оронд нь оруулаад хэвтүүлсэн байхад удалгүй гаднаас Батжуулах ах, Нямлхагва, Олонбаяр, Одбаатар 4 орж ирээд аавыг босоод ир, гарч явж ууж идье гээд дуудаад сэрээх гээд байхаар нь аав босохгүй, үгүй гээд дургүйцээд байхаар нь би та нар гэр оронд орж ирчихээд гар, аав одоо амрах гэж байна гарцгаа гээд уурлахад Батжуулах ах, Одбаатар 2 гэрээс гараад явсан. Нямлхагва аавыг орон дээр хэвтэж байхад нь босоод ир гэж татаад орон дээр босож иртэл нь татаж босгосон. Би очоод та одоо больчихооч дээ, явчихаж болдоггүй юм уу гээд Нямлхагва ахын араас цамцнаас нь татахад намайг түлхэж унагаасан. Тэгэхэд би хойшоо буйдангийн урд газар унасан. Аав босож ирээд чи намайг ингэж болно, миний хүүхдийг ингэж болохгүй гээд Нямлхагва ахтай заамдалцсан. Нямлхагва ах урдаас нь юу гэж хэлснийг санахгүй байна, аав Нямлхагва ахын хажуугаар гараад жижиг өрөө лүү орох гэхэд араас нь Нямлхагва ах очиход аав эргэж хараад Нямлхагва ахыг цээж рүү нь гараараа цохих шиг болсон. Нямлхагва ахын цээж мөр хэсгээс нь цус гарахад ээж орилоод гараад гүйхээр нь би араас нь гүйгээд гарахад түргэн дуудах гэж байна гэхээр нь буцаад гэрт ороход Нямлхагва ах орон дээр суучихсан аав 2 өрөөний голд зогсож байсан. Би Нямлхагва ахын цусыг тогтоохоор даавуу хайгаад байж байтал Олонбаяр ах яагаад ч юм мэдэхгүй аавыг очоод тэврээд авсан, тэгэхэд Олонбаяр ахын гэдэснээс цус гарсан. Тэр үед би Нямлхагва ахын цусыг тогтоож байхад Олонбаяр ах гэрээс гараад явчихсан байсан. Аав 2 өрөөний голд газар шалан дээр доошоо хараад сууж байсан. Тэр үед манай гэрт аав, Нямлхагва ах бид 3 байсан. Би Нямлхагва ахын цусыг нь муу даавуугаар дарж байсан. Тэгээд удалгүй ээж түргэний эмч дагуулж гэрт орж ирсэн. Тэгээд Нямлхагва ахыг үзээд аваад явсан.

...Эхлээд Нямлхагва ахыг аав хутгалсан байсан болохоор би сандраад гүйж байх хооронд Олонбаяр ахыг хутгалсан болохоор би нарийн сайн анзаарч хараагүй. Нямлхагва ахыг хутгалах үед ээж Биндэръяа, Олонбаяр ах, Нямлхагва ах, аав бид 5 байсан. Харин Олонбаяр ахыг хутгалах үед ээж байгаагүй, бусад нь байсан. Хутга яг хаанаас авсныг хараагүй. Манай хутга хөргөгчин дотор байдаг юм” гэх мэдүүлэг /хх-40-41/,

Гэрч Л.Биндэръяагийн: “2016 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 19 цаг өнгөрч байхад байхаа хойд айлын Батжуулах ахын хүү Бямбасүх манай нөхөр Эрдэнэ-Очирыг мөрлөчихсөн орж ирсэн. Тэгэхэд Эрдэнэ-Очир нилээн согтуу хөл гар нь шалбарчихсан байдалтай орж ирэхээр нь хаана архи уусан юм, хөл гараа яачихсан юм гэж асуухад манай гэрт аав Батжуулахтай ажлынхаа хүмүүстэй архи уусан байна, сая гэр лүүгээ ирж яваад жалганд ганцаараа өнхөрөөд уначихлаа гэж надад хэлсэн. Тэгээд Бямбасүх гэрээс гараад явсан Эрдэнэ-Очир том өрөөнийхөө орон дээр унтах гээд хэвтсэн. Удалгүй 15-20 минутын дараа манай гэрт Батжуулах ах, Одбаатар 2 орж ирээд Эрдэнэ-Очирыг босооч ууж чадахгүй, ганц юм ууя гээд босгож авч гарах гээд байсан. Эрдэнэ-Очир гарахгүй гээд байж байтал Нямлхагва, Олонбаяр нар манай гэрт орж ирээд босооч гаръя гээд Эрдэнэ-Очирыг дуудахад охин “та нар хүн гарахгүй гээд байхад яах гээд байгаан, өөрсдөө гараач” гэж хэлэхэд Одбаатар, Батжуулах ах 2 гараад явчихсан. Нямлхагва Эрдэнэ-Очирыг босгох гээд татаад зууралдаад байж байх хооронд би Одбаатар, Батжуулах ах 2-ыг хашаанаас гарсан үгүйг харахаар гэрээс гарчихаад буцаад гэртээ орж ирэхэд охин Соёлмаа том өрөөний шалан дээр газар сууж байсан. Яасан гэхэд Нямлхагва ах намайг түлхээд унагаачихлаа аавыг унтуул явахгүй гэж байхад гэж хэлэхэд түлхлээ гэж надад хэлсэн. Эрдэнэ-Очир орноосоо босож ирээд Нямлхагвыг чи миний гэрт ирээд намайг дээрэлхэж болно, гэр бүлийг минь, охиныг минь дээрэлхэхгүй шүү гээд заамдалцаад ноцолдоод байхаар нь боличооч дээ та нар нэг газар ажилладаг байж ууж идэж чадахгүй гэртээ хариад амарцгаачихаж чаддаггүй юм уу гэж хэлээд байж байтал Эрдэнэ-Очир би ууж идэж болчихлоо гээд байхад ямар хэцүү юм бэ гэхэд Нямлхагва арчаагүй гээд Эрдэнэ-Очирын шанаа руу гараараа цохисон. Эрдэнэ-Очир хаанаас авсан юм мэдэхгүй төмс арилгаж байсан хутга авчихсан Нямлхагвын цээжинд цохих шиг болсон, цээжнээс нь цус гарч эхэлсэн. Эрдэнэ-Очир толгойгоо тэврээд сөхрөөд суучихсан, Нямлхагвын эгэмний доороос нь цус гарч байхаар нь манай гэрт сүлжээ унаад байдаг болохоор би утсаа аваад гэрээсээ гарч түргэн дуудсан. Тэгээд эргээд гэртээ ортол Олонбаяр ах гэдсээ гараараа дарчихсан манай том өрөөний үүдэнд сууж байсан. Би яачихваа гээд орилоход Олонбаяр ах гайгүй гайгүй, зүгээр яагаач үгүй гэхэд охин Соёлмаа Нямлхагвын цусыг тогтоож байхдаа сая Олонбаяр ах аавыг тэврээд авах шиг болсон, Олонбаяр ахын гэдэснээс цус гараад эхэлчихлээ гэсэн. Эрдэнэ-Очир том өрөөний буйдан дээр сууж байсан. Тэгээд би дахиад гэрээсээ гарч 103-т залгаж нэг хүн биш 2 хүн хутгалуулчихлаа хурдан ирээрэй гэж хэлэхэд танай гэрийг олохгүй байх, зам руу гараад ир гэж хэлэхээр нь гараад гүйсэн. Зам дээрээс түргэн аваад ирэхэд Олонбаяр ах гэрт байхгүй, Эрдэнэ-Очир, Нямлхагва, охин нар байсан. Тэгээд Олонбаяр ахыг яасныг охин Соёлмаагаас асуухад мэдэхгүй Нямлхагва ахын цусыг тогтоох гээд байж байтал гараад явчихсан байна гэсэн. Түргэний эмч Нямлхагвыг манай гэрээс аваад хөдлөхөд жалганы цаана Батжуулах ахын гэрийн гаднаас Олонбаяр ахыг түргэний машин ирээд авч явж харагдсан” гэх мэдүүлэг /хх-42-43/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 7503 дугаар актын дүгнэлтэд: “1. Нямлхагвын биед цээжний зүүн доод хэсгийн зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөлхгүй” гэжээ /хх-45/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 7502 дугаар актын дүгнэлтэд: “1.Олонбаярын биед цээжний баруун талын хатгагдаж, зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хх-50/,

Б.Эрдэнэ-Очирын сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...Нямлхагва, Олонбаяр хоёр орж ирээд намайг гаръя, дахиад архи ууя гэхээр нь би согтоод байна, амарлаа гэхэд охин аавыг архи уулгаж яах гээд байгаа юм, явцгаа айлд орж ирчихээд гээд уурласан маягтай хэлэхэд Батжуулах ах, Одбаатар хоёр гараад явсан. ...Нямлхагва хажууд ирж суучихаад чи одоо арчаагүй юм, ганц хоёр шил архины ард гарахгүй байхдаа яадаг юм гээд намайг шордоод байсан. Манай охин уурлатал Нямлхагва чи дуугүй байж бай, аавтай чинь ярьж байна гэсэн. Охин Соёлмаа одоо боль, аав унтах гээд байна, та яв гээд Нямлхагвын цамцнаас татахад Нямлхагва охиныг түлхээд буйдангийн хажууд бөгсөөрөө унасан. Тэгэхээр нь уур хүрээд босоод чи муу гэр оронд орж ирчихээд хүүхэд зодож байгаа юм уу, гал голомтыг минь хүндлэхгүй байна гээд Нямлхагвыг заамдахад миний хацар уруу 1 удаа цохисон. Би гал тогооны ширээн дээр байсан шар иштэй хутгыг аваад Нямлхагвыг айлгах гэж далай байгаад тэр чигт нь цохиж хутгалсан. Нямлхагва цээжээ дараад доошоо суусан. ...Олонбаяр ах хүүе чи юу болж байгаан гээд намайг чиглээд гүйж ирээд 2 гараа тэврэхээр нь би намайг цохих гэж байна гэж ойлгоод хальт зайлж хэвлий тус газар нь хутгаар 1 удаа хатгасан. Би 2 найзаасаа уучлалт гуйж эмчилгээний зардал болох 600.000 төгрөгийг төлж барагдуулсан. Цаашид ч гэсэн эмчилгээнд нь анхаарах болно. Одоо С.Олонбаяр, Ц.Нямлхагва нар нь ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж надад хэлсэн. Одоо бид нэг газраа хамт ажиллаж байгаа” гэх мэдүүлэг /хх-68-69, 71/,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-8/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-25-26/, шинжээчийн дүгнэлт /хх-47, 49/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-73/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-74/, хохирогч нарын өвчний түүх /хх-99-119/, хохирогч нарын хүсэлт /хх-120, 121/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн баримт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.  

Шүүгдэгч Б.Эрдэнэ-Очир нь согтуурсан үедээ 2016 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 44 дүгээр гудамж, 5в тоотод иргэн С.Олонбаяр, Ц.Нямлхагва нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж Ц.Нямлхагвын цээжин тус газар нэг удаа, С.Олонбаярын хэвлийн тус газар нэг удаа хутгалж давтан үйлдлээр хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Эрдэнэ-Очирыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутай тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Хохирогч С.Олонбаяр, Ц.Нямлхагва нарын “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлтүүд /хх-120, 121/ хэрэгт бичгэн хэлбэрээр авагдсаныг үндэслэн Б.Эрдэнэ-Очирыг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

Шүүх ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд хуульд заасан албадан ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 14 см ажлын хэсэгтэй, 2.2 см өргөн, 11.7 см урт бор өнгийн судалтай бариултай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Эрдэнэ-Очир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Баянмөнхийн Эрдэнэ-Очирыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэ-Очирыг 350 /гурван зуун тавь/ цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар Б.Эрдэнэ-Очир албадан ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялыг баривчлах ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 14 см ажлын хэсэгтэй, 2.2 см өргөн, 11.7 см урт бор өнгийн судалтай бариултай хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, Б.Эрдэнэ-Очир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Эрдэнэ-Очирт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Эрдэнэ-Очирт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Л.БААТАР