Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/427

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганболор,

Улсын яллагч Х.Нарангуа /томилолтоор,      

Шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгч О.Б холбогдох 210 802 890 0318 дугаартай эрүүгийн хэргийг хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, авто засварын газар засварчин хийдэг, ам бүл *, эхнэр, * хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Хамбын *** тоотод бүртгэлтэй, БЗД-ийн ** дугаар хороо, сургуулийн задгай **** тоотод оршин суудаг, Баянзүрх дүүргийн шүүхийн ** оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 161 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 161 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн в-д зааснаар * жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн, И овогт О.Б /РД: НШ*******/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Б нь 2021 оны ** дугаар сарын **-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо ** дугаар хороо, Зүүнбаян-Уул ** дугаар гудамжны ** тоотод байрлах тээврийн хэрэгслийн кузов засварын газарт ажиллаж байх үедээ тус засварын газрыг ажиллуулдаг Б.Э өмчлөлийн Герман улсад үйлдвэрлэгдсэн, 650.000 төгрөгийн багаж хэрэгсэл болон 100.000 төгрөгийн үнэ бүхий аккумляторыг худалдан борлуулсны улмаас бусдад нийт 750.000 төгрөгийн хохирол учруулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :  

            

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч О.Б нь ** оны ** дугаар сарын **-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Зүүнбаян-Уул ** дугаар гудамжны ** тоотод байрлах тээврийн хэрэгслийн кузов засварын газарт ажиллаж байх үедээ тус засварын газрыг ажиллуулдаг Б.Э өмчлөлийн нийт 750.000 төгрөгийн үнэ бүхий багаж хэрэгсэл, аккумляторыг итгэмжлэн хариуцаж байхдаа худалдан борлуулсан болох нь :             

- хохирогч Б.Э...Би Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Зүүн баян уулын ** дугаар гудамжны ** тоотод хувиараа тээврийн хэрэгслийн кузов засвар түрээслүүлж ажилладаг. 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр би тус грашшид Герман улсад үйлдвэрлэсэн ком багаж хэрэгсэл, 60 амперын аккумлятор 1 ширхэгийг...манай кузов засварын түрээсэлж байсан О.B, Н.О нар аваад явчихсан байна...Тухайн хүмүүс нь миний эзэмшлийн грашийг  түрээсэлсэн...Би тус багаж хэрэгслийг ашиглахыг зөвшөөрч, харин зарахыг зөвшөөрөөгүй...Тэгтэл архи уугаад архины халуунд миний хариуцуулж үлдээсэн багаж аккумляторыг архи уух гээд өөр хүнд зарчихсан байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11, 15 дахь тал/,   

            - гэрч Н.О...Манай нөхөр 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороонд байрлах авто засварт машин янзална гээд оруулчихсан байсан бөгөөд архи уучхаж магадгүй гэж бодоод засварын урьдчилгаа 600.000 төгрөгийг нуучихсан. Тэгтэл манай нөхөр намайг байхгүй байхад тухайн грашид байсан засварын багаж хэрэгслийг зарчихсан байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дэх тал/,

- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан...Ком багаж хэрэгсэл, хуучин хэрэглэж байсан /Герман/, фирм зориулалт тодорхойгүй 650.000 төгрөг, аккумлятор 2020 онд худалдан авсан, фирм үзүүлэлт тодорхойгүй 100.000 төгрөг нийт 750.000 төгрөг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,  

- шүүгдэгч О.Б...Би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өөрийн ажилладаг авто засварын газрын “машины эд ангийг салгадаг ком түлхүүртэй багаж мөн 60а аккумлятор“ байсныг авч яваад  хувь хүнд 60.000 төгрөгөөр зарж борлуулаад тухайн зарсан мөнгөөрөө архи авч уугаад 7 хоног явсан, буцаад ажил дээрээ ирсэн...Би тухайн засварын газарт анх нээгдсэнээс хойш ажилласан...Би тухайн үед ганцаараа байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 62 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

                  

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :       

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.    

Шүүгдэгч нь мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хх-62/ хооронд зөрүүтэй байдалгүй, мөрдөн байцаалтын шатанд түүнээс мэдүүлэг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь танилцуулсан, мөн шүүх хуралдаанд шүүгдэгчид эрх, үүргийг нь танилцуулж, тайлбарласан болно.

2.2. Шүүгдэгч нь гэм буруугийн санаатай хэлбэрээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох ком багаж хэрэгсэл, аккумляторыг завшсан болох нь тогтоогдсон байх тул хөрөнгө завших гэмт хэргийн субъектив болон объектив шинж хангагдсан гэж үзэх үндэслэлтэй, харин тус хэрэгт хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжгүй, тус хэргийн зүйлчлэлийн талаар маргаангүй болно.  

Иймд шүүгдэгч О.Б хөрөнгө завших гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.       

 

  1. Хохирол, хор уршиг :        

Тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол төлөгдсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй /хх-15, шүүх хуралдааны тэмдэглэл/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт   

 

Шүүгдэгч О.Б нь урьд 1996 онд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байх боловч түүнийг эдэлж дууссанд хамаарах эх сурвалжтай байх /хх-31, 72-76, 77-78/ тул тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид хохирол нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.     

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, авто засварын газарт засварчин ажилтай, түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан, /хх-23, 31, 34, 42-44, 46, 48, 50-51, 62, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суугаа газар, ажлаа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэв. 

 

Бусад асуудал  

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүхийн зардалгүй, шүүгдэгч

цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.            

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

 

ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч О.Б хөрөнгө завших гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                    

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг  журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-т зааснаар шүүгдэгчид зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суугаа газар, ажлаа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.     

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүдэгч О.Б тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй

5. Шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүхийн зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.ГАНБААТАР