| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Хээмчигийн Сонинбаяр |
| Хэргийн индекс | 129/2019/00415/И |
| Дугаар | 001/ХТ2021/00256 |
| Огноо | 2021-03-23 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 001/ХТ2021/00256
Мон инж Эм Жи ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Х.Сонинбаяр, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 129/ШШ2019/00458 дугаар шийдвэртэй,
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 16 дугаар магадлалтай,
Мон инж Эм Жи ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Архангай аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 132,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Мөнхбаатарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Мөнхбаатар, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Мон инж Эм Жи ХХК нь Архангай аймгийн Хангай сумын 320 хүүхдийн хичээлийн байр, спорт заалны барилгын ажил гүйцэтгэх гэрээг 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байгуулж, ажлаа тодорхой шалтгааны улмаас буюу газар чөлөөлөх маргаан шийдвэрлэгдэх хүртэл хүлээсэн. 2013 оны 11 дүгээр сарын сүүлчээр барилга угсралтын ажлыг эхлэх боломжтой болсон тул шаардлагатай бүхий л арга хэмжээг авч, бэлтгэл ханган, мөнх цэвдэгтэй газрын геологийн дүгнэлтийг үндэслэн суурийг угсрах зэргээр ажлаа эхлүүлсэн. Гэвч геологийн дүгнэлт зөрж, суурийн зарим ажил дахин хийгдсэн, барилга угсралтын ажил зогссон зэрэг бэрхшээл гарсан. 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гэрээгээ сунган ажлаа гүйцэтгэсэн бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 42/2017 тоот актаар ашиглалтад бүрэн хүлээлгэн өгсөн. Барилгыг улсын комисс хүлээн авснаас хойш барилга ашиглалтын явцад дээврээс дусаал гоожих, цонхны жийргээс салхи сийгэх, дээврээс ус нэвчсэний улмаас хана, таазны замаск ховхорч шарласан зэрэг эвдрэл гарсан талаар 2018 оны 3 дугаар сард ирүүлсэн мэдэгдэл, Аудитын газраас ирүүлсэн албан тоотын дагуу дээрх гэмтлийг засаж гүйцэтгэсэн. 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дугаар БУА-2013\50 тоот барилгын ажил гүйцэтгэх захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээний 8-д гүйцэтгэгч нь гүйцэтгэлийн баталгааг ажил дууссан тухай мэдэгдэл \техникийн комиссын акт\ гарснаас хойш 28 хоногийн хугацаанд хүчинтэй байлгах бөгөөд тус хугацаанд гэрээний нийт үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх хэмжээний барилгын чанарын баталгааг хангах барьцаа хөрөнгийн баталгааг 3 жилийн хугацаагаар байршуулж, захиалагчид ирүүлнэ, 13 дахь заалтад барилгын шинэчлэлийн санхүүжилтийг гүйцэтгэлийн үр дүнгээр санхүүжүүлэн үлдэгдэл 10 хувийн санхүүжилтийг барилга шинэчлэлийн ажил дуусч улсын комисст хүлээлгэн өгсөн тохиолдолд улсын комиссын акт холбогдох бичиг баримтуудыг үндэслэн олгоно гэж заасан. Гэтэл Архангай аймгийн Төрийн сан 2016 оны 12 сарын барилгын ажлын гүйцэтгэлийн санхүүжилтээс 132,000,000 төгрөгийг шилжүүлэхгүй, удаа дараа нэхээд уг төлбөрийг дээрх заалттай холбогдуулан тайлбарлаж, өгөхгүйгээр манай компанийг хохироож байна. Дээрх гэрээний заалтын дагуу гүйцэтгэлийн баталгааг байршуулах талаар захиалагч манай байгууллагатай зөвшилцөлгүйгээр ажлын гүйцэтгэлийн төлбөрийг саатуулсан нь захиалагч гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүйг харуулна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43, 44 дүгээр зүйлд заасан тодорхой заалтын дагуу маргааныг шийдвэрлэх боломжтой.
Иймд Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас 132,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Хангай суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 320 хүүхдийн хичээлийн байрны барилга угсралтын ажлыг Мон иж Эм Жи ХХК 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн БУА-2013/50 тоот гэрээ, 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн БУА-2013/50+1 гэсэн гэрээг тус тус байгуулан 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 42/2017 тоот актаар ашиглалтад хүлээлгэн өгсөн байдаг. Барилгыг Улсын комисс хүлээж авснаас 3 сарын дараа Хангай сумын 320 хүүхдийн хичээлийн байрны барилга ашиглалтын явцад гүйцэтгэлээс шалтгаалан дээврээс дусаал гоожих, вакум цонхны жийргээс салхи сийсэн, уншлагын танхимын дээврийн хар цаас хууларч ус нэвчсэн, урлаг заалны гадна хананд цууралт үүссэн, дээврээс ус нэвчсэний улмаас хана, таазны замаск, эмульс ховхорч шарласан зэрэг эвдрэл гэмтэл үүсч байгаа талаар аймгийн төрийн Аудитын газраас 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр, ашиглагч болох Хангай сумын ерөнхий боловсролын сургуулийн захиргаанаас 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр тус тус албан мэдэгдэл ирүүлсний дагуу Мон инж Эм Жи ХХК-нд удаа дараа мэдэгдэл хүргүүлж байсан боловч одоог хүртэл хариу ирүүлээгүй, бүрэн засварлаж өгөөгүй байна. Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх тохируулах хугацаа нэг жил байна гэж заасны дагуу ашиглалтад зүгшрүүлэх тохируулах хугацаа дуусгавар болсон тохиолдолд гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч, захиалагч болон ашиглагч байгууллага тухайн барилгын байгууламжид хамтарсан үзлэг хийж зөрчлийг арилгах талаар тэмдэглэл үйлдэнэ, зөрчлийг арилгаснаас хугацаа дуусгавар болсонд тооцно гэж заасан байдаг боловч Мон инж Эм Жи ХХК нь өнөөг болтол шаардлагатай засварын ажлыг огт хийгээгүй хугацаа дуусгавар болоогүй гэж үзэхээр байна. Тухайн компанитай байгуулсан гэрээний тусгай нөхцөлд заасан гүйцэтгэсэн ажлын баталгаа болох барьцаа хөрөнгийн хэмжээ нь үнийн дүнгийн 5 хувь байх бөгөөд барилгын ажлыг ашиглалтад хүлээлгэн өгснөөс хойших 3 жилийн хугацаанд ажлын гологдол, зөрчил гаргаагүй нөхцөлд буцаан олгоно гэж тусгайлан талууд тохиролцон гэрээнд гарын үсэг зурсан. Тус чанарын баталгааны мөнгө нь Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгэгчээс хүлээсэн үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор байршуулж буй барьцаа хөрөнгө. Гүйцэтгэгч байгууллага болох Мон инж Эм Жи ХХК-д удаа дараа зөрчлийг арилгаж 14.3-т заасан хугацааг дуусгавар болгох талаар мэдэгдэж байсан боловч захиалагч, ашиглагч байгууллагатай хамтран хугацааг дүгнэх талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүйн улмаас барьцаа хөрөнгийг чөлөөлөөгүй байгаа болно. Мөн гүйцэтгэгч компани нь барилга ашиглалтад хүлээлгэн өгсний дараа техникийн баримт бичгийн бүрдэлтийг ашиглагч болон захиалагч байгууллагад өгөх ёстой боловч одоог хүртэл гүйцэтгэлийн баримт бичгийг өгөөгүй. Гэрээнд тусгайлан заасны дагуу гүйцэтгэгч нь гүйцэтгэлийн баталгааг ажил дууссан тухай мэдэгдэл /техникийн комиссын акт/ гарснаас хойш 28 хоногийн хугацаанд хүчинтэй байлгах бөгөөд тус хугацаанд гэрээний үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх хэмжээний барилгын чанарын баталгааг хангах барьцаа хөрөнгийн баталгааг 3 жилийн хугацаагаар байршуулж захиалагчид ирүүлнэ гэж заасны дагуу эцсийн санхүүжилтээс 132,000,000 төгрөгийн барьцаа хөрөнгийг орон нутгийн дансанд байршуулсан бөгөөд гүйцэтгэгч байгууллага болох Мон инж Эм Жи ХХК-ийн нэхэмжилсэн 132,000,000 төгрөгийг гаргаж өгөх боломжгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 129/ШШ2019/00458 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас 132.000.000 /нэг зуун гучин хоёр сая/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн Мон Инж Эм Жи ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 817.950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 120 дугаар магадлалаар: Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 129/ШШ2019/00458 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн 817 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Мөнхбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Мон инж Эм Жи ХХК нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан. Хангай сумын 320 хүүхдийн сургуулийн барилгыг улсын комисст албан ёсоор хүлээлгэн өгсөн тул хуулийн дагуу барилгын ажил дуусгавар болсон гэж үзэж айна. Бид барьцаанд авсан гэж нэрлээд байгаа төрийн сангийн төслийн мөнгөний 5 хувьтай тэнцэх хэмжээний 132,000,000 төгрөгийг авсан нөхцөлд ашиглалтын явцад гарсан доголдлыг 3-5 жилийн хугацаанд засварлаж байх журмын дагуу хийж гүйцэтгэхэд бэлэн байна. Төслийг хэрэгжүүлэх гэрээний дагуу заагдсан мөнгөний сүүлчийн санхүүжилт болох 328,156,201 төгрөгийг 2016 оны 04 дүгээр сарын 26-ны ажлын гүйцэтгэлээр сангийн яамны төрийн сангаас Архангай аймгийн төрийн санд орж ирсэн мөнгөнөөс 132,000,000 төгрөгийг төрийн сангийн данснаас гаргаж барьцаа нэрээр ямар дансанд одоог хүртэл хадгалж байгаа нь Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8 дахь хэсэгт заасны дагуух хуулийг зөрчиж байна. Бидний авах ёстой мөнгийг 2016 оноос хойш одоог хүртэл өгөхгүй байна. Мөн түүнчлэн ажлын санхүүжилтээс 132,000,000 төгрөгийн барьцаа хөрөнгийн орон нутгийн дансанд байршуулсан бөгөөд гүйцэтгэх байгууллага болох Мон инж Эм Жи ХХК-ийн нэхэмжилсэн 132,000,000 төгрөгийг гаргаж өгөх боломжгүй байна гэж бичсэн байгаа нь төрийн сангийн мөнгийг хууль бусаар хадгалж өөр зүйлд зарцуулж байгаа гэсэн хардлагыг бидэнд түрүүлж байна. Барилгын угсралтад зориулж төрийн сангаас төсөвлөгдсөн мөнгийг зориулалтын бусаар барьцаа хөрөнгө болгон гүйцэтгэлийн баталгаатай андуурч өдий олон жилээр өгөхгүй байгаа нь буруу гэж үзэж байна.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг зөвшөөрөхгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Мон инж Эм Жи ХХК нь Архангай аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 132 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасанд, анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хангажээ.
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ маргааныг зохицуулсан хуулийг зөв сонгон хэрэглэсэн тул энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцжээ.
Мон инж Эм Жи ХХК нь Барилгын ажил гүйцэтгэх 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн БУА-2013/50 тоот гэрээгээр Хангай сумын 320 хүүхдийн хичээлийн байр, спорт заалны барилгын ажил гүйцэтгэж, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 42/2017 тоот актаар ашиглалтад хүлээлгэн өгсөн ба энэ талаар маргаагүй байна.
Гэрээний 4-д барилгын ажлын нийт дүн 2 798 306 479 төгрөг гэж, мөн гэрээний 8-д гэрээний нийт үнийн дүнгийн 5%-тай тэнцэх хэмжээний барилгын чанарын баталгааг хангах барьцаа хөрөнгийн баталгааг 3 жилийн хугацаатай байршуулна гэж тохирсоны дагуу нэхэмжлэлийн шаардлага болох 132 000 000 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчид олгоогүй байгаа нь тогтоогджээ.
Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д зааснаар барилга, байшингийн ажлын дутагдал, доголдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно гэж, Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацааг нэг жил байна гэж, мөн зүйлийн 14.8-д ...энэ хуулийн 14.3-т заасан хугацаанд гүйцэтгэгчээс хүлээсэн үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор гэрээний үнийн дүнгийн тодорхой хувийг уг хугацаа дуустал барьцаалах... нөхцөлийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43.6-д заасны дагуу зохицуулна гэжээ.
Мөн зүйлийн 14.6-д Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтэц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна гэж заажээ.
Барилгын тухай хуулийн дээрх зохицуулалт болон тухайн барилгыг улсын төсвөөр санхүүжүүлж буй нөхцөл байдалд нийцүүлэн, талууд барилгын чанарын баталгааг хангах барьцаа хөрөнгийн хугацааг 3 жил гэж харилцан тохирч зөвшөөрсний үндсэн дээр гэрээнд энэхүү нөхцөлийг тусгасан байх ба барилгыг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 42/2017 тоот актаар ашиглалтад хүлээлгэн өгснөөс хойш барилгын хэвийн ашиглалтын талаар акт, дүгнэлт үйлдсэн эсэх талаарх хэрэгт баримт авагдаагүй байна.
Түүнчлэн шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх үед энэхүү барьцаагаар хангагдах шаардлага гаргах гэрээгээр тохирсон хугацаа дуусаагүй байсан, мөн хүлээлгэн өгсөн барилгын ажилд зарим төрлийн чанарын доголдол гарсан гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүй байна.
Шүүх барилгын гүйцэтгэлийн баталгаат хугацааны талаарх талуудын гэрээний тохиролцоог дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу биш бөгөөд ажлын гүйцэтгэлийн баталгаат хугацаа дууссан тохиолдолд нэхэмжлэгчийн шаардах эрх нээлттэй байна.
Иймд ... мөнгийг 2016 оноос хойш одоог хүртэл өгөхгүй ... төрийн сангийн мөнгийг хууль бусаар хадгалж өөр зүйлд зарцуулж байгаа гэсэн хардлагыг төрүүлж хохироож байна ... гэх гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
Дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 129/ШШ2019/00458 дугаар шийдвэр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 16 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Мөнхбаатарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч Г.Мөнхбаатарын хяналтын журмаар гомдол гаргахдаа 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 817,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧ Х.СОНИНБАЯР
П.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН