Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 1042

 

 

                      

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн РЮ61020113 регистрийн дугаартай, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 31-51 тоотод оршин суух Хиад Боржигон овогт Цэрэндашийн Энхбатын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баянчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч Ц.Энхбатыг 2017 оны 12 дугаар сард Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дуудаж 4\28279 тоот мэдэгдлийг гардуулсан. Гэтэл Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/05340 дугаар захирамжийн дагуу манай гэр бүлийн өмчлөлийн Эрхийн Ү-2203025510 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустай /14100/, 1 дүгээр гудамжны 163 тоот хаягт байрлах хувийн сууц, эзэмших эрхийн 1864432235184 нэгж талбарын дугаар бүхий газрын хамтаар төлбөр төлөгч Г.Үнэнцэцэгийн 285.754.583 төгрөгийн үүргийн гүйцэтгэлд хангуулахаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгааг болон 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/05340 дугаар шүүгчийн захирамж гарсан талаар мэдлээ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустай /14100/, 1 дүгээр гудамжны 163 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө, газрын хууль ёсны өмчлөгч бидэнд огт мэдэгдэлгүйгээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулсан байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заасан байхад өмчлөгч биднээс үнэлгээний талаар огт асуугаагүй, үнэлгээтэй холбоотой огт санал аваагүй атлаа хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоож анхны албадан дуудлага худалдааны үнэлгээг тогтоосон тухай 4Ү28279 тоот мэдэгдлийг өгсөн. Гэтэл зүй нь өмчлөгч биднээс дуудлага худалдааны үнийг тогтоохтой холбоотой үнийн санал авах ёстой байсан боловч энэ ажиллагаа хийгдээгүй, үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс эд хөрөнгө дээр очилгүйгээр, өмчлөгч бидэнд ч мэдэгдэлгүй хураах, битүүмжлэх зэрэг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулсан байна.

Түүнчлэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон хөндлөнгийн шинжээчийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгийг биетээр очиж үнэлгээ тогтоосон зүйл огт байхгүй, энэ талаар ч өмчлөгч бидний зүгээс мэдсэн зүйл огт байхгүй болно.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустай /14100/, 1 дүгээр гудамжны 163 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө, газрыг хууль бусаар үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/05340 дугаар захирамжаар “Амирланзаяа” ХХК, Г.Үнэнцэцэг, Ш.Дамдинсүрэн нараас 286.547.944 төгрөгийг гаргуулан “Хас банк”-нд олгохоор шийдвэрлэжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр үүсгэн төлбөр төлөгч “Амирланзаяа” ХХК, Г.Үнэнцэцэг, Ш.Дамдинсүрэн нарт шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдлийг 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гардуулсан.

Шийдвэр гүйцэтгэгчийн заасан хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Архустай 1 дүгээр гудамжны 163 тоотод байршилтай, 112.6 м.кв талбайтай зуслангийн сууцыг газрын хамтаар битүүмжлэн, хураасан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар барьцаа хөрөнгөнд төлбөр төлөгч “Амирланзаяа” ХХК, Г.Үнэнцэцэг, Ш.Дамдинсүрэн болон барьцаа хөрөнгийн өмчлөгч Ц.Энхбат, Л.Дашгинцэмбэлмаа нараас үнийн санал авахад үнийн санал өгөхөөс татгалзсан. Төлбөр авагч Хас банк нь 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 36/6024 дүгээр албан бичгээр хөндлөнгийн шинжээч томилуулан үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан тул 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 149 тоот тогтоолоор “Итгэлт Эстимейт” ХХКомпанийг хөндлөнгийн шинжээчээр томилсон.

Хөрөнгийн үнэлгээний “Итгэлт Эстимейт” ХХКомпани нь 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр үүргийн гүйцэтгэлийн нэр бүхий барьцааны Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Архустай 1 дүгээр гудамжны 163 тоотод байршилтай, 112.6 м.кв талбайтай зуслангийн сууцыг газрын хамтаар 346.347.600 төгрөгөөр үнэлсэн.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Архустай 1 дүгээр гудамжны 163 тоотод байршилтай, 112.6 м.кв талбайтай зуслангийн сууцыг газрын хамтаар /шинжээчийн тогтоосон үнэ/ үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нарын харилцан тохиролцож тогтоосон үнэ/ болох 346.347.600 төгрөгийн 70 хувь буюу 242.443.320 төгрөгөөр 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар зарлагдсан боловч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 101/Ш32018/00801 дүгээр захирамжаар шийдвэр  гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн байна.  Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

     ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Энхбат нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203025510 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустай /14100/ 1 дүгээр гудамжны 163 тоот хаягт байршилтай 112,5 м.кв талбайтай хувийн сууц, 0190043 эзэмших эрхийн гэрчилгээний дугаартай Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустайд байрлах 400 м.кв талбайтай газрыг тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага гаргаж, хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 05340 дугаартай шийдвэрийг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 19-ны өдөр 03692 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна./х.х-ийн 62-63 дугаар талд/

Нэхэмжлэгч нь Л.Дашгинцэмбэлмаагийн хамтаар өмчилдөг дундын хөрөнгөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсныг буруутгаагүй, харин уг хөрөнгийн хувьд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа өмчлөгчөөс албадан дуудлага худалдаанд оруулах талаарх үнийн санал аваагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд, өмчлөгч нарыг тохиролцуулах ажиллагааг явуулаагүй зэргээр үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоохдоо холбогдох хууль журмыг зөрчсөн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлон тус үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрхийг үнэлсэн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгуулахаар гомдлын шаардлага гаргасан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Төлбөр төлөгч, төлбөр авагчийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэнэ” гэж тодорхойлон тэдгээрийн эдлэх эрх, хүлээх үүргийг мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зохицуулжээ.

Харин шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд бус хөрөнгийн өмчлөгчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох эрхийг тодорхойлохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т “Үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө”-ийг шинжээчээр үнэлүүлэхээр зохицуулсан.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 01/187 дугаартай “эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол”, 02/187 дугаартай “эд хөрөнгийг хураасан тогтоол”-р маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж хураасан байх бөгөөд энэхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 он/ 36 дугаар зүйлд заасантай нийцсэн байна. /х.х-ийн 73, 75 дахь талд/

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустай /14100/ 1 дүгээр гудамжны 163 тоот хаягт байршилтай 112,5 м.кв талбайтай хувийн сууц, 0190043 эзэмших эрхийн гэрчилгээний дугаартай Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустайд байрлах 400 м.кв талбайтай газарт өмчлөгч Ц.Энхбат, хамтран өмчлөгч Л.Дашгинцэмбэлмаа нар үнийн санал өгөх боломжгүй талаарх хүсэл зоригоо 2017 оны 11 дүгээр сарын 6, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр тус тус илрэхийлсэн болох нь тогтоогдож байх тул үнийн санал аваагүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна. /х.х-ийн 82-83 дахь талд/

Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд үнийн санал өгөөгүй, харилцан тохиролцоогүй тул шинжээч томилж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг “Итгэлт эстимэйт” ХХК-иар тогтоолгосон гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан “Итгэлт эстимэйт” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн “Хөрөнгө үнэлгээний тайлан”-д Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустай /14100/ 1 дүгээр гудамжны 163 тоот хаягт байршилтай 112,5 м.кв талбайтай хувийн сууц, 0190043 эзэмших эрхийн гэрчилгээний дугаартай Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустайд байрлах 400 м.кв талбайтай газрын үнэлгээг 76,062,300 төгрөгөөр тогтоосон байна. /х.х-ийн 46-55 дугаар тал/

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заасан.

Хуулийн дээрх зохицуулалтаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоох, энэ журмын дагуу тохиролцоогүй тохиолдолд шинжээчийн тогтоосон үнэлгээний 70 хувиар тооцон тогтоох журмыг зохицуулсан.

Хэргийн тухайд өмчлөгч, үүрэг гүйцэтгэгч нар үнийн санал өгөөгүй, тодорхой үнийн талаар тохиролцох санал гаргаагүйн улмаас үүрэг гүйцэтгүүлэгч буюу “Хас банк” шинжээчээр үнэлгээ тогтоолгох санал гаргаж, тус газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шинжээч томилсон гэх хариуцагчийн тайлбар хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.

Тодруулбал, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасан журмын дагуу Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустай /14100/ 1 дүгээр гудамжны 163 тоот хаягт байршилтай 112,5 м.кв талбайтай хувийн сууц, 0190043 эзэмших эрхийн гэрчилгээний дугаартай Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустайд байрлах 400 м.кв талбайтай гэзэр эзэмших эрхийн үнэлгээг тус тус тогтоосон гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч Ц.Энхбатын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо холбогдох журам зөрчсөн гэх гомдлын шаардлага үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

                                                                                                                 ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустай /14100/ 1 дүгээр гудамжны 163 тоот хаягт байршилтай 112,5 м.кв талбайтай хувийн сууц, 0190043 эзэмших эрхийн гэрчилгээний дугаартай Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустайд байрлах 400 м.кв талбайтай гэзэр эзэмших эрхийн үнэлгээг тус тус тогтоосон үнэлгээг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Энхбатын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Энхбатад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ,                                             Л.ЭНХЖАРГАЛ