Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
Хэргийн индекс | 188/2022/0670/Э |
Дугаар | 2022/ШЦТ/667 |
Огноо | 2022-05-23 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Э.Чанцалням |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 2022/ШЦТ/667
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,
Улсын яллагч Э.Чанцалням,
Шүүгдэгч Б.Ж нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Жд холбогдох 2108030940311 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **оны *** дүгээр сарын 0**-ний өдөр Увс аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3* эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Хилчин 96 дугаар гудамж 46 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Т**** /РД:оо*****/,
Холбогдсон хэргийн талаар :
Шүүгдэгч Б.Ж нь 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 10 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо Хилчиний 99 дүгээр гудамжинд 29-28 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан хохирогч **** “ухарч өгсөнгүй” гэх шалтгааны улмаас хувийн таарамжгүй харьцаа үүсгэн улмаар машины хаалгаар хавчиж эрүүл мэндэд нь бугуйн шагайн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :
1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Шүүгдэгч Б.Ж нь 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 10 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо Хилчиний ****УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад ** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан хохирогч Ж.Бямбаатай “ухарч өгсөнгүй” гэх шалтгааны улмаас хувийн таарамжгүй харьцаа үүсгэн улмаар машины хаалгаар хавчсанаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :
- гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан...Ж.Бямбаа нь үл таних хүнтэй маргалдан машинаасаа буух гэж байхад нь хаалгаар хөлөө хавчуулж гэмтсэн...гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь тал/,
- хохирогч Ж.***...Би 2021.11.13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо 99 дүгээр гудамжаар өгсөж явж байтал өмнөөс ****н дугаартай машин гудамжны үзүүр дээр урд ирээд тулаад зогсчхоод надад хандан, чи ухар гэхээр би боломжгүй гэтэл уг машиныг жолоодож явсан эрэгтэй бууж ирээд миний унаж явсан автомашины жолоочийн эсрэг талын хаалгыг нь онгойлгоод энүүгээр багтаж гарах боломжгүй байна, би хойшоо ухрахаар 30-40 метр ухрах шаардлага гарна, та ухарвал 2 метр ухран гэж хэлсэн. Тэр үед нь надад хамаагүй гээд цонхоо хаачихсан. Тэгтэл тухайн залуу буцаж өөрийн унаж явсан***н дугаартай Акуа маркийн машиндаа суухаар нь би өөрийн унаж явсан **-улсын дугаартай авто машинаараа зай шахаад машинаа тулгасан тэр үед...авто машины жолооч тал буюу баруун талын урд хаалга дээр тухайн танихгүй залуу ирээд намайг одоо хаагуур нь яв гээд байгаа юм бэ, мэдрэл юм уу гэхээр нь даварсан баядууд, солиор, надад ямар хамаатай юм гээд хаалгаа нээхэд уг маргалдаж байсан залуу...машины хаалгаар баруун хөлийн шагай хэсгийг хавчсан, хөл хавчихлаа би цагдаа дуудна гэтэл машинаа асаагаад хөдлөөд явсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 07 дахь тал/,
- шинжээчийн дүгнэлт...*** биед баруун шагайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1 удаагийн үйлдлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...гэх /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,
- шүүгдэгч Б****...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тухай мөрдөн байцаалт /хавтаст хэргийн 30 дахь тал/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :
Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :
2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, нотлох баримтын эх сурвалжид зөрүү үүсээгүй байх бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.
Шүүгдэгч нь мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх ба түүний өгсөн мэдүүлэг /хх-12-13, 15, 30/ хооронд зөрүүтэй байдалгүй, мөрдөн байцаалтын шатанд түүнээс мэдүүлэг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь танилцуулсан, мөн шүүх хуралдаанд шүүгдэгчид эрх, үүргийг нь танилцуулж, тайлбарласан болно.
2.2. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан тухайн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй болно.
Иймд шүүгдэгч ***хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
3.Хохирол, хор уршиг :
Тус гэмт хэргийн улмаас хохирогч 276.957 төгрөгийн баримт гаргасан /хх-71-73/ ба шүүгдэгч хохирогчид 372.000 төгрөг төлж барагдуулсан байх /хх-79-80/ тул шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :
Тус хэрэг нь хохирогчийн зүй бус үг, хэллэг хэрэглэн харьцсан тухайн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үйлдэгдсэн, шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ял шийтгүүлж байгаагүй, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-31, 34-39, 50-68, шүүх хуралдааны тэмдэглэл/, судлагдсан байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
2. Бусад асуудал
Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүхийн зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Б.Жатсуурийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жатсуурийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жд оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жд оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт шүүхийн зардалгүй, хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР