Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
Хэргийн индекс | 188/2022/0625/Э |
Дугаар | 2022/ШЦТ/621 |
Огноо | 2022-03-12 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Д.Ганчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 2022/ШЦТ/621
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
Улсын яллагч Д.Ганчимэг,
Шүүгдэгч С.Б, түүний хууль ёсны төлөөлөгч С.О, тэдний өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар :
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Б-д холбогдох 2008 00000 1452 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2004 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн Баянгол дүүрэгт төрсөн, 16 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Техник технологийн коллежийн ** дамжааны оюутан, ам бүл 4 эцэг эх, ахын хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо Өнөр хорооллын ** дүгээр байрны ** тоотод оршин суух хаягтай, А овогт С-гийн Б, /РД:******/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч С.Б нь Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр, мөн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд насанд хүрээгүй хохирогч О.Т-ыг түлхэж унагах, нүүр лүү нь алгадах зэрэг үйлдлүүдээр түүний биед тархины доргилт, дух, доод уруулд зулгаралт гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Шүүгдэгч С.Б нь Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2020 оны 09 дүгээр сарын 30, 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд насанд хүрээгүй хохирогч О.Т-ыг түлхэж унагах, нүүр лүү нь алгадах зэргээр хүч хэрэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :
-насанд хүрээгүй хохирогч О.Т-ын: “...2020.09.30-ны өдөр...намайг зогсож байхад цаанаас Б эгч ирээд миний үснээс зулгааж дараад гэдэс рүү өвдөглөж цохиход нь би дээшээ босоод Б эгчийг нэг удаа хацар луу нь алгадсан. Тэгтэл Б эгч миний толгой руу гараараа түлхээд төмөр хашаа мөргүүлсэн. Би тухайн үед толгойгоороо төмөр хашаа мөргөөд дух шалбарч цус гарсан. Тэгээд гэртээ хариад толгой өвдөөд байсан. Тэрнээс хойш 2 хоногийн дараа буюу 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 18 цагийн үед хичээлээ тараад сургуульдаа ирэхэд А сургуулийн үүдэнд ирчихсэн байсан ба намайг алгаддаг хэн бэ гээд миний хацар луу гараараа нэлээн олон удаа алгадсан би бараг 7-8 удаа алгадсан байх гэж бодож байна. ...” гэх мэдүүлэг /хх-7-8/,
- насанд хүрээгүй гэрч Б.-ийн: “...Т очоод М-тэй маргалдаад тэр хоёр нэг нэгнээ түлхээд байхаар нь Б очсон энэ үед манай ээж над руу залгаж таараад би ээжтэйгээ утсаар яриад дуусаад эргээд хартал Т Б-г алгадаад авахад Б зөрүүлээд Т-ыг төмөр хашаа руу түлхээд унагаж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-31-32/,
- шинжээчийн дүгнэлт: О.Т-ын биед тархи доргилт, дух, доод уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрхи гэмтлүүд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-н 50-51/,
- насанд хүрээгүй шүүгдэгч С.Б-ийн: “...Би Т-ыг толгойгоор нь төмөр стикэн хашаа мөргүүлж дух хэсгийг нь шалбалж гэмтээсэн, би гэм буруугаа хүлээж байна. Би үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Дахиж зодоон цохион хийхгүй биеэ зөв авч явна. ...” гэх мэдүүлэг /хх-н 63-64/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна тухайн нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.
Иймд өсвөр насны шүүгдэгч С.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 500,000 төгрөг хүлээн авсан тул цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /хх-90/ болохоо мэдүүлжээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :
Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирол төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгч нь насанд хүрээгүй байхдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт амьдардаг, оюутан, шилдэг сурагч байсан зэрэг түүний ар гэр, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт авагдсан /хх-66, 70-85 / байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Б-д ял оногдуулахыг тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэв.
Тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Өсвөр насны шүүгдэгч С.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Б-д ял оногдуулахыг тэнсэж, 1 жилээр хянан хүмүүжүүлэхээр тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгчид зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй болон гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг өсвөр насны шүүгдэгч С.Б-д мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГАНБААТАР