Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2021/0002

 

 

 

 

 

 

 

2020         12             24                                    128/ШШ2021/0002           

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “О***на ***ин” ХХК /РД:52*****/

Хариуцагч: СХДЗД

Хариуцагч: СХДИТХТ

Гуравдагч этгээд: “Хан*******” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “...СХДИТХТ-ийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/06 дугаар тогтоолын дагуу холбогдох шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, дээрх тогтоолыг биелүүлэхийг даалгах тухай”

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: “...СХДИТХТ-ийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ний өдрийн А/06 дугаартай тогтоол илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн өмгөөлөгч Э.Ж, хариуцагч СХДИТХТ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч СХДЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.Б, гэрч А.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ёндон  нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани 2009 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр ОХУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар байгуулагдаж, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны Эмээлт өртөөний нутаг дэвсгэрт “Олон улсын худалдаа-логистикийн төв” байгуулах зорилгоор нэгж талбарын 18*******, нэгж талбарын 18*******, нэгж талбарын 18******* дугаартай газруудын кадастрын зургийг тус дүүргийн газрын албаар 2012 оны 2 дугаар сарын 1-ний өдөр хийлгэж, дүүргийн Засаг даргын захирамжаар нэгж талбарын 58/5662 дугаар бүхий 31.2 га газрыг (тухайн үед) худалдаа үйлчилгээний /эмээлтэд/ зориулалттайгаар ашиглах эрхийн гэрчилгээг олгож, гэрээ байгуулан Нийслэлийн Газрын мэдээллийн санд бүртгүүлсэн. Бидний хийж гүйцэтгэж буй ажилд манай компаниас үл хамаарах дараах нөхцөл байдал үүссэний улмаас тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно.

  1. Урьдчилан тодорхойлох зайлшгүй шаардлагатай нөхцөл:

            Тухайн үед Эмээлт өртөөнөөс өөрийн худалдааны төв рүү салбар төмөр зам тавихаар төлөвлөж, зургийг Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газраар батлуулсан манай компанийн ашиглах эрхтэй, нэгж талбарын 18******* дугаартай 21307 кв.м зурвас газрын 0.3 га талбай руу “Хан*******” ХХК нь блокон хашаагаа оруулан барьж, маргаан үүсгэсэн учир Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, тус шүүхээс геодезийн “Геоценоз” ХХК-ийг томилон газар дээр нь хэмжилт хийж, Нийслэлийн газрын мэдээллийн санд бүртгэлтэй кадастрын зургийг шалгаж үзээд 2016 оны 9 дүгээр сарын 9-нд “тус 0,3 га газар нь “Хан*******” ХХК-ийн газартай давхцалгүй, “О***на ***ин” ХХК-ийн ашиглах эрхтэй газар юм” гэдгийг тодорхойлсон дүгнэлт гарсан. Энэхүү дүгнэлтийн дараа “Хан*******” ХХК нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Энэхүү нэхэмжлэлтэй холбоотойгоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/0362 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 сарын 27-ны өдрийн 221/МА2017/0540 дугаартай магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны11 дүгээр сарын 01-ний өдрийн 422 дугаартай тогтоолоор “Кадастрын зураглал бас газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3 дахь хэсэгт заасныг баримтлан “Хан*******” ХХК-ийн эзэмших эрх бүхий 70000 м.кв газрыг хуулиар олгосон эрх, үүргийнхээ хүрээнд кадастрын мэдээллийн санд бүртгэхийг Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд даалгаж, СХДЗД-ын 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11, мөн оны 05 сарын 11-ний өдрийн 152 дугаар захирамжуудын “О***на ***ин” ХХК-д холбогдох хэсэг болон 2012 оны 01 дүгээр сарын 30, 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрүүдийн “О***на ***ин” ХХК-тай байгуулсан газар ашиглуулах гэрээнд холбогдох нэгж талбарын 18******* дугаартай 21307 м.кв талбайд холбогдох хэсгийг дахин шинэ акт гартал 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй...” гэж эцэслэн шийдвэрлэсэн байдаг.

Дээрх шүүхийн эцсийн шийдвэрийг 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Сонгинохайрхан дүүргийн 176-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч А.О 11/1571 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагааг “Хан*******” ХХК-ийн эзэмших эрхтэй 7 га газрыг маргаантай байсан 0,3 га газартай давхцуулалгүй урагш сунгаж, шинэ кадастрын зургийг мэдээллийн санд бүртгэв гэж шийдвэрлэн хаасан.

Ингээд манай компанийн зүгээс маргаантай байсан 0,3 га газар шүүхийн шийдвэрээр чөлөөлөгдсөн учир “манай компанийн ашиглах эрхтэй байсан 0,3 га газрыг буцаан олгож өгнө үү” гэсэн хүсэлтийг Сонгинохайрхан дүүргийн газрын албаны дарга Х.А болон Засаг дарга Ж.С нарт удаа дараа гаргахад тодорхойгүй шалтгааны улмаас нэг ч хариу өгөөгүй байдаг.

  1. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн тайлбар:

Дээрх нөхцөл байдал нэг мөр шийдвэрлэгдсэнтэй холбогдуулан компанийн зүгээс төрийн эрх бүхий харьяа байгууллагуудад 0,3 га газрыг ашиглах эрхийг сэргээж өгөх тухай хүсэлтүүдийг гаргасны дагуу 2020 оны 1 дүгээр сарын 30-ний өдөр СХДИТХТ-ийн хуралдаанаас А/06 дугаар “Газар ашиглуулах эрх олгох тухай” тогтоолыг гаргасан байдаг.

Тус тогтоолоор дараах асуудлыг шийдвэрлэсэн байдаг. Үүнд:

  1. Тус дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт аж ахуйн зориулалтаар “О***на ***ин” гадаадын хөрөнгө оруулалттай компанид 3338 м2 газрыг 5 жилийн хугацаатай ашиглуулахыг зөвшөөрсүгэй.
  2. “О***на ***ин” ХХК-д газар эзэмшүүлэх гэрээг хууль тогтоомжид заасан журмын дагуу байгуулж, хамтран ажиллахыг дүүргийн Засаг дарга /Ж. С/-д үүрэг болгосугай.
  3. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хурлын дэргэдэх Хот байгуулалт, байгаль экологи, газрын асуудал эрхэлсэн хороо /Б.Б/-д даалгасугай

Дээрх СХДИТХТ-ийн хуралдааны А/06 дугаар тогтоолыг нэхэмжлэгч байгууллага нь өөрсдөөс үл хамаарах шалтгаанаар 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр бичгэн хэлбэрээр хуулбарлуулан хүлээн авсан байдаг. (жич: Сонгинохайрхан дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн цахим сайтад түүний тэргүүлэгчид, төлөөлөгчдийн хурлын тогтоолыг 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш нээлттэйгээр мэдээллийн санд оруулаагүй байдаг.)

Ийнхүү тус тогтоолын хэрэгжилттэй холбоотойгоор СХДЗД-аас ямар нэгэн үйлдэл хийхгүй байсан учир 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №020/003 дугаар албан тоот бичгээр СХДЗД-д мөн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №020/002 дугаар албан тоот (Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Хот байгуулалт, байгаль экологи, газрын асуудал эрхэлсэн хорооны дарга Б.Б-д манай компанийн нэр дээр А/06 дугаар тогтоолд заасан газрын ашиглах эрхийн гэрчилгээг гаргаж, холбогдох гэрээг байгуулахыг хүссэн.

СХДЗД-д хүсэлт гаргасантай холбоотой ямар нэгэн байдлаар уг хүсэлтийг шийдвэрлэх боломжтой эсвэл боломжгүй талаар хариу ирүүлдэггүй. Харин нэхэмжлэгчид зөвхөн “2020 оны 3 сарын 24-ний Сонгинохайрхан дүүргийн Тамгын газраас тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн албан тоотын хуулбар” гэх албан бичгийг ирүүлсэн. Үүнээс хойш ямар нэгэн байдлаар шийдвэрлэсэн хариу байхгүй байсан тул 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн №020/004 дугаар албан тоотоор Нийслэлийн Засаг даргад хандсан.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.У-аас 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 03/2608 дугаар албан тоотоор “СХДЗД-ын Тамгын газар”-т гомдлыг шийдвэрлүүлэхээр хүргүүлсэн байдаг.

Дээрх гомдлыг шийдвэрлэх хугацаанд манай компанийн зүгээс Сонгинохайрхан дүүргийн Газрын албатай очиж уулзахад “танай хүсэлтийг шийдвэрлэхгүй гэж Засаг дарга хэлсэн” хэмээн хариуг амаар өгдөг.

Иймд манай компанийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4-т заасны дагуу “Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/06 дугаар тогтоолын дагуу холбогдох шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, дээрх тогтоолыг биелүүлэхийг даалгах тухай" нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

  1. Нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн тухайд:

Захиргааны шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.1-51.2.7-д заасан нөхцлийг нэхэмжлэгчийн зүгээс дараах байдлаар ханган хүргүүлж байна. Үүнд:

-Нэхэмжлэлийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52.5-д заасан нөхцлийг дараах байдлаар хангуулж хүргүүлж байна. Үүнд:

Тус хуулийн 52.5.1-д заасан шаардлагын тухайд: “хариуцагч байгууллагын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргахыг даалгах” шаардлага гаргасан. Үүнтэй холбоотой “нэхэмжлэгч байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхол дараах байдлаар зөрчигдөж байна.

  • Нэхэмжлэгч байгууллага нь 2012 оноос 2015 оны хооронд “Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газраар ерөнхий төлөвлөгөөгөө батлуулж, Зам, тээврийн хөгжлийн яамнаас салаа төмөр зам тавих зөвшөөрөл авч, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгтэй хамтран Эмээлт өртөөнөөс өөрийн худалдааны төв рүү салбар төмөр зам тавих ажлыг хийж явсан ба 2015 оныг хүртэл худалдааны төв, авто-засварын төвийн барилгын ажлыг 70 хувь, салбар төмөр зам тавих ажлыг 90 орчим хувьтай хийж гүйцэтгэж, 14 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, төвийн шугамтай холбогдоогүй Эмээлт өртөөнд өөрсдийн хүчээр цэвэр бохир усны систем, уурын зуух, өндөр хүчдэлийн трансформатер, гаалийн бүс байгуулахаар ажиллаж байсан. Өнөөдрийн байдлаар 14 тэрбум гарсан хэмжээний хөрөнгө оруулалтыг хийж байсан ажлууд маань уг асуудалтай холбоотойгоор зогссон. Мөн түүнчлэн зогссонтой холбоотой манай компанийн зүгээс ихээхэн хэмжээний алдагдлыг өнөөдрийг хүртэл хугацаанд хүлээсээр байна.
  • Хариуцагч байгууллагын энэ хариуцлагагүй үйлдэл нь бусад этгээдтэй нэг бол ашиг сонирхлын харилцаанд орсон эсхүл ажлаа мэддэггүй, үүнээс нь болж хичнээн хэмжээний хүмүүс (манай байгууллагад ажиллах хүмүүс, бүтээн байгуулалтад оролцох байгууллагууд) хохирч байгааг ойлгохгүй байгаа нь нэхэмжлэгч байгууллага болон түүний хамтран ажилладаг байгууллага, ажилтнуудын эрх ашиг зөрчигдсөөр байна.
  • Нэхэмжлэгч байгууллагын хувьд Газрын тухай хуулийн 6.3-т “Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харъяалалгүй хүн тодорхой зориулалт, хугацаа, болзол, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу газар ашиглагч байж болно” гэж заасны дагуу дээр дурдсанчлан холбогдох төрийн эрх бүхий байгууллагуудаас хууль тогтоомжид заасны дагуу холбогдох зөвшөөрлүүдээ авч тодорхой зориулалт (салбар төмөр зам тавих, Эмээлт өртөөнд өөрсдийн хүчээр цэвэр бохир усны систем, уурын зуух, өндөр хүчдэлийн трансформатер, гаалийн бүс байгуулах ажил), хугацаа (5 жил), болзол (гэрээнд заасан зориулалтаар), гэрээний үндсэн дээр газар ашиглах эрхээ хэрэгжүүлэх хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хангасан тухайд:

-2020 оны 1 дүгээр сарын 30-ний өдөр СХДИТХТ-ийн хуралдаанаас А/06 дугаар "Газар ашиглуулах эрх олгох тухай” тогтоолыг гаргасан. Уг тогтоолыг нэхэмжлэгч байгууллага нь бичгээр 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр авсан байдаг. Ийнхүү тогтоол гарсан өдрөөс хойш авсан нь нэхэмжлэгч байгууллагын буруутай үйл ажиллагаанаас хамаараагүй ба эрх бүхий байгууллага бичгээр албажуулан гаргасан хугацаанд л хүлээн авсан байдаг.

-Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлд заасан Захиргааны актад гомдол гаргах журмыг хэрэгжүүлсэн хангасан гэж үзэж байгаа.

  • А/06 дугаар тогтоолыг 2020 оны 02 дугаар сарын 17-нд гардан авсан.
  • 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр тогтоолыг Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-т “орон нутгийн өмчийн талаар” дараах бүрэн эрхийг хэрэгжүүлэх ба тус заалтын в-д "орон нутгийн нийтийн зориулалттай өмчийн зүйлсийг хуульд заасан нөхцөл. журмын дагуу иргэн /Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн/, орон нутгийн бусад өмчийн хуулийн этгээдэд эзэмшүүлэх, ашиглуулах;” эсэх асуудлыг шийдвэрлэхээр заасан байдаг. Энэ нь нэхэмжлэгч этгээдийн хүсэлтийг Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/06 дугаар тогтоолоор газар ашиглахыг зөвшөөрсөн байдаг. Ийнхүү тус тогтоолын дагуу мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын в/-д "хууль тогтоомж, Хурлын шийдвэрийг үндэслэн тухайн нутаг дэвсгэрийн тусгай хэрэгцээний газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулах тухай шийдвэр гаргах:” гаргах эрхтэй болохыг тодорхойлсон байдаг эрхээ шууд хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй гарсан тул Засаг даргад гомдол гаргасан.
  • Үүний дагуу 2020 оны 3 сарын 24-ний Сонгинохайрхан дүүргийн Тамгын газраас тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн албан тоотын хуулбарыг ирүүлсэн байдаг. Энэхүү албан тоотын дагуу ямар нэгэн ажиллагаа 30 хоногийн хугацаанд хийгдээгүй.
  • Дээрхээс улбаалан 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн №020/004 дугаар албан тоотоор дээд шатны удирдлага болох Нийслэлийн Засаг даргад хандсан. 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр нь хандсан учир нь 2020 оны 04 дүгээр сарын 25, 26-ны өдөр нь Бямба, Ням гараг буюу нийтээр амрах буюу төрийн байгууллага амардаг өдөр байсан тул түүний дараах өдөр гаргасан болно.
  • 2020 оны 5 сарын 20-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас СХДЗД-ын Тамгын газарт хүргүүлсэн 03/2608 гомдол шийдвэрлүүлэх тухай албан тоотын дагуу мөн л адил хариуцагч нь хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхгүй эс тоож ямар нэгэн шийдвэр гаргахгүй хэмээсэн учир нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Дээрх он цагийн дараалал түүнд хамаарах нотлох баримтууд нь нэхэмжлэгч байгууллага нь ямар нэгэн байдлаар урьдчилан шийдвэрлүүлж болох бүхий л арга хэмжээг өөрсдийнхөө зүгээс авсан байдаг тул хуульд заасан нэхэмжлэл гаргах эрх үүссэн билээ.

-СХДЗД /Ж.С/-ын үйлдэл нь эс үйлдэхүй болох тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д зааснаар “ Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно" гэж заасан байдаг. Тус хуулийн зохицуулалтаар 1-рт хариуцагч байгууллага нь өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч болон түүний дээд шатны удирдлагаас ирүүлсэн хүсэлт, үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байгаа буюу шийдвэрлэхгүй байгаа үйлдэл нь эс үйлдэхүй болно. Энэхүү эс үйлдлийн улмаас нэхэмжлэгч байгууллагын өнөөдрийн байдлаар 14 тэрбум гаран төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан төсөл хөтөлбөр бүрэн зогсонги байдалд орж нэхэмжлэгч хуулнйн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4-т зааснаар СХДЗД (Ж.С)-ын Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг биелүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хуульд заасан дүрэм журмын дагуу хангаж шийдвэрлэж өгнө гэдэгт гүнээ итгэж байна” гэжээ.

Хариуцагч СХДЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь СХДИТХТ-ийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/06 дугаар тогтоолын дагуу холбогдох шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, дээрх тогтоолыг биелүүлэхийг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

СХДЗД-ын 2012 оны 11 дүгээр захирамжаар “М*******“ ХХК-ийн эзэмшлийн 312000 м.кв газрыг “О***на ***ин” ХХК-д шилжүүлэн 5 жилийн хугацаатай худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн бөгөөд “Хан*******” ХХК-ийн 2002 оноос хашаа хатган эзэмшиж байгаа газартай 21307 м.кв талбайгаар давхцсан гэсэн үндэслэлээр “Хан*******” ХХК нь 2017 онд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/0362 дугаар шийдвэр, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны 211/МА2017/0540 дүгээр магадлал, Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 422 дугаар тогтоолоор кадастрын зургийг мэдээллийн санд бүртгэхийг даалгаж, дахин шинэ акт гартал дүүргийн Засаг даргын “О***на ***ин” ХХК-д газар ашиглуулах 2012 оны 11, 152 дугаар захирамжуудын 21307 м.кв талбайд холбогдох хэсгийг 6 сарын хугацаатай түдгэлзүүлж, шинэ акт гараагүй тохиолдолд маргаан бүхий газартай холбогдох хэсгийг хүчингүй болгож бусад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь 2018 оны 05 дугаар сарын 18-нд “Хан*******” ХХК-ийн газрын кадастрын зургийг мэдээллийн санд 70000 м.кв-аар бүртгэсэн байна. гэвч уг бүртгэл нь мэдээллийн сангийн бүртгэлийн программ 2019 онд шинэчлэгдсэнтэй холбогдон хадгалагдаагүй байсныг 2020 онд дахин бүртгэж зөрчлийг арилгасан байна.

Дүүргийн Газар зохион байгуулалтын алба “Хан*******” ХХК-ийн 70000 м.кв газрын кадастрын зургийг мэдээллийн санд бүртгэхдээ тус компанийн зүгээс зураг ирүүлээгүй, хоёр тал удаа дараа гомдол гаргасан учир маргаан бүхий 21307 м.кв газрыг төрийн мэдэлд авч бүртгэсэн байна.

“О***на ***ин” ХХК-ийн зүгээс 2018 оноос эхлэн уг маргаан бүхий газрыг ашиглуулахаар олгож өгөхийг буюу өөрсдийн нь тайлбарлаж буйгаар эргүүлж өгөхийг удаа дараа шаардсан гомдол, хүсэлтийг дүүргийн Засаг дарга, Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Засаг даргад гаргаж тухай бүрд нь хариуг өгч байсан.

“Хан*******” ХХК нь уг маргаан бүхий газрыг “О***на ***ин” ХХК-д олгох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, Газрын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид нийцэхгүй бөгөөд “О***на ***ин” ХХК-д газар эзэмших ашиглах эрх олгосон тохиолдолд шүүхэд хандана гэсэн агуулга бүхий албан бичгүүдийг 2018, 2019, 2020 онуудад удаа дараа ирүүлснийг тухай бүрт хариу өгч шийдвэрлэж байсан болно.

“О***на ***ин” ХХК нь уг газрыг ашиглах хүсэлтийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд гаргасны дагуу Тэргүүлэгчдийн 2020 оны А/06 дугаар тогтоолоор 3338 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар “О***на ***ин” ХХК-д ашиглуулахаар шийдвэрлэж дүүргийн Засаг даргад хамтран ажиллаж гэрээ байгуулахыг үүрэг болгосон.

Дүүргийн Засаг даргын зүгээс иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолыг биелэлтийг хангах ажлын хүрээнд “Хан*******” ХХК нь “О***на ***ин” ХХК-ийн төлөөлөл, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны удирдлагын хамт уулзаж маргааныг шийдвэрлэхийг хүссэн боловч газартай холбогдуулан удаа дараа гомдол гаргасан хоёр тал газрын маргаанаа эцэслэн шийдвэрлээгүй зөвшилцөлд хүрээгүй билээ.

Дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/06 дугаар тогтоолын дагуу “О***на ***ин” ХХК-д 3338 м.кв газар ашиглах эрх олгох дүүргийн Засаг даргын захирамжийн төслийг холбогдох материалын хамт ирүүлснийг хянаж үзээд “О***на ***ин” ХХК-ийн ашиглах хүсэлт гаргасан газар дээрх “Хан*******” ХХК-ийн эзэмшлийн блокон хашааны асуудлыг шийдвэрлүүлэхээр дүүргийн Газар зохион байгуулалтын албанд захирамжийн төслийг холбогдох материалын хамт буцаасан болно.

СХДЗД нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйл, Газрын тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхгүй эс үйлдэхүй гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хавсралтаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/06 дугаар тогтоолыг хүргүүлэв” гэжээ.

Гуравдагч этгээдээс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “О***на ***ин” ХХК-ны нэхэмжлэлтэй, СХДЗД-д холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд манай компанийг гуравдагч этгээдээр татан оролцуулсанд талархал илэрхийлье.

Учир нь энэхүү хэрэг маргааныг бид мэдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй бол манай хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хор хохирол учруулахуйц, нэхэмжлэгч хариуцагч нарын хуйвалдааны шинж чанартай шүүх хуралдаан болж өнгөрөх байсан гэж үзэж байна. Ингэж дүгнэх тодорхой үндэслэл, шалтгаан бий. Гуравдагч этгээдэд хуулиар олгогдсон эрхийн дагуу хавтаст хэргийн материалтай танилцаад дараах хариу тайлбарыг өгч байна.

Нэг. Сонгинохайрхан   дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Газар ашиглуулах эрх олгох тухай А/06 тогтоолоор “О***на ***ин” ХХК-нд 3338 м.кв газрыг 5 жилийн хугацаатай ашиглуулах, газар эзэмшүүлэх гэрээг хууль тогтоомжид заасан журмын дагуу байгуулахыг Засаг даргад даалгасан захиргааны акт гаргажээ. Ийм захиргааны акт гарсныг урьд нь огт мэдээгүй бөгөөд дүүргийн иргэдийн хурал, Засаг даргын тамгын газар, Газар зохион байгуулалтын албанаас манайд мэдэгдэж танилцуулаагүй актыг хэргийн материалаас анх олж үзлээ.

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол үндэслэлгүй, илт хууль бус захиргааны акт мөн болохыг дор дурьдсан үндэслэлүүдээр тайлбарлая. Үүнд;

а/Монгол улсын "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн 18 дугаар зүйлд Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй гэж заасан. Тогтоолын үндэслэл болгосон 8.1.2 з/нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үржил шимийг нь дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах бусад арга хэмжээний цогцолбор хөтөлбөрийг батлах; 20.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчид энэ хуулийн 18.1.1 “е”, 18.1.1."ж", 18.1.2.”г”, 18.1.2.ж", 18.1.2.з”, 18.1.3 “в”, 18.1.3 “г”, 18.1.3.”ж”, 18.1.3.”з”, 18.1.3.”к”, 18.1.3.”л", 18.1.3."н”-д заасан Хурлын бүрэн эрхийг Хуралд дараа тайлагнахаар Хурлын чөлөө цагт хэрэгжүүлж болно. 25.1.Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална.

б/ “Газрын тухай" хуулийн 6 дугаар зүйлийн б.З. Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харьяалалгүй хүн тодорхой зориулалт, хугацаа, болзол, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу газар ашиглагч байж болно.44.5.Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид энэ хуулийн дагуу газрыг тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглуулах бөгөөд уг хугацааг , засгийн газар тогтооно.44.8.Газар ашиглах тухай хүсэлт гаргах, түүнийг хянаж шийдвэрлэх газар ашиглах гэрээний агуулгыг тогтоох, түүнийг байгуулахад энэ хуулийн 32, 33.1.2, 33.2, 33.5, 34.1-34.5, 34.6.1-34.6.8, 34.6.10, 34.6.11, 34.7-34.10-д заасан журмыг баримтална.

в/ “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийн 12.1.1.газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах гэж гадаадын хөрөнгө оруулагч нарт үзүүлэх татварын бус хөрөнгө оруулалтын дэмжлэгийн талаар тус тус заажээ.

Эдгээр заалтууд тогтоолын хууль зүйн үндэслэл болж чадахгүй юм.

Мөн “О***на ***ин” ХХК өөрийн нэхэмжлэл, тайлбартаа дүүргийн иргэдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолыг “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-ийн “в”-д заасан орон нутгийн өмчийн эрхийн хүрээнд гаргасан шийдвэр хэмээн хамгаалсны зэрэгцээ , Засаг . даргыг мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын “в” “хууль тогтоомж, Хурлын шийдвэрийг үндэслэн тухайн нутаг дэвсгэрийн тусгай хэрэгцээний газрыг иргэн, аж ахуйн нэгж .байгууллагад ашиглуулах тухай шийдвэр гаргах” үүрэгтэй боловч энэ үүргээ хэрэгжүүлэхгүй эс үйлдэл гаргасан гэж буруутгасан нь үндэслэлгүй юм. Дээрхи хуулийн 18.1.3-ийн “в” Орон нутгийн нийтийн зориулалттай өмчлөлийн зүйлсийг хуульд заасан нөхцөл журмын дагуу иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэх, ашиглуулах тухай заалтад “газар” хамаарахгүй бөгөөд “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай” хуулийн 4 дүгээр зүйлд төрийн нийтийн зориулалттай өмчид иргэдэд өмчлүүлснээс бусад бүх газар хамаарна гэж тодорхой заасан байна. Мөн хуулийн 74 дүгээр зүйлд орон нутгийн өмчийн зүйл нь эд хөрөнгийн шинж чанартай байхыг заасан ба Засаг даргад хамаарах 29.1.3 заалт нь зөвхөн “тусгай хэрэгцээний газар”-ыг ашиглуулах тухай өөр ойлголт юм. Энэ хэрэг маргааны хувьд 3338 м.кв газрыг “тусгай хэрэгцээнд” авсан шийдвэр байхгүй. Газрыг тусгай хэрэгцээнд авах үндэслэл, журмыг “Газрын тухай” хуульд зохицуулсан билээ.

“Газрын тухай” хуулийн 20 дугаар зүйлд “Дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэн батлах” гэх мэтчилэн газрын харилцааны талаар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын эдлэх эрхийг тодорхой заасан бөгөөд хуулийн 32, 33 дугаар зүйлүүдэд газар эзэмших хүсэлт гаргах, газар эзэмшүүлэх шийдвэр гаргах субъект, түүний эрх үүргийг тодорхой заасан байдаг. Газар олгох эрх нь Засаг даргын чиг үүрэгт хамаарах асуудал бөгөөд тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газрыг дуудлага худалдаа.төсөл сонгон шалгаруулах аргаар олгох зохицуулалттай.

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид тогтоол гаргахдаа өөрийнх нь эрх үүрэгт шууд хамааралгүй , хууль зүйн хувьд өөр утга агуулгатай, голчлон Засаг даргын эрх үүрэгт хамааралтай хэм хэмжээ тогтоосон заалтуудыг иш үндэс ^олгон илт хууль бус захиргааны акт гаргасан гэж үзэж байна. Хуулийн заалт маш ойлгомжтой байхад нутгийн өөрөө удирдах байгууллага зориуд ийм акт гаргасан, “О***на ***ин” ХХК илт хууль бус актыг мэдсээр байж хууль бус тогтоолыг биелүүлэхийг Засаг даргад даалгуулахаар нэхэмжлэл гаргасанд харамсаж байна.

Монгол улсын Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд Захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмуудыг тодорхой заасан бөгөөд тухайлбал 4.2.1 Хуульд үндэслэх, 4.2.5 шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6 бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах талаар заасан. Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, 47.1.6 иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй бол тухайн захиргааны актыг илт хууль бус актад тооцно. 47.2 илт хууль бус акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна гэж тус тус заасан байдаг.

Бид гуравдагч этгээдийн хувиар илт хууль бус захиргааны актыг олж мэдсэн даруйд шүүх хуралдаан болохоос өмнө 2020 оны 9 дүгээр сарын 08-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.М*******ийн нэр дээр “Захиргааны актыг хүчингүй болгуулах" хүсэлтийг албан бичгээр хүргүүлсэн боловч хариу ирүүлсэнгүй.

