Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 120

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Мөнхцэцэг,

улсын яллагч Х.Анхцэцэг,         

хохирогч В.Одгэрэл,

шүүгдэгч Д.Билгүүн, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1, 147 дугаар зүйлийн 147.1, 126 дугаар зүйлийн 126.1, 153 дугаар зүйлийн 153.1-д тус тус заасан гэмт хэрэгт Д.Билгүүнийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201526012531 дүгээр хэргийг 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Дадал суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Дадал сум, Балж багт оршин суух бүртгэлтэй, одоо Зурагтын эцсийн дугуй засварт ажиллаж амьдардаг,

урьд Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 508 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, 1999 оны 8 дугаар сарын 26-ны өдөр эдлээгүй үлдсэн 2 сар 21 хоногийн хорих ялаас тэнсэж суллагдсан, Авзай овогт Дугаржавын Билгүүн /РД:СЙ76042511/.

Шүүгдэгч Д.Билгүүн нь согтуугаар 2015 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө хамтран амьдарч байсан иргэн В.Одгэрэлийг Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансрын 5-4 тоот гэртээ байхад нь зодож, бие махбодид нь “зүүн чихний ар гадаргуу хөхлөг сэртэнгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, баруун гуяны хуралт, эрүүний зөөлөн эдийн няцрал, баруун доод агт араа шүдний булгарал бүхий шинэ гэмтэл, зүүн зулайн хуйхны язарсан шарх бүхий хуучин гэмтэл” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан,

мөн хохирогч В.Одгэрэлтэй хамтран амьдарч байх хугацаандаа буюу 2011 оны хавар “мөнгө нэхлээ” гэх, 2012 оны хавар “өөр орон дээр унтлаа” гэх, 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдөр “чи гарч ажил хийгээч эр хүн байж яаж ингэж амьдрах гээд байгаа юм бэ” гэж хэллээ гэх, 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр “хүнээс мөнгө төгрөг авах ажил чинь бүтсэн үү, танай тэр Завханы залуу чинь ямар худалч юм бэ? гэсэн гэх шалтгаануудаар 2011 оны хавар, 2012 оны хавар, 2014 оны 1 дүгээр сард Хэнтий аймагт, 2015 оны 3 дугаар сарын 05, 2015 оны 6 дугаар сарын 15, 2015 оны 10 дугаар сарын 11, 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдрүүдэд байнга зодож тарчлаасан,

2015 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансрын 5-4 тоот гэртээ хамтран амьдрагч байсан иргэн В.Одгэрэлд хүч хэрэглэн хүчиндсэн,

2015 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансрын 5-4 тоотод хамтран амьдрагч байсан иргэн В.Одгэрэлийн Самсунг Галакси Эс-1 маркийн гар утас, монетон ээмгийг хүч хэрэглэн дээрэмдэн авч 380 000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр В.Одгэрэлийн эзэмшлийн “Тошиба” маркийн зурагтыг өшиглөж хагалан бусдын эд хөрөнгийг санаатай устгаж, 600 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Билгүүн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2011 онд Одгэрэлтэй танилцаж хамт амьдрах болсон. Хэнтийн үйлдлийн хувьд шалтгаан нь өөр, Одгэрэл ахтайгаа согтуу байсан учраас би мөнгийг нь аваад явсан. Зодсон нь үнэн. Найз Уртаатайгаа явж байхдаа энэ 2 согтуу байсан. Би жолоо барьж явсан. Тэгээд зодсон. Өөрөө согтуу байж байгаад одоо над уруу чихээд байна. Надад мөнгөний хэрэг гараад байна гээд ээмэг, бөгжийг нь гуйж авсан, дээрэмдэж аваагүй. Би зурагт эвдэлснээ санахгүй байна. Хүчиндсэн зүйл огт болоогүй. Одгэрэлд би хутгалуулсан. Хамт амьдардаг байсан учраас цагдаад хандаагүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.

Хохирогч В.Одгэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Ахтай явж байхад ах түүн рүү уурласан. Ахын цүнхтэй мөнгийг аваад хот уруу явсан байсан. Ирэхээр нь мөнгийг нь яасан юм бэ гэхэд мөнгө нэхлээ гээд довжооны банз салгаж аваад зодсон. Манай найз Пүрэвсүрэн манайд ирсэн. Түүнийг гаргаж өгөөд орж иртэл Билгүүн унтаж байсан. Тэгэхээр нь сэрээгээд яахав гэж бодоод ахын орон дээр унтсан. Гэтэл юу болоод өөр орон дээр унтаад байгаа юм гээд өшиглөсөн. Бүтэн сар өрөөсөн нүд таглаатай явсан. Хэнтий аймаг Уртаатай хамт явсан. Замдаа архи авч өгсөн. Билгүүн их хартай. Уртаа бид хоёр юм яриад инээлдээд явтал Уртааг зодсон. Намайг бас зодсон. Уртаа сумын цагдаа уруу явсан ч цагдаа нь байхгүй байсан. Тэндээс морь аваад Завханы залууд зарсан. Тэр залуу мөнгөө өгөөгүй. Тэгээд мөнгө чинь юу болсон гэхээр намайг шөнөжин зодсон. Маргааш нь ах ирж энэ талаар мэдсэн. Толгойдоо 12 оёдол тавиулсан. Билгүүн утсаар их дарамталдаг хүн байгаа юм. Манай хэдэн багш нар жаахан сууя гэсэн. Билгүүнийг залгаад байхаар нь би хэлсэн нь үнэн. Гэртээ орж иртэл хэрүүл хийгээд намайг түлхэж унагаад ширээний булан хугалчихсан. Намайг хугалсан гэж хэлээрэй гээд байсан. Билгүүн хоёр пиво авсан байснаа намайг уу гээд ам уруу цутгаад байсан. Шөнө 04 цаг хүртэл зурагт үзээд Билгүүнийг яв, би унтмаар байна гээд зурагтаа унтраасан. Тэгтэл намайг зодсон. Би хөнжлөө нөмрөөд 3 давхар өмдтэй хэвтэж байсан. Цаашаа хэвт гээд 2 гарыг атгаж байгаад дотоожийг ураад хүчиндсэн. Наашаа хар гэхээр нь хараагүй, чих өвдөхөөр нь ээмгээ тайлтал наашаа өг, архи авч ууна гээд авсан. Утсанд захиа иртэл чи хэзээ дуудлага хадгалахтай болчихсон юм гээд копыг нь тайлуулж авсан. Наашаа хар, зурагтыг чинь хагална шүү гээд хагалсан. Ер нь бол зурагтыг хагална гэж байнга хэлдэг. Миний утсыг аваад явсан. Утас, ээмэг, зурагтаа төлүүлнэ. Дараагийн удаа мөнгөтэй болохоороо эрүүл мэндээ үзүүлж гарсан зардлаа нэхэмжилнэ. Гомдолтой байна” гэв.   

 

201526012531 дүгээр эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Хохирогч В.Одгэрэлийн: “Би 2011 онд Билгүүнтэй ...танилцаад хамтран амьдрах болсон. Хамтран амьдарч эхэлснээс хойш 3 сарын дараа манай төрсөн ах Батболд бид гурав аавын гэр лүү явж байгаад замдаа манай ах Билгүүнд чи ажил төрөл хийгээч ээ ингэж яаж амьдардаг юм бэ гэхэд машинаас буухдаа миний цүнхийг аваад явсан. Тэгээд маргааш нь би хотод ирчихээд Билгүүн рүү залгахад одоо очлоо гээд хүрээд ирсэн. Миний цүнх мөнгө хаана байна гэхэд Билгүүн пизда минь чи надаас мөнгө асуулаа гээд үүдний довжооны банзыг сугалж байгаад миний нуруу руу хэд хэдэн удаа цохиод банз нь хугарч унаж байсан. Тэр цагаас эхлэн намайг зодож эхэлсэн. Билгүүн өөрийнхөө буруу үйлдлийг хүн рүү чихэж уурлаад л зоддог. Жишээлбэл чи ажил төрөл хийхгүй юм уу гэж асуухаар хоёр гурав хоногоос хийнэ гээд л байж байдаг, хоёр гурав хоног нь болоод одоо гарч ажил хайхгүй юм уу гэхэд пизда ажил төрөл бүтэхгүй байна гээд л уурлаад зоддог. Намайг бол ер нь байнга зоддог байсан, тэр болгоныг санахгүй байна. Миний санаж байгаагаар 2012 оны хавар ...Билгүүн пизда чинь өөр орон дээр унтлаа гээд намайг орноос чирж унагааж байгаад миний хацар болон бие рүү хэд хэдэн удаа өшиглөж, баруун нүд хавдаад хаагдаад 1 сар гарны дараа зүгээр болж байсан. ...2015 оны 2 дугаар сарын 27-ны өдөр ...чи гарч ажил төрөл хийгээч гэхэд юу гээд байгаа пизда вэ гээд миний шилэн хүзүү рүү хүчтэй цохиход би сөхрөөд суутал баруун гуя хөл рүү өшиглөсөн. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст өргөдөл өгөөд шалгасан.

...2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр ...Билгүүн танай тэр Завханы залуу ямар худалч юм бэ гээд над руу уураа гаргаж плетка тогоотой хоол шидэж гал тогооны шүүгээний хаалгыг нь мулталж аваад тархи толгой руу цохиж шөнөжингөө зодож хоносон. ...2015 оны 11 дүгээр сарын 20-ны орой ...Билгүүн орж ирээд чи муу яасан их машинтай залуучуудтай явалддаг юм бэ гээд намайг түлхэж унагаад намайг пиво уу гэхээр нь би уухгүй гэсэн чинь миний ам руу пиво цутгахаар нь би өөрөө ууя гээд өөрөө ганц хоёр балгаад уухаа больсон. ...Шөнө 04 цагийн үед нүд анилдаад орон дээрээ хувцастайгаа хэвтсэн чинь Билгүүн хажуугаар орж ирээд цаашаа хэвт гэхээр нь би яах гээд байгаа юм бэ яваач гэхэд Билгүүн уурлаад миний бие рүү олон удаа өшиглөж байгаад миний өмдийг шувтлаад миний араас хүчиндсэн. Тэгээд намайг наашаа хар гэхээр нь харахгүй хэвтэж байтал намайг татаж босгоод зүүн чих рүү өшиглөхөөр нь ээмгээ тайлаад авсан чинь пизла минь чиний ээмгээр яадаг юм, нааш нь өгөөдөх гээд монетон ээмгийг авчихсан. Мөн миний Галакси 1 маркийн гар утсыг авчихсан. ...би хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөөд хэвтэж байтал пизда минь наашаа харахгүй бол зурагтыг чинь өшиглөлөө гээд 2014 онд 1.000.000 төгрөгөөр авч байсан Тошиба маркийн зурагтыг өшиглөөд цуулчихсан. Одоо ажиллахгүй байгаа. ...Би ер нь уйлахдаа чимээгүй уйлдаг болохоор Билгүүн зодохдоо уйлаач, чи муу шазруун гээд нэмж зодоод байдаг. Миний бодлоор намайг чанга уйлуулах гээд байдаг юм шиг байна лээ. Билгүүн намайг зоддогийг хүү Энхманлай, найз Баярмаа нар мэдэж байгаа. ...Билгүүн одоо хүртэл намайг утсаар дарамталж чи намайг хараарай чамайг ажилгүй болгоно, интернетээр нүдний булай болгоно, чамайг алчихаад Хэнтийн ууланд очоод хэвтчихэд хэн намайг олох юм, гэр орныг чинь үнсэн товрого болгоно гэх зэргээр байнгын дарамталж байна. ...Билгүүн намайг ганцаараа байхад зоддог надтай хүч хэрэглэн хурьцал үйлддэг байсан. Намайг зодож цохиж хүч хэрэглэж байсанд маш их гомдолтой байна. Надаас өөр хүнийг зодож хүчиндэж магадгүй учраас шийтгүүлмээр байна. ...2014 оны 11 сард Билгүүн түүний найз Уртаа нарын хамт Хэнтий аймгийн Дадал сум руу явсан. Тэгээд замд Уртаа бид хоёр юм яриад явж байтал гэнэт машин зогсоогоод Уртааг гаргаж ирээд цохиж зодсон. Би Уртааг өмөөрөөд Билгүүнийг чи зүгээр байгаа хүнийг чи яаж байгаа юм бэ гэтэл машинаас гуд татаж буулгаад миний нүүр лүү олон удаа цохиж үснээс  чирээд зодсон” гэх мэдүүлгүүд /1-хх-11-14, 115/,

Насанд хүрээгүй гэрч О.Энхманлайн: “...Одоогоос 1-2 жилийн өмнөөс ээж Одгэрэлийн нүүр ам энд тэндээ хөхрөөд хавдчихсан байдаг байсан. Дүү бид хоёрыг байхгүй үед хүнгүй байхад л ээжийг зоддог юм шиг байгаа юм. 2015 оны цагаан сарын өмнө билүү дараа намайг хичээл дээрээ байхад ээж залгаад дүүгээ аваад сургуулийнхаа гадаа гараад ир гэхээр нь би дүү Энхмөнхийг аваад гарахад ...ээжийн зүүн билүү баруун шанаа хавдчихсан байсан. Ээж хэлэхдээ Билгүүн бид хоёр муудалцаад намайг цохиж зодлоо гэж ярьж байсан. 2015 оны 6 дугаар сар байсан байх, ...нагац эгч Гэрэлтуяа руу утсаар залгатал ээжийг Билгүүн зодчихсон эмнэлгээр явж байна гэж байсан. Тэгээд хэд хоногийн дараа ээж Одгэрэл хөдөө ирэхэд ээжийн нүүр тэр чигээрээ хавдаад хавагначихсан Билгүүнээр зодуулсан гэж байсан. ...2015 оны 11 дүгээр сарын 20-нд би эгч Гэрэлтуяагийнд очиж хоносон. Маргааш нь гэртээ ирэхэд ээжийн зүүн хацар хавдчихсан, хүзүү нь улайчихсан байхаар нь яасан юу болсон гэхэд Билгүүн шөнө ирээд намайг зодчихлоо гэж байсан” гэх мэдүүлэг /1-хх-16/,

Гэрч Д.Сүхбатын: “...Би Одгэрэлийг Билгүүн гэгчтэй хэзээнээс хамтран амьдарч эхэлснийг мэдэхгүй. Ямар ч байсан 2015 оны цагаан сараар Одгэрэлийн аав ээжийнд очиж золгоход Билгүүн гэх залуу байж байсан. Түүнээс хойш Билгүүн нь Одгэрэлийг зодоод байгаа сураг гардаг байсан. Тэгтэл 2015 оны 06 сард /өдрийг санахгүй байна/ өөрийн охин Сувдмаагаа Одгэрэлийн аав ээжийн хөдөө гэр лүү Одгэрэлтэй хамт явуулах гээд охиноо дагуулаад гэрт нь очтол Одгэрэл хашааны хаалга онгойлгож өгсөн. Тэгтэл Одгэрэлийн нүүр ам хавдчихсан, толгойг нь хагалаад нил цус нөж болчихсон байхаар нь би яасан юу болсон талаар асуухад Билгүүн намайг зодчихлоо, та гэрт ороод Билгүүнтэй ямар нэгэн юм ярьж болохгүй шүү, таныг гараад явчихаар намайг зодох байх гэсэн юм. ...Тэгээд би гэрээс нь гарчихаад эхнэр лүүгээ залгаад эд нар өнөөдөр хөдөө явж чадах юм уу Билгүүн Одгэрэлийг зодчихсон байна гэж хэлсэн. ...Орой буцаад ирэхэд Билгүүн гараад явчихсан Одгэрэл охиноо надтай үлдээчих охин чинь надтай байвал Билгүүн намайг зодохгүй байх гэхээр нь би охиноо үлдээгээд явсан. Тухайн үед би охиноо утсан дээрээ Одгэрэлийн зургийг авчих гээд авахуулсан. Уг 3 ширхэг зургийг хэргийн материалд хавсаргуулъя. Одгэрэл өөрөө надад ярихдаа архи уухаараа намайг зоддог гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1-хх-18/,  

Гэрч Ш.Сайнхүүгийн: “...2014 оны өвөл байх, шөнө 01-02 цагийн үед Билгүүн дээл өмсчихсөн цээжнээс нь цус гарсан орж ирсэн. Лдгэрэл хутгалчихлаа гэсэн. Манай гэрт жаахан сууж байгаад гараад цагдаа, түргэнд дуудлага өгсөн. ...Би Одгэрэлтэй найзууд. Билгүүн нь Одгэрэлийн хамтран амьдрагч юм. Би 2015 оны өвөл байсан байх сар өдрийг сайн мэдэхгүй байна. Би нэг удаа Одгэрэлийн гэрт ороход Одгэрэлийг Билгүүн үснээс нь зулгаагаад тархи толгой руу цохиж зодоод байсан. Одгэрэл цагдаад дуудлага өгөх гэтэл Билгүүн гараад зугтаагаад яваад өгсөн. Тухайн үед тэр хоёр хоёулаа эрүүл байсан” гэх мэдүүлэг /2-хх-24/,

Гэрч П.Пүрэвсүрэнгийн: “2015 оны 3 дугаар сард байсан яг хэдний өдөр байсныг санахгүй байна. Тэр өдөр би Одгэрэлийн гэрт хамт очсон. Хамтран амьдрагч Билгүүн согтуу байсан. Тэр хоёр хэрүүл хийгээд байсан. Миний хөл рүү нэг удаа өшиглөсөн боловч би шалгуулахгүй.

...Өнгөрсөн өвөл Одгэрэл намайг зодоод хүчиндчихлээ, би цагдаад өргөдөл өгсөн, шүүх эмнэлэгт үзүүл гэж хэлсэн, хоёулаа хамт яваад ирье гэхээр нь би зөвшөөрөөд хамт явсан” гэх мэдүүлэг /1-хх-225-226/,

Гэрч Ц.Уртнасангийн: “2014 оны 11 дүгээр сарын дундуур л байсан Билгүүн ирээд Хэнтий аймгийн Дадал сум уруу очоод адуу авчирна, чи Портер олоод хамт явцгаая гэсэн. Билгүүн, Одгэрэл бид гурав хамт явсан. Замдаа хоёр шил архи уусан. Билгүүн эхнэртэйгээ маргалдаад хажуудаа сууж байсан Одгэрэлийг гараараа нүүр рүү нь цохисон. Машинаа зогсоогоод Одгэрэлийг буулгаж байгаад зодсон. Би өмөөртөл чамд ямар хамаатай юм гээд нүүр рүү цохиод газар унагаад өшиглөж зодсон. Би сумын төвийн цагдаа хайтал байхгүй байсан. ...Одгэрэл Билгүүнд зодуулаад нүд нь хөхрөөд хавдсан байсан. Миний нүд бас хөхөрсөн байсан. Би цагдаад хандаагүй” гэх мэдүүлэг /1-хх-227-228/,   

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2015.11.26-ны өдрийн 16811 дүгээр актын дүгнэлтэд: “1. В.Одгэрэлийн биед зүүн чихний ар гадаргуу хөхлөг сэртэнгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, баруун гуяны хуралт, эрүүний зөөлөн эдийн няцрал, баруун доод агт араа шүдний булгарал бүхий шинэ гэмтэл, зүүн зулайн хуйхны язарсан шарх бүхий хуучин гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /1-хх-32/,

Криминалистикийн шинжээчийн 2015.12.17-ны өдрийн 6146 дугаар дүгнэлтэд: “...шинжилгээнд ирүүлсэн дотоожинд уранхай гарсан байна. Хар дотоожинд гарсан 130 мм, 74 мм, 20 мм, 8 мм, 18 мм, 200 мм хэмжээтэй уранхай нь татах чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ уранхай байна” гэжээ /1-хх-38/,

Шинжээчийн 10895 дугаар дүгнэлтэд: “В.Одгэрэлийн гэх хар өнгийн дотоожинд үрийн шингэн, эр бэлгийн эс, цус зэрэг биологийн бусад ул мөр илрээгүй” гэжээ  /1-хх-41/,

Д.Билгүүний яллагдагчаар өгсөн: “...Би тэртээ тэргүй Одгэрэлийг зодсон нь үнэн. Одгэрэлийг архи уухаар нь хэрүүл маргаан гараад л гар хөлөөрөө цохиж зоддог басйан, яг хэдэн удаа зодсноо мэдэхгүй байна. Ямар ч байсан 3-4 удаа зодож цохиж байсан. 2011 оны хавар Одгэрэл, түүний ах Болдоо бид гурав Одгэрэлийн аавын гэр лүү Шарын ам гэх газар луу явж байгаад хөдөө хээр Одгэрэл ахтайгаа нийлж архи уучихаад над руу хоёулаа агсраад байхаар нь цүнхтэй мөнгийг нь аваад алхаад хот руу ирсэн. Тэгээд маргааш нь Одгэрэл хүрээд ир гэхээр нь би архи уучихсан байж байгаад гэртээ очтол Одгэрэл надаас мөнгөө нэхэхээр нь би уурлаад газар хэвтэж байсан банзаар нуруу руу 2-3 удаа цохисон. 2012 оны хавар Одгэрэлийн найз нь найз залуутайгаа ирээд манай гэрт архи уугаад явсан. Тэгтэл Одгэрэл согтуу төмөр орон дээр унтаж байхаар нь орон дээрээ очиж унт даарлаа гэхэд өөдөөс согтуу солиороод байхаар нь би толгой дээр нь ус асгаад ор луу түлхээд ганц хоёр удаа цохисон яг хаана нь цохисноо санахгүй байна. ...2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр манай найз надаас мөнгө зээлчих гэсэн. Тэгээд би найздаа мөнгө зээлүүлээд ганц удаа тус болчихье гэхэд Одгэрэл миний мөнгөөр машиндаа сэлбэг авчихсан байхаар нь Завханы Баяраа гэх залуугаас мөнгө авах ёстой байснаа авах гээд гадуур гараад бүтээгүй юм. Тэгээд гэртээ ирээд байж байтал Одгэрэл гаднаас архи уучихсан найзтайгаа нэг шил архи барьж орж ирээд хамт хувааж уугаад би согтоод мөнгөнөөс болж хэрүүл хийгээд зодсон байсан. Би тухайн үед согтчихсон байсан болохоор юу болсноо мэдэхгүй байгаа. Маргааш босоход Одгэрэлийг зодчихсон нүүр амыг нь хавдаасан байсан. Одгэрэл намайг цохиж зодож байгаагүй.

...тухайн өдөр Одгэрэл бид хоёр зурагт үзээд пиво уусан. Би пиво ууж байгаад унтаад өгсөн. Зурагтыг Одгэрэл унтраасан байх. Өглөө үүрээр намайг зодож байхад зурагт нь унтраалттай байсан. Намайг гэрээс гарахад зурагт нь асаагүй, гэрийн баруун талын тавиур дээр зүгээр тавиатай байсан. Одгэрэлийг 2-3 удаа нүүр рүү нь алгадсан. Би цохиж зодсныхоо дараа Одгэрэлтэй бэлгийн харьцаанд ороогүй. Одгэрэлийн зурагтыг өшиглөж эвдэлсэн зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1-хх-51, 54/

гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-хх-56-58/, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай тусламжийн бүртгэл /1-хх-62/, гэр бүлийн хүчирхийллийн үнэлгээний баримт /хх-65/, эд зүйлийн үнэлгээ /1-хх-91, 215, 2-хх-26/, шүүгдэгчийн ял шалгах хуудас /1-хх-95/, шийтгэх тогтоолын хуулбар /1-хх-96-101/, СХД-ийн Цагдаагийн 2 дугаар хэлтэсийн бүртгэлийн хуулбар /1-хх-200-201, 206-209/, шүүх эмнэлгийн материалаар гаргасан 2016.06.03-ны өдрийн 754 дүгээр дүгнэлт /1-хх-250/, В.Одгэрэлийн ял шалгах хуудас /2-хх-25/, яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /2-хх-38, 40/ зэргийг уншиж шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Д.Билгүүн нь согтуурсан үедээ 2015 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө хамтран амьдарч байсан иргэн В.Одгэрэлийг Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансрын 5-4 тоот гэртээ байхад нь зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулан тарчлаасан,

мөн хохирогч В.Одгэрэлтэй хамтран амьдарч байх хугацаандаа буюу 2011 оны хавар “мөнгө нэхлээ” гэх, 2012 оны хавар “өөр орон дээр унтлаа” гэх, 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “чи гарч ажил хийгээч эр хүн байж яаж ингэж амьдрах гээд байгаа юм бэ” гэж хэллээ гэх, 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр “хүнээс мөнгө төгрөг авах ажил чинь бүтсэн үү, танай тэр Завханы залуу чинь ямар худалч юм бэ? гэсэн гэх шалтгаануудаар, 2011 оны хавар, 2012 оны хавар, 2014 оны 1 дүгээр сард Хэнтий аймагт, 2015 оны 3 дугаар сарын 05, 2015 оны 6 дугаар сарын 15, 2015 оны 10 дугаар сарын 11, 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдрүүдэд байнга зодож тарчлаасан,

2015 оны 11 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансрын 5-4 тоот гэртээ хамтран амьдрагч байсан иргэн В.Одгэрэлд хүч хэрэглэн хүчиндсэн, В.Одгэрэлийн “Самсунг Галакси Эс-1” маркийн гар утас, монетон ээмгийг хүч хэрэглэн дээрэмдэн авч 380.000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансрын 5-4 тоотод байх В.Одгэрэлийн эзэмшлийн “Тошиба” маркийн зурагтыг өшиглөж хагалан бусдын эд хөрөнгийг санаатай устгаж, бусдад 600 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх бичгийн нотлох баримтууд, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Билгүүнийг тарчлаах, хүчиндэх, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1, 126 дугаар зүйлийн 126.1, 147 дугаар зүйлийн 147.1, 153 дугаар зүйлийн 153.1-д тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.Билгүүн шүүхийн хэлэлцүүлэгт “Би В.Одгэрэлийг хүчиндээгүй, ээмэг, бөгжийг нь гуйж авсан болохоос дээрэмдэж аваагүй, мөн зурагтыг нь хагалаагүй” гэж мэдүүлж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өгсөн мэдүүлэг зэргээр уг байдал нь үгүйсгэгдэж байна.

Шүүгдэгч Д.Билгүүн нь урьд Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 208 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Хэнтий аймгийн шүүхийн шүүгчийн 1999 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 105 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 2 сар 21 хоногийн хорих ялаас тэнсэн суллагдсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-д зааснаар хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй байх тул Д.Билгүүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч В.Одгэрэл эд хөрөнгөд учирсан  хохиролд баримтаар 980 000 төгрөг нэхэмжилсэнийг шүүгдэгч Д.Билгүүнээс гаргуулж олгох нь зүйтэй байна.

Шүүх ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, хуульд заасан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн дотоож 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Д.Билгүүний 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 153 /нэг тавин гурав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.  

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Билгүүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.  

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Авзай овогт Дугаржавын Билгүүнийг тарчлаах, хүчиндэх, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар шүүгдэгч Д.Билгүүнийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Д.Билгүүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялд 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус багтааж, 100 дугаар зүйлийн  100.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялын заримыг буюу 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Д.Билгүүнд оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т тус тус зааснаар шүүгдэгч Д.Билгүүний цагдан хоригдсон 153 /нэг зуун тавин гурав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай. 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримаар хураагдаж ирсэн хар өнгийн дотоож 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Д.Билгүүнээс 980 000 /есөн зуун наян мянга/ төгрөг гаргуулж, хохирогч В.Одгэрэлд олгосугай.

8. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Билгүүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

9.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Билгүүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Билгүүнд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Л.БААТАР