Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 121/2016/0006/З |
Дугаар | 221/МА2016/0365 |
Огноо | 2016-06-10 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2016/0365
2016 оны 6 сарын 10 өдөр | Дугаар 221/МА2016/0365 | Улаанбаатар хот |
Иргэн С.Б нэхэмжлэлтэй
захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгч С.Б нарыг оролцуулан Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Ш гаргасан давж заалдах гомдлоор иргэн С.Б нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч иргэн С.Б 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“...Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн б/05 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хоёр. Хариуцагч Өвөрхангай аймгийн Төгрөг сумны Засаг дарга Б.Батбаяр 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“...Тус сумын 4 дүгээр багийн Засаг даргаар Ч.Ц томилгоог Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас миний ажлыг зогсоож, өрөө тасалгаа, тамга тэмдэг битүүмжилснээр 1 сар өрөө ч байхгүй, жилийн эцсийн мэдээ тайлан мэдээ гарч байсан болохоор аргагүй эрхэнд хийсэн. Төсөв, санхүүтэй холбоотой шийдвэрүүд гаргах зэрэг төрийн чухал ажлууд хоцорч байсан тул сумын ард иргэдийнхээ төлөө дээрх шийдвэрийг гаргаж, хууль зөрчсөн нь үнэн...” гэжээ.
Гурав. Гуравдагч этгээд Ч.Ц 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“...С.Б нэхэмжлэлд дурдсан Төгрөг сумын Засаг даргын 2013 оны 12-сарын 28 ны өдрийн 3/69 тоот захирамж байхгүй байгаа.
Харин С.Б 4 дүгээр багийн Засаг даргаар томилсон 2013 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн Б/02 тоот захирамжийг Өвөрхангай аймгийн Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А/140 тоот захирамжаар хүчингүй болгосон. Мөн багийн Засаг даргаар татгалзах тухай Төгрөг сумын Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн А/79 тоот захирамжийг Өвөрхангай аймгийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/379 тоот захирамжаар хүчингүй болгосон.
Учир нь миний биеийг багийн Засаг даргаар томилох захирамжид тус багийн иргэдийн Нийтийн Хурлыг хууль бус хэмээн дурдсан байсан. Гэтэл Захиргааны хэргийн анхан шатны 13 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 281 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 210 дугаар тогтоолоор Төгрөг сумын 4 дүгээр Багийн иргэдийн Нийтийн Хурлыг хууль ёсны гэж баталж, дээрх бүх шатны шүүхийн шийдвэрт миний биеийг 4 дүгээр багийн Засаг даргаар томилох хуулийн шийдвэр гарсан. Дээрх шүүх хуралдааны шийдвэрүүдийг үндэслэж Төгрөг сумын Засаг дарга Б.Б нь 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/05 захирамжаараа миний биеийг 4 дүгээр багийн Засаг даргаар томилж ажил хүлээлцэх комисс байгуулж, энэ захирамж гарсантай холбогдуулан “...2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/04 захирамжийн 1 дэх хэсэгт заасан 4 дүгээр багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр С.Батбаатарыг томилсугай” гэснийг хүчингүй болгосонд тооцсугай” гэсэн байсан.
С.Б нэхэмжлэлтэй холбоотой Төгрөг сумын Засаг дарга Б.Б гаргасан тайлбарт дурдагдсанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба өөрийн дураар битүүмжлээгүй бөгөөд Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн шүүгч Ц.Н 2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 0З тоот шүүхийн гүйцэтгэх хуудасны дагуу гүйцэтгэсэн. Дээр дурдсан миний биеийг томилсон захирамждаа гурван шатны шүүхийн шийдвэрийг үндэслэсэн мөртлөө С.Б нэхэмжлэлд ард иргэдийнхээ төлөө гаргасан гэснийг ойлгохгүй байна. Мөн Авлигатай тэмцэх газраас 2016 оны 2 дугаар сарын 15-ны 05/1035 дахь Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянасан тухай бичиг байгаа. Дээрх үйл явцаас дүгнэлт хийхэд Төгрөг сумын иргэн С.Б нь Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах нь эрх зүйн субъект биш байгаа учир Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Дөрөв. Өвөрхангай аймаг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаар шийдвэрээр:
“...Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 93 дугаар зүйлийн 93.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар С.Б Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн б/05 дугаарын захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Тав. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Ш дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Нэхэмжлэгчийн зүгээс дээрх шүүхийн шийдвэрийн гол утга нь сумын Засаг дарга Б.Батбаярт Төгрөг сумын 4 дүгээр багийн Засаг даргаар Ч.Ц шууд томилохыг даалгаагүй харин хуулийн дагуу Ч.Ц багийн Засаг даргаар томилохыг даалгасан. Эндээс “хуулийн дагуу” гэсэн ойлголт харагддаг бөгөөд хуулийн дагуу гэдэг нь Ч.Ц багийн Засаг даргаар томилохын өмнө урьдчилсан ажиллагаа байх, тэр нь багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдах тухай асуудал байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч С.Б гомдол гаргасан.
Төгрөг сумын Засаг дарга дээрх утгаар шүүхийн шийдвэрийг үндэслэн “...багийн Засаг даргаар томилуулах ажлыг дахин хуулийн дагуу зохион байгуулж ирүүлэхийг...” мэдэгдсэн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 261 тоот албан бичгийг 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга С.А хүргүүлсэн боловч С.А мэдэгдлийг биелүүлээгүй нь маргаан гарах үндэслэл болсон.
С.Б сонгуулийн үр дүнгээр багийн Засаг даргын ажилд томилогдсон улс төрийн албан хаагч хэдий ч ажлаа сумын Засаг даргын өмнө тайлагнадаг хөдөлмөрийн дотоод журамд захирагдан хөдөлмөрийн гэрээтэй ажилладаг албан хаагч тул хөдөлмөрийн хуулиар зохицуулагдахгүй ажилтан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь эргэлзээтэй байна.
Иймд Өвөрхангай аймаг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийж, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн б/05 дугаар захирамжаар Сайнтөгрөгийн 4 дүгээр багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч С.Б 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, Ч.Ц томилсныг хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд гаргасан шийдвэр гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Дээрх тушаалын нэг үндэслэл болсон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 210 дугаар тогтоолоор “Ч.Ц Төгрөг сумын 4 дүгээр багийн Засаг даргаар томилох асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэхийг тус сумын Засаг даргад даалгаж” шийдвэрлэсэн Захиргааны хэргийн анхан шатны 13 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 12 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байх бөгөөд уг тогтоолд “...Төгрөг сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2 дугаар тогтоолоор багийн Засаг даргад нэр дэвшин олонхийн санал авсан Ч.Ц багийн Засаг даргад томилуулахаар нэр дэвшүүлэх саналыг Төгрөг сумын Засаг даргад уламжилсан шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг сумын Засаг дарга хянах эрхгүй, мөн “...хууль зөрчиж багийн Засаг даргыг сонгох асуудлыг хэлэлцсэн, иргэдийн Нийтийн Хурал хууль зөрчиж хуралдсан...” гэх хариуцагчийн гаргасан тайлбар үндэслэлгүй болох талаар тус тус дүгнэсэн байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрт “...Ч.Ц Төгрөг сумын Засаг даргаар томилсон шийдвэр гаргахыг даалгах...” гэсэн өөрчлөлт оруулсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 281 дүгээр магадлалыг Улсын Дээд шүүхийн дээрх тогтоолоор хүчингүй болгосноор гомдолд дурдсанчлан “...Ч.Ц томилохын өмнө урьдчилсан ажиллагаа явуулах буюу багийн иргэдийн Нийтийн Хурлыг дахин хуралдуулах” үр дагаврыг бий болгохгүй.
Иймд нэгэнт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн багийн иргэдийн Нийтийн Хурлаас Засаг даргад томилуулахаар өмнө нь нэр дэвшүүлсэн Я.Ц Сайнтөгрөгийн 4 дүгээр багийн Засаг даргаар томилсныг буруутгах боломжгүй юм.
Түүнчлэн цаг хугацааны хувьд эдгээр шийдвэр, тогтоол гарахаас өмнө Захиргааны хэргийн анхан шатны 13 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 12 дугаар шийдвэрээр Төгрөг сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2 дугаар тогтоолоор багийн Засаг даргад томилуулахаар нэр дэвшүүлсэн Ч.Ц томилохгүй байгаа Сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, томилохыг даалгасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 250 дугаар магадлалаар “...томилох эсэх асуудлаар хуульд заасан шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах” байдлаар өөрчлөлт оруулан шийдвэрлэж байжээ.
Өөрөөр хэлбэл удаагийн дараагийн эдгээр шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын үндэслэл болсон үйл баримтууд дүгнэгдсэн байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Шгаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН