| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2021/0140/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/106 |
| Огноо | 2022-05-09 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж, Ерөнхий шүүгч Х.Ганболд, шүүгч Э.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч Б.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,
Улсын яллагч Д.Аянагүл,
Хохирогч Г.*******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн,
Шүүгдэгч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 127 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ы *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр ирүүлснийг 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* өдөр ******* суманд төрсөн, настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
*******ы ******* /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Т.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 12 цагийн үед ******* тоотод Г.*******тэй тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж түүний хэвлий тус газарт хутгалж биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйл байхгүй.” гэв.
Хохирогч Г.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Сайн санахгүй байгаа. Хоорондоо маргалдаж байхад миний гэдэс рүү дүрэх шиг болсон. Тэгээд би ухаан алдаад унасан. Сайн санахгүй байгаа.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
Улсын яллагчийн зүгээс: Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хх 13-15/, хохирогч Г.*******ийн мэдүүлэг /хх 16-17/, насанд хүрээгүй гэрч У.ий мэдүүлэг /хх 23/, гэрч Т.ы мэдүүлэг /хх 25-26/, гэрч Т.ы мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-9/, гэрч Б.н мэдүүлэг /хх 28/, гэрч Б.гийн мэдүүлэг /хх 30/, шинжээч эмчийн 371 дугаартай дүгнэлт /хх 38/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хх 2-8/, эд мөрийн баримт болох хутга, заазуур,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: Шинжээчийн 349 дугаартай дүгнэлт /хх 45-46/, Шүүхийн шинжээчийн 371 дугаартай дүгнэлт /хх 40-41/, сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоол /хх 82/, шүүгчийн захирамж /цагдан хорих хугацаа сунгасан/ /хх 94-95/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 121/, эмнэлгийн өвчтөн илгээх хуудас /хх 222/, яаралтай тусламжийн хуудас /хх 224, 226/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч, хохирогч нар нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Хохирол төлбөрийн хувьд баримтаар 1.819.800 төгрөгийн баримт цугларсан байдаг бөгөөд шүүхийн шатанд шүүгдэгч Т.*******гийн ар гэрээс 1.000.000 төгрөгийн хохирлыг хохирогч түүний ар гэрт шилжүүлсэн. Одоо үлдэгдэл 819.900 төгрөгийн хохирол төлбөр байгаа бөгөөд үүнийг шүүгдэгч Т.*******гаас гаргуулж, хохирогчид олгуулах дүгнэлтийг гаргаж байна. Мөн хохирогч ******* нь цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэдэг асуудлыг удаа дараа ярьж байсан. Иймд цаашид учрах хохирлыг баримтаа бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээлгэх саналтай байна.
... Т.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 5 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж, өнөөдрийг хүртэлх хугацаанд 217 хоног цагдан хоригдсон бөгөөд уг ялыг эдлэх ялд оруулан тооцуулах нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан хутга, заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгаж, харин гэрчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэргийн хамт хадгалах, энэ хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлогдож ирээгүй, шүүгдэгч Т.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хохирол төлбөрийн хувьд 819.900 төгрөгийг гаргуулж, цаашид гарах хохирлыг баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлгэх дүгнэлтийг тус тус гаргаж байна.” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Хохирол төлбөрийн хувьд 1.819.900 төгрөгийг нэхэмжилснээс манай үйлчлүүлэгч өнөөдрийн байдлаар 1.000.000 төгрөгийг өөрийнхөө хүч хөдөлмөрөөр эмчилгээний төлбөрт нь гаргаад өгсөн. Үлдэж байгаа 819.900 төгрөгийг цаашид өөрийнхөө хөдөлмөрөөр төлж барагдуулна. Магадгүй гэм буруутайд тооцогдвол хорих байгууллагад сайн дураараа төлбөрөө төлөхөө илэрхийлж байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.
...*******гийн хувьд анхнаасаа гэм буруу, хэргийн зүйлчлэл дээрээ маргаагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй үйлдлийн улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Мөн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 1.819.000 төгрөгийн хохирол учирснаас 1.000.000 төгрөгийн хохирлыг төлсөн. Үлдэгдэл 819.900 төгрөгөө төлж барагдуулахаа илэрхийлж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар ялын доод хэмжээ болох 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж өгнө үү гэж хүсэж байна. Түүнчлэн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуульд Т.*******гийн үйлдсэн гэмт хэрэг нь хамрагдаж байгаа тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд зааснаар түүнд оногдуулах ялаас 2 жилийг хасан тооцож биечлэн эдлэх ялыг тооцож өгнө үү.” гэх,