Хоёр: Тогтоолд дурдсан 3338 м.кв газар нь “Хан*******” ХХК 2002 оноос хойш хуульд заасан журмын дагуу эзэмшиж байгаа 70000 м.кв газрын салшгүй г хэсэг бөгөөд манай эзэмшлийн газраас 3338 м.кв газрыг “О***на ***ин” ХХК-нд давхардуулан олгосон асуудлаар манай компани Захиргааны хэргийн шүүхэд гомдол нэхэмжлэл гаргасныг гурван шатны шүүхээр хянан хэлэлцээд манай нэхэмжлэлийн шаардлагыг хангах, гуравдагч этгээд “О***на ***ин” ХХК-ны шаардлагыг хүчингүй болгох шийдвэр гаргасан нь хүчин төгөлдөр байгаа юм. Шүүхийн шийдвэрт эхний ээлжид “Хан*******” ХХК-ны газрыг мэдээллийн санд бүртгэсний дараа үлдэх газраас “О***на ***ин” ХХК " компанид олгох, 6 сарын хугацаанд шинэ акт гаргаж шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй бол Засаг даргын захирамжийн “О***на ***ин” ХХК-нд холбогдох хэсэг хүчингүй болохоор шийдвэрлэсэн. Мөн Засаг даргын А/172 тоот захирамжаар 2012 оны 152-р захирамжийн “О***на ***ин” ХХК-д хамаарах заалтуудыг хүчингүй болгосон учраас тус компани манай эзэмшлийн газрын талаар маргалдах хууль эрх зүйн үндэслэлгүй юмаа. Хэдийгээр шүүхийн шийдвэр эцэслэн гарсан ч дүүргийн Засаг дарга, газар зохион байгуулалтын алба 2018 оноос хойш тодорхой бус шалтгаанаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй эс үйлдэл гаргах, мэдээллийн санд бүртгэсэн гэж шийдвэр гүйцэтгэлийн байгууллагыг хуурч мэхлэх, бүртгэл хийсэн гэх мэдээллээ албан ёсоор манайд ирүүлэхгүй нуун дарагдуулах, өөрсдийн буруугаас “О***на ***ин” ХХК " компанид давхцуулан олгосон 3338 м.кв газрыг хасалт хийж бүртгэхийг зөвшөөрсөн тохиолдолд газар ашиглах гэрээ хийнэ гэх мэтчилэн хууль бус тулган шаардалт тавьж 3 жил чирэгдүүлсээр байгаа юм. Газар зохион байгуулалтын алба шүүхийн шийдвэрийг биелүүлж мэдээллийн санд 70000 м.кв болгож бүртгээгүй мөртлөө “шийдвэр биелүүлж бүртгэсэн” хэмээн  хуурамч бичиг явуулсны дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллага 2018.11.01-нд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгох шийдвэр гаргасан. Бид Газар зохион байгуулалтын албанаас шүүхийн шийдвэрийг биелүүлсэн мэдээлэл, кадастрын зураг, захиргааны шинэ актыг манайд ирүүлэхийг шаардсан удаа дараа шаардсан боловч ирүүлээгүй. Мэдээллийн санд хуучнаараа буюу 53.000 м.кв хэвээр байгааг санамсаргүй мэдээд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дахин сэргээлгэхээр НШШГА-нд 2020.04.03-ны өдөр д/106 тоот албан бичгээр гомдол гаргасан боловч өнөөдрийг хүртэл албан ёсоор хариу ирүүлээгүй байна. Мөн Засаг дарга Ж.С-д хандан 2020.04.10-нд д/124 дугаартай албан бичгээр шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг шаардсан бичгийг дахин хүргүүлсний хариуд дүүргийн Засаг даргын тамгын газраас 2020.05.08-ны өдрийн 03/2209 дугаартай албан бичгээр хариу ирүүлэхдээ дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 2020.05.06-ны өдөр хүргүүлсэн 17/2609 дугаартай албан бичгийн хуулбарыг ирүүлсэн юм. Тэр нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй хэвээр өнөөдрийн байдлаар “Хан*******” ХХК-ны газар мэдээллийн санд 53.000 м.кв талбайтай бүртгэлтэй байгаа нь үнэн гэдгээ хүлээн зөвшөөрөөд шүүхийн шийдвэрийг үндэслэн “Хан*******” ХХК-ны газрын кадастрын зургийг мэдээллийн санд шийдвэр гүйцэтгэх байдлаар бүртгэв” гэсэн утга бүхий бичиг байсан. Газар зохион байгуулалтын албанаас НШШГА-нд хүргүүлсэн дээрхи албан бичиг нь захиргааны шинэ акт биш бөгөөд Газар зохион байгуулалтын алба шүүхийн шийдвэрийг хэрхэн яаж биелүүлсэн, шинээр гаргасан захиргааны акт бий эсэх, бүртгэл хийсэн кадастрын зураглал зэргээ албан ёсоор манай компанид өнөөдрийг хүртэл ирүүлээгүй болохыг зориуд тэмдэглэн хэлэхийг хүсч байна. Дээр дурдсан бичгүүд ирсний дараа дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандан 2020.05.26-ны өдөр “Мэдээлэл шаардах тухай” А-164 дугаартай албан бичгээр кадастрын зураглалыг ирүүлэхийг шаардсан боловч одоог хүртэл албан ёсоор хариу ирүүлэхгүй, газрын гэрчилгээ олгохгүй, гэрээ байгуулахгүй татвар төлөгч аж ахуйн нэгжийг хохироосоор байгаа болно. Бид өнөөдрийг хүртэл төрийн байгууллагын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандан асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх байр суурийг баримталж ирсэн боловч ямар ч үр дүнд хүрсэнгүй. Иймээс шинээр бүртгэл хийсэн кадастрын зураг, захиргааны шинэ актыг Газар зохион байгуулалтын албанаас албан ёсоор гардаж авсны дараа Захиргааны хэргийн шүүхэд хандан нэхэмжлэл гаргахаар хүлээж байгаа болно.

Энд нэг зүйлийг тэмдэглэж хэлэхэд цаг хугацааны хувьд 2020 оны 05 сарын 26-ний өдрийн байдлаар Газар зохион байгуулалтын алба шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, кадастрын мэдээллийн сан дахь бүртгэлийг өөрчлөөгүй, 53000 м.кв хэвээр байгааг хүлээн зөвшөөрсөн байхад 2020.01.30-нд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гарсан байгааг шүүх анхаарч үзэхийг хүсье.

Сүүлийн гурван жил гаруй хугацаанд үргэлжилж байгаа энэхүү хууль бус, бусармаг үйл ажиллагаанд дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид хөндлөнгөөс оролцож, бусдын хууль ёсоор эзэмшиж ирсэн, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй газрын тодорхой хэсгийг дээрэмдэн гадаадын компанид өгөхөөр улайран зүтгэж, төрийн эрх мэдлээр далайлган сүрдүүлж, хууль бус шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Шүүхийн шийдвэр

 
   


 эцэслэн биелэгдээгүй маргаантай байгаа, мөн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд бусдад эзэмшүүлэхээр тусгагдаагүй, тусгай хэрэгцээнд аваагүй газрыг гадаадын хөрөнгө оруулалттай компанид өгөхөөр улайн цайм тэдний эрх ашигт үйлчлэн өөрийн чиг үүрэг, эрх хэмжээнд шууд хамааралгүй асуудлаар, мөн Засаг дарга, газрын алба өргөн мэдүүлээгүй байхад дур мэдэн хууль зөрчсөн шийдвэр гаргасан, эрх ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд мэдэгдээгүй тогтоол шийдвэр нь Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын цахим мэдээллийн санд бүртгэгдээгүй зэрэг байдлаас үзэхэд бидэнд маш их эргэлзээ, хардлага төрж байгааг хэлэхийг хүсч байна.

 

Иймээс Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ маргааны гол зүйл дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолын хууль зүйн үндэслэлийг нягтлан үзэж, “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай” хуулийн 106 зүйлийн 106.3.2-д заасан шийдвэр гаргахыг хүсч байна. Уг нь шударга ёсны зарчмын хувьд ашиг сонирхлын зөрчилтэй илт хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулах сөрөг нэхэмжлэлийг хариуцагч тал гаргах үүрэгтэй боловч ийм шаардлага гаргаагүй, энэ талаар огт дурсаагүй байдлаас үзэхэд, нэхэмжлэгч, хариуцагч нар далдуур үгсэн хуйвалдсан байж болзошгүй хэмээн хардахаас аргагүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч, хариуцагч талууд үгсэн хуйвалдаж 2002 оноос хойш хашаажуулан хууль ёсоор ашигласаар ирсэн манай эзэмшлийн газрыг булааж авахад энэхүү шүүх хурал, шүүхийн шийдвэр тус болно гэж тооцож байгаа нь ойлгомжтой, тэдний хуйвалдаан, заль мэхийг бид урьдчилан таамаглаж байгаа ч Захиргааны хэргийн шүүх тэдэнд ийм боломж олгохгүй, маргааныг хуулийн хүрээнд шударгаар шийдвэрлэнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлье” гэжээ.

Гуравдагч этгээд нь шүүхэд гаргасан бие даасан нэхэмжлэлийн шаардлагадаа: СХДИТХТ-ийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ний өдрийн А/06 дугаартай тогтоол илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох.

СХДИТХТ-ийн 2020.01.30-ны өдрийн А/06 дугаартай, “Газар ашиглуулах эрх олгох тухай” тогтоолоор гадаадын хөрөнгө оруулалттай “О***на ***ин” ХХК-нд 3338 м.кв газрыг 5 жилийн хугацаатай ашиглуулах, газар эзэмшүүлэх гэрээг хууль тогтоомжид заасан журмын дагуу байгуулахыг Засаг даргад даалгасан захиргааны акт гаргажээ. Дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоол үндэслэлгүй, илт хууль бус захиргааны акт мөн болохыг дараах үндэслэлээр тайлбарлаж байна. Үүнд:

а/Монгол улсын “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн 18 дугаар зүйлд Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй гэж заасан. Тогтоолын үндэслэл олгосон 8.1.2 з/нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үржил шимийг нь дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах бусад арга хэмжээний цогцолбор Хөтөлбөрийг батлах; 20.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын энэ зүйлийн 18.1.1 “е”, 18.1.1."ж", 18.1.2.”г”, 18.1.2.ж", 18.1.2.з”, 18.1.3 “в”, 18.1.3 “г”, 18.1.3.”ж”, 18.1.3.”з”, 18.1.3.”к”, 18.1.3.”л", 18.1.3."н”-д заасан Хурлын бүрэн эрхийг Хуралд дараа тайлагнахаар Хурлын чөлөө цагт хэрэгжүүлж болно. 25.1.Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална.

б/ “Газрын тухай" хуулийн 6 дугаар зүйлийн б.З. Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харьяалалгүй хүн тодорхой зориулалт, хугацаа, болзол, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу газар ашиглагч байж болно.44.5.Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид энэ хуулийн дагуу газрыг тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглуулах бөгөөд уг хугацааг , засгийн газар тогтооно. 44.8.Газар ашиглах тухай хүсэлт гаргах, түүнийг хянаж шийдвэрлэх газар ашиглах гэрээний агуулгыг тогтоох, түүнийг байгуулахад энэ хуулийн 32, 33.1.2, 33.2, 33.5, 34.1-34.5, 34.6.1-34.6.8, 34.6.10, 34.6.11, 34.7-34.10-д заасан журмыг баримтална.

в/ “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийн 12.1.1.газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах гэж гадаадын хөрөнгө оруулагч нарт үзүүлэх татварын бус хөрөнгө оруулалтын дэмжлэгийн талаар тус тус заажээ.

Тогтоолд иш үндэслэл болгосон эдгээр заалтууд дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид “О***на ***ин” ХХК-нд газар ашиглуулах эрх олгох захиргааны акт гаргах хууль зүйн үндэслэл болж чадахгүй. Дээрх хуулийн 18.1.Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй гэж заасан. Хурал нь хэн нэг иргэн, аж ахуй нэгжид тусгайлан газар олгох шийдвэр гаргах эрх үүрэг байхгүй юм.

Мөн “О***на ***ин” ХХК өөрийн нэхэмжлэл, тайлбартаа дүүргийн Иргэдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолыг “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-ийн “в”-д заасан орон нутгийн өмчийн эрхийн хүрээнд гаргасан шийдвэр хэмээн хамгаалсны зэрэгцээ, Засаг даргыг мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын “в’’ “хууль тогтоомж, Хурлын шийдвэрийг үндэслэн тухайн нутаг дэвсгэрийн тусгай хэрэгцээний газрыг иргэн, аж ахуйн нэгж .байгууллагад ашиглуулах тухай шийдвэр гаргах" үүрэгтэй боловч энэ үүргээ хэрэгжүүлэхгүй эс үйлдэл гаргасан гэж буруутгасан байна. 18.1.3-ийн “в” Орон нутгийн нийтийн зориулалттай өмчлөлийн зүйлсийг хуульд заасан нөхцөл журмын дагуу иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэх, ашиглуулах тухай заалтад “газар" хамаарахгүй бөгөөд "Төрийн болон орон нутгийн өмчийн тухай" хуулийн 4 дүгээр зүйлд төрийн нийтийн зориулалттай өмчид иргэдэд өмчлүүлснээс бусад бүх газар хамаарна гэж тодорхой заасан байна. Мөн хуулийн 74 дүгээр зүйлд орон нутгийн өмчийн зүйл нь эд хөрөнгийн шинж чанартай байхыг заасан ба Засаг даргад хамаарах 29,1.3 заалт нь зөвхөн "тусгай хэрэгцээний газар"-ыг ашиглуулах тухай өөр ойлголт юм. Энэ хэрэг маргааны хувьд 3338 м.кв газрыг "тусгай хэрэгцээнд" авсан шийдвэр байхгүй. Газрыг тусгай хэрэгцээнд авах үндэслэл, журмыг “Газрын тухай" хуульд тодорхой зохицуулсан билээ.

“Газрын тухай” хуулийн 20 дугаар зүйлд "Дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэн батлах" гэх мэтчилэн газрын м харилцааны талаар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын эдлэх эрхийг тодорхой заасан бөгөөд хуулийн 32, 33 дугаар зүйлүүдэд газар эзэмших хүсэлт гаргах, газар эзэмшүүлэх шийдвэр гаргах субъект, түүний эрх үүргийг тодорхой заасан байдаг. Засаг дарга тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газрыг зөвхөн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах аргаар аж ахуйн нэгжид олгох зохицуулалттай. Нэмж хэлэхэд бид гадаадын хөрөнгө оруулагчийн газар эзэмших эрхтэй маргаагүй юм.

иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид А/06 дугаартай тогтоолыг гаргахдаа өөрийнх нь эрх үүрэгт шууд хамааралгүй , хууль зүйн хувьд өөр утга агуулгатай, голчлон Засаг даргын эрх үүрэгт хамааралтай хэм хэмжээ тогтоосон заалтуудыг иш үндэс болгон илт хууль бус захиргааны акт гаргасан гэж үзэж байна. Хуулийн заалт маш ойлгомжтой байхад нутгийн өөрөө удирдах байгууллага 9 зориуд ийм акт гаргасан, “О***на ***ин” ХХК илт хууль бус актыг мэдсээр байж хууль бус тогтоолыг биелүүлэхийг Засаг даргад даалгуулахаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй юм.

Монгол улсын Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд Захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмуудыг тодорхой заасан бөгөөд тухайлбал 4.2.1 Хуульд үндэслэх, 4.2.5 шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6 бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах талаар заасан. Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, 47.1.6 иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй бол тухайн захиргааны актыг илт хууль бус актад тооцно. 47.2 илт хууль бус акт гарсан 3 цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна гэж тус тус заасан байдаг.

Бид гуравдагч этгээдийн хувиар илт хууль бус захиргааны актыг олж мэдсэн даруйд шүүх хуралдаан болохоос өмнө 2020 оны 9 дүгээр сарын 08-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.М*******ийн нэр дээр “Захиргааны актыг хүчингүй болгуулах" хүсэлтийг албан бичгээр хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй, энэхүү хэрэг маргаан нь манай компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд ноцтой хор уршиг, үр дагавар учруулж болзошгүй гэж үзэж байгаа тул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдэд холбогдуулан бие даасан нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Иймээс Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ маргааны гол зүйл дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолын хууль зүйн үндэслэлийг нягтлан үзэж, “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай” хуулийн 106 зүйлийн 106.3.2-д заасан шийдвэр гаргахыг хүсч нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэжээ.

Хариуцагч СХДИТХТ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасны дагуу "Сум, дүүргийн Хурал нь ... тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй, " гэж заасан байдаг бол хуулийн 18.1.2, 18.1.2, 181.3 дахь заалтад тус тус нарийвчлан тусгаж өгсөн байдаг.

Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхийг тусган өгсөн байдаг ба энэхүү бүрэн эрхийнхээ дагуу Хурлын Тэргүүлэгчид хуралдан өөрсдийн эрх хэмжээний дагуу шийдвэр гаргасан бөгөөд хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасны дагуу тухайн хуралдаанд 1 оролцсон төлөөлөгчдийн олохын саналаар тогтоол батлагдсан.

2. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг тодорхой зориулалт, хугацаа, болзол, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу газар ашиглагч байж болох талаар тусгасан байдаг.

Мөн хуулийн 44.5 дахь хэсэгт гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газрыг хуулийн дагуу ашиглуулж болох бөгөөд хугацааг Засгийн газраас тогтооно гэж заасан байдаг ба хуулийн 44.8 дахь хэсэгт тэрхүү гэрээг байгуулах үндсэн журмыг зааж өгсөн байдаг.

3. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлд Хурлын даргын нийтлэг бүрэн эрхийг тусгаж өгсөн байдаг ба 22.1.4 "Эрх бүхий этгээдээс Хурал, Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэхээр тавьсан саналыг хүлээн авах, гарах шийдвэрийн төслийг боловсруулах, хуралдаанаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах” гэж заасан байдаг ба энэхүү эрхийнхээ дагуу өргөн баригдсан асуудлыг судлан үзэж дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “‘Газар ашиглуулах эрх олгох тухай” асуудлыг хэлэлцэн баталсан бөгөөд тус тогтоол нь дүүргийн Засаг даргын бүрэн эрх болон бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр биш юм.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж заасныг баримтлан гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулах шийдвэр гаргах тохиолдол тухайн асуудлыг Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр өргөн барьж зөвшилцсөний үндсэн дээр Засаг дарга шийдвэр гаргадаг.

Иймд тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны А/06 дугаар тогтоол нь тухайн нутаг дэвсгэрт гадаадын хөрөнгө оруулалттай “О***на ***ин” ХХК-д газар ашиглуулахад татгалзах зүйлгүй гэж зөвшөөрөл олгосон шийдвэр бөгөөд дүүргийн Засаг дарга хэрхэн шийдвэр гаргах нь Газрын тухай хуульд заасны дагуу өөрийнх нь бүрэн эрхийн асуудал юм.

Тиймээс дээрх тогтоол нь үндэслэл бүхий байна. Иймд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч нь гуравдагч этгээдийн бие даасан гаргасан бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/06 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэж байна. Үүнд:

  1. Гуравдагч этгээд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.3-т заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааг биелүүлээгүй тул бие даасан шаардлагыг үндэслэлийг хангахгүй байна. Учир нь:

Гуравдагч этгээд нь маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/06 дугаар тогтоолын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн гурван талт уулзалтаар мэдсэн байдаг. Энэхүү уулзалтад гуравдагч этгээд “Хан*******” ХХК, нэхэмжлэгч “О***на ***ин” ХХК нар нь СХДЗД-ын өрөөнд уг тогтоолыг гарсантай холбоотой уулзсан байдаг. Гэтэл өмнөх шүүх хуралдаанд өнөөдөр л дөнгөж мэдлээ хэмээн урьдчилан шийдвэрлүүлэх хуулийн шаардлагыг хуульд заасан нөхцөл журмын дагуу хангаагүй үйлдлээ нуун далдлах зорилгоор тайлбарлаж бие даасан шаардлага гаргаагүй нь үндэслэлгүй байна.

  1. Гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан “а”, “б”, “в”-д тус тус заасан үндэслэлүүд нь агуулгын хувьд Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нэг иргэн, аж ахуй нэгжид холбогдуулан захирамж тогтоол гаргах эрхгүй хэмээн тайлбарлаж байгаа нь хуулийг буруу тайлбарлаж байгаа болно. Учир нь гуравдагч этгээдийн дурдаж буй үндэслэлүүдэд Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нь нэг этгээд, нэг аж ахуй нэгжид хандсан аливаа тогтоолыг гаргахгүй гэсэн үг үсэг дурдсан хууль тогтоомжуудад нь нэг ширхэг үг үсэг байхгүй ба хуулийг тайлбарлах эрхтэй субъект нь “Хан*******” ХХК-д хамаарахгүй түүний харин эрх хэмжээнд байхгүй болно.

Мөн гуравдагч этгээд нь нэхэмжлэгчээс төлбөр авах хүсэл зоригтоо тулгуурлан бидний хийж буй бүтээн байгуулалтад бүхий л талаар саад болох зорилготойгоор ийм үйл ажиллагаа явуулж байгаад гомдолтой байна. Нэхэмжлэгч байгууллагын хийж буй төсөл хөтөлбөр нь дан ганц хуулийн этгээдэд ашигтай бус Монгол улсын хөгжилд тодорхой хэмжээгээр нэмэр болох, нэмэлт ажил бий болгох зэрэг олон

давуу талуудыг бүтээж байгаа билээ.

Иймд гуравдагч этгээдийн бие даасан шаардлага нь хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг хийлгээгүй, хийх боломжтой байсан ч хуульд заасан хугацаанд хийгээгүй, бие даасан шаардлагын үндэслэл нь хууль ёсны болоогүй буюу шаардлагын үндэслэл нь тодорхойгүй байгаа тул бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч СХДЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: “Хан********”ХХК-ийн бие даасан шаардлагатай танилцаад хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасны дагуу “Сум, дүүргийн Хурал нь ... тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй..." гэж заасан байдаг бол хуулийн 18.1.2, 18.1.2, 181.3 тус тус хуульчилсан байна. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т “Хурлаас гаргасан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харьяалах дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно" гэж заажээ.

Дүүргийн Засаг даргын зүгээс иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолыг биелэлтийг хангах ажлын хүрээнд “Хан*******” ХХК нь “О***на ***ин” ХХК-ийн төлөөлөл, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны удирдлагын хамт уулзаж маргааныг шийдвэрлэхийг хүссэн боловч газартай холбогдуулан удаа дараа гомдол гаргасан хоёр тал газрын маргаанаа эцэслэн шийдвэрлээгүй зөвшилцөлд хүрээгүй билээ.

Дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/06 дугаар тогтоолын дагуу “О***на ***ин” ХХК-д 3338 м.кв газар ашиглах эрх олгох дүүргийн Засаг даргын захирамжийн төслийг холбогдох материалын хамт ирүүлснийг хянаж үзээд “О***на ***ин” ХХК-ийн ашиглах хүсэлт гаргасан газар дээрх “Хан*******” ХХК-ийн эзэмшлийн блокон хашааны асуудлыг шийдвэрлүүлэхээр дүүргийн Газар зохион байгуулалтын албанд захирамжийн төслийг холбогдох материалын хамт буцаасан болно.

Дүүргийн Засаг дарга нь газрын тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхгүй эс үйлдэхүй гаргасан зүйлгүй болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “О***на ***ин” ХХК нь тус шүүхэд “СХДИТХТ-ийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/06 дугаар тогтоолыг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, СХДИТХТ-ийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/06 дугаар тогтоолыг биелүүлэхийг даалгах”, гуравдагч этгээд “Хан*******” ХХК-ийн зүгээс “СХДИТХТ-ийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/06 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай бие даасан шаардлагыг тус тус гаргажээ.

СХДИТХТ-ийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/06 дугаар “Газар ашиглуулах эрх олгох тухай” тогтоолын тухайд:

Уг тогтоолоор Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2/з/, 20 дугаар зүйлийн 20.1, 25 дугаар зүйлийн 25.1, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 44 дүгээр зүйлийн 44.5, 44.8, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт аж ахуйн зориулалтаар нэхэмжлэгч “О***на ***ин” ХХК-д 3338 м2 газрыг 5 жилийн хугацаатай ашиглуулахыг зөвшөөрсөн байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /2006/ 18 дугаар зүйлийн 18.1.2/з/-д “Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ: нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үржил шимийг нь дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах бусад арга хэмжээний цогцолбор хөтөлбөрийг батлах”, 20 дугаар зүйлийн 20.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчид энэ хуулийн 18.1.1.”е”, 18.1.1.”ж”, 18.1.2.”г”, 18.1.2.”ж”, 18.1.2.”з”, 18.1.3.”в”, 18.1.3.”г”, 18.1.3.”ж”, 18.1.3.”з”, 18.1.3.”к”, 18.1.3.”л”, 18.1.3.”н”-д заасан Хурлын бүрэн эрхийг Хуралд дараа тайлагнахаар Хурлын чөлөө цагт хэрэгжүүлж болохоос гадна дараахь асуудлыг өөрийн бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална”, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “Хөрөнгө оруулагчид татварын бус хөрөнгө оруулалтын дэмжлэгийг дараах хэлбэрээр үзүүлж болно: газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 4О хүртэл жилээр сунгах” гэж тус тус заасан хэдий ч газар ашиглуулах эрх олгох асуудлыг Газрын тухай хуулиар илүү нарийвчлан зохицуулсан байна.

Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал газрын харилцааны талаар “газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих, энэ талаархи Засаг даргын тайланг хэлэлцэж дүгнэх, тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах; тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг аймаг, нийслэл, сумын тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох, бусдын эзэмшил газрыг аймаг, нийслэл, сумын тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан гэрээний хугацаа дуусахаас өмнө газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснээр нөхөн олговор олгох шийдвэр гаргах, үйлдвэрлэл, технологийн паркийн нутаг дэвсгэр, байршлыг тогтоох” тус тус эрх олгогдсон, харин “иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах эрх олгох” бүрэн эрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдэд олгогдоогүй байна.

Харин Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д “Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж заасны дагуу иргэн, хуулийн этгээдэд газар ашиглах эрх олгох асуудал нь дүүргийн Засаг даргын бүрэн эрхийн асуудал байна.

Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8-д “Газар ашиглах тухай хүсэлт гаргах, түүнийг хянаж шийдвэрлэх, газар ашиглах гэрээний агуулгыг тогтоох, түүнийг байгуулахад энэ хуулийн 32, 33.1.2, 33.2, 33.5, 34.1-34.5, 34.6.1 - 34.6.8, 34.6.10, 34.6.11, 34.7-34.10-д заасан журмыг баримтална”, 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч “О***на ***ин” ХХК-ийн ашиглахаар хүсэлт гаргасан газар нь Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.3-д заасан төрөлд хамаарахгүй тул тухайн газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмын үндсэн дээр газар ашиглах эрх үүсэхээр байна.

Гэтэл хэргийн оролцогчдын өмнө маргаантай асуудлыг шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 362 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 540 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2017 оны 422 дугаар тогтоолыг тус тус хариуцагч СХДЗД, мөн тус дүүргийн Газар зохион байгуулалтын алба хэрэгжүүлж “Хан*******” ХХК-ийн эзэмших 70000м2 газрын кадастрын зургийг шинэчлэн бүртгэснээр маргаан бүхий 3338 м2 газар нь бусдын эзэмшил ашиглалтад олгогдоогүй нь “О***на ***ин” ХХК нь давуу эрхээр ашиглах эрхтэй гэсэн агуулгагүй юм.

Харин СХДЗД, мөн тус дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь тус тус дээрх шүүхийн шийдвэрүүдийг биелүүлэхдээ холбогдох хууль тогтоомж зөрчсөн эсэх, “Хан*******” ХХК-д танилцуулаагүй зэрэг гуравдагч этгээдийн тайлбар нь энэхүү маргаанд хамааралгүй юм.

Хариуцагч СХДЗД нь иргэн, хуулийн этгээдээс төрийн байгууллага, албан тушаалтанд газар ашиглах талаар хандаж гаргасан өргөдөл, хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан хэдий ч нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа “СХДИТХТ-ийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/06 дугаар тогтоолыг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, СХДИТХТ-ийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/06 дугаар тогтоолыг биелүүлэхийг даалгах” гэж тодорхойлсон тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх үүрэгтэй.

Дээрх үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдэд Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 /з/-д заасны дагуу дүүргийн нутаг дэвсгэрийнхээ газрын асуудлаар цогцолбор хөтөлбөр, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах эрх олгогдсон боловч тухайлан иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах эрх олгох асуудлыг шийдвэрлэх эрх олгогдоогүй байна.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно: тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж заасны дагуу гуравдагч этгээд “Хан********” ХХК-ийн бие даасан шаардлагыг хангаж СХДИТХТ-ийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/06 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэлээ.

Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж заасны дагуу СХДИТХТ-ийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/06 дугаар тогтоол нь эрх зүйн үйлчлэлгүй байх тул нэхэмжлэгчийн “СХДИТХТ-ийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/06 дугаар тогтоолыг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, СХДИТХТ-ийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/06 дугаар тогтоолыг биелүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий газар ашиглах хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа СХДЗД-ын эс үйлдэхүйн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.2, 106.3.12, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 44 дүгээр зүйлийн 44.8, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.2-т заасныг тус тус баримтлан “О***на ***ин” ХХК-иас СХДЗД-д холбогдуулан гаргасан “СХДИТХТ-ийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/06 дугаар тогтоолыг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, СХДИТХТ-ийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/06 дугаар тогтоолыг биелүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 44 дүгээр зүйлийн 44.8, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.2-т заасныг тус тус баримтлан гуравдагч этгээд “Хан*******” ХХК-иас Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдэд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж СХДИТХТ-ийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/06 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нараас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас хувь тэнцүүлэн 35100 төгрөгийг гаргуулж гуравдагч этгээдэд олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ОДМАА