Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 103

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Мөнхцэцэг,

улсын яллагч Б.Гантулга,                       

шүүгдэгч Г.Энхбулаг, өмгөөлөгч Н.Баасанжав нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэрэгт Г.Энхбулагийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626011154 дүгээр хэргийг 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, илчит тэрэгний засварчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эх, ах, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 58 дугаар гудамж, 09 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Гүндээ овогт Ганбаатарын Энхбулаг /РД:ЙС94102619/.

Шүүгдэгч Г.Энхбулаг нь 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материалын автобусны буудлын орчим насанд хүрээгүй иргэн Ж.Болорсүхийг шалтаг шалтгаангүйгээр зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Энхбулаг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр амралттай байсан. Тухайн үед найз охинтойгоо муудалцсан байсан учир найз Мэндээтэй хамт том пиво нэгийг хувааж уусан. Биллъярд орж тоглох санаатай очоод Түвшээтэй таарсан. Хохирогч Болорсүхтэй хамт явж байсан охиныг би өөрийн найз охин байна гэж бодоод Болорсүхийг 1 удаа цохисон. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй” гэв.

 

201626011154 дүгээр эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Насанд хүрээгүй хохирогч Ж.Болорсүхийн: “2016 оны 4 дүгээр сарын 26-ны орой 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургуулиас хичээлээ тараад ангийн охин Бумчингийн хамт Ханын материалын эцсийн автобусны буудлын засмал замын ертөнцийн зүгээр зүүн талаар нь хуучин давхрын автобусны буудал дээрээс автобусанд суух санаатай алхаад явж байхад ...биллъярдны гадаа зүс таних Түвшээ ах, зүс таних залуугийн хамт хоорондоо юм яриад зогсож байхаар нь би зөрж өнгөрөхдөө сайн уу Түвшээ ах гэж мэндлэхэд Түвшээ ах намайг нааш ир гээд дуудахаар нь Бумчинг явж байсан газраа үлдээчихээд би ганцаараа очсон. Түвшээ ах хаачих гэж байгаа юм гэж асуухаар нь би гэртээ харих гэж байна гэхэд Түвшээ ахтай хамт зогсож байсан шар өнгийн подволктой намхан ах нь үгийн зөрөөгүй над руу ирээд гараараа миний зүүн чих рүү 1 удаа цохисон. Түвшээ ах нөгөө залууг яаж байгаа юм бэ гээд намайг өмөөрөөд нөгөө шар подволктой ахтай маргалдаж байх үед нь би чихээ дараад яваад өгсөн. 168 000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-8-9/,

Насанд хүрээгүй гэрч Ц.Бумчингийн: “2016 оны 4 дүгээр сарын 26-ны орой ...20 цагийн үед би ангийн хүүхэд Болорсүхийн хамт сургуулиас гараад доошоо уруудаад Давхар дэлгүүрийн автобусны буудал орохоор засмал зам дагаад алхаж байхад шинээр баригдсан шаргал өнгийн байшингийн хажуу талд үл таних хоёр залуу юм яриад зогсож байсан. Тэгтэл тэр хоёр залуугийн бараан өнгийн куртиктэй ах нь Болорсүхийг жоохноо нааш ир гэж дуудсан чинь Болорсүх ганцаараа очсон. Тухайн үед би явж байсан газраа зогсоод үлдсэн. Тэгээд Болорсүх нөгөө 2 залуу дээр очоод зогссон чинь шаргал цамцтай намхан залуу Болорсүхийн шанаа хэсэг рүү нь гараараа 1 удаа цохисон. ...Болорсүх над дээр ирээд зодуулчихлаа, энэ яасан байна гээд чихээ үзүүлэхээр нь харсан чинь бага зэрэг цус гарч байсан” гэх мэдүүлэг /хх-10-11/,  

Гэрч Ц.Энхтүвшингийн: “...Тэгээд бид хоёр мэндлээд зогсож байгаад Энхбулаг надаас тамхи аваад бид хоёр тамхилаад зогсож байхад засмал зам дагуу манай найз Сүхээнээгийн төрсөн дүү нь нэг охинтой явж байгаад Энхтүвшин ах сайн уу гээд мэндлэхээр нь би сайн, ахын дүү нааш ир Сүхээнээ ахынхаа гар утасны дугаарыг өгчих гэхэд Сүхээнээгийн дүү ганцаараа ирээд бид хоёр уулзаж байхад Энхбулаг нь миний хажуу талд зогсож байгаад үгийн зөрөөгүй, баруун гараараа тэр Сүхээнээгийн төрсөн дүүгийнх нь чих рүү 1 удаа цохисон. Чихнээс нь цус гараад байхаар нь би Энхбулагийг барьж аваад яаж байгаа юм гэсэн чинь уучлаарай, мэдсэнгүй гэхээр нь уучлалт гуй гээд уучлалт гуйсан” гэх мэдүүлэг /хх-12/,

Гэрч Б.Соёл-Эрдэнийн: “...2016 оны 4 дүгээр сарын 26-ны орой ...20 цаг өнгөрч ирэхгүй байхаар нь би хүүхдийнхээ дугаар луу залгахад авахгүй байхаар нь яачихсан юм бол гэж бодоод байж байхад Болорсүх өөрөө залгаад автобусны буудал дээр буучихсан очиж явна гэж хэлсэн. Тэгээд удалгүй гэртээ орж ирэхдээ зүүн чихээ гараараа дарчихаад ёолоод байхаар нь би яачихсан юм бэ гэхэд Ханын материалын эцэс дээр хүүхдэд зодуулчихлаа гэж хэлэхээр нь харсан чинь зүүн чихнээс нь цус гарчихсан байсан. ...Түвшээ ахын найз гэх шар өнгийн подволктой хүүхэд намайг гараараа нэг удаа цохиод гэмтээчихсэн гэж хэлсэн. Тэгээд би хүүгээ дагуулаад эмнэлэг ороод үзүүлж 2 оёдол тавиулаад 2016 оны 04 сарын 27-ны өглөө цагдаа дээр ирж өргөдөл өгсөн юм” гэх мэдүүлэг /хх-13/, 

Г.Энхбулагийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “2016 оны 4 дүгээр сарын 26-ны 17-18 цагийн үед байх би найз Мэндээгийн хамт Ханын материалд байрлах 9 дүгээр сургуулийн орчим байрны гадаа 2 литрийн Нийслэл нэртэй пиво нэгийг хувааж уучихаад Мэндээ явлаа гээд надаас салаад явсан. Би Ханын материалын эцэс дээр байдаг шар өнгийн 5 давхар байрны подволд байрлах нэр хаяггүй биллъярд орж тоглох санаатай ороход сул ширээ байгаагүй учир тухайн биллъярданд тоглож байсан зүс таних Түвшээ гэх хүүхэдтэй уулзаад бид хоёр гадаа гараад тамхи татах гэж байхад 20 цаг болж байсан байх, тухайн үед нар жаргасан байсан. Тэгээд бид хоёр зогсож байхад 9 дүгээр сургуульд сурдаг байх, харж байсан хүүхэд нэг охинтой хамт явж байгаад хохирогч гэх хүүхэд өөрөө Түвшээ бид хоёр дээр ирж байх шиг байсан. Тэгээд би биллъярдан дотор сууж байгаад архи гараад ухаан ороод явсан. Маргааш нь Түвшээ залгаад цагдаа дээр дуудаж байна гэхээр нь би юу болсон гэхэд өөрөө очоод мэд гэсэн. ...Хохирогч гэх хүүхдийг зодсоноо санахгүй байна.

...Надад Болорсүх гэх хүүхдийг цохих болсон ямар нэгэн шалтгаан байхгүй. Болорсүхэд учирсан гэмтлийг би учруулсан, өөр хүн учруулаагүй” гэх мэдүүлэг /хх-25-26, 28-29/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016.05.02-ны өдрийн 5791 дүгээр актын дүгнэлтэд: “1. Болорсүхийн биед зүүн чихэнд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. ...2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-17/,

шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-30/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-31/, хохирлын баримт /хх-37-38/, хохирол төлсөн баримт /хх-39/ зэргийг уншиж шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Г.Энхбулаг нь 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 20 цагийн үед согтуугаар Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материалын автобусны буудлын орчим насанд хүрээгүй Ж.Болорсүхийг шалтгаангүйгээр зодож, зүүн чихэнд шарх бүхий хөнгөн гэмтэл учруулж догшин авирлан танхайрсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Энхбулагийг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Насанд хүрээгүй хохирогч Ж.Болорсүх, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Соёл-Эрдэнэ нар “хохирлоо бүрэн барагдуулж авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг харгалзан шүүгдэгч Г.Энхбулагийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

Шүүх ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.Энхбулаг бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Гүндээ овогт Ганбаатарын Энхбулагийг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар шүүгдэгч Г.Энхбулагийг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Г.Энхбулагт оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.Энхбулаг цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т тус тус зааснаар Г.Энхбулагт оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж,  1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст даалгасугай. 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Г.Энхбулагт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Энхбулагт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Л.БААТАР