Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/159

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0137/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Г.Гэрэлт-Од, Б.Ихтамир нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч О.Чулуунбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,

Шүүгдэгч Ж.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Н-од холбогдох эрүүгийн 2218000000126 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Ж.Н, 1980 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, урьд 3 удаа ял шийтгүүлсэн.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ж.Н нь согтуурсан үедээ, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар баг, Октябрийн 3-05 тоотод Д.О-тай маргалдан улмаас цээжин тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь “зүүн цээжний хөндийд нэвтэрсэн шарх, зүүн уушгины бүтэн бус шалчийлт, цээжний хөндийн цус, хий хуралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

-Шүүгдэгч Ж.Д.Н-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хоол хийх гээд байж байтал Д.О- “найз нь охинтой боллоо” гээд 2 шил архитай орж ирсэн. 2 дахь шил архийг нь задлаад сууж байтал гэв гэнэт цохиод авсан. Д.О- надаас том биетэй залуу л даа. Манай хажууд айл байдаггүй. Утас маань ядаж байхад цаад өрөөнд байсан. Тэгээд хутга аваад ийм зүйл болсон, ...Гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй. Нийт 500.000 төгрөг болсон. Ор хоногийн мөнгө, нийгмийн даатгал, эмнэлгээс гараад эм тариа ав гээд 250.000 төгрөг өгсөн. ... Миний эхнэрийн биеийн байдлыг харгалзан хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 1/,

-Хэрэг учрал гарсан Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар баг, Октябрийн 3-05 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 2-7/,

-24 см урт, хар өнгийн хуванцар бариултай 1 ширхэг хутгыг  эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 10/,

-Ж.Д.Н-ын согтуурлыг шалгахад 3,92% согтолттой байсан тухай 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн согтуурал шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 11/,

 

-Хохирогч Д.О-ын  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 18-19 цагийн орчимд найз пошик Нараагийн гэрт очиход ганцаараа байж байхаар нь дэлгүүрээс 0.33 болон 0.75 литрийн хоёр шил архи аваад уусан. Тэгээд бид хоёр архиа уугаад сууж байхад 22-23 цаг л болж байсан байх гэнэт Нараа “андаа тэвэрье” гэж хэлээд намайг зүүн талын цээж рүү нэг удаа хутгалсан юм. Тэгээд би юу болов гээд харсан чинь хар өнгийн нарийхан хутга байсан. Тэгээд би яаж байна гээд нүүр, хөмсөг хэсэг рүү нь цохичихсон юм. Бид хоёр ноцолдож байх явцад миний хэвтэж байсан орны харалдаа цонх хагарч цуурсан. Нараа миний цээжийг даавуугаар боогоод би Д.Н-той эвлэрээд унтсан, ... Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17/,

 

-Гэрч Д.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 15 цагийн үед манай төрсөн дүү Оюумаа над руу залгаад Д.О- ах хүнд хутгалуулсан байна гэж хэлсэн.Би яваад очиход Д.О- орон дээр хэвтэж байсан ба асуухад “пошик Нараад хутгалуулчихлаа” гэж хэлсэн. Пошик Нараа гэх залуу манай дүүтэй нэг байр гэж найзалж явдаг бас миний ч найз байгаа юм. Урьд өмнө нь шорон оронгоор явж байсан нөхөр байдаг юм. Архи уугаад маргалдаад хутгалуулсан юм шиг байна лээ. Эхэндээ хэлэхгүй нуугаад байсан сүүлдээ үнэн учраа хэлээд “өчигдөр гэрт нь архи ууж байгаад маргалдаад хутгалуулчихсан. Тухайн үед өөр хүн байхгүй, хоёулаа байсан. Намайг хутгалчихаар нь зөрүүлээд гараараа нүүр лүү нь цохисон. Хутгыг нь хаасан тулдаа гүнзгий ороогүй” гэж хэлсэн. Би анх харчхаад гайгүй юм болов уу гэж бодоод тоохгүй хаях гэж байснаа цус нь хөөсрөөд байхаар нь нэвтэрсэн гэдгийг нь мэдээд эмнэлэгт аваачсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19/,  

 

-Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 242 дугаартай: “...Д.О-ын биед зүүн цээжний хөндийд нэвтэрсэн шарх, зүүн уушгины бүтэн бус шалчийлт, цээжний хөндийн цус, хий хуралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй багажийн нэг удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Д.О-ын биед илэрсэн гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Д.О-ын биед илэрсэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 33-34/,

 

-“ Шүүх сэтгэц эмгэг судлалын: “...Ж.Н нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл болно. Ж.Н нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл учир болж өнгөрсөн үйл явдлыг бодитоор тусган авч үнэн зөвөөр мэдүүлэх чадвартай байна. Ж.Н нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл учир хэрэг хариуцах чадвартай байна” гэх эмнэлгийн магадалгаа №21/22 /хавтаст хэргийн 50/,

 

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 63/,

-Ж.Д.Н-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 86/,

- Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын: “Ж.Н нь өрхийн амьжиргааны түвшний босго шугамаас доогуурт багтсан нь үнэн болно” гэх албан тоот /хавтаст хэргийн 93/,

-Хохирол төлбөр төлсөн тухай баримт /хавтаст хэргийн 95/,

-Хохирогч Д.О-ын гаргаж өгсөн:“... Ж.Д.Н-оос эмчилгээний зардалд 189.000 төгрөг, ор хоногийн 35.000 төгрөг, эм тарианы 250.000 төгрөг авсан. Одоо миний бие эрүүл болсон бөгөөд ямар нэгэн гомдол, нэхэмжлэх зүйлгүй. Ж.Н нь миний хар багийн найз юм, ар гэр, амьдралыг нь харгалзан хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэх хүсэлт /хавтаст хэргийн 116/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Ж.Н нь согтуурсан үедээ, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар баг, Октябрийн 3-05 тоот гэртээ, Д.О-тай маргалдан улмаас цээжин тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь “зүүн цээжний хөндийд нэвтэрсэн шарх, зүүн уушгины бүтэн бус шалчийлт, цээжний хөндийн цус, хий хуралт” бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Ж.Н нь хүний эрүүл мэндэд хүн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдэхдээ хутга буюу зэвсэг хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Иймд Ж.Д.Н-ыг зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч “шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна” гэсэн дүгнэлт гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ж.Н шүүхийн хэлэлцүүлэгт: “...гэв гэнэт цохиод авсан. Д.О- надаас том биетэй залуу л даа. Манай хажууд айл байдаггүй. Утас маань ядаж байхад цаад өрөөнд байсан. Тэгээд хутга аваад ийм зүйл болсон” гэж мэдүүлж байх боловч тухайн цаг хугацаанд хохирогчийн зүгээс шүүгдэгчийн амь нас эрүүл мэндэд халдах бодит довтолгоон хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй байна.

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Ял, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч: “Шүүгдэгч Ж.Д.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх”, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа: “шүүгдэгч Ж.Д.Н-од ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 3 жил 4 сар 10 хоногийн хорих ял оногдуулах боломжтой” гэх саналыг тус тус гаргасан бөгөөд шүүгдэгч Ж.Д.Н-: “Миний эхнэрийн биеийн байдлыг харгалзан хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлт гаргасан байна.

 

Мөн хохирогч Д.О-ын: “...Одоо миний бие эрүүл болсон бөгөөд ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Ж.Н нь миний хар багийн найз юм. Ар гэр, амьдралыг нь харгалзан хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү.” гэх хүсэлт /хавтаст хэргийн 116/ хавтаст хэрэгт авагджээ.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ж.Н нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд 3 удаагийн ял шийтгэл эдэлж байсан болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 86/, Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн магадалгаа /хавтаст хэргийн 50/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 63/ зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ж.Д.Н-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болон хувийн болон ар гэрийн амьдралын нөхцөл байдал, хохирогчийн хүсэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

3.Хохирол, иргэний нэхэмжлэл, бусад асуудлын талаар:

 

Хохирогч Д.О-: “... Ж.Д.Н-оос эмчилгээний зардалд 189.000 төгрөг, ор хоногийн 35.000 төгрөг, эм тарианы 250.000 төгрөг авсан. Одоо миний бие эрүүл болсон бөгөөд ямар нэгэн гомдол, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч Ж.Д.Н-оос гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Ж.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 24 см урт, хар өнгийн хуванцар бариултай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Ж.Д.Н-од хорих ял шийтгэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Ж.Д.Н-ын эдлэх ялыг 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэснийг дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Ж.Н-ыг зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д.Н-од 3 жил 6 сарын /гурван жил зургаан сар/ хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д.Н-од оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 24 см урт, хар өнгийн хуванцар бариултай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д.Н-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.Д.Н-од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Я.ТУУЛ

 

 

                             ШҮҮГЧИД                                                                   Г.ГЭРЭЛТ-ОД

 

 

                                                                                          Б.ИХТАМИР