Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар  2022/ШЦТ/474

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүгдэгч Ш.Ш,

нарийн бичгийн даргаар Ч.Алтнай,

улсын яллагч О.Нандинцэцэг нарыг оролцуулан эрүүгийн 2211004520993  дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Баян-Овоо овогт Шийнэнгийн Ш, /РД: ЕК80091978/,

Монгол Улсын иргэн, 1980 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Дорноговь аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эцэг, эх, хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Мобикомын гудамжны 2-06 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Шийнэнгийн Ш нь 2022 оны 02 дугаар сарны 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 03 дугаар хороо, Улаанбаатар Их дэлгүүрийн ойролцоогоос “Samsung А71” маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшлийн гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш 600,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Шийнэнгийн Ш нь 2022 оны 02 дугаар сарны 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 03 дугаар хороо, “Улаанбаатар Их” дэлгүүрийн ойролцоогоос “Samsung А71” маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшлийн гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш буюу 600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч Ш.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв

Шүүгдэгч Ш.Ш мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 03 дугаар сарын эхээр “Улаанбаатар” их дэлгүүрийн ертөнцийн зүгээр хойд талд явган алхаж байсан. Тэгтэл авто замын хажууд “Самсунг А-71” загварын хар өнгийн гар утас хэвтэж байсан. Тэгэхээр нь тэр утсыг аваад ойр орчим хүн амьтан байна уу гэж харж байгаад халаасандаа хийгээд аваад явсан. Тэр утсыг олчхоод удаагүй байхад манай ээжийн дүү болох Алтанзаяа эгч би өөрийн утасныхаа дэлгэцийг хагалчихсан утасгүй байна гэхээр нь надад олсон утас байгаа тэрийг түр барьж бай гээд өгсөн. Тэгээд тэр “Самсунг А-71” утсыг эгчдээ бариулаад хэсэг хугацаа өнгөрсний дараа Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас залгаж дуудаж мэдэгдсэн юм...” гэх /хавтаст хэргийн 37-р тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 07 дугаар тал/,

Хохирогч Д.Ганзориг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр өөрийн найз болох Уртнасантай уулзах гээд гэрээсээ 19 цагийн орчимд гараад 13 дугаар хорооллоос дээш Сансар луу алхсан. Тэгээд “Кемпински” зочид буудлын хажууд байдаг “Голомт” банкны ойролцоо найзтайгаа уулзаад бид хоёр “Их дэлгүүр” орох санаатай такси барьсан. Тухайн машин нь саарал өнгийн жижиг акуа загварын машин байсан. Ингээд би найзын хамт “Улсын их” дэлгүүрийн пянзны дэлгүүрийн харалдаа буусан бөгөөд тэндээсээ алхсаар хүүхдийн 100 дээр очоод гар утсаа үзтэл гар утас маань байхгүй байсан. Тухайн тээврийн хэрэгслийг 35-36 орчим насны залуу жолоодон явж байсан. Би өөрийн гар утсаа хулгайд алдаагүй, тухайн таксинд үлдээсэн байх. Хамгийн сүүлд такси дотор оролдож байгаад халаасандаа хийсэн бөгөөд халааснаас буух үед унасан юм шиг байна лээ” гэх /хавтас хэргийн 15-16 дугаар тал/,

Гэрч Г.Алтанзаяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би өөрийн 96963646 гэсэн дугаарыг 358680108467140 гэсэн имэй дугаартай гар утсанд ашиглаж хэрэглэж байгаа бөгөөд тухайн гар утасны марк нь “Samsung А71” байсан. Тухайн гар утсыг манай төрсөн эгч Г.Дуламсүрэнгийн хүү Ш.Ш нь надад өгсөн. Тухайн үед миний гар утасны дэлгэц нь хагарсан, утасгүй байсан тул Шоос асууж байгаад гар утсыг хэрэглэсэн” гэх /хх-ийн 21 дугаар хуудас/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 29-30 дугаар тал/,

“Мобиком” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 4/3277 дугаартай албан бичиг, түүний хавсралт /хавтаст хэргийн 48 дугаар тал/,

 “Unitel” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 05-01/2803 дугаартай албан бичиг, түүний хавсралт /хавтаст хэргийн 47 дугаар тал/,

эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 10-11 дүгээр тал/,

хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол /хавтаст хэргийн 57-р тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Шүүгдэгч Ш.Ш нь 2022 оны 02 дугаар сарны 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 03 дугаар хороо, “Улаанбаатар Их” дэлгүүрийн ойролцоогоос “Samsung А71” маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшлийн гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Ш.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй гэх санал гаргав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг заасан. Тус зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад: “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад: “учруулсан хохирлыг төлсөн” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Ш.Шод Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны зарчмыг баримтлан дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон хохирогчийн хайнга байдал зэргийг нь тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оногдуулах ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Хохирол хор уршигийн талаар:

Хохирогчийн Д.Ганзоригийн: “...утсаа хүлээн авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх тул шүүгдэгч Ш.Шыг бусдад төлөх төлбөргүй гэж  үзлээ. 

 

Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Баян-Овоо овогт Шийнэнгийн Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшлийн гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Ш.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оногдуулах ялаас чөлөөлсүгэй.

 

3. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ш.Шод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ               П.АРИУНБОЛД