Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2015/0781/з |
Дугаар | 221/МА2016/0453 |
Огноо | 2016-07-05 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2016/0453
“******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 224 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүх шийдвэртээ: “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн А/666 дугаар захирамжийн "******* *******" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 224 дүгээр шийдвэрийг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
“******* *******” ХХК нь 2011 оноос одоог хүртэл эзэмшил газартаа үйл ажиллагааа явуулаагүй ба Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолд “...зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно гэж тайлбарласан. Гэтэл анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10-т “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр...” гэдгийг ... бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно” гэсэн тодорхойлолтод хамруулж үзэх боломж байна. Учир нь газар эзэмшигчийн өөрөөс нь үл хамаарах шалтгаанд иргэдийн эсэргүүцэл, “Гурван өндөр” СӨХ-ны хүсэлт, тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий захиргааны байгууллагын техникийн хүчин чадал болон ачаалалтай холбоотойгоор зөвшөөрөл олгох боломжгүй байдал зэргээр тогтоогдоно...” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай юм. Бусдын хууль бус үйлдэл гэдэгт төрийн байгууллагын зохих зөвшөөрөл олгох боломжгүй байсныг хамааруулж байгаа нь өөрөө зөрчилтэй юм. Учир нь төрийн байгууллагуудын хүчин чадал хүрэлцэхгүй бус тухайн эзэмшил газарт нь барилга барих, барилгын техникийн зөвшөөөрөл олгох боломжгүй тухай албан бичгүүдийг холбогдох байгууллагууд “******* *******” ХХК-д өгсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоно. “******* *******” ХХК нь барилга барих техникийн нөхцөл авахын тулд удаа дараа холбогдох байгууллагуудад хүсэлт гаргасан гэх боловч газар эзэмшүүлэх тухай гэрээний үүрэг буюу газар эзэмших эрхээ хэрэгжүүлээгүй буюу техникийн зөвшөөрөл хүссэн албан бичгүүдийг удаа дараа өгөөгүй байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо зөвхөн Баянгол дүүргийн Засаг даргын хүсэлтийг үндэслэсэн, судалгаа шинжилгээ хийсэн гэх боловч компанийн нөхцөл байдлыг тодруулаагүй, бусад иргэдийн эрх ашиг хэрхэн зөрчигдсөн гэдгийг тодруулаагүй, компанийн удирдлагатай уулзаж барилгын ажлын явц, хөрөнгө оруулалтыг тогтоогоогүй гэж дүгнэжээ. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож мэдэгдэнэ гэж заасан бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоос өмнө мэдэгдэх гэсэн заалт байхгүй юм. Судалгааг зохих түвшинд хийсэн бөгөөд холбогдох байгууллага болох Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас барилгын талаар лавлагаа авсны үндсэн дээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль бус үйлдэл биш юм. Дээрх нөхцөл байдлуудаас харахад анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй, нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр болжээ.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 224 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ
“******* *******” ХХК нь Нийслэлийн засаг даргын 2012 оны А/117 тоот захирамжаар Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр байрны зүүн талд байрлах 840 мкв хэмжээтэй газрыг 5 жилийн хугацаатай эзэмших болж, улмаар Нийслэлийн Засаг дарга 2012 оны А/490 тоот захирамжаар эзэмшил газрын зориулалтыг өөрчлөн барилга барих зөвшөөрөл олгожээ.
Гэтэл Нийслэлийн Засаг дарга 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр А/666 тоот захирамж гарган Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 /хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй/-д заасан үндэслэлээр нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна.
Нэхэмжлэгч “******* *******” ХХК-д газар эзэмших эрх үүссэнээс хойш нэхэмжлэгч нь тус газартаа үйлчилгээтэй 66 айлын орон сууцны барилгын эскиз зургийг батлуулж, Архитектур төлөвлөлтийн А/490-1.9 дүгээр даалгаварын дагуу Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-иас болон УСУГ-аас техникийн нөхцөл авч, 2013 онд Үйлчилгээтэй орон сууцны барилгын талбайн инженер-геологийн судалгааны дүгнэлт гаргуулан, барилгын зураг төсөл боловсруулуулахаар “Голомт-Өргөө” ХХК-тай гэрээ байгуулан ажлын хөлсөнд 50 500 000 төгрөг төлсөн зэрэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.
Тэрчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “тухайн газрыг ашиглахын тулд хашаа барьсан боловч иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, хашааг нурааж, буулгах, хашааг зөөх зэрэг нөхцөл байдлууд учирч байсан тул барилгын ажил эхлэх үедээ хашаа барих, барилгын нүх ухахаар төлөвлөж байсан” гэсэн тайлбар өгсөн нь гэрч Д.Дүүрэнгийн мэдүүлгээр давхар нотлогджээ.
Мөн нэхэмжлэгч нь Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас техникийн нөхцөл хүссэн албан бичгийг удаа дараа хүргүүлсэн боловч техникийн нөхцөл авч чадаагүй байна.
Дээрхээс үзвэл, хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь тухайн газрын ашиглалтын явц, хөрөнгө оруулсан эсэх зэрэг нөхцөл байдлыг тодруулаагүй төдийгүй газар эзэмшигчээс өөрөөс нь үл хамаарах шалтгааны улмаас барилга, байгууламж баригдаагүй байхад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр “******* *******” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож, эрх ашгийг нь зөрчсөн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, зөв байна.
Газар эзэмшүүлсэн захиргааны шийдвэрийн үндсэн дээр нэхэмжлэгч тухайн газрыг зориулалтын дагуу эзэмшихээр үйл ажиллагаа явуулж байгаа хөрөнгөөрөө хохирох учиргүй юм.
Иймд анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгч хэргийг зөв шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 224 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН