Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 00127

 

2018 оны 01 сарын 31 өдөр

   Дугаар 142/ШШ2018/00127

                 Орхон аймаг

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

           Нэхэмжлэгч: “Э” ХХК-н нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: “О” ХХК -д холбогдох,

            10.900.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч “Э” ХХК-н захирал Г, хариуцагчийн төлөөлөгч “О” ХХК-н захирал Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Э” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “О” ХХК нь манай компанийн конторын барилгад 2011 оны 08 сарын 24-ний өдрөөс 2 жилийн хугацаагаар эмнэлэгийн үйл ажиллагаа явуулахаар “Ажлын байрны зориулалтаар өрөө түрээслэх” гэрээг 2011 оны 08 дугаар сарын 24-нд байгуулсан. Түрээсийн төлбөр 2.242.000 төгрөгөөр тохиролцсон ба эхний үед түрээсийн төлбөрөө төлж байсан. 2013 оны 8, 9, 10, 11, 12 дугаар сарын түрээсийн төлбөрийг төлөхгүй өнөө маргааш төлнө, ойрын хугацаанд төлнө, зээл аваад төлнө гэж элдэв шалтаг хэлсээр төлөхгүй байсан ба түрээсийн байрнаас гэнэт 2014 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гарсан. Хаана очсон нь мэдэгдэхгүй олдохгүй байсан. Тэгээд 5-р микрт, мөн 2-р ДГТ-д байрлаж байгааг нь тус тус олж мэдээд очиж түрээсийн төлбөрөө нэхэхэд мөн л “удахгүй төлнө” гэдэг худал үгээ хэлсээр байсан. Тиймээс “О” ХХК-иас түрээсийн төлбөрийн 10.900.000 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч “Э” ХХК-н захирал Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “О” ХХК-нь 2012 оны 08 дугаар сарын 24-ний өдөр гэрээ байгуулж орсон. Тухайн үед үнэ төлбөрийн талаар ярилцаж байсан. Засвар хийсэн байгаа сарын төлбөр өндөр гэж байхад болно гээд орсон. Эхэн үедээ түрээсийн төлбөрөө “О” ХХК-н нягтлан бодогч Эрдэнэ гэдэг хүн төлөөд, тооцоо нийлээд явдаг байсан. 2014 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр байрнаас гарсан. Хариуцагч Б нь түлхүүрээ 2014 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр манайд хүлээлгэж өгсөн. Анх тохиролцохдоо сар сардаа төлбөрөө төлөөд явна гэж байсан. Сар болгон төлбөрөө өгөөгүй, мөнгөө нэхэж очихоор хэд хонож байгаад өгье гэж хойшлуулдаг байсан. Уулзах болгонд төлнө гэдэг байсан. 10.900.000 төгрөгийг төлнө. 10.000.000 төгрөг зээлчих,  өмнөх мөнгөтэй чинь хамт төлнө гэж хэлж байсан Тэгэхэд нь би мөнгө чинь байгаа юм уу гэхэд байгаа гэдэг байсан. Тухайн үед орон сууцаа үзээд бүх юм таалагдаж байна гээд орсон. Манайх орон сууцанд супер засвар хийсэн байсан. Тухайн үедээ халуун ус, хүйтэн ус, 00-ийн талаар асуудал гарч байгаагүй. Урсгал засвараа бол түрээслэгч өөрөө хийхээр гэрээнд тусгаж өгсөн байгаа. Манайх ус дулааны мөнгийг төлнө гэж тохирсон. 10.900.000 төгрөгийг зүгээр нэг нэхээгүй өөрөө сайн мэдэж байгаа нягтлан бодогч нь тооцоо хийж өгсөн. Хариуцагч дээр хэд хэдэн удаа очиж уулзсан. 10.900.000 төгрөгний тооцоо байгаа гэдгийг сануулж хэлж байсан. “О” ХХК манайхаас өөр олон газар байр түрээслэж ороод төлбөрөө төлөөгүй баримтууд ч бас байгаа. Манайхаас байрыг хүлээж авахдаа супер засвар хийсэн байр хүлээж авсан. Тэгээд хаалга, түгжээ эвдэрсэн тэр чигээр нь хүлээлгэж өгсөн гэжээ.

 

Хариуцагч “О” ХХК шүүхэд гаргасан хариу  тайлбартаа:  “О” ХХК нь “Э” ХХК-н байранд 2012 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 2013 оны 08 дугаар сарын 24 хүртэл нэг жилийн хугацаатай гэрээ хийж, нүүж орохдоо 2.100.000 төгрөгийн урсгал засвар хийсэн. Манай эмнэлэг үйлчлүүлэгч ихтэй байдаг учраас түрээсийн төлбөрөө сар бүр тогтмол төлдөг байсан. 2012 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл нийт 35.714.000 төгрөг түрээсийн төлбөрт төлсөн. Түрээсийн төлбөрийг олон сараар өгөлгүй удаах боломжгүй, сар сардаа тогтмол өгдөг. 7 хоног хэтэрчихвэл нягтлан нь нэхсээр байгаад авчихдаг байсан. Инженерийн шугам сүлжээгээр бүрэн хангагдсан байр гэж хэлж байсан боловч хэрэглээний халуун усгүй, дээд давхраас ус алддаг, цахилгааны масс байнга гардаг байсан. Дээр дурдсан сан цахилгааны гэмтлүүдээс болж тухайн үеийн засварыг өөрсдөө хийдэг байсан. “Э” ХХК-н нэхэмжлээд байгаа 10.900.000 төгрөгийг үндэслэлгүй гэж үзэж байна. 9.000.000 төгрөгийг төлөх боломжгүй, 2014 оны 01 дүгээр сарын түрээсийн төлбөрийн дутуу 1.900.000 төгрөгийг төлнө гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч “О” ХХК-н захирал Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх сар сардаа түрээсийн төлбөрөө “Э” ХХК-д төлөөд явдаг байсан нь үнэн. Байр түрээслүүлж байна гээд нэхэмжлэгч нь давуу эрхтэйгээр 10.900.000 төгрөг нэхэмжилж байгаа нь их байна гэж бодож байна. Манай хоёр байгууллагын нягтлан бодогч нар тооцоо нийлсэн баримтаа аваад гардаг байсан. Сүүлд түрээсийн төлбөрт хэдэн төгрөг төлөгдөөгүй үлдсэнийг манай нягтлан бодогч надад хэлээгүй. 2012 оны 08 дугаар 24-нд орсон эхний сард 500.000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн. Ажлын байрны сарын түрээсийн төлбөр 2.100.000 төгрөг байхаар 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Манайх 2 жил түрээслээд 2014 оны 01 сарын 31-ний өдөр түлхүүрийг жижүүрт хүлээлгэж өгөөд гарсан. Манайхыг тус байрыг түрээслэж байх хугацаанд халуун ус байхгүй. Шугамын асуудалтай байсан. Нэхэмжлэлийн шаардлагаас сүүлийн нэг сарын мөнгийг хүлээн зөвшөөрч байна. Өмнөх хугацааны мөнгөө төлсөн. Манайх сүүлийн сарын түрээсийн төлбөр 2.100.000 төгрөгнөөс суугаагүй хоногийн халуун дулааны усны мөнгийг хасаж 1.900.000 төлнө гэжээ.

  

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Э” ХХК, хариуцагч “О” ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөрийн үлдэгдэл 10.900.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч “Э” ХХК-н захирал Г нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... хариуцагч байгууллага болох “О” ХХК нь түрээсийн гэрээ байгуулагдаад байрандаа ороод эхний үед төлбөрөө төлж байсан. 2013 оны 8, 9, 10, 11, 12 сарын түрээсийн төлбөрийг төлөхгүй, өнөө маргааш төлнө, ойрын хугацаанд төлнө, зээл аваад төлнө гээд элдэв шалтаг тоочиж төлөхгүй байсаар түрээсийн байрнаас гэнэт 2014 оны 01 сарын 31-нд гарсан, энэ хугацаанд түрээсийн төлбөрийн үлдэгдэл тооцоо болох 900.000 төгрөг төлөх  талаар 2013 оны 12 сарын 31-нд, мөн 2014 оны 01 сарын 31-нд түрээсийн төлбөрийн үлдэгдэл 10.900.000 төгрөг төлөх талаар нягтлан бодогчтой нь тооцоо нийлсэн баримт болон төлбөрөө төлөх талаар мэдэгдэл хүргүүлж байсан баримтыг шүүхэд гаргаж өгсөн” гэж тайлбарлаж байгаа.

 

Хариуцагч “О” ХХК-ийн захирал Б нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ “...манайх сар бүр түрээсийн төлбөрийг төлөөд явдаг байсан, ийм их түрээсийн төлбөр төлөөгүй байна гэж байхгүй, сүүлийн 1 сар буюу 2014 оны 01 сарын 31-нд байрнаас гарсан, тэр сарын түрээсийн төлбөрт 1.900.000 төгрөг төлнө, түрээсийн төлбөрт 10.900.000 төгрөг төлөх үндэслэлгүй...” гэж тайлбарлаж байгаа.

 

“Э” ХХК, “О” ХХК-ийн хооронд 2012 оны 8 дугаар сарын 24-ний өдөр  ажлын байрны зориулалтаар өрөө түрээслэх гэрээ байгуулагдаж, Баян-Өндөр сумын Дэнж баг 5-р байрны 1 давхарт байрлах 7 өрөөтэй 199.2 м2 талбайтай байрыг 2012 оны 08 дугаар сарын 24-нөөс 2013 оны 08 дугаар сарын 24-нийг хүртэл нэг сарын  түрээсийн төлбөрт 2.242.000 төгрөг төлөх, түрээсийн төлбөрийг бэлнээр сар бүрийн 25-нд төлөх, түрээсийн төлбөрийг хугацаандаа  төлөөгүй бол 0.5 хувийн алданги төлөх, түрээсийн байранд түрээслэгч өөрийн зардлаар урсгал засвар хийхээр тохиролцжээ.

 

2011 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 05 дугаартай ажлын байрны зориулалтаар өрөө түрээслэх гэрээ хэрэгт авагдсан байх бөгөөд гэрээ байгуулагдсан хугацааны хувьд 2012 оны 8 дугаар сарын 24-ний өдөр уг гэрээг байгуулсан гэдгийг зохигч тайлбарлаж байгаа ба талууд маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагаас түрээсийн төлбөрийн үлдэгдөл мөнгийг төлөхийг удаа дараа шаардаж байсан байсан болох нь зохигчийн тайлбар болон  “Э” ХХК-н 2017 оны 12 сарын 08-ны өдрийн 17/40 дугаартай “Төлбөр барагдуулах тухай” албан бичиг,  “О” ХХК-н 2017 оны 12 сарын 19-ний өдрийн “мэдэгдэл гарах учир нь” гэх албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч компани нэхэмжлэгч компанид түрээсийн төлбөр төлөх талаар Иргэний хуульд заасан баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр төлбөрийг төлөхөө илэрхийлж байсан байх тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч гэрээний дагуу төлбөрийн үлдэгдлийн тооцоог  хариуцагч   “О” ХХК-н  нягтлан бодогчтой хийж байсан гэж тайлбарлаж байх ба нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор хэрэгт болон шүүх хуралдаанд бүрдүүлж өгсөн  “...2013 оны 12 сарын 31-ний байдлаар түрээсийн үлдэгдэл 9.000.000 төгрөг”, “2014 оны 1 сарын 31-ний үлдэгдэл 10.900.000 төгрөг, нягтлан бодогч...”,  “ О ХХК, Эрдэнэт Оргил ХХК-д ажлын байрны түрээсийн тооцоо.....” гэх баримтууд нь хэзээ, хаана, хэн үйлдсэн нь тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэх нотлох баримт болж чадахгүй, нотолгооны ач холбогдолгүй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй, мөн нэхэмжлэгч хариуцагчаас түрээсийн төлбөрт хэдэн төгрөг авсан болон хэдэн төгрөгний төлбөр төлөөгүй дутуу байгаа талаар хангалттай тодорхой баримт гаргаж шаардлагаа нотлоогүй байна.

 

Мөн хариуцагч тайлбараа нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй,  түүний тайлбар хэрэгт авагдсан “Э” ХХК-н 2017 оны 12 сарын 08-ны өдрийн 17/40 дугаартай “Төлбөр барагдуулах тухай” албан бичиг,  “О” ХХК-н 2017 оны 12 сарын 19-ний өдрийн “мэдэгдэл гарах учир нь” гэх албан бичгүүдээр няцаагдаж  байна.

 

Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг  өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэйгээс гадна мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн шаардлага ба татгалзлын  үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч “Э” ХХК нь шаардлага гаргах эрхтэй, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үлд хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д заасныг баримтлан эд хөрөнгө хөлслөх гэрээний журмын дагуу хариуцагч “О” ХХК-наас нэхэмжлэгч байгууллагын эд хөрөнгө ашигласны хөлс болох нотлох баримтаар нотлогдож байгаа 5.900.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 5.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч  “Э” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 189.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “О” ХХК-наас нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн 5.900.000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 109.350 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.5-д заасныг баримтлан хариуцагч “О” ХХК-с 5.900.000 /таван сая есөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5.000.000 /таван сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 189.350 /нэг зуун наян есөн мянга гурван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “О” ХХК-иас 109.350 /нэг зуун есөн мянга гурван зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

                                                                          

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