Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2021/0020

 

 

 

 

 

 

 

2021         01             07                                    128/ШШ2021/0020           

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “С**” ХК /РД: 20*****/,

Хариуцагч: НСХД-ийн ОБХ Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Т.Д,

Гомдлын шаардлага: НСХД-ийн ОБХ-ийн 2020 оны 10 сарын 06-ны өдрийн №0137360 тоот шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгуулийн арга хэмжээ буюу захиргааны актыг хүчингүй болгуулах, биелэлтийг түдгэлзүүлэх”

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, Г.У, хариуцагч Т.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч нь шүүхэд гаргасан гомдолдоо: НСХД-ийн ОБХ Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Т.Д нь “С**” ХК тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнийг үнийг 2020 оны 09 сарын 01-ний өдрөөс эхлэн нэмсэнтэй холбогдуулан 2020 оны 10 сарын 06-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.13.4 дэх заалтад заасны дагуу “Гамшгаас хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй" гэх үндэслэлээр Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж улмаар №0137360 тоот шийтгэлийн хуудсаар “С**” ХК-д 1000 нэгжтэй тэнцэх буюу 1,000,000 төгрөгийн торгууль ногдуулсан билээ.

НСХД-ийн ОБХ Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Т.Д-ийн 2020 оны 10 сарын 06-ны өдрийн зөрчлийн тухай хуулийн 5.13.4 дэх заалтыг үндэслэн №0137360 тоот шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгуулийн арга хэмжээг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1. Өнгөрсөн хоёр жилийн дунджаар инфляци жил бүр 7%, хүнсний бүтээгдэхүүний үнийн индекс дунджаар 8%, дизель түлшний үнэ 40%-иар, ам.долларын ханш 9.8%, еврогийн ханш 17.5%, юанийн ханш 9.3%-иар тус тус өссөнөөс шалтгаалж түүхий эдийн үнэ нэмэгдсээр байсан боловч, улс орны эдийн засгийн нөхцөл байдлаас үл шалтгаалан “С**” ХК нь сүүлийн хоёр жилийн хугацаанд бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэлгүйгээр тогтвортой хадгалж ирсэн.

Дэлхий нийтэд Соvid-19 цар тахал гарсантай холбогдуулан манай компани нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, энэ онд төлөвлөсөн бүтээгдэхүүний үнэ өөрчлөх асуудлаа түр хойшлуулаад байсан боловч, намрын улирал болж, дээр дурдсан бидэнтэй хамтран ажилладаг сүү бэлтгэн нийлүүлэгч малчид, фермерүүдийн өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангуулах, хадлан, тэжээлээ бэлтгэх зэргээр санхүүгийн эх үүсвэр хамгийн их шаардлагатай байдаг цаг үе тулж ирсэн бөгөөд манай комланийн хувьд жил бүр энэ цаг үед хөдөө, аж ахуйгаас татан авдаг сүүний үнээ нэмэгдүүлж, харилцагч малчид, фермерүүдийнхээ ахуй амьдралд тус дэм болохыг зорьдог уламжлалаараа бэлтгэлийн сүүний үнээ 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн 14%-иар нэмэгдүүлсэн.

Дээрх үндсэн шалтгаан нөхцөлүүдийн улмаас бид 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн түүхий эдийн үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор бүтээгдэхүүнийхээ үнийг тодорхой хэмжээнд буюу 4%-иар нэмэгдүүлэх зайлшгүй нөхцөл байдал үүссэн болно.

Мөн манай компани сүү бэлтгэн нийлүүлэгч малчид, фөрмөрүүдээс худалдан авч буй сүүний үнийг 2020 оны 10 сарын 13-ны өдрөөс эхлэн дахин 100 төгрөгөөр нэмж, улмаар худалдан авч буй сүүний үнийг 2020 оны 09 сараас хойш нийт 200 төгрөгөөр нэмээд байгаа болно.

2. 2020 оны 10 сарын 06-ны өдрийн НСХД-ийн ОБХ-ийн Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч үйлдсэн “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл”-д дурдсанаар Нийслэлийн Онцгой байдлын газрын 2020 оны 10 сарын 06-ны өдрийн №13/1348 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Хяналт шалгалтын танилцуулга", холбогдох бусад материал, хууль ёсны төлөөлөгч Г.Б-аас авсан тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзэн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, зөрчлийн арга хэмжээ авсан.

Гэтэл “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл" болон Нийслэлийн Онцгой байдлын газрын 2020 оны 10 сарын 06-ны өдрийн №13/1348 дугаартай албан бичигт дурдсан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын №01/38 тоот “Хяналт шалгалтын удирдамж-ийн хүрээнд 2020 оны 09 сарын 11-ний өдөр хийсэн хяналт шалгалтын танилцуулгад “С**” ХК-ийг Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.12 “стратегийн хүнс, бараа, бүтээгдэхүүний хомсдол, үнийн хөөрөгдөл болон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох байгууллагад чиглэл болгох, хяналт тавих” дахь заалтыг зөрчсөн байна гэж дүгнэн зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлагын арга хэмжээ ногдуулахаар болсон нь хуулийг буруу тайлбарлаж, буруу хэрэглэсэн байна гэж үзэхээр байна. Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл”-д “Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 сарын 28-ны өдрийн 78 дугаар тогтоолын 10-д “Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдал, нөөц үлдэгдлийн хөдөлгөөнд өдөр тутам хяналт тавьж, нийлүүлэлтийн болон үнийн төвшинг тогтвортой байлгах, үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэх, хэт нөөцлөх, дамлан худалдаалахаас сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг Онцгой байдлын ерөнхий газарт үүрэг болгосон байна” гэж дурдсан.

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар “Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах" заалт нь гамшгаас хамгаалах тухай бэлэн байдлыг хэрхэн хангах тухай төрийн захиргааны байгууллагад чиглэсэн зохицуулалт буюу төрийн захиргааны байгууллагын өөрийнх нь үүрэг бөгөөд тус хуулийн 34 дүгээр зүйлд тусгайлан хуулийн этгээдийн эрх, үүргийг зохицуулсан байдаг тул хуулийг буруу тайлбарлан хуулийн этгээдийн эрх үүрэгт хамаарахгүй заалтыг хэрэглэсэн.

Түүнчлэн үнийн төвшинг тогтвортой байлгах, үнийн хөөрөгдөл, бараа бүтээгдэхүүний хомсдол үүсгэхгүй байх тухай төрийн захиргааны байгууллагаас ямарваа нэгэн үүрэг, чиглэл ирээгүй болно.

3. 2020 оны 10 сарын 06-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл”-ээр хууль ёсны төлөөлөгчийн өгсөн тайлбарыг давхар үндэслэсэн. Гэтэл хууль ёсны төлөөлөгчийн өгсөн тайлбарт шаардлагатай нэмэлт тайлбарыг албан бичгээр өгөх тухай мэдэгдсэн байсан тул хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх үндэслэл дутмаг.

4. 2020 оны 10 сарын 06-ны өдрийн Нийслэлийн, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч үйлдсэн “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл"-д дурдсанаар компанийг Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.9 дэх хэсэг "гамшгийн үед бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх, 34.2.10  “Эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг зөрчсөн, гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүйн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгах үйл ажиллагаанд зарцуулсан зардлыг хариуцах” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэн, Зөрчлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.13.4 дэх хэсгийг  ''Гамшгаас хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно"-т заасныг үндэслэн 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон нь үйлдлийг дараах үндэслэлээр тогтоогдохгүй байна. Үүнд:

4.1 Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.9 дэх заалтаар “гамшгийн үед бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх үүргийг хуулийн этгээд хүлээж байгаа. “С**” ХК-ийн хувьд 2020 оны 09 сарын 07-ны өдрийн №01/38 тоот “Хяналт шалгалтын удирдамж”-ийн хүрээнд хийсэн шалгалтын танилцуулгаар нотлогдоогүй буюу үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэсэн гэх шалтгаан нөхцөл байхгүй байна.

4.2 Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34.2.10 дахь заалтыг үндэслэн зөрчлийн арга хэмжээ авч буй шалтгаан нөхцөл нь хуулийн этгээдийн хувьд эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг зөрчсөн буюу 2020 оны 02 сарын 28-ны өдрийн Монгол улсын засгийн газрын 78 дугаар тогтоолыг зөрчсөн гэх нөхцөл байдал юм. Монгол Улсын Засгийн газрын №78 дугаар тогтоолоор Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдал, нөөц, үлдэгдлийн хөдөлгөөнд өдөр тутамд хяналт тавьж, нийлүүлэлтийн болон үнийн төвшинг тогтвортой байлгах, үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэх, хэт нөөцлөх, дамлан худалдаалахаас сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг холбогдох төрийн байгууллагын албан тушаалтнуудад /Онцгой байдлын ерөнхий газар/-т үүрэг болгосон бөгөөд энэхүү тогтоолтой холбоотойгоор хуулийн этгээдэд мэдэгдэх, үүрэг болгосон зохицуулалт байхгүй байна. Мөн бидэнд Монгол улсын Засгийн газрын 2020 оны 78 дугаар тогтоолд тусгагдсан үнийн төвшинг тогтвортой байлгах асуудлаар өнөөдрийг болтол төрийн байгууллагаас ямарваа нэгэн үүрэг, чиглэл ирээгүй болно.

Иймд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын №01/38 тоот “Хяналт шалгалтын удирдамж”-ийн хүрээнд 2020 оны 09 сарын 11-ний өдөр хийсэн хяналт шалгалтын танилцуулгад дурдсан буюу “С**” ХК-ийг зөрчил гаргасан гэх үндэслэл буруу, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд дурдсан үндэслэл болох Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34.2.9, 34.2.10 дахь заалтад дурдсан үүргээ зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж байгаа тул НСХД-ийн ОБХ Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Т.Д-ийн 2020 оны 10 сарын 06-ны өдрийн зөрчлийн тухай хуулийн 5.13.4 дэх заалтыг үндэслэн №0137360 тоот шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгуулийн арга хэмжээ буюу захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: НСХД-ийн ОБХ-ийн Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Т.Д би “С**” ХК-ний “Нэхэмжлэл гаргах тухай” 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 04/1598 дугаартай албан бичигтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Шинэ коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг зохион байгуулах, эрсдэлийг бууруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 62/64, 102, 147,188, 234, 1, 31, 70, 103, 159/ дугаар тогтоолоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 06:00 цаг хүртэл хугацаанд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178/181/ дүгээр тогтоолоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 06:00 цагаас 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06:00 цаг хүртэл хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн.

1. Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 78 дугаар тогтоолын 10-т Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдал, нөөц, үлдэгдлийн хөдөлгөөнд өдөр тутам хяналт тавьж, нийлүүлэлтийн болон үнийн төвшинг тогтвортой байлгах, үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэх, хэт нөөцлөх, дамлан худалдаалахаас сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга нарт үүрэг болгосон.

2. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр баталсан хяналт шалгалтын 01/138 дугаар удирдамжаар хяналт шалгалтын бүрэлдэхүүн “С**” ХК, “Та** ***эр” ХК ХК, “**тан ***иа” ХХК, “*г**ж **хэр” ***в” ХХК-д хяналт шалгалт хийсэн.

НСХД-ийн ОБХ-ийн Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Т.Д би нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 13/1348 дугаар албан бичгээр өгсөн үүрэг, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хяналт шалгалтын 01/138 дугаар удирдамж, хүнсний өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтөд хийсэн хяналт шалгалтын танилцуулга, холбогдох бусад баримтуудтай танилцаад 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “С**” ХК нь Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.9 /гамшгийн үед бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх/, 34,2.10 /эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийг зөрчсөн, гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүйн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгах үйл ажиллагаанд зарцуулсан зардлыг хариуцах/ дугаар заалтыг тус тус зөрчсөн гэж үзэн, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Засгийн газрын 2018 оны 40 дүгээр тогтоолоор батлагдсан Гамшгаас хамгаалах улсын хяналтын дүрмийн 2.2, 3.1, 4.1 дэх заалтыг мөрдлөг болгон “С**” ХК-д хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан талаар тэмдэглэл үйлдэж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7, Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэг /Гамшгаас хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно/-т заасныг баримтлан 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №0137360 дугаартай шийтгэлийн хуудсаар 1000 нэгжтэй тэнцэх 1,000,000 /нэг сая/ төгрөгийн торгууль оногдуулсан” гэжээ.

Хариуцагч нь шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: НСХД-ийн ОБХ-ийн Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Т.Д би “С**” ХК-ний нэхэмжлэл гаргах тухай” 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 04/1598 дугаартай албан бичигтэй танилцаад нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гаргасан тайлбарын хавсралтаар хүргүүлсэн нотлох баримтын зарим хэсгийг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар баталгаажуулж, нэмэлтээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 01/1434 дугаартай албан бичгээр “С**” ХК-д хүргүүлсэн “Албан шаардлага”-ын хуулбарыг хүргүүлэв” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх гомдол гаргагч, хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэж, захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

СХД-ийн ОБХ-ийн гамшгаас хамгаалах хяналтын улсын ахлах байцаагч Т.Д нь гомдол гаргагч “С**” ХК-ийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүний үнийг нэмсэнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой байдлын газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 06-ны 13/1348 дугаар албан бичиг, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 01/38 дугаар удирдамжийн дагуу хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 0137360 дугаар шийтгэлийн хуудсаар 1000 нэгжтэй тэнцэх буюу 1,000,000 төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Шинэ коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг зохион байгуулах, эрсдлийг бууруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2020 оны тухай бүрийн шийдвэрээр улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Улмаар Засгийн газрын 2020 оны 78 дугаар тогтоолоор “Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдал, нөөц, үлдэгдлийн хөдөлгөөнд өдөр тутамд хяналт тавьж, нийлүүлэлтийн болон үнийн түвшинг тогтвортой байлгах, үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэх, хэт нөөцлөх, дамлан худалдаалахаас сэргийлэх арга хэмжээ авч ажиллах”-ыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.У, аймаг, нийслэлийн Засаг дарга, Онцгой байдлын ерөнхий газар (Т.Б), Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Н.Ц), Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (Б.Л) нарт үүрэг болгосон байна.

Дээрх тогтоолын дагуу Шударга өрсөлдөөн, эрэглэгчийн төлөө газрын даргын 2020 оны 01/38 дугаар удирдамжаар хүнсний хэрэглээний барааний үнийн өсөлтөд хяналт тавих зорилгоор “С**” ХК-д хяналт шалгалт хийхэд тус компанийн захирлын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/128 дугаар “Бүтээгдэхүүний үнэ өөрчлөх тухай” тушаалаар 2 төрлийн сүү, 4 төрлийн цөцгийн тосны үнийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэхээр шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн зүгээс цар тахлын онцгой нөхцөл байдалтай, иргэдийн орлого буурсан үед бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах чиглэл баримтлахгүй зөрчил гаргасан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гамшгаас хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасны дагуу “С**” ХК-ийг 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгож, шийтгэл оногдуулжээ.

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.9-д “Хуулийн этгээд нь өмчийн төрөл, хэлбэр үл харгалзан гамшгаас хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ: гамшгийн үед бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх” гэж заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх үүргийг “С**” ХК нь хүлээсэн хэдий ч хариуцагчийн зүгээс үнийн хөөрөгдөл үүсгэсэн шалтгааныг нягтлан шалгах үүрэгтэй байна.

Гомдол гаргагчийн зүгээс “...өнгөрсөн жилүүдэд валютын ханш, инфляци өссөн, бэлтгэн нийлүүлэгчдээс худалдан авах сүүний үнэ нэмэгдсэн, дизель түлшний үнэ өссөн...” гэж гомдлын шаардлагын үндэслэлээ тодорхойлсны дагуу шүүхээс нотлох баримт цуглуулах ажиллагаа хийж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголбанкнаас тус тус дизель түлшний үнэ, валютын ханш, инфляцийн мэдээллийг гаргуулан авсан.

Дээрх баримтуудаас үзэхэд 2019-2020 онд валютын ханшны хувьд рубль буурсан, ам.доллар, евро, юанийн ханш өссөн, дизель түлшний үнэ буурсан болох нь тогтоогдож байна.

Нөгөөтэйгүүр “С**” ХК нь маргаан бүхий хугацаанд татварын болон нийгмийн даатгалын шимтгэлийн тодорхой хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлсэн, ашигтай ажилласан болох нь хэрэгт авагдсан баримтуудаас тогтоогдож байна.

Харин “С**” ХК-иас ирүүлсэн импортын бараа, түүхий эдийн мэдээллээс үзэхэд тодорхой бүтээгдэхүүний үнэ хэлбэлзэлтэй байх хэдий ч энэ талаар шалган тодруулах ажиллагаа хийх нь шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн байна.

Өөрөөр хэлбэл хариуцагчийн зүгээс шийтгэлийн хуудсыг гаргахдаа дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэж, үнийн өсөлтийн шалтгааныг нягтлан тодруулах ажиллагаа хийсний үндсэн дээр акт гаргах үүрэгтэй байна.

Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино” хэмээн заасан тул гомдол гаргагчийн “үнийн хөөрөгдөл үүсгэсэн” эсэх асуудлыг шүүх тодорхойлох боломжгүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана: шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасны дагуу маргаан бүхий шийтгэлийн хуудсыг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.9-д заасныг тус тус баримтлан СХД-ийн ОБХ-ийн гамшгаас хамгаалах хяналтын улсын ахлах байцаагч Т.Д-ийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 0137360 дугаар шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гартал 2 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасны дагуу СХД-ийн ОБХ-ийн гамшгаас хамгаалах хяналтын улсын ахлах байцаагч Т.Д нь 2 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 0137360 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35.100 (гучин таван мянга нэг зуу) төгрөгийг  гаргуулж гомдол гаргагчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                    Ц.ОДМАА