| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 128/2016/0709/З |
| Дугаар | 221/МА2016/0168 |
| Огноо | 2016-03-11 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2016/0168
Б.Б нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 832 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.С нарыг гаргасан давж заалдах гомдлоор Б.Б нэхэмжлэлтэй, Төрийн өмчийн хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Б.Б 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“...Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, 1 дүгээр хороолол 8 дугаар байрны 11 тоот 2 өрөө, 26 м.кв орон сууцыг төрийн өмчид бүртгэж тоолсон Төрийн өмчийн хорооны үйлдэл хууль бус болохыг тогтоолгох, төрийн өмчид бүртгэсэн Төрийн өмчийн хорооны шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хоёр. Хариуцагч Төрийн өмчийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“...Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн өмчийн эд хөрөнгийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан журмаар үнэлж бүртгэнэ”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болно”, 8 дугаар зүйлийн 8.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллага нягтлан бодох бүртгэл хөтөл, санхүүгийн тайлан гаргана”, 9 дүгээр зүйлийн 9.1-д “Аж ахуйн нэгж байгууллага нь хөрөнгө, өр төлбөрөө нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу үнэлж дансанд тусгана” гэж тус тус заасан байдаг.
Иймд аж ахуйн нэгж байгууллага нь санхүүгийн анхан шатны баримтыг үндэслэн нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлангаа гаргадаг тул Төрийн өмчийн хорооноос маргаж буй хөрөнгийг бүртгэх талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй болно.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Төрийн өмчийн хорооноос төрийн болон орон нутгийн өмчийн улсын үзлэг, тооллогыг дөрвөн жилд нэг удаа эрхлэн явуулдаг.
Иймд Төрийн өмчийн хороо нь төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн дүн мэдээг гаргаж, Засгийн газарт тайлагнах зорилгоор тооллого явуулдаг тул эрх зүйн ямар нэгэн үр дагавар бий болгосон шийдвэр гаргадаггүй” гэжээ.
Гурав. Гуравдагч этгээд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийн захирал Ц.Б 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“...Манай сургууль боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулахдаа оюутнуудын мэдлэг, мэргэшлийг дээшлүүлэх, чадамжтай мэргэшсэн инженер техникийн ажилтнууд бэлдэж гаргахын тулд Дархан хотод сургууль байгуулагдсан цагаас эхлэн гадаад орнуудын сургуулиудтай харилцаа тогтоох, гадаад багш нарыг урьж ажиллуулах зэргээр янз бүрийн үйл ажиллагаа явуулж, одоо ч гэсэн энэ уламжлалт ажиллагааг үе үеийн захирлууд нь үргэлжлүүлэн явуулсаар байгаа билээ.
Гадаадын багш, ажилтнуудыг урьж ажиллуулахад орон байрны хэрэгцээ маш шаардлагатай болж, түрээсийн төлбөрт их хэмжээний мөнгө сургуулиас болон төсвөөс гаргах болсон тул сургуулийн мэдлийн эзэмшлийн орон сууцыг хандив тусламжаар авах талаар удаа дараа яригдан, ирж ажиллаж байсан гадаадын байгууллагын ажилтан, багш нарт хүсэлт тавьж байсан тухай захирал болон ахмад багш нар маань сайн мэддэг.
2004 оны 5 дугаар сард ШУТИС-аас зохион байгуулж Улаанбаатар хотод явагдсан Бетон судлалын 3 дугаар бага хурлын үеэр урьд нь манай сургуульд ирж ажиллаж байсан, манай сургуулийг мэргэжилтнүүдэд зориулсан орон сууцгүйг мэдэж байсан Америкийн Нэгдсэн Улсын ӨДУТС-ийн барилгын инженерийн багш, профессор М.Р.Х багш хуралд ирж оролцож чадахгүйгээ захирал С.Ц мэдэгдэж, 3200 долларыг гадаад багш нарт орон сууцанд зориулах, Ч.Д багшаар явуулсан тухай мэдэгдэж, энэ мөнгийг Ч.Д багш захирал С.Ц хүлээлгэн өгсөн тухай баримтуудыг бид бүгдийг нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
2004 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн Захирлын зөвлөлийн хурлаар орон сууц худалдан авах, байгууллагын орон сууцыг бүртгүүлэхэд янз бүрийн бэрхшээл гардаг тул түр хугацаагаар хуулийн зөвлөх, талийгаач Я.Б нэр дээр түр бүртгүүлэх тухай тодорхой ярьсан тэмдэглэл нь архивын бүртгэлд байгаа юм.
Манай сургуулийн эзэмшлийн орон сууц 2004-2008 онуудад талийгаач Я.Батсүхийн өмчлөлд түр хугацаагаар байсан боловч манай сургуулийн үндсэн хөрөнгөнд 2006 оноос эхлэн бүртгэгдсэн, энэ хугацаанд манай сургуулийн болон гадаадаас урьж ирүүлсэн багш нар амьдарч, цахилгаан, дулаан, хэрэгцээний бүх төлбөрийг сургууль төлж, 3 удаа 1 сая төгрөгийн зардал гаргаж урсгал засвар хийж байсан ба 1,4 сая төгрөгийн эд хогшил авсан.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Дөрөв. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 832 дугаар шийдвэрээр:
“...Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9-д заасныг удирдлага болгон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 1, 2, 4, 72 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан “Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, 1 дүгээр хороолол 8 дугаар байрны 11 тоот 2 өрөө, 26 м.кв орон сууцыг төрийн өмчид бүртгэж тоолсон Төрийн өмчийн хорооны үйлдэл хууль бус болохыг тогтоолгох, төрийн өмчид бүртгэсэн Төрийн өмчийн хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” дүгнэжээ.
Тав. Нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.С нар 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
“...Нэхэмжлэгч 1. Маргаан бүхий байрыг тоолж, бүртгэсэн үйлдэл хууль бус болохыг тогтоолгох,
2. Төрийн өмчид бүртгэсэн захиргааны акт буюу шийдвэрийг хүчингүй болгуулах хоёр өөр шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Өөрөөр хэлбэл Төрийн өмчийн хороо 2012 онд явуулсан тооллогодоо иргэн Я.Батсүхийн өмчлөлийн гэрчилгээтэй буюу хувийн өмчийн байрыг Маягт ТӨ-11 буюу маргаантай хөрөнгийн бүртгэлд оруулж тоолсон үйлдэл нь нэхэмжлэгч Б.Б эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчсөн үйлдэл болсон.
Учир нь маргаан бүхий байр 2004-2014 оныг хүртэл нэхэмжлэгчийн төрсөн эцэг талийгаач Я.Б өмчлөлд буюу улсын бүртгэлийн гэрчилгээ нь Я.Б нэр дээр байсан.
2004-2014 оны хүртэл тус байрны талаар ямар нэгэн маргаан гараагүй харин 2014 оны 12 дугаар сард Я.Б хүү Б.Б тус байрны гэрчилгээг өвлөх эрхийн гэрчилгээний үндсэн дээр хуулийн дагуу өөрийн нэр дээр шилжүүлж авах үед буюу 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ШУТИС-ийн харьяа Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль, Сум дундын 7 дугаар шүүхэд тус байрны шударга өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаснаар Дархан сумын 16 дугаар баг, 1 дүгээр хороо, 8 дугаар байрны 11 тоот 2 өрөө 26 м.кв орон сууц өмчлөлийн асуудлаар хамгийн анхны маргаан гарсан байдаг. Шүүх хуралдаанаар хэлэлцүүлгийн явцад хариуцагч болон гуравдагч этгээд энэ тухай маргадаггүй хүлээн зөвшөөрдөг.
Гэтэл орон сууцны талаар маргаан гарахаас 3 жилийн өмнө Төрийн өмчийн хороо болон ШУТИС-ийн харьяа Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль тус байрыг маргаантай хөрөнгийн бүртгэл, тооллого буюу Маягт ТӨ-11-т бүртгэж тоолсон үйлдэл нь энгийн хүн ч цаг хугацаа, логик дарааллын хувьд ч авч үзэхэд хууль бус үйлдэл юм.
2011, 2012 онд маргаан үүсээгүй буюу Я.Б нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээтэй байрыг ямар үндэслэлээр маргаантай хөрөнгө гэж бүртгэсэн нь тодорхойгүйгийн дээр бодит байдал дээр ямар ч маргаан үүсээгүй байсан. Гэтэл төрийн өмчид тооллого явуулахтай холбоотой шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон журмууд нь өөрөө бүртгэлтэй, бүртгэлгүйгээс үл хамааран маргаантай байгаа хөрөнгийг Маягт ТӨ-11-г баримталж тооллого явуулахын тулд тухайн хөрөнгөтэй холбоотой маргаан үүссэн байх урьдчилсан нөхцөлийг шаардаж байгааг шүүх буруу тайлбарлаж, үндэслэлгүй дүгнэлт гаргасан.
...Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Төрийн өмчийн хороо маргаан бүхий байрыг төрийн өмчид бүртгэсэн тухайлсан шийдвэр буюу захиргааны акт гаргаагүй гэдгээ илэрхийлдэг.
Нэхэмжлэгчийн зүгээс тухайн байдлыг ойлгож тооллого хийсэн үйлдэл хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд оролцсон учир гуравдагч этгээдээр татагдсан Технологийн сургууль 2014 онд иргэний шүүхэд маргаан бүхий байрны өмчлөлийн асуудлаар нэхэмжлэл өгч маргаан гаргахдаа тус байрыг төрийн өмчид тоологдсон, төрийн өмчид бүртгэлтэй байр мэтээр тайлбарлаж үнэн хэрэгтээ бодит байдал дээр маргаан бүхий байрыг хууль ёсны өмчлөх эрхийн гэрчилгээний дагуу өмчилж авсан Б.Бат-Эрдэнийг байраа 2014 оноос хойш эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрх буюу өмчлөх эрхээ бодитоор хэрэгжүүлэхэд нь саад учруулж түүний эрхийг ноцтойгоор зөрчөөд байгаа билээ.
Хувийн өмчийн байрыг маргаантай хөрөнгийн бүртгэлд оруулж тоолсон хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эрх бодит байдал дээр ноцтой зөрчигдсөөр байгааг нотлох баримт хэрэгт байсаар байхад шүүх Төрийн өмчийн хороо тус байрыг маргаантай эд хөрөнгийн маягтаар бүртгэж тоолсон үйлдэл нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөгүй гэж дүгнэсний дээр тухайн хөрөнгөөр бүртгэсэн үйлдэл нь хуульд нийцэж байгаа мэт дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн зарчимд нийцээгүй байна.
Учир нь тухайн байрыг гадаадын хандив тусламжаар олж авсан талаар хэрэгт болон бодит байдал дээр ямар ч нотлох баримт байхгүй. Маргаан үүсээгүй цаг хугацаанд буюу 2012 онд маргаантай гэж тоологдсон эд хөрөнгийн тооллогыг хуульд нийцсэн гэж дүгнэж тухайн харилцааг зохицуулсан заалтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь бодит байдалд нийцэхгүй хийсвэр дүгнэлт болсон нь ойлгомжтой байна.
Тухайн хууль бус тооллогын улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгө өмчлөх эрх ноцтойгоор зөрчигдсөөр байгааг анхаарч үзэх нь зүйтэй.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 832 дугаар шийдвэрийг хүчингүй болгож Дархан сумын 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, 8 дугаар байрны 11 тоот 2 өрөө 26 м.кв орон сууцыг төрийн өмчид бүртгэж, тоолсон Төрийн өмчийн хорооны үйлдлийг хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Иргэн Б.Б “Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, 1 дүгээр хороолол 8 дугаар байрны 11 тоот 2 өрөө, 26 м.кв орон сууцыг төрийн өмчид бүртгэж тоолсон Төрийн өмчийн хорооны үйлдэл хууль бус болохыг тогтоолгох, төрийн өмчид бүртгэсэн Төрийн өмчийн хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн Захирлын зөвлөлийн 2004 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 11 дүгээр хурлаар гадаадын мэргэжилтэн багш нар амьдрах орон сууц худалдан авах асуудлыг 2,5 сая төгрөгт багтаан уг асуудлыг хуулийн зөвлөх Я.Батсүх, ахлах нягтлан В.Эрдэнэ нарт хариуцуулан тус байрны бичиг баримтыг хуулийн зөвлөх Я.Батсүхийн нэр дээр бүрдүүлэх нь зүйтэй гэж үзэн 100 хувийн саналаар баталжээ.
Улмаар маргаан бүхий байрыг Д.С 2004 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн Я.Б Ү-2003002229 дүгээр байрыг Хуулийн зөвлөхөөр ажиллаж байхдаа өмчлөн авсан бөгөөд хүү Б.Б өв залгамжлуулсан нь хуульд нийцээгүй байна.
Иймд, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн өмгөөлөгчийн давж заалдах Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2, 87 дугаар зүйлийн 87.2 дах хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 832 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.С нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Э.ХАЛИНУБАЯР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН