Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2016/0251

 

 

 

 

 

 

 

 

“Б-А ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч “Б-А ” ХХК-ийн захирал Х.И, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Х, А.З, өмгөөлөгч Ц.Ц, хариуцагч нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, гуравдагч этгээд “Т т” ХХК-ийн захирал Ж.Бямбабаатар, өмгөөлөгч С.Болортуяа нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 113 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч “Б-А ” ХХК-ийн захирал Х.И, өмгөөлөгч Ц.Ц нарын гаргасан давж заалдах гомдлоор “Б-А ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Өмчийн харилцааны газар, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,    

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. “Б-А ” ХХК-ийн захирал Х.И 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

“...Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын эс үйлдэхүйг хууль бусад тооцуулж, “Б-А ” ХХК-д өөрийн хууль ёсны эзэмшлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо /хуучнаар 10 дугаар хороо/-нд байрлах 25 га газарт орон сууц, үйлчилгээний хорооллын төсөл хэрэгжүүлэх ажилд хууль, дүрмийн дагуу архитектур төлөвлөлтийн даалгавар баталж өгөхийг даалгуулах, “Б-А ” ХХК-ийн хууль ёсны эзэмшиж буй газрын кадастрын нэгж талбарыг устгасан үйлдлийг хууль бусад тооцож, “Б-А ” ХХК-ийн хуулийн дагуу эзэмшиж буй газрын кадастрын бүртгэлийг сэргээхийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгуулах, “Т т” ХХК-д нийслэлийн Засаг даргын 2006 оны 568 дугаар захирамжаар Хан-Уул дүүрэг, 6, 8 дугаар хороонд газар олгогдсон байхад зориудаар нийслэлийн Өмчийн харилцааны газраас кадастрын мэдээллийн санд “Б-А ” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд олгогдсон эзэмшил газартай дамнуулан бүртгэсэн үйлдлийг хууль бусад тооцуулах, “Б-А ” ХХК-ийн хууль ёсны эзэмшиж байсан газрын хугацааг сунгах үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулж, гэрээний хугацаа сунгах үйл ажиллагааг тасалдуулж байгаа нийслэлийн Өмчийн харилцааны газрын үйлдлийг хууль бусад тооцож, “Б-А ” ХХК-ийн хуулийн дагуу эзэмшиж байгаа газрын гэрээг сунгахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Хариуцагч нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“...Нэхэмжлэгч “Б-А ” ХХК нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд хэрэгжүүлэх орон сууцны хорооллын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж тус газар хүргүүлсэн бөгөөд уг ерөнхий төлөвлөгөөг засаж, сайжруулах 6 заалт бүхий үүрэг өгөгдсөн байсан болно.

Улмаар барилгажилтын төслийг 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж дэмжигдсэн.

Архитектур төлөвлөлтийн даалгавар бичихийн өмнө нийслэлийн Өмчийн харилцааны газраас лавлагаа авдаг бөгөөд нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 64 дүгээр саналын хуудсаар тухайн газар нь “Б-А ” ХХК-д бүртгэлгүй болох нь тогтоогдсон.

Мөн өнөөдрийг хүртэл тухайн газар нь нийслэлийн Өмчийн харилцааны газрын мэдээллийн санд “Т т” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байх тул тус газраас архитектур төлөвлөлтийн даалгавар баталж өгөх боломжгүй байна.

Нөгөө талаар тухайн газрын эзэмшдэг “Т т” ХХК нь тус газарт хандан 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 06/01, 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 011, 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 003 тоот албан бичгүүдээр архитектур төлөвлөлтийн даалгавар баталж өгөхийг хүссэн боловч нийслэлийн Өмчийн харилцааны газарт хандан газрын давхардлаа арилгах талаар хариу өгч байсан болно.

“Б-А ” ХХК нь “Т т” ХХК-тай газрын давхцал арилгах асуудлыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт тавьж шийдвэрлүүлсний дараа архитектур төлөвлөлтийн даалгавар бичүүлж авах эрх нь нээлттэй.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.4-т заасан захиргааны актыг гаргахгүй байгаа явдал болон тус газрын эс үйлдэхүй хэмээн хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гурав. Хариуцагч нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“...нийслэлийн Өмчийн харилцааны газрын мэдээллийн санд хяналт тавих ажлын хэсгийн 2014 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн хурлаар хэлэлцэн нэгж талбарыг мэдээллийн сангаас устгасан болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дөрөв. Гуравдагч этгээд “Т т” ХХК-ийн захирал Ж.Бямбабаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“...“Т т” ХХК нь нийслэлийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 568 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны /өмнө нь Нийслэлийн Ардын их хурлын тэргүүлэгчдийн Дүүргүүдийн хороог шинэчлэн байгуулах тухай 1992 оны 31 дүгээр тогтоолоор Хан-Уул дүүргийн 6, 7 дугаар хороо/ нутаг дэвсгэрт байршил бүхий 140 га газрыг морин спортын зориулалтаар эзэмшихээр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, тухайн газрыг эзэмших эрхтэй болсон.

Улмаар манай компани нь Монгол Улсын Засгийн газрын 100000 айл орон сууц хөтөлбөр, шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр, нийслэлийн Засаг даргын “Утаагүй Улаанбаатар хөтөлбөр”-ийн хүрээнд тус газарт нийслэлийн иргэддээ зориулан хүүхдийн цэцэрлэг, ясли, сургууль, эмнэлэг, хүүхдийн тоглоомын талбай, ил болон далд автомашины зогсоол, нэгдсэн худалдаа, үйлчилгээ, үзвэрийн барилгууд, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн бүхий орон сууцны цогцолбор хорооллыг барьж, иргэдийн амьдрах орчинг сайжруулж, шинэ дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ бүхий “Шинэ Яармаг” хорооллын төслийг хэрэгжүүлэхээр газрын зориулалтыг өөрчлөх хүсэлт гаргасны дагуу 2011 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 908 дугаартай захирамжаар тус 140 га газрыг орон сууцны цогцолбор, худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшихээр болж зориулалт өөрчлөгдсөн буюу Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороодын хилийн заагийг тогтоох тухай 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2 дугаар тогтоолоор тус дүүргийн 8 дугаар хороонд харьяалагдах болсон.

“Т т” ХХК-нд нийслэлийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 568 дугаартай захирамжаар Хан-Уул дүүргийн 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар эзэмших эрх олгогдсон байтал үүнээс хойш 1 жилийн дараа нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 511 дугаартай захирамжаар тус дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Б-А ” ХХК-д Буянт-Ухаа хороолол төслийг хэрэгжүүлэх хүрээнд 25 га газар эзэмших эрх олгогдсон байсан.

Улмаар “Б-А ” ХХК-иас 2012 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд “Т т” ХХК-ийн кадастрын зургийг давхцуулан буруу олгосон 25 га газрыг хууль ёсны дагуу эзэмших боломжоор хангаж өгөхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 372 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдаж шийдвэрлэсэн.

Гэтэл Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасан байхад “Т т” ХХК-ийн эзэмшлийн газарт давхцуулан “Б-А ” ХХК-д дээрх 25 газрыг нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/375 дугаар захирамжаар дахин баталгаажуулсан байдаг.

Хууль бусаар газар эзэмших эрх баталгаажуулсан газарт архитектур төлөвлөлтийн даалгавар батлах, газрын кадастрын бүртгэлийг хийлгэх хууль зүйн үндэслэл байхгүй юм.

Иймд “Б-А ” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ

Тав. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 113 дугаар шийдвэрээр:

“...Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9, 74 дүгээр зүйлийн 74.3, 34 дүгээр зүйлийн 34.1.6, 41 дүгээр зүйлийн 41.3-д заасныг тус тус баримтлан “Т т” ХХК-д нийслэлийн Засаг даргын 2006 оны 568 дугаар захирамжаар Хан-Уул дүүрэг, 6, 8 дугаар хороонд газар олгогдсон байхад зориудаар нийслэлийн Өмчийн харилцааны газраас кадастрын мэдээллийн санд “Б-А ” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд олгогдсон эзэмшил газартай дамнуулан бүртгэсэн үйлдлийг хууль бусад тооцуулах шаардлага болон “Б-А ” ХХК-ийн хууль ёсны эзэмшиж байсан газрын хугацааг сунгах үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулж, гэрээний хугацаа сунгах үйл ажиллагааг тасалдуулж байгаа нийслэлийн Өмчийн харилцааны газрын үйлдлийг хууль бусад тооцож, “Б-А ” ХХК-ийн хуулийн дагуу эзэмшиж байгаа газрын гэрээг сунгахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгуулахыг хүссэн нэхэмжлэгч “Б-А ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж, тус нэхэмжлэлийн шаардлагуудад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын эс үйлдэхүйг хууль бусад тооцуулж, “Б-А ” ХХК-д өөрийн хууль ёсны эзэмшлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо /хуучнаар 10 дугаар хороо/-нд байрлах 25 га газарт орон сууц, үйлчилгээний хорооллын төсөл хэрэгжүүлэх ажилд хууль, дүрмийн дагуу архитектур төлөвлөлтийн даалгавар баталж өгөхийг даалгуулах болон “Б-А ” ХХК-ийн хууль ёсны эзэмшиж буй газрын кадастрын нэгж талбарыг устгасан үйлдлийг хууль бусад тооцож, “Б-А ” ХХК-ийн хуулийн дагуу эзэмшиж буй газрын кадастрын бүртгэлийг сэргээхийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгуулах “Б-А ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.  

Зураа. Нэхэмжлэгч “Б-А ” ХХК-ийн захирал Х.И, өмгөөлөгч Ц.Ц нар дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: 

“...Б-А ” ХХК нь нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Өмчийн харилцааны газарт холбогдуулан “Т т” ХХК-ийн кадастрын зургийг давхцуулан буруу олгосон 25 га газрыг хууль ёсны дагуу эзэмших боломжоор хангаж өгөхийг даалгахыг хүссэн нэхэмжлэл гаргасныг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 372 дугаар захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Эдгээр нэхэмжлэлийн шаардлагууд агуулга, үр дагаврын хувьд адил байна гэж үзэж Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.6, 41 дүгээр зүйлийн 41.3-д заасныг баримтлан хүлээн авахаас татгалзан хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хуулийн болон бодит үндэслэлгүй байна. Үүнд:

1.“Б-А ” ХХК нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 сарын 23-ны өдрийн 511 дүгээр захирамжийн дагуу Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууц, үйлчилгээний зориулалтаар 25 га газрыг хуулийн дагуу гэрээ байгуулан, 100 000 000 төгрөгийг төлж эзэмшсэн юм. Тухайн үед газар дээрээ үйл ажиллагаа явуулах гэхэд нийслэлийн Өмчийн харилцааны газраас “Б-А ” ХХК-ийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх эзэмшил газар дээр “Т т” ХХК-д тус дүүргийн 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар олгосон атлаа кадастрын зургийг давхцуулан хийлгүүлж, хуурамч гэрээ байгуулан “Б-А ” ХХК-ийн үйл ажиллагаанд саад учруулсан үйлдлийг нийслэлийн Засаг дарга таслан зогсоох арга хэмжээ аваагүй байсан тул 2012 оны 7 дугаар сарын 5-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Өмчийн харилцааны газар хүлээн зөвшөөрч 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр А/975 дугаар захирамж гарган дахин баталгаажуулж, кадастрын зургийг бүртгэн, 2013 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр 178025/0011 тоот гэрээ байгуулж, 000303788 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон. “Б-А ” ХХК-иар газрын үнэ 3. 300 000 000 төгрөгийг төлүүлсэн юм. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч сайн дураараа хангагдан маргааны зүйл байхгүй болсон тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан юм.

Тухайн үед нэхэмжлэлийн шаардлагыг нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Өмчийн харилцааны газар хүлээн зөвшөөрч нэхэмжлэлээсээ татгалзсаныг шүүгч хүлээн авч Захирамж гаргасан. Талууд гэрээ байгуулсан, кадастрын зургийг сэргээн бүртгэсэн, төлбөр төлүүлсэн үйлдлүүдтэй холбогдуулан хэн нэг этгээд гомдол гаргаагүй учраас захирамж, гэрээ хэрэгжиж “Б-А ” ХХК барилга архитектур төлөвлөлтийн даалгавраа батлуулахаар нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт хандсан.

Тус асуудлыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн хурлаар хэлэлцэн дэмжиж, тодорхой 6 заалт бүхий зөвлөмж өгч дахин хянаж оруулж ирэх хугацаатай үүргийг өгссөнийг “Б-А ” ХХК биелүүлж, асуудлыг дахин оруулахад барилга архитектурын төлөвлөлтийн даалгавар өгөөгүй. Учрыг лавлахад нийслэлийн Өмчийн харилцааны газраас “...“Б-А ” ХХК-ийн эзэмшил газар нь бүртгэлгүй байна. 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 64 тоот хуудсаар ирүүлсэн” гэсэн хариу өгсөн юм. Бид 2014 оны 3 дугаар сард нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт асуудал оруулахад “...өмнө нь яригдаагүй асуудал 2015 онд яригдах болсныг тодруулахад нийслэлийн Өмчийн харилцааны газрын зарим албан тушаалтнууд “Б-А ” ХХК-ийн эзэмшил газрын кадастрын зургийг мэдээллийн сангаас устган оронд нь “Т т” ХХК-ийн кадастрын зургийг оруулсан” гэж мэдэгдсэн. Энэ тухай гомдлыг нийслэлийн Засаг даргад гаргасан ба Засаг дарга “...танай компаний газар хууль ёсны дагуу олгогдсон байна. Нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг өгсөн” гэж мэдэгдсэн.

Нийслэлийн Өмчийн харилцааны газар “Б-А ” ХХК-ийн шаардлагыг хүлээж аваагүй нийслэлийн Засаг даргын үүрэг даалгаврыг биелүүлэхгүй 2 жил гаран хугацаанд компаний эрхийг хохироосон юм.

Нэхэмжлэлийн шаардлагын агуулга нь нийслэлийн Өмчийн харилцааны газар, нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны А/975 дугаар захирамж, мөн оны 11 дүгээр сарын 8-ны 178025/0011 тоот газар эзэмших гэрээ, шүүгчийн захирамжийг биелүүлэхээс зайлсхийж Хан-Уул дүүргийн 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Т т” ХХК-д 140 га газрыг олгосон атлаа “Б-А ” ХХК-ийн 10 дугаар хороонд байрлалтай эзэмшил газрын байршилд давхцуулан кадастрын зураг хийлгэж бүртгэснийг хууль бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан юм. “Б-А ” ХХК энэхүү шаардлагыг шүүхэд өмнө нь гаргаж байгаагүй. Цаг хугацааны хувьд ч боломжгүй юм.

Анхан шатны шүүхийн шүүгч шийдвэр гаргахдаа нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/975 дугаар захирамж, мөн оны 11 дүгээр сарын 8-ны 178025/001 тоот газар эзэмших гэрээг биелүүлэхгүй, санаатайгаар зөрчиж байгаа нийслэлийн Өмчийн харилцааны газрын үйл ажиллагаанд дүгнэлт хийхээс санаатайгаар зайлсхийж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь заалтыг буруу хэрэглэсэн байна.

2.“Б-А ” ХХК-ийн нэхэмжлэлтэй энэхүү хэрэг шүүхэд хянагдаж байх хугацаанд газар эзэмших гэрээний хугацаа дуусах дөхсөн тул Газар эзэмших гэрээний хугацаа сунгах хүсэлтийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт гаргасан.

Гэтэл нийслэлийн Өмчийн харилцааны газар хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, хугацаа хожих ажиллагаа явуулсан. Бидний зүгээс хэл ам хийж, гэрээ сунгах хүсэлтээ хуулийн хугацаанд нь буюу 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдөр “Нэг цэг”-ийн үйлчилгээнд гэрээний хугацаа дуусахаас 31 хоногийн өмнө өгсөн нь баримтаар нотлогдоно. Гэтэл нийслэлийн Өмчийн харилцааны газрын орлогч дарга н.Батдорж “...хугацаандаа хүсэлтээ гаргаагүй байгаа тул гэрээ сунгахгүй” гэсэн хариуг өгсөн.

Асуудлыг судлан үзэхэд нийслэлийн Өмчийн харилцааны газрын энэ асуудлыг хариуцдаг орлогч дарга н.Энхтуяа ажил дээрээ байсаар байхад чиг үүргийн хувьд хамааралгүй н.Батдорж тухайн бичигт доод тушаалын хүн нь олон бичгэн дунд өөрөөр нь гарын үсэг зуруулсан байна гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм. Түүнийг энэхүү зөрчлөө засах шаардлага, мөн нийслэлийн Өмчийн харилцааны газар нь гэрээний хугацаа сунгах хүсэлтийг хүлээж аваагүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Энэ асуудлаар өмнө нь шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагүй тул анхан шатны шүүгч андуурч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т заасныг буруу хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрт “...“Б-А ” ХХК-ийн нэгж талбар мэдээллийн сангаас устгасан нийслэлийн Өмчийн харилцааны газрын үйлдэл хуульд нийцсэн” гэж дүгнэжээ.

Гомдол: Шүүхийн дүгнэлт бодит үндэслэлгүй байна. Нэхэмжлэл нь нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны А/975 дугаар захирамж, “Б-А ” ХХК-д Газар эзэмшүүлэх мөн оны 11 дүгээр сарын 8-ны гэрээг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Өмчийн харилцааны газрын биелүүлэхгүй байгаа үйлдлийг таслан зогсоож, “Б-А ” ХХК-ийн эрхийг хамгаалах тухайлбал Газрын кадастрын мэдээллийн сангаас “Б-А ” ХХК-ийн кадастрын бүртгэлийг устгасан нийслэлийн Өмчийн харилцааны газрын үйлдлийг хууль бусад тооцох, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт архитектур төлөвлөлтийн даалгавар өгөх, нийслэлийн Өмчийн харилцааны газарт “Б-А ” ХХК-ийн газрын кадастрын бүртгэлийг сэргээхийг даалгах агуулгатай юм. Анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээн энэ хүрээнд явагдсан.

“Б-А ” ХХК, “Т т” ХХК-иудад эзэмшил газар олгосон нийслэлийн Засаг даргын захирамжид дурдсан газрын байршил анхнаасаа давхцаагүй юм. “Б-А ” ХХК-д Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд, “Т т” ХХК-д Хан-Уул дүүргийн 6, 7 дугаар хороонд газар олгогдсон.

Харин нийслэлийн Өмчийн харилцааны газрын зарим албан тушаалтнууд “Т т” ХХК-ийн 6, 7 дугаар хороонд олгогдсон газрын кадастрын зургийг “Б-А ” ХХК-ийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт олгогдсон газрын байршилд санаатайгаар давхцуулан хийж, газар эзэмших гэрээг хуурамчаар хийж “Б-А ” ХХК-ийн эзэмшил газрын кадастрын зургийг мэдээллийн сангаас устгасан нийслэлийн Өмчийн харилцааны газрын буруутай үйл ажиллагаанаас энэхүү маргаан үүссэн юм.

Нийслэлийн Өмчийн харилцааны газрын хууль бус үйлдлийг нийслэлийн Засаг дарга, Тамгын газрын хуулийн хэлтэс шалгаж үзээд тогтоосон.

Мөн анхан шатны шүүх хурал дээр хоёр компаний эзэмшил газар давхцалгүй дараах байдлаар тогтоогдсон. Үүнд:

1.Нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Өмчийн харилцааны газар хоёр компаний эзэмшил газар давхцаагүй гэдгийг хүлээн зөвшөөрч 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр А/975 дугаар захирамж гарган, мөн оны 11 сарын 8-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, кадастрын зургийг сэргээн бүртгэж 3 300 000 000 /гурван тэрбум гурван зуун сая төгрөг/ төлүүлэн “Б-А ” ХХК-д 25 га газрыг эзэмшүүлсэн.

2.“Т т” ХХК нь нийслэлийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 568 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 6, 7 дугаар хороонд газар эзэмшихээр атлаа, 10 дугаар хороонд газар эзэмшүүлэх гэрээг хуурамчаар хийсэн нь шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Газрын албаны ажилтан С.Баярхүү “...“Т т” ХХК-тай Газар эзэмшүүлэх гэрээ байгуулж байгаагүй, мөн тус компани 10 дугаар хороонд газар эзэмшиж байгаагүй” гэдэг мэдүүлгээр тогтоогдсон. “Т т” ХХК нь 2007 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн гэрээнд С.Баярхүүгийн нэрийг бичиж өөр хүнээр гарын үсэг зуруулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн.

Тухайн үед Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт иргэд байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээг ажил үүргийн хувьд зөвхөн С.Б хийдэг байсан.

3.“Б-А ” ХХК нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 25 га газрын 1 м.кв-т газрын төлбөрийг 132 төгрөгөөр тооцож төлдөг. Гэтэл “Т т” ХХК нь 1 м.кв газрын төлбөрийг 88 төгрөгөөр тооцож төлсөн баримт үзүүлдэг. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гэрчээр оролцсон нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хуулийн хэлтсийн мэргэжилтэн н.Энхжаргал “...хоёр компаний газар анхнаасаа давхцаагүй нь шалгалтаар тогтоогдсон. Түүний нотолгоо нь хороо, байршил өөр, газрын төлбөрийн хэмжээ ондоо байгаагаас харж болно” гэж хэлсэн.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батцогт шүүх хуралдаанд шүүгчийн асуусан асуултад “...1 м.кв-т нь 88 төгрөгийн үнэлгээтэй газар Нисэх, Яармагийн орчим байхгүй. Харин Өлзийт хороонд байгаа байх” гэж мэдүүлсэн юм.

4.Нийслэлийн Өмчийн харилцааны газрын шүүхэд ирүүлсэн лавлагаанаас үзэхэд “Т т” ХХК нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 140.0 га биш харин 105 4415 м.кв газрыг эзэмшиж байна.

Энэ бүхнээс үзэхэд “Т т” ХХК нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд газар эзэмшдэггүй, хотын захын бүсэд 1 м.кв нь 88 төгрөгийн үнэтэй 105.4 га газар эзэмшдэг байна.

Нийслэлийн Засаг даргын захирамжид заасан Хан-Уул дүүргийн 6, 7 дугаар хорооны газрын байршлыг нийслэлийн Өмчийн харилцааны газрын зарим албан тушаалтнууд зориуд санаатайгаар “Б-А ” ХХК-ийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Төв аймгийн уулзварын зүүн урьд байрлах байршил тодорхой газартай давхцуулан кадастрын зураг үйлдэн, мэдээллийн санд оруулж, Газар эзэмших гэрээг хуурамчаар үйлдэхдээ “Б-А ” ХХК-ийн эзэмшил газрын кадастрын зургийн мэдээллийг устгасан хууль бус үйл ажиллагаа явуулсан нь анхан шатны шүүх хурал дээр хангалттай тогтоогдсон.

Нийслэлийн Өмчийн харилцааны газар нь Газрын тухай хууль болон нийслэлийн Засаг даргын захирамжийг биелүүлэх үүрэгтэй. Харин тэд нарт дураар авирлаж газрын мэдээллийн сангаас “Б-А ” ХХК-ийн эзэмшил газрын кадастрын мэдээллийг устгах эрх хуулиар олгогдоогүй. Нийслэлийн Өмчийн харилцааны газар, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын хууль болон нийслэлийн Засаг даргын захирамжийг биелүүлэхгүй байгаа үйлдэл, эс үйлдэлд анхан шатны шүүхийн шүүгч дүгнэлт хийхээс санаатай зайлсхийж, “Б-А ” ХХК-ийн хуулиар хамгаалагдсан эрхийг хохироосон шийдвэрийг гарган нийслэлийн Өмчийн харилцааны газар, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын хууль бус үйлдлийг хаацайлж байгаад гомдолтой байна. “Б-А ” ХХК анхнаасаа бүх ажлаа хуулийн дагуу явуулсан бөгөөд нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Өмчийн харилцааны газраас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж ирсэн.

Зөвхөн газрын төлбөрт гэхэд “Б-А ” ХХК нь 3 366 000 000 /гурван тэрбум гурван зуун жаран зургаан сая/ төгрөг төлсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 5-ны 113 дугаар шийдвэрийг хүчингүй болгож “Б-А ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж эрхийг хуульд заасан журмаар хамгаалж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

“Б-А ” ХХК-иас 2012 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд гаргасан “нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 511 дүгээр захирамжаар олгосон 25 га газраа эзэмшиж чадахгүй байгаатай холбогдуулж нийслэлийн Газрын албанаас “Т т” ХХК-ийн кадастрын зургийг давхцуулан буруу бүртгэсэн маргаантай асуудлыг шийдвэрлэж, уг газрыг хууль ёсны дагуу эзэмших боломжоор хангаж өгөхийг нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн Газрын албанд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэн шалгах явцад нэхэмжлэгчээс “...нийслэлийн Өмчийн харилцааны газар манай компанийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч газар эзэмших эрхийг баталгаажуулах үүргийг хүлээсэн...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлээ татан авах хүсэлт гаргасны дагуу шүүгчийн 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 342 дугаар захирамжаар тус компанийг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Энэхүү шүүгчийн захирамжийн дараа буюу нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/975 дугаар захирамжаар “Б-А ” ХХК-д 25 га газрыг 2 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2013 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр газар эзэмших гэрээ байгуулан гэрчилгээ олгосон, улмаар дээрх 25 га газрын байршлыг 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр газрын мэдээллийн нэгдсэн санд нэгж талбарын 18634303104987 дугаараар бүртгэн оруулсныг Мэдээллийн санд хяналт тавих ажлын хэсгээс устгасан болон газар эзэмших гэрээний хугацааг нийслэлийн Өмчийн харилцааны албанаас сунгахгүй байгаа үйлдэлтэй холбогдуулан нэхэмжлэгчээс:

“нийслэлийн Засаг даргын 2006 оны 568 дугаар захирамжаар “Т т” ХХК-д Хан-Уул дүүргийн 6, 7 дугаар хороонд газар олгогдсон байхад нийслэлийн Өмчийн харилцааны газраас зориудаар кадастрын мэдээллийн санд “Б-А ” ХХК-ийн тус дүүргийн 10 дугаар хороонд олгогдсон газартай дамнуулан бүртгэсэн үйлдлийг хууль бусад тооцуулах;

“Б-А ” ХХК-ийн хуулийн дагуу эзэмшиж байгаа газрын хугацааг сунгах үйл ажиллагаанд санаатай саад учруулж, гэрээний хугацааг сунгах үйл ажиллагааг тасалдуулж байгаа үйлдлийг хууль бусад тооцон гэрээг сунгахыг даалгах” нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүхээс дээрх шүүгчийн захирамжаар татгалзлыг баталсан нэхэмжлэлийн шаардлагатай адилтган үзэж, хүлээн авахаас татгалзсан нь буруу байна.

Өөрөөр хэлбэл өмнөх нэхэмжлэлийн шаардлага нийслэлийн Засаг даргын 2007 оны 511 дүгээр захирамжаар газар эзэмшүүлсэнтэй холбоотой, харин одоогийн нэхэмжлэлийн шаардлага 2013 оны А/975 дугаар захирамжаар газар эзэмшүүлсэнтэй холбогдож үүссэн, хэдийгээр нэг байршилд газар эзэмшүүлсэн байж болох ч эдгээрийг цаг хугацаа, захиргааны акт, үйл баримт, нэхэмжлэлийн шаардлагын хувьд адилтган авч үзэх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагуудад эрх зүйн дүгнэлт өгч маргааныг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

1.“Нийслэлийн Засаг даргын 2006 оны 568 дугаар захирамжаар “Т т” ХХК-д Хан-Уул дүүргийн 6, 7 дугаар хороонд газар олгогдсон байхад нийслэлийн Өмчийн харилцааны газраас зориудаар кадастрын мэдээллийн санд “Б-А ” ХХК-ийн тус дүүргийн 10 дугаар хороонд олгогдсон газартай дамнуулан бүртгэсэн үйлдлийг хууль бусад тооцуулах” шаардлагын тухайд:

Анх нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 511 дүгээр захирамжаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “Б-А ” ХХК-д хамтруулан Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Наадамчдын гудамж, Төв аймгийн замын уулзварын зүүн урд талд байршуулан 25.0 га газрыг эзэмшүүлэх эрх олгосон байх бөгөөд уг захирамж нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 267 дугаар тогтоолоор батлагдсан орон сууцны Буянт-Ухаа хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор гарсан байдаг.

Өөрөөр хэлбэл дээрх тогтоолоор нийслэл Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний үндсэн шийдлийг хэрэгжүүлэх, дэд бүтцийн шугам сүлжээнд ойр байрлалтай гэр хорооллыг барилгажуулах зорилтын хүрээнд Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны шинэ хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг баталж, уг төсөлд хамрагдах газрын байршлыг Яармаг-Буянт-Ухаагийн замын хойд, урд тал, Иргэний нисэхийн удирдах газрын зүүн тал, Улаанбаатар-Төв аймгийн автозамын баруун талд нийт 60 га талбайг хамрахаар төслийн танилцуулгад, зургаар илэрхийлсэн төлөвлөлтөд ч энэ байдлаар тусгагджээ.

Нэхэмжлэгчид эзэмшүүлсэн газрын байршлыг Засаг даргын захирамж, уг захирамжийн дагуу Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газраас нэхэмжлэгчид өгсөн 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1 дүгээр мэдэгдэл болон нийслэлийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан мөн сарын 21-ний өдрийн “Хамтран ажиллах” 07/03 тоот гэрээнд тус тус “Наадамчдын гудамж, Төв аймгийн замын уулзварын зүүн урд тал” гэж тодорхойлсон ч газар эзэмшүүлэх эрх олгосон Засаг даргын захирамж дээрх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд гарсан, түүнчлэн Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын Тэргүүлэгчдийн 1992 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 31 дүгээр тогтоолоор дүүргүүдийн хороог шинэчлэн батлахдаа энэхүү тогтоолын 1 дүгээр хавсралтаар зөвхөн дүүргийн хороо тус бүрийн өрхийн тоог бус, тухайлбал Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны байршлыг хуучин 15 дугаар хороо, Нисэх, Өлзийт хорооллыг хамрахаар тогтоосон байх бөгөөд энэ нь Хурлын 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 8 дугаар тогтоолоор хороодын хилийн заагийг шинэчлэн батлах хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байжээ.

Нийслэлийн Засаг даргын 2007 оны 511 дүгээр захирамжаар зөвхөн “Б-А ” ХХК-д ч бус мөн нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Барилга, хот байгуулалтын яам, Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн хамтын хөгжил, барилгын салбар болон мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих хөтөлбөрийн захиргаанд Монгол Германы хамтарсан орон сууцны “Эко” хотхоныг барихад зориулж тус дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Нисэх Сонсголонгийн чиглэлийн авто замын баруун талд байршуулан 3.0 га газрыг эзэмшүүлэх эрх олгосон байдаг.

Өөрөөр хэлбэл энэ газар нь дээр дурдсан Хан-Уул дүүргийн орон сууцны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд хамаарч байх бөгөөд үндсэндээ Засаг даргын захирамжаар нэхэмжлэгч болон энэхүү нийгэмлэгийн аль алинд нь хэсэгчилсэн төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд батлагдсан төлөвлөлтийн дагуу газар эзэмшүүлсэн болохыг баталж байна.

Гэтэл нийслэлийн Засаг даргын 2013 оны А/975 дугаар захирамжаар дуудлага худалдааны анхны үнийг бүрэн төлсөн гэх үндэслэлээр “Б-А ” ХХК-д Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд 25 га газар эзэмшүүлсний дагуу нэхэмжлэгчийн “К т” ХХК-иар 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр хийлгэсэн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах 250000 м.кв газрын нэгж талбайн кадастрын зургийг нийслэлийн Өмчийн харилцааны газраас 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр нэгж талбарын 18634303104987 дугаараар газрын мэдээллийн нэгдсэн санд оруулахдаа “Т т” ХХК-ийн кадастрын зургийг газрын мэдээллийн санд “Б-А ” ХХК-д олгосон газартай дамнуулан бүртгэсэн бус харин гуравдагч этгээдийн хууль ёсоор эзэмшиж байгаа 140 га газартай нэхэмжлэгчийн хийлгэсэн дээрх газрын кадастрыг давхцуулан бүртгэсэн болох нь дараах үйл баримтаар тогтоогддог.

Нийслэлийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 568 дугаар захирамжаар “Т т” ХХК-д Хан-Уул дүүргийн 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 140 га газрыг морин спортын зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, 2007 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ, 12 дугаар сарын 11-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байх бөгөөд тус компанийн “Т с” ХХК-иар 2007 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хийлгэсэн газрын байршлын кадастрын зургийг газрын мэдээллийн нэгдсэн санд нэгж талбарын 18634304666009 дугаараар анх 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдөр бүртгэгдсэн болох нь нийслэлийн Газрын албаны архиваас 2013 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 9/299 дүгээр албан бичгээр шүүхэд ирүүлсэн кадастрын зургийн хуулбарууд, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2013 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 1/102 тоот лавлагаа, 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 1/467 дугаар албан бичиг, Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 09/065/302 тоот дүгнэлтээр тус тус батлагддаг,

-мөн эзэмшил газраа 2009 он гэхэд бусдын эзэмшлээс бүрэн зааглаж хашаалсан болох нь улсын байцаагчийн болон Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлтэд тусгагдсан,

-гэрээнд заасны дагуу өнөөдрийг хүртэлх хугацаанд газрын төлбөрт жил бүр 123.200.000 төгрөг төлдөг болох нь холбогдох төлбөрийн баримтуудаар, 2014 оноос хойш эзэмшил газартаа “Х М” хорооллын төсөл хэрэгжүүлэхээр архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулахаар нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт удаа дараа хандаж байсан болох нь 2014 оны 6 дугаар сарын 13, 12 дугаар сарын 17, 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн хүсэлтүүд, тухай бүр өгч байсан тус газрын албан хариу зэргээр батлагдах бөгөөд эдгээрээс үзэхэд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасны дагуу одоогийн маргаан бүхий газарт “Т т” ХХК-ийн эзэмшил анх үүссэн байна.

“Б-А ” ХХК-иас гуравдагч этгээдэд олгосон газар өөрт нь эзэмшүүлсэн газартай ямар нэгэн байдлаар давхцалгүй гэж маргаж, үүнийгээ Хан-Уул дүүргийн 6, 7, 10 дугаар хорооны хилийн заагыг тогтоосон баримтуудтай холбож тайлбарладаг боловч энэ нь үндэслэлгүй юм.

Хэдийгээр “Т т” ХХК-д газар эзэмшүүлсэн Засаг даргын дээрх захирамжид тус дүүргийн 6, 7 дугаар хороо гэж заасан ч Яармаг дахь хүн амын суурьшил ертөнцийн зүгээр анхаасаа замын хойд талд үүссэн болох нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд гэр хороолол бүхий энэ хэсэгт бусдад эзэмшүүлэх 140 га газар байхгүй болох нь хэрэгт авагдсан хороодын байршлын зурагт тусгагдсанаар хангалттай нотлогддог.

Эзэмшүүлсэн газрын зориулалтыг ч “м с” гэж, бодит байдалд Яармагийн замын урд талд олон арван жилийн турш морь барианы газар, хуучны морин тойруулга байсан, мөн замын урд талын газар инженерийн ямар нэгэн шугам сүлжээнд холбогдоогүйгээс шалтгаалж тэнд хот төлөвлөлт хийгдээгүй, тийм ч учраас морин спортын зориулалтаар тухайн газрыг гуравдагч этгээдэд түрүүлж олгожээ гэж дүгнэх бүрэн үндэслэлтэй.

Засаг даргын захирамж гарах үед мөрдөгдөж байсан Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын Тэргүүлэгчдийн 1992 оны 31 дүгээр тогтоолд 6, 7 дугаар хорооны байрлалыг “хуучин 9, 10 дугаар хороо, Яармаг” гэж тодорхойлсноос үзэхэд ч гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн газар нь Яармагт буюу одоогийн байршилд олгогдсон байна.

Түүнчлэн нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 908 дугаар захирамжаар дээрх газрын зориулалтыг орон сууцны цогцолбор, худалдаа үйлчилгээ болгон өөрчилж, газар эзэмших эрхийг 5 жилийн хугацаагаар сунгасан, мөн өдөр нь “Т т” ХХК-тай газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байх бөгөөд Хурлын 2009 оны 8 дугаар тогтоолоор хороодын хилийн заагийг шинэчлэн баталсантай холбогдуулан захирамжид газрын байршлыг “Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо” гэж тусгасан,

-2011 оны 11 дүгээр сарын 18-ны байдлаарх газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар газрын төлбөрийн үлдэгдэлгүй, үүнээс хойших хугацааны төлбөрийг ч бүрэн барагдуулсан болох нь нэхэмжлэх, төлбөрийн баримтуудаар тогтоогддог,

-2011 оны 12 дугаар сарын 7-ны өдөр эзэмшил газрын байршил, хэмжээ газрын мэдээллийн нэгдсэн санд мөн л өмнөх нэгж талбарын дугаараар ямар нэгэн зөрүүгүй бүртгэгдэж, энэ мэтчилэн “Т т” ХХК Газрын тухай хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж байхад хариуцагчаас нэхэмжлэгчид эзэмшүүлсэн газрын байршлыг газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд зориудаар давхцуулж бүртгэж маргаан үүсгэсний улмаас гуравдагч этгээдийг өнөөдрийг хүртэлх хугацаанд өөрийн эзэмшил газартаа архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулж чадахгүй байдалд хүргэжээ.

Үндсэндээ 2007 онд “Б-А ” ХХК-д газар эзэмшүүлэхдээ Засаг даргын захирамжийн хүрээнд хариуцагчаас газрын байрлал хэмжээг нарийвчлан тогтоосон зураг хийлгээгүй, кадастрын зураглал хийлгэх нэгж талбарын хил заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн актыг баталгаажуулаагүй байсан, 2013 оны А/975 дугаар захирамжаар тус компанид Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд 25.0 га газрыг орон сууц, үйлчилгээний цогцолбор барих зориулалтаар 2 жилийн хугацаатай газар эзэмшүүлэхэд мөн л урьдын адил эдгээр ажиллагааг хийлгүйгээр зөвхөн нэхэмжлэгчийн аль 2008 онд хийлгэсэн кадастрын зургийг үндэслэн газрын кадастрын мэдээллийн санд дур мэдэн өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн хууль ёсоор эзэмшиж буй газартай давхцуулан нэгж талбарын дугаар үүсгэсэн нь “Т т” ХХК-ийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлоос гадна Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-ын “нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байх”, 31 дүгээр зүйлийн 31.3-ын хүсэлт болгосон газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх”, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.7-ын “эдлэн газар болон нэгж талбар бүр дугаартай байх”, 16.8-ын “газрын улсын бүртгэлд бүртгэгдсэн эдлэн газар бүр түүнийг бусад газраас заагласан ерөнхий хилтэй байх” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Нийслэлийн Өмчийн харилцааны газраас төрийн байгууллагатай хамтран газар эзэмшиж байгаа иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг салгаж, газар эзэмшүүлэх гэрээг хуульд нийцүүлэн шинэчлэх ажлын хүрээнд 2013 онд нэхэмжлэгчид өгсөн мэдэгдэлд “Нийслэлийн Засаг даргын 2007 оны 511 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран эзэмших эрх авсан 25 га газраасаа цаашид үргэлжлүүлэн эзэмших хүсэлтэй газрын хэмжээгээр дуудлага худалдааны анхны үнийг төлж, 2013 оны 6 дугаар сарын 1-ний дотор газар эзэмшүүлэх гэрээг шинэчлэн байгуулахыг мэдэгдсэн”-ээс үзэхэд ч анхны эзэмшүүлсэн газар болох 10 дугаар хороонд газрын дуудлага худалдааны үнийг төлүүлэхээр шаардсан болох нь тогтоогддог.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд цаг хугацааны хувьд гуравдагч этгээдэд одоогийн маргаан бүхий байршилд нийт 140 га газар эзэмших эрх нэхэмжлэгчээс түрүүлж үүссэн, мөн газрын мэдээллийн нэгдсэн санд нэгж талбар нь түрүүлж бүртгэгдсэн байх тул харин ч гуравдагч этгээдийн эзэмшил газартай нэхэмжлэгчид эзэмшүүлсэн 25 га газрын байршлыг давхардуулан бүртгэсэн үйлдэл нь өөрөө хууль бус болжээ.

Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/553 дугаар захирамжаар “Т т” ХХК-ийн эзэмшил газрын баруун болон хойд талын тодорхой хэсэг улс болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэх авто замын өргөтгөлийн трасст орсонтой холбогдуулан уг хэсэгт баригдсан хашааг буулгасны нөхөн олговорт “Т т” ХХК-д нийт 71.977.313 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн байдал, “Газрын дуудлага худалдааны анхны үнэ нөхөн төлүүлэх тухай” нийслэлийн Засаг даргын 2013 оны А/309 дүгээр захирамжийн дагуу 140 га газрын үнэ болох 3.696.000.000 төгрөгийн 30 хувь болох 1.108.800.000 төгрөгийг төлж, харин үлдэгдэл 70 хувь болох 2.587.200.000 төгрөгийг 2015 оныг дуустал хуваарийн дагуу төлж барагдуулахаар нийслэлийн Өмчийн харилцааны газартай харилцан тохиролцсон зэрэг нь уг газар анхнаасаа гуравдагч этгээдийн эзэмшилд байсны нотолгоо болно.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.“Б-А ” ХХК-ийн хууль ёсны дагуу эзэмшиж байсан газрын хугацааг сунгах үйл ажиллагаанд санаатай саад учруулж, гэрээний хугацааг сунгах үйл ажиллагааг тасалдуулж байгаа үйлдлийг хууль бусад тооцон гэрээг сунгахыг даалгах” шаардлагын тухайд:

Нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/975 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг баталгаажуулж, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд 25.0 га газрыг орон сууц, үйлчилгээний цогцолбор барих зориулалтаар 2 жилийн хугацаатай олгосон, энэхүү захирамжийг үндэслэн 2013 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгогджээ.

Нэхэмжлэгчийн тухайд нэг талаас Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д зааснаар эзэмшүүлсэн газар нь гуравдагч этгээдийн эзэмшил газартай давхцалтайн улмаас гэрээнд заасан зориулалтын дагуу бодитоор эзэмшиж чадаагүй, иймд газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж, өөрөөр хэлбэл 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн тооцоо нийлсэн актаар газрын төлбөрт нийт 148.500.000 төгрөг төлөхөөс 57.750.000 төгрөг төлсөн буюу 90.750.000 төгрөгийн үлдэгдэлтэй гарсан нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй.

Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар зөвхөн захирамж, гэрээ, гэрчилгээтэй бус харин эдгээрээр баталгаажсан газрыг бодитоор эзэмшиж ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газрын төлбөр төлөх учиртай.

Харин ч нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Т 2015 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 10/7458 дугаар албан бичиг, нийслэлийн Өмчийн харилцааны газрын орлогч дарга М.Батсайханы гарын үсэг бүхий мэдэгдэл, тус газрын нэхэмжлэх, Улаанбаатар банкны төлбөрийн хуулга зэргээс үзэхэд нэхэмжлэгчээс газрын дуудлага худалдааны анхны үнэнд 2007 онд 100 сая төгрөг, 2013 оны 6-9 дүгээр сард 3.2 тэрбум төгрөг, нийт 3.3 тэрбум төгрөг төлсөн байна. 

Хэлбэрийн хувьд нэхэмжлэгчийн газар эзэмших эрх Газрын тухай хуульд заасан журмын дагуу үүссэн, мөн баталгаажсан байх боловч нийслэлийн Өмчийн харилцааны газраас Засаг даргын захирамжид заасан байршилд бус харин “Т т” ХХК-ийн хууль ёсоор эзэмшиж байгаа газартай давхцуулан газрын кадастрын зургийг оруулснаас, нэхэмжлэгч ч хууль бусаар давхцуулсан байршил дахь бусдын эзэмшил газрыг өөрийн мэтээр ойлгосноос шалтгаалж бодит байдалд “Б-А ” ХХК өөрт эзэмшүүлсэн гэх газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ.

Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө газар эзэмшигч нь хугацаа сунгуулах хүсэлтээ гаргах”-аар зохицуулсан байдаг. Гэхдээ хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх бололцоог бодитоор олгосны үндсэн дээр мөн үүргийг газар эзэмшигчээс шаардах ёстой. Газар эзэмших гэрээнд заасан хугацааг ч энэ тохиолдолд тооцох ёстой.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид газар эзэмших боломжийг бодитоор олгоогүй атлаа түүнтэй байгуулсан газар эзэмших гэрээний хугацааг тоолох, цаашлаад сунгуулах хүсэлтийг хуульд заасан хугацаанд гаргаагүй гэх шалтгаанаар газар эзэмших эрхийг дуусгавар болгож байгаа хариуцагчийн үйлдэл хууль бус болно.

Нийслэлийн Өмчийн харилцааны газартай байгуулсан 2013 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн гэрээг “Барилга байгууламж барих болзолтойгоор” байгуулсан, уг гэрээнд газрын байршлыг Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо гэж тусгасан байх боловч энэ нь “Т т” ХХК-ийн эзэмшиж байгаа 140 га газартай ямар нэгэн байдлаар давхцал үүсгэх, цаашлаад тус компанийн эзэмшил газраас нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх эрхийг бий болгох ёсгүй.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Б-А ” ХХК-иас нийслэлийн Өмчийн харилцааны газарт хандаж гаргасан 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдрөөр огноолсон газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах тухай хүсэлтийг иргэд хүлээн авах төвөөр дамжуулж гаргасныг Засаг даргын Тамгын газар 9-ний өдөр хүлээн авч, 12-ны өдөр нийслэлийн Өмчийн харилцааны газарт шилжүүлсэн болох нь Бүртгэл хяналтын карт болон уг картад хаасан тэмдэглэгээ хийсэн гэрч нийслэлийн Өмчийн харилцааны мэргэжилтэн Ц.Отгонбямбын 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг зэргээр тогтоогддог.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах журмын 1.3, 3.4-т зааснаар газрын эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг иргэд хүлээн авах төвөөр дамжуулан хүлээн авахаар, мөн журмын 3.3-т эрхийн гэрчилгээний хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө сунгуулах хүсэлтээ гаргаагүй тохиолдолд шууд дуусгавар болгохгүй, харин торгууль төлүүлснээр гэрчилгээний хугацааг сунгаж байх”-аар журамлажээ. 

Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан хугацааг захирамж гарсан өдрөөс бус харин гэрээ, гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн тооцох нь уг хуулийн шаардлага бөгөөд тухайн тохиолдлоос хамаарч сунгуулах хүсэлтийг 30 хоногийн өмнө бус 30 хоногийн дотор гаргасныг ч зохих журмын дагуу шийдвэрлэж байх нь хариуцагчийн хуулиар хүлээсэн үүрэг.

Энэ нь уг хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй тохиолдолд газар эзэмших эрх дуусгавар болно” гэсэн зохицуулалтаар тайлбарлагдах боломжтой.

Аль ч тохиолдлыг авч үзсэн “Б-А ” ХХК-иас гэрээний хүчинтэй байх хугацаанд газар эзэмших эрхээ сунгуулах хүсэлт гаргасан байхад, мөн газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх бодит боломж газрын давхцалаас шалтгаалж хэрэгжээгүй болохыг мэдсээр байж, газрын дуудлага худалдааны анхны үнэд багагүй хэмжээний төлбөрийг төлүүлсэн атлаа, газар эзэмшлийн талаарх маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад ийнхүү газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр дуусгавар болгосон тухай мэдэгдсэн нь нэхэмжлэгчийн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5-д заасан эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газраа үргэлжлүүлэн эзэмшихээр хугацаа сунгуулах хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхийг хязгаарласан хууль бус үйлдэл болжээ.

Гэхдээ шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас “одоогийн маргаан бүхий байршилд 25 га газрыг эзэмших эрхтэй” гэж маргадаг, мөн Газар эзэмших, ашиглахтай холбогдсон гомдол, маргааныг хянан дүгнэлт гаргах ажлын хэсгийн 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01 дүгээр хурлын тэмдэглэлд “...“Б-А ” ХХК-ийнхантай газрын байршлыг шилжүүлэх талаар уулзсан боловч зөвшөөрөхгүй байгаа...” гэсэн нь тусгагдсан зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаснаар түүний хүссэнчлэн гуравдагч этгээдийн 140 га газар эзэмших эрхийг ямарваа хэлбэрээр хязгаарлах, эзэмшил газрын кадастрын зурагт өөрчлөлт хийх зэргээр дахин хууль бусаар газрын давхцал үүсгэх үр дагаврыг бий болгохгүй.

Өөрөөр хэлбэл нийслэлийн Өмчийн харилцааны газраас 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад холбогдуулж гаргасан тайлбарт “...ижил нөхцөл, ижил хэмжээтэй газрыг “Б-А ” ХХК-д санал болгохоор шийдвэрлэсэн...” талаар дурдсан байх бөгөөд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаснаар гуравдагч этгээд “Т т” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүйгээр шүүхийн шийдвэрийн энэ хэсгийг биелүүлэх боломжтой гэж үзээд дээрх үндэслэлээр энэхүү шаардлагад холбогдох нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

3.Хэрэгсэхгүй болгосон нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд:

“Б-А ” ХХК-ийн хууль ёсоор эзэмшиж буй газрын кадастрын нэгж талбарыг устгасан үйлдлийг хууль бусад тооцож, газрын кадастрын бүртгэлийг сэргээхийг даалгах”,

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын “Б-А ” ХХК-д хууль ёсны эзэмшлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо /хуучнаар 10 хороо/-нд байрлах 25 га газарт орон сууц, үйлчилгээний хорооллын төсөл хэрэгжүүлэх ажилд архитектур төлөвлөлтийн даалгавар батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцуулах, архитектур төлөвлөлтийн даалгавар батлахыг даалгах” шаардлагыг тус тус анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч нэхэмжлэлийн шаардлага тус бүрт холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтад эрх зүйн дүгнэлтийг бүрэн гүйцэд өгөөгүй байна.

“Б-А ” ХХК-ийн 2007 оны 511 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн газрын байршил тухайн үед газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд огт бүртгэгдээгүй, харин 2013 оны А/975 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 25 га газрын байршлыг 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр мэдээллийн санд оруулж нэгж талбарын 18634303104978 тоот дугаарт бүртгэхдээ “Т т” ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын 18634304666009 тоот бүртгэл бүхий 140 га газрын кадастрын зурагтай бүхэлд нь давхцуулж, өөрөөр хэлбэл гуравдагч этгээдэд уг газрыг эзэмшүүлсэн нийслэлийн Засаг даргын захирамж хүчинтэй, түүнд ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй байхад газрын хэмжээг 105.4 га болгож багасгасан нь нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 5/3146, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2015 оны 1/465 тоот албан бичгийн хавсралт зургаар тус тус батлагддаг бөгөөд Мэдээллийн санд хяналт тавих ажлын хэсгийн 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар давхцуулан бүртгэсэн нэхэмжлэгчийн нэгж талбарыг устгахаар шийдвэрлэж, гуравдагч этгээдийн газрын кадастрын зургийг анхны байдалд оруулсан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй, харин гуравдагч этгээдийн тухайн газартай холбоотой зөрчигдсөн эрхийг сэргээсэн буюу Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасантай нийцжээ. 

Нэхэмжлэгчээс “...газрын кадастрын мэдээллийн санд нэгэнт орсон нэгж талбарыг устгах эрх хэмжээ нийслэлийн Өмчийн харилцааны газарт олгогдоогүй...” гэж хариуцагчийг буруутгадаг ч дээрх үйлдэл нь уг хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.14-т заасан “улсын хэмжээнд газрын кадастрын бодлогыг хэрэгжүүлэх, улсын газрын мэдээллийн санг бүрдүүлэх хөтлөх”, 23.4.3-т заасан “эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх”, 23.4.4-т заасан “газрын мэдээллийн санг эрхлэх” зэрэг хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хийгдсэн байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй юм.

Үндсэндээ “Б-А ” ХХК-ийн хууль ёсоор эзэмшиж байгаа гэх газар нь “Т т” ХХК-ийн одоогийн бодитоор эзэмшиж буй 140 га газартай давхцал бүхий 25 га газар биш болох нь дээр дурдсан үндэслэлүүдээр хангалттай батлагдах тул газрын кадастрын мэдээллийн санд хууль бусаар гуравдагч этгээдийн газартай давхцуулсныг устгасан бүртгэлийг буцаан сэргээхийг хариуцагчид даалгах боломжгүй.

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх Техникийн зөвлөлийн 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн хурлаар “Б-А ” ХХК-ийн төлөвлөсөн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Спорт цогцолборын зүүн урд байрлах 25 га-д баригдах орон сууц, үйлчилгээний барилгын архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлахыг дэмжиж байсан нь тухайн газар бусдын эзэмшил газартай давхцалтай болохыг мэдэх хүртэлх хугацаанд нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн Засаг даргын захирамж, гэрээ, гэрчилгээний хүрээнд хийгдэж байсан ажиллагаа бөгөөд харин нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2015 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 5/202 дугаар албан бичигт “...тус компанийн кадастрын зургийг үндэслэлгүй бүртгэснийг тогтоон, газрын мэдээллийн сангаас зургийг устгаж, одоогоор газрын кадастрын мэдээллийн санд зөвхөн “Т т” ХХК-ийн эзэмшиж буй газрын кадастрын зураг бүртгэлтэй” гэснээс шалтгаалан “...газрын маргаантай асуудлаа шийдвэрлүүлсний дараа архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулах боломжтой...” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл энэ тохиолдолд архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй тогтоогдохгүй байна. Нөгөөтэйгүүр “Б-А ” ХХК-ийн тухайд анхнаасаа Засаг даргын захирамжаар эзэмшүүлсэн байршилд бус харин гуравдагч этгээдийн эзэмшиж буй газарт давхцуулан олгогдсон байршилд мэдсээр байж ерөнхий төлөвлөгөө батлуулахаар хандаж буй нь хууль бус шаардлага болно.

Үндсэндээ Засаг даргын захирамжаар өөрт олгогдсон газрын байршлыг зориудаар “Т т” ХХК-ийн эзэмшил газрын зарим хэсэгт давхцуулан мэдээллийн санд оруулсан хариуцагчийн хууль бус үйлдэлтэй холбогдуулан ийнхүү тухайн газарт архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулахаар шаардаж буй нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5-д заасан “бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх” газар эзэмшигчийн үүргээ зөрчсөн гэж дүгнэж болохоор байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 113 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг “1.Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5, 37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасныг баримтлан “Б-А ” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, тус компанид нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/975 дугаар захирамжаар эзэмшүүлсэн газрын хугацааг сунгах үйл ажиллагаанд санаатай саад учруулж, гэрээний хугацааг сунгах үйл ажиллагааг тасалдуулж байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоон, гэрээг сунгахыг хариуцагчид даалгасугай” гэж;

2 дахь заалтыг “Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.14, 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.3.5-д заасныг баримтлан “Нийслэлийн Засаг даргын 2006 оны 568 дугаар захирамжаар “Т т” ХХК-д Хан-Уул дүүргийн 6, 7 дугаар хороонд газар олгогдсон байхад нийслэлийн Өмчийн харилцааны газраас зориудаар кадастрын мэдээллийн санд “Б-А ” ХХК-ийн тус дүүргийн 10 дугаар хороонд олгогдсон газартай дамнуулан бүртгэсэн үйлдлийг хууль бусад тооцуулах, “Б-А ” ХХК-д хууль ёсоор эзэмшиж буй газрын кадастрын нэгж талбарыг устгасан үйлдлийг хууль бусад тооцож, газрын кадастрын бүртгэлийг сэргээхийг даалгах”, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын эс үйлдэхүйг хууль бусад тооцуулж, “Богд асар” ХХК-д хууль ёсны эзэмшлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо /хуучнаар 10 хороо/-нд байрлах 25 га газарт орон сууц, үйлчилгээний хорооллын төсөл хэрэгжүүлэх ажилд хууль дүрмийн дагуу архитектур төлөвлөлтийн даалгавар батлахыг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтыг 4 гэж тус тус өөрчлөн;

“3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Б-А ” ХХК-ийн газар эзэмших эрхийг сунгахдаа тус компанид 2007 онд газар эзэмшүүлсэн анхны байршил болох хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлэх хэсэгт, эсхүл гуравдагч этгээд “Т т” ХХК-ийн эзэмшил 140 га газартай давхцуулахгүйгээр газрын кадастрын байршлыг тогтоох байдлаар энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэх болохыг дурдсугай.” гэсэн заалт нэмсүгэй.

2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ШҮҮГЧ                                   О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                   Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                   Э.ЛХАГВАСҮРЭН