Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 00919

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 23 өдөр                 Дугаар 102/ШШ2018/00919                            Улаанбаатар хот

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,

        Нэхэмжлэгч Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Сөүлийн гудамж, 40 дүгээр байрны 1 давхарт байрлах, “АК ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

        Хариуцагч Баянгол дүүрэг,  дугаар хороо, Нарны хороолол, дүгээр байрны  тоотод оршин суух, С.Н

        Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хан-Уул дүүргийн дүгээр хороо,  дугаар хэсэг Соёмбот  дүгээр гудамж тоотод оршин суух, Л овогт Л.С нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 32.743.700 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад

        Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Иманмагзам, Б.Номин, хариуцагч С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

        Нэхэмжлэгч “АК ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн С.Н-тай манай компани 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 113 дугаартай “Зээл болон Барьцааны гэрээ” байгуулан, 16.000.000 төгрөгийг, сарын 4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж, зээлдэгч үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон Л.С-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн аманд Мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн баруун талд байрлах, Улсын бүртгэлийн Ү-2206003792 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулсан.

        “Зээлийн гэрээ”-ний хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр дууссан боловч зээлдэгчийн “Зээлийн хугацаа сунгуулах тухай” хүсэлтийг харгалзан үзэж, 4 сараар нэмж сунгасан ч зээлийг эргүүлэн төлөх үүргээ биелүүлээгүй.

         Иймээс зээлийн үндсэн төлбөр 14.500.000 төгрөг, хүү 15.272.700 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.971.000 төгрөг, нийт 32.743.700 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү, гэжээ.

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Иманмагзам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Бид хариуцагчид нэмэгдүүлсэн хүүг хасаад, эвлэрэх санал тавьсан боловч заавал зээлийн хүүг хасуулмаар байна гэх санал гаргасныг хүлээн авах боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцоно.

        Иймд хариуцагч зээл авснаа хүлээн зөвшөөрдөг учраас 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр “АК ББСБ” ХХК-тай байгуулсан “Зээлийн гэрээ”-ний дагуу 32.743.700 төгрөгийг гаргуулан, төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү, гэжээ.

          Хариуцагч С.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 16.000.000 төгрөгийг, сарын 4 хувийн хүүтэй зээлсэн нь үнэн, маргахгүй, зээлээ төлнө. Зээлийн хүүд 2.780.000 төгрөг, үндсэн зээлд 1.500.000 төгрөгийг төлсөн.

          Миний зүгээс эвлэрэх боломжтой. Зээлийн хүүг чөлөөлж өгөөч. Өмнө нь би тус банк бус санхүүгийн байгууллага дээр 10.000.000 төгрөг бэлнээр авч очоод, энэ мөнгийг үндсэн зээлээс хасаж өгөөч гэхэд зөвшөөрөхгүй, эхлээд хүү, нэмэгдүүлсэн хүүг төл гээд байхаар нь буцааж аваад, өөр банкны зээлээ төлсөн. Төлбөр тооцоо хийгээгүй шалтгаан хувийн санхүүгийн байдал доройтон, эрхэлж байсан ажил ашиггүй, түрээсийн төлбөр өндөр төлөн, үйл ажиллагаагаа зогсоон, ажиллуулж байсан кафе хаагдсаны улмаас орлогын эх үүсвэргүй болсон. Энэ байдлыг харгалзан хүүг хасаж өгнө үү, гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.С шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Би өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрөхгүй. 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдөр хөлөө хугалж, гэмтээсэн учраас 3 дугаар сарын 23-ны өдрийн 11 цагт товлогдсон шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа тул хэргийг миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

         Нэхэмжлэгч “А.К ББСБ” ХХК, хариуцагч С.Н-д холбогдуулан, зээлийн гэрээний үүргийн биелэлт 32.743.700 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

         Хариуцагч зээлээ төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.

         Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.С барьцаа хөрөнгөөр үүргийн гйүцэтгэлийг хангуулахгүй гэж маргаж байна.

         Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

         Хариуцагч С.Н, “А.К ББСБ” ХХК-иас 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 113 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулан, 16.000.000 төгрөгийг, сарын 4 хувийн хүүтэй, 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаатай, зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд Л.С-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206003792 дугаарын бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн аманд Мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторын баруун талд байрлах, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай, 268 метр квадрат талбайтай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, гэрээний хугацааг нэмж 4 сараар сунгуулсан болох нь зохигчдын хооронд хийгдсэн “Зээлийн  болон Барьцааны гэрээ”, Зээл эргэн төлөх хуваарь, Зээлийн хугацаа сунгах өргөдөл, Зээлийн хурлын тэмдэглэл, зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Зохигчдын хооронд байгуулсан зээл болон барьцааны гэрээнүүд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, “Барьцааны гэрээг бичгээр байгуулна”, 156.2 “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана”, 166 дугаар зүйлийн 166.1 “ипотек улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ” гэж зааснаар хуульд заасан үндэслэл шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээнүүд байна гэж дүгнэлээ.

        Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 “үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй буюу барьцаалуулагч буюу үүрэг гүйцэтгэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй”, 158 дугаар зүйлийн 158.1 “ шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана”, 169 дүгээр зүйлийн 169.1 “үүрэг гүйцэтгэгчийн  шаардлагыг хангах хугацаа болсон, эсхүл үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэх эрхтэй болсон үеэс буюу хуульд заасан бусад тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч “А.К ББСБ” ХХК барьцаа хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах эрхтэй.

        Тэрээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.С “өөрийн өмчлөлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрөхгүй” гэж маргаж байгаа боловч үүрэг гүйцэтгэгч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахыг хүлээн зөвшөөрч, 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 113 дугаартай “Барьцааны гэрээ” байгуулж, гарын үсгээ зурж баталгаажуулан мөн өдөр зээлдэгч Л.Н-д үл хөдлөх хөрөнгийг ”...барьцааны гэрээ, барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, үүргийн гүйцэтгэлийг хангахтай холбоотой үйлдэлд төлөөлөх бүрэн эрхийг “Итгэмжлэл”-ээр олгосон болох нь нотлогдож байх тул татгалзлалыг хүлээн авах боломжгүй байна.

        Иймд зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.5, 3 дугаар зүйлийн 3.2.1 дэх хэсгүүдэд зааснаар зээл олголтын эргэн төлөлтийн хуваарийг зөрчин, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагчаас 32.743.700 төгрөгийг гаргуулан, зээлээ мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 391.869 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 391.869 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 , 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Л овогт С.Н-аас 32.743.700 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “А.К ББСБ” ХХК-д олгосугай.

          2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Л овогт Л.С-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206003792 дугаарын бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн аманд Мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторын баруун талд байрлах, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай, 268 метр квадрат талбайтай үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдаж, худалдаж борлуулсан үнээс нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 391.869 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 391.869 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.АРИУНАА