Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/458

 

.    С   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч С.Сүрэнхорол,

хохирогч Т.Мөнгөнчимэг, түүний өмгөөлөгч Г.Бат-Отгон,

шүүгдэгч Д.Ц нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Дашжамцын Цд холбогдох эрүүгийн 2111 01407 0492 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Дашжамцын Ц /РД:МБ68032501/,

Монгол улсын иргэн, 1968 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 55 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа дугуй засварын газар ажиллуулдаг, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургалтын 526 тоотод оршин суух хаягтай,

урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №677 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 05 жилийн хорих ял,

2007 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №42 дугаартай шийтгэх тогтоолоор 06 жил 06 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэгдсэн,

/Холбогдсон хэргийн талаар/

Шүүгдэгч  Д.Ц нь өөрийгөө үзмэрч гэж “танай хүү Отгонбаяр гэгээнтнээр тодорсон” хүүг чинь манай багш байранд оруулж өгнө, хүүг чинь гэгээнтэн болгохоор гадаадаас хүмүүс ирсэн тэд нарын байрлах газар, хоол ундны мөнгө хэрэгтэй, мөн охин Идэрчимэг, дүү Б.Пүрэвнамжил нарыг Америк руу сургуульд оруулж өгнө, дүү Ч.Мөнхдүүрэнг чинь үнэгүй байранд оруулж өгнө гэж тус тус Т.Мөнгөнчимэгийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2017 оны 04 сараас 2021 оны 06 дугаар сарын хооронд үргэлжилсэн үйлдлээр бэлнээр болон дансаар нийт 73,852,450 төгрөгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.                                                           

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Д.Ц нь өөрийгөө үзмэрч гэж “танай хүү Отгонбаяр гэгээнтнээр тодорсон” хүүг чинь манай багш байранд оруулж өгнө, хүүг чинь гэгээнтэн болгохоор гадаадаас хүмүүс ирсэн тэд нарын байрлах газар, хоол ундны мөнгө хэрэгтэй, мөн охин Идэрчимэг, дүү Б.Пүрэвнамжил нарыг Америк руу сургуульд оруулж өгнө, дүү Ч.Мөнхдүүрэнг чинь үнэгүй байранд оруулж өгнө гэж тус тус Т.Мөнгөнчимэгийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2017 оны 04 сараас 2021 оны 06 дугаар сарын хооронд үргэлжилсэн үйлдлээр бэлнээр болон дансаар нийт 73,852,450 төгрөгийг шилжүүлэн авч, залилж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч  Д.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч  Д.Ц нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Одоогоос 5-6 жилийн өмнө Мөнгөнчимэг надад анх үзүүлэх гэж ирээд танилцсан бөгөөд би тухайн үед өөрийн гэртээ чулуу татаж мэргэлдэг байсан. Тухайн үед Мөнгөнчимэг надад ирж үзүүлээд бид 2 анх танилцаж байсан бөгөөд анх надад Мөнгөнчимэг нь өөрийгөө үзүүлэхдээ манай хүү байдаг юм хүү минь өвчтэй гэж хэлэхээр нь би манай Дамбад байдаг ганданд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг байртай болгодог гэж хэлж байсан. Тухайн өдөр надад Мөнгөнчимэг үзүүлчхээд төлбөр болгож 30,000 төгрөг өгөөд яваад өгсөн. Анх танилцсаны дараагаар хэдэн өдрийн дараа Мөнгөнчимэг рүү залгаад өөрийгөө Мөнгөнчимэг болон хүүхдэд нь засал хийчихсэн шүү манай багш хүүхдийг чинь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг байранд оруулж өгье гэж байна гэж худлаа хэлээд чи хүүхдийнхээ төрсний гэрчилгээг хувилаад аваад ир манай гэрт хүрээд ир уулзаж ярилцъя гэж хэлсэн. Удалгүй байж байтал гаднаас Мөнгөнчимэг хүүхдийнхээ болон өөрийнхөө төрсний гэрчилгээг аваад хүрээд ирэхээр нь би бичиг баримтыг нь аваад 1 жилийн дотор байранд орно гэж хэлэхэд Мөнгөнчимэг надад танай гэрээс сая нэг хар өнгийн “Соната-7” маркийн авто тээврийн хэрэгсэлтэй хүн гарлаа энэ их дажгүй хүн байна та таньдаг юм уу гэж асуухаар нь би саяны явсан хар өнгийн “Соната-7” маркийн авто тээврийн хэрэгсэлтэй хүн надад ирж үзүүлээд явсан юм тэр хүн бас л Ганзориг гэдэг нэртэй Улсын их хурлын гишүүн байгаа юм чамайг өөрийнхөө заяаны хань гэж байна лээ гэж худлаа хэлэн яг үнэндээ тэр хүн Улсын гишүүн Ганзориг биш байсан зүгээр л надад ирж үзүүлсэн хүн байсан. Би маргааш нь Мөнгөнчимэг рүү залгаад Ганзориг чамайг дугаараа өгчих гээд байна, чамайг сонирхоод байна, манай багш Ганзоригт чамайг өөрийнх нь заяаны хань байна гэж хэлсэн байна гэх мэт худлаа Мөнгөнчимэгт хэлсэн тухайн үед би өөрийгөө яагаад тэгж худлаа хэлэх болсноо ойлгохгүй байна яг үнэндээ миний ард талд ямар ч Ганзориг гэх хүн байгаагүй. Үүнээс хэд хоногийн дараа Мөнгөнчимэг рүү дахин залгаад танай өвчтэй хүү гэгээнтэн болох юм байна манай багш үзээд тэгж хэлж байна гэж хэлээд Мөнгөнчимэг надад манай хүү хөгжлийн бэрхшээлтэй хэл яриа муутай хүүхэд яаж гэгээнтэн болдог юм бэ гэж асуухаар нь би манай багш үзээд гэгээнтэн болох юм байна гэж хэлсэн. Хэрэв гэгээнтэн болбол бие нь эдгэрч хэвийн болно танай хүү гэгээнтэн болгоход нэг их мөнгө орохгүй жижиг сажиг хувцас хоолны мөнгө хэрэгтэй болно гэж хэлж итгүүлсэн бөгөөд Мөнгөнчимэг нь надад урьд нь өөрийн Японоос авч ирсэн алтан бөгж байдаг талаар хэлж байсан бөгөөд би тухайн үед чи 5 данстай алт мөнгөн эдлэлтэй юм чинь чадах байх гэж хэлсэн учир нь надад Мөнгөнчимэг өөрийгөө 5 данстай Япон Улсаас авч ирсэн алт мөнгөн эдлэлтэй талаараа хэлж байсан. Би Мөнгөнчимэгийн хүүхдийг гэгээнтэн болох юм байна гэж хэлсэн нь Мөнгөнчимэгээс мөнгө авах зорилготой байсан анхнаасаа би худлаа ярьж байсан. Бид 2 танилцаад орой болгон хамт Мөнгөнчимэгийн “Ниссан тийда” маркийн авто тээврийн хэрэгслээр хамтдаа таксинд явдаг байсан бөгөөд нэг орой би Мөнгөнчимэгтэй хамт таксинд явж байхдаа Монгол Улсад танай өвчтэй хүүг гэгээнтэн болгох зорилгоор 4 хүн Австрали Улсаас, Америкаас 4 хүн ирсэн байгаа. Энэ хүмүүст хоол унд байхгүй байна Ганданд байрлуулах гэхээр даарчих гээд байгаа учраас Ганзоригийн гэрт байрлуулж байгаа гэж хэлээд би 2017 оны 03 дугаар сард анх танилцсанаас хойш 2021 оны 06 дугаар cap хүртэл нийтдээ 63,800,000 орчим төгрөгийг бэлэн болон дансаар авснаа хүлээн зөвшөөрч байна би эдгээр мөнгийг хүүхдийг чинь гэгээнтэн болгох хүмүүст хэрэг болоод байна мөн Ганзоригт мөнгө хэрэг боллоо гэх мэт худлаа хэлж Мөнгөнчимэгээс авч өөрийн хэрэглээндээ зарцуулдаг байсан бөгөөд тухайн үед Мөнгөнчимэг надад үргэлж манай хүүхдийг гэгээнтэн болгохоор ирсэн хүмүүс болон Ганзоригтой би уулзмаар байна гэж хэлдэг байсан бөгөөд би тухай бүрд нь уулзах боломжгүй гэж хэлдэг байсан учир нь ямар ч Ганзориг болон гэгээнтэн болгохоор ирсэн хүмүүс байгаагүй юм. 2018 оны 10 дугаар сард надад мөнгөний хэрэг гараад би Мөнгөнчимэг рүү залгаад танай хүүхдийг гэгээнтэн болгох гэж ирсэн хүмүүст мөнгөний хэрэг гараад байна гэж хэлэхэд Мөнгөнчимэг надад мөнгөгүй байна гэж хэлхээр нь би Японоос авч ирсэн алтан бөгжийг чинь 5,000,000 төгрөгөөр авъя гэж байна би гадаадаас ирсэн хүмүүсийн хэрэгцээнд 3 сая төгрөг өгөөд чамд 2 сая төгрөгийг өгье гэж худлаа хэлж авч яваад тухайн бөгжийг Хайлаастын 17 дугаар автобусны ойролцоо байрлах Сайн ломбардад 900,000 төгрөгт барьцаалж мөнгийг нь бэлнээр авч хэрэгцээндээ зарцуулсан. Ингээд хэд хоногийн дараа Мөнгөнчимэг над руу залгаад алмаазан бөгж зарсан мөнгөө авъя гэж хэлэхээр нь манай багш чиний бөгжийг таарахгүй муу бөгж байна гэж хэлсэн учраас хаячихсан гэж худлаа хэлсэн. Би Мөнгөнчимэгт хүүхдийг нь гэгээнтэн болгож өгнө гэж худлаа хэлж мөнгө авдаг байсан бөгөөд мөн Мөнгөнчимэгийн охиныг Америк Улс руу явуулж өгнө гэж хэлж 1,500,000 төгрөгийг бэлнээр 1,660,000 төгрөгийг дансаар ойролцоогоор 1 жилийн өмнө өөрийн гэртээ байхдаа авсан мөн Мөнгөнчимэгийн дүүг Америкт сургуульд оруулж өгнө гэж хэлэн 800,000 төгрөгийг бэлнээр 2 жил орчмын өмнө авсан. Мөнгөнчимэгийн дүү Мөнхдүүрэнгээс 750,000 төгрөгийг гандангаас байранд оруулж өгнө гэж хэлээд бэлнээр Мөнгөнчимэгийн дүүгээс өөрийн гэрийн гадаа байхдаа авч байсан. Би Мөнгөнчимэгээс авсан бүх мөнгөө өөрийн хэрэгцээндээ зарцуулсан. Ямар ч Ганзориг гэх хүн болон гэгээнтэн болгохоор ирсэн хүмүүс байгаагүй...” гэх /2-р хавтаст хэргийн 110-111 дүгээр тал/,

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 8 дугаар тал/,

Хохирогч Т.Мөнгөнчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд ээж, хүү, охины хамт 4-лээ амьдардаг. Миний хүү Отгонбаяр нь төрлөхийн хөгжлийн бэрхшээлтэй, дауны синдром гэх онош өвчтэй. 2017 оны 3 дугаар сарын сүүлээр миний танил эгч болох Туяа гэгч нь үзэж хардаг хүнд үзүүлэх гэсэн юмаа, машин тэрэг байдаггүй ээ, намайг Чингэлтэй дүүргийн Хайлааст руу хамт яваад өгөөч ээ гэж гуйсан, Тэгээд би ажлаа зохицуулаад Туяа эгчийг аваад Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Хайлаастад байх “Чандмань” гэх нэртэй дэлгүүрийн өөдөөс харсан дугуй засвартай айлд Ц гэх үзэж хардаг хүний гэрт очсон. Ц гэгч нь 50 гаран насны богино тайрмал үстэй, дунд зэргийн махтай, намхан биетэй эмэгтэй байсан. Тэгээд Туяа эгч тухайн эмэгтэйд түрүүлж үзүүлж дуусаад намайг чи энэ эмэгтэйд үзүүлж харуул маш сайн хэлдэг гэж хэлсэн, тэгээд би Ц гэх эмэгтэйгээс миний ноён нурууг үзүүлээд өг гэж хэлэхэд Ц гэгч нь миний ажил төрлийг гайгүй юм байна, жаахан ном уншуулах шаардлагатай юм байна гэж хэлээд, би хөгжлийн бэрхшээлтэй хүүгийнхээ талаар асуухад хүү чинь гайгүй юм байна, Дамбад байдаг манай гандангаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг барианд оруулдаг гэж хэлээд, өөр сонин содон юм хэлээгүй ээ. Тэгээд би үзүүлж харуулсны мөнгө гэж 30,000 төгрөг өгсөн бөгөөд уг мөнгөнөөс 20,000 төгрөгийг бэлэн 10,000 төгрөгийг нь тухайн Ц гэх эмэгтэйн хаан банкны 5050222916 гэсэн данс руу хийсэн. Тэгээд миний утасны дугаарыг аваад үлдсэн. Үүнээс 1 хоногийн дараа дараа над луу Ц гэх эмэгтэй нь өөрөө залгаад за би засал хийгээд ном уншчихлаа, танай хүүг манай багш хэлээд байранд оруулаад өгье гэж байна, 2 хувь цээж зураг, төрсний гэрчилгээг нь канондоод аваад ир, утсаар ярьж байхаар ирээд уулзаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би өдөр нь хүүгийнхээ болон өөрийнхөө 2 хувь цээж зураг, төрсний гэрчилгээ байхаар нь би нээрээ ч тийм юм уу гээд хүлээцтэй хүлээсээр байгаад өдий хүргэсэн. Энэ хугацаанд 2018 оны 10 сард мөнгөний хэрэгцээ хэрэгтэй байна, нөгөө гадаадаас ирсэн хүмүүсийг хоосон байлгахад хэцүү байна гэхээр нь би Цд надад одоо мөнгө алга байна, би бөгжөө зарж өгвөл өгнө гэж хэлээд тухайн үед орхисон байсан тэгсэн чинь 2-3 хонгийн дараа Ц нь над руу залгаад Ганзоригийн дүү чиний бөгжийг 5 сая төгрөгөөр авъя гээд байна, өгөх үү гэж хэлэхээр нь би Цд алмаазан бөгжөө гэрчилгээ, хайрцаг савтай нь өгөөд явуулсан. Тэгэхэд Ц нь манай гэрийн гадаанаас надаас авч байсан. Тэгээд эргэж над руу залгаад энэ бөгжийг чинь авъя гэж байна гэхээр тэгж өгөх юм бол тэгье гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 1 cap өнгөрөөд 2 cap болохоор нь би бөгжний мөнгө авъя гэж хэлсэн чинь Ганзоригийн дүүгийн мөнгө нь ороогүй гэж байна, 3 сая төгрөгөөр өгөх юм уу? Тэгвэл олоод өгье гэж байна гэхээр нь за өгч л байвал тэгээ гэж хэлсэн боловч миний бөгжний мөнгийг өгөөгүй гээд би Цгоос бөгжний мөнгө яасан бэ гэж хэлсэн чинь чи анх бөгж авахдаа хамтарч авсан гэх айлын чинь гэрийн зүг рүү хаячихсан, багш үзээд чамд энэ бөгжийг чинь таарахгүй юм байна, хая гэж хэлсэн тэгэхээр нь хаячихлаа, аймар хэл ам дагуулсан бөгж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн үед итгээд нээрээ л хэл ам дагуулаад байгаа юм болов уу гээд өнгөрсөн. Миний бие сүүлийн 2 жилийн хугацаанд онош тодорхойгүй байдлаар өвдөж эхэлсэн, тэгээд 2019 оноос хойш өөр хүн үзүүлэхэд Ц гэх эмэгтэйг надад юм хийсэн байна гэж хэлсэн, тэгээд би засал хүртэл хийлгүүлсэн. Эдгээр мөнгөнд оруулж тооцсон байгаа мөнгөнөөс манай охин Идэрчимэгийн Америкт сургуульд оруулж өнгө гэж хэлээд 1,500,000 төгрөгийг бэлнээр, 1,660,000 төгрөгийг нь болохоор Ц дансаараа авсан, мөн манай эрэгтэй дүү Пүрэвнамжилийг Америкт сургуульд оруулж өгнө гээд 800,000 төгрөгийг бэлнээр авсан, мөн гандангаас байр өгнө тийм болохоор чи дүү Мөнхдүүрэнгээсээ 750,000 төгрөг аваад өгчих гэхээр нь би дүүдээ хэлсэн чинь манай дүү найдвартай юм бол би мөнгө олоод өгье гээд манай дүү өөрсдийнхөө үнэт эдлэлийг ломбардад тавиад Цгийн гэрийн гадаа очиж манай дүү нар Цд бэлнээр нь өгч байсан. Эдгээр мөнгө нь дээрх нийт өгсөн 61,852,450 төгрөгт оруулж тооцсон байгаа. Би Цд тухайн гадаадаас ирсэн хүмүүстэй уулзмаар байна гэж хэлэхэд эдгээр хүмүүстэй хамаагүй уулзаж болдоггүй юм гэж хэлээд уулзуулж байгаагүй. Мөн явцын дунд хүүхэд нь гэгээнтэн болохоор чамайг олон улсын байгууллагын ерөнхий захирал болгож байна гэж хэлсэн, тэгэхээр нь би үзье гэж хэлсэн чинь үзүүлж болохгүй, олон улсын байгууллагын юмыг хамаагүй үзүүлж болохгүй, хүүхдийг чинь гэгээнтэн болохоор чамд гардуулна гэж хэлсэн, тэгээд би танай олон улсын байгууллага чинь хаана байдаг юм гэж асуухад Багшийн дээд дээр байрлалтай гэж байсан. Ганзориг гэгч нь анх удаа 2015 онд Япон явах гээд бичиг бүрдүүлээд явж байхдаа таараад надтай хамт явж байсан хүнээс миний дугаарыг авсан байсан, тэгээд тухайн үед мессеж бичээд ярьж байхад нь тоогоогүй, намайг хоолонд оруулъя гэхэд нь би амжихгүй гэж хэлээд Япон улс руу явж байсан, дараа нь 2017 онд Ц гэгчийн гэрийн үүдэнд таараад зөрөөд өнгөрч байсан. Тэрнээс хойш дахиж уулзаж, таарсан зүйл байхгүй, нэг удаа би ангийнхантайгаа явж байхад над руу Ганзориг залгахаар нь худалчаа гэж хэлсэн чинь утсаа салгаад дахиж залгаагүй, би яагаад тэгж хэлсэн бэ гэвэл Ганзориг нь өөрөө над руу залгаж юм хэлэхгүй байж, дандаа Цгоор дамжуулж надаас мөнгө төгрөг гуйж авдаг, учир Ц надад Ганзориг Америкийн иргэн тул миний хаан банкны дансыг ашигладаг, Ганзориг өмсөж зүүх хувцасгүй болчихлоо, идэж уух юм, байрны мөнгө, цахилгааны мөнгөгүй байгаад байна гэж хэлээд надаас дансаараа мөнгө авдаг байсан, тэгээд тэр мөнгө болохоор Ц нь би аваагүй шүү, Ганзориг авч байгаа шүү гэж хэлдэг байсан, яагаад гэвэл Ганзоригийн гэрт гадаадаас ирсэн лам нар байгаа хэлж хэлдэг байсан. Ц нь тодорхой ажил хийдэггүй, Дамбад байдаг ганданд суудаг гэдэг байсан, энэ хугацаанд надад гандангаа хүртэл надад зааж өгсөн зүйл байхгүй, утасны дугаар 86151656, Ганзориг нь хувиараа юм хийдэг юм шиг байна лээ, яг юу хийдэг талаар мэдэхгүй байна, утасны дугаар нь 99116669 гэсэн дугаар дээр байдаг шиг санагдаж байна. Би энэ хүний утасны дугаарынх нь төлбөрийг хүртэл хийж байсан удаа байгаа. Би Ц гэх хүнд өөрийн хаан банкны 5114206565 гэсэн дансаар бүх мөнгөө явуулсан бөгөөд мөн бэлнээр надаас Д.Ц нь мөнгө авч нийтдээ 61,852,450 төгрөгийг надаас авсан. Манай охин болох Идэрчимэгийг Д.Ц нь Америк улс руу явуулж өгнө гэж хэлээд надаас бэлнээр 1,660,000 төгрөг, дансаар 1,500,000 төгрөг авч нийтдээ 3,160,000 төгрөг авч Д.Ц нь манай төрсөн охин болох Идэрчимэгийг Америк улсын визэнд оруулж өгөөгүй Америк улс руу явуулж өгөөгүй. Миний дүү болох Пүрэвнамжил нь Америк улс руу сургуульд яваагүй, Мөнхдүүрэн мөн адил байранд ороогүй бүгд залилуулсан. Д.Ц нь надад 1 хүн Америк улс руу сургуульд явуулж өгнө гадаад паспорт болон иргэний үнэмлэхийг 800,000 төгрөгийг өг гэж хэлхээр нь би Д.Цгийн хэлсэн үгийг Пүрэвнамжилд дамжуулан хэлэхэд Пүрэвнамжил зөвшөөрөөд надад иргэний үнэмлэхээ болон гадаад паспортоо өгөхөөр нь би бүгдийг нь Д.Цд өгсөн бөгөөд Пүрэвнамжил нь 800,000 төгрөгийг 3 хувааж хувааж миний 5114206565 хаан банкны данс луу шилжүүлсэн бөгөөд яг хэзээ яг ямар данснаас шилжүүлсэн гэдгийг сайн санахгүй байна одоогоос 4 жил орчмын өмнө учраас. Би Пүрэвнамжилаас авсан 800,000 төгрөгийг бэлнээр өөрийн данснаас авч Цгийн гэр болох Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо сурагчийн 526 тоотын гадна очиж өгсөн би уг мөнгөнөөс нэг ч төгрөг өөртөө аваагүй бүгдийн Цд өгсөн. Ингээд 1 жил орчим Пүрэвнамжилыг Америк улс руу сургуулийн журмаар гаргаж өгөхийг хүлээсэн боловч бүтээгүй бөгөөд Пүрэвнамжил надаас мөнгө болон бичиг баримтаа нэхэхээр нь би Америкийн сургуулийн талаар Цгоос асуухад хэл ам болоод байна бүтэхгүй юм шиг байна чи бичиг баримтыг нь буцаагаад өгчих гэж хэлээд надад Пүрэвнамжилын гадаад паспорт, иргэний үнэмлэхийг өгөхөөр нь авч би уг бичиг баримтыг Пүрэвнамжилд буцаан өгч Пүрэвнамжилаас авсан 800,000 төгрөгийг өөрийн зүгээс Пүрэвнамжилд төлж барагдуулсан. Д.Цгоос Пүрэвнамжилын 800,000 төгрөгийг аваагүй...” гэх /1 дүгээр хавтаст хэргийн 26-27 дугаар тал/,

Гэрч Ч.Мөнхдүүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Одоогоос 4 жил орчмын өмнө манай төрсөн эгч Мөнгөнчимэг залгаад үздэг хүн байна гээд Ц гэдэг хүнийг анх танилцуулж байсан. Би Ц гэх хүнд үзүүлэхээр 4 жил орчмын өмнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургалтын 526 тоотод очиж өөрийгөө үзүүлэхэд махлаг намхан Д.Ц гэх эмэгтэй байсан. Намайг үзэж дуусаад чамайг манай гандангаас хөнгөлөлттэй байранд гэгээнтний ах учраас “Хангай” хотхонд оруулж өгнө гэж 750,000 төгрөг өгчих гээд цаашдаа ямар ч мөнгө өгөлгүй тухайн байрыг чамд өгье гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд тухайн үзүүлсэн өдрөө Д.Ц гэх хүнд 750,000 өгсөн..., ...манай эгч Мөнгөнчимэг надаа 750,000 төгрөгийг буцааж өгсөн одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх /1 дүгээр хавтаст хэргийн 44 дүгээр тал/,

Гэрч Б.Пүрэвнамжил мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Одоогоос 4 жил орчмын өмнө манай хамаатны эгч Мөнгөнчимэг над руу залгаад АНУ руу сургуульд суралцахаар явах боломжтой байна сонирхох уу гэж асуухаар нь би тэгье гэж хэлтэл хэд хоногийн дараа Мөнгөнчимэг эгч надтай холбогдоод урьдчилгаа болгож гадаад паспортоо 800,000 төгрөгтэй хамт өгчих гэж хэлэхээр нь энэ юунд хэрэглэх мөнгө вэ гэж асуухад очоод байр, эрүүл мэндийн даатгалын шимтгэлд оруулах мөнгө гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөд өөрийн гадаад паспорт иргэний үнэмлэхээ мөнгөний хамт өгсөн ингээд би 4 cap орчим хүлээсэн бөгөөд нэлээн удаан хүлээсэн боловч миний виз гараагүй бөгөөд 1 жил орчим хүлээж байгаад болихоор шийдэж..., ...Мөнгөнчимэг эгчээс мөнгөө буцааж авсан...” гэх /1 дүгээр хавтаст хэргийн 46 дугаар тал/,

Иргэний нэхэмжлэгч А.Тэмүүжин мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Д.Ц гэх хүний барьцаалсан эд хөрөнгийн хүү авсан мөнгөтэй хамт тооцогдож өнөөдрийн байдлаар 914,400 төгрөг болж байна. Цагдаагийн байгууллагаас гэрээнд заасан үүргийг гүйцэтгүүлэхээр алтан бөгжийг хураан авсан тул холбогдох этгээд өөрийн барьцаалсан эд хөрөнгийн барьцаалсан хүүний дүнг төлөх шаардлагатай байна...” гэх /1 дүгээр хавтаст хэргийн 60 дугаар тал/,

“DAMNO” ХХК-ны 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн №ЧД1/22/303 дугаартай “...алтан бөгж 3,466,585 /гурван сая дөрвөн зуун дөчин зургаан мянга таван зуун наян таван төгрөг/ ” гэсэн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 88-89 дүгээр тал/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, гэж шүүх үнэлэв.

Гэм буруутайд тооцох тухайд

Шүүгдэгч Д.Ц нь өөрийгөө үзмэрч гэж “танай хүү Отгонбаяр гэгээнтнээр тодорсон” хүүг чинь манай багш байранд оруулж өгнө, хүүг чинь гэгээнтэн болгохоор гадаадаас хүмүүс ирсэн тэд нарын байрлах газар, хоол ундны мөнгө хэрэгтэй, мөн охин Идэрчимэг, дүү Б.Пүрэвнамжил нарыг Америк руу сургуульд оруулж өгнө, дүү Ч.Мөнхдүүрэнг чинь үнэгүй байранд оруулж өгнө гэж тус тус Т.Мөнгөнчимэгийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2017 оны 04 сараас 2021 оны 06 дугаар сарын хооронд үргэлжилсэн үйлдлээр бэлнээр болон дансаар нийт 73,852,450 төгрөгийг шилжүүлэн авч залилж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:  

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөртэй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж үргэлжилсэн үйлдлээр их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цд оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

Шүүгдэгч Д.Цд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолов.

Хохирол хор уршгийн зүйлийн талаар

Шүүгдэгч Д.Цгоос нийт 64,569,350 төгрөг гаргуулан ЧД-ийн 7 дугаар хороо хувьсгалчдын Г-753 тоотод оршин суух, Боржигон овогтой Төмөрбаатарын Мөнгөнчимэг /НБ72100201/-д 63,654,950 төгрөг,

Иргэний нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, “Happy town” хотхон 72А-174 тоотод оршин суух, Алтангэрэлийн Тэмүүжин /РД: МЭ90122710/-д 914,400 төгрөг тус тус олгуулахаар шийдвэрлэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлон ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Дашжамцын Цг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, үргэлжилсэн үйлдлээр, их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.  

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Цгоос нийт 64,569,350 төгрөгөөс ЧД-ийн 7 дугаар хороо хувьсгалчдын Г-753 тоотод оршин суух, Боржигон овогтой Төмөрбаатарын Мөнгөнчимэг /НБ72100201/-д 63,654,950 төгрөг,

Иргэний нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, “Happy town” хотхон 72А-174 тоотод оршин суух, Алтангэрэлийн Тэмүүжин /РД: МЭ90122710/-д 914,400 төгрөг тус тус олгосугай.

 

6. Шүүгдэгч Д.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                П.АРИУНБОЛД