Иргэдийн төлөөлөгч “...шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэж байна.” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Т.*******гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Т.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 12 цагийн үед ******* тоотод Г.*******ийг “агсан тавилаа, намайг чихний ард талд заазуурдлаа.” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж түүний хэвлий тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс, чацархайг нэвт хатгагдсан шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт, цочмог цус алдалт бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь:
1. Мөрдөн байцаалтад яллагдагчаар Т.*******гийн өгсөн: “...алхаад явж байтал Г.******* миний ардаас гэрээс гарахдаа авч гарсан заазуураараа миний зүүн талын чих рүү далайж зүссэн. Манай эгч бид хоёрыг муудалцаад байгааг хараад салгах гээд гараад ирсэн бололтой бид хоёр дээр хүрч ирж Г.*******ээс заазуурыг нь булааж авчхаад байшин руугаа орчихсон. Тэгээд би Г.*******эд заазуурдуулсандаа уурлаад гэртээ ороод байж байтал Г.******* намайг дагаж гэр лүү ороод дахиад надтай барьцалдаж аваад “намайг ална, гараад ир” гээд өөдөөс согтуурхаад дайрч байгаад гэрээс гарсан. Тэгэхээр нь би өөрийнхөө орон дээр байдаг хонь мал гаргахдаа ашигладаг жижиг хутгийг аваад ардаас нь гарсан. Ингээд гэрийн үүдэн дээр Г.*******ийг зогсож байхад нь над руу эргэж харах үед нь баруун гартаа байсан хутгаараа түүний гэдэс рүү нэг удаа дүрчхээд буцаагаад хутгаа татаж авсан...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 111 дүгээр тал/,
2. Мөрдөн байцаалтад хохирогчоор Г.*******ийн өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 20-ны өглөө нь босоод Б., бид хэд дахиад нэмж 0.75 литрийн Хараа нэртэй архи 2 шилийг авч хувааж ууцгаасан. Тухайн үед ******* өглөө гэрээсээ гарч яваад 11 цагийн үед гэртээ бага зэрэг архи уучихсан ирсэн. Ингээд бид хэд бөөндөө Т.*******гийн амьдардаг монгол гэр дотор юм ярилцаж сууж байснаа санаж байна. Тэрнээс хойш яг юу болсноо мэдэх зүйл алга. Учир нь би тасарчихсан байсан. Нэг мэдсэн л би монгол гэрийн гадаа Т.******* миний урд хутга барьчихсан зогсчихсон байсан. Харин миний гэдэснээс их хэмжээний цус гараад би ганцаараа шархаа дарж зогсож байгаад доошоо гэдэс рүүгээ харсан чинь миний хамаг дотор гэдэс шархнаасаа ил гараад цувчихсан байдалтай байсныг хараад шоконд ороод ухаан балартаад уначихсан. Тэгээд бүүр орой нь эмнэлгийн орон дээр ухаан ороод сэрсэн. Миний биед дээрх гэмтлийг Т.******* хутгаар хэвлийн тус газар минь хутгалж учруулсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал, зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 16-17 дугаар тал/,
3. Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрчээр У.гийн өгсөн: “2021 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 15 цагийн үед тоот гэртээ аав Г.*******, ээж нарын хамт байж байхад гэгч ээжийн найз нь тоот гэртээ дуудаж бөөндөө ганц шил юм хувааж ууя гээд дуудсан. Өглөө нь босоод манай аав, ээж, ******* ах, эгч тэр хэд дахиад нэмж архи билүү пиво хувааж ууцгаагаад /тэр архиных нь нэрийг мэдэхгүй байна том хуванцар савтай л зүйл байсан/ 11 билүү 12 цагийн үед гэрт ******* ах, аав, ээж бид хэдийг байж байхад манай аав Г.******* ээж бид хоёрыг авч харих гээд гутлаа өмсөөд явъя гэсэн чинь ******* ах аав руу согтуу “чи муу пизда минь” гээд янзан бүрээр хэлээд аавыг явуулахгүй байсан. Тэгээд аав ******* руу уурлаад “чи муу юу гээд байгаа юм бэ” гээд гэрийн гал тогооны тавиурны шургуулгаас нэг заазуур аваад хөөе гараад ир гэсэн чинь ******* орон дээр хэвтэж байснаа гудасныхаа доороосоо хутга гаргаж ирээд алив гаръя гээд гэрээс гараад тэр хоёр хоорондоо зодолдоод ******* ах хутгаараа аавын гэдсийг нь зүсэхэд их цус гарсан...Энэ үед эгч гарч ирж тэр хоёрыг салгаж болиулаад цагдаа, эмнэлэг дуудах шиг болсон...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 25 дугаар тал/,
4. Мөрдөн байцаалтад гэрчээр Т.ы өгсөн: “...Тухайн үед Г.*******, Т.******* бид нар нийлж 0.75 литрийн Хараа нэртэй архи 2 шилийг хувааж ууцгаасан. Ингээд 11 цагийн үед манай хашаанд байх төрсөн дүү Т.*******гийн амьдардаг Монгол гэр дотор бид хэдийг бөөндөө сууж байхад Г.******* /1 гэж хочилж дууддаг/ гэнэт согтуурхан манай ******* руу “ална шүү пизда минь” гээд орилоод дайраад байсан. Тэгээд манай дүү Г.*******тэй хэсэг хэрэлдэж байгаад тэр хоёр хоёулаа гэрээс гараад явсан. Энэ үед ******* гэрийн гал тогооны шургуулганаас цагаан иштэй заазуур бариад гарсан. Тэгээд гадаа тэр хоёр муудалцаад ******* манай дүүгийн чихний ар хэсэг рүү барьж байсан заазуураараа зүсчихсэн. Тэгэхээр нь би тэр хоёрын голоор орж салгаж *******ээс заазуурыг нь булааж аваад тэр хоёрыг одоо гайгүй байлгүй дээ гэж бодоод хашаанд байх өөрийнхөө байшин руу орсон. Тэгсэн гаднаас *******ийн охин “ эгчээ аавыг хутгалчихлаа” гээд чанга орилхоор нь гараад хартал Монгол гэрийн гадаа үүд хэсэгт Г.******* газар хэвтчихсэн гэдэс нь нил цус болчихсон хажууд түүний эхнэр уйлаад сууж байсан. Тэгэхээр нь гээс “хэн аавыг чинь хутгалчихсан юм бэ?” гэхэд надад ******* ах аавыг хутгаар хутгалчихсан” гээд уйлаад байсан. Харин ******* айсандаа болоод хашаанаас хойшоогоо гараад гүйж байсан. Тэгэхээр нь би хажуу айлынхаа хүнээр эмнэлэг цагдаад дуудлага өгүүлсэн юм. Т.******* гэрийнхээ гудасны доор байдаг хонь мал гаргахдаа ашигладаг бор иштэй жижиг хутгаар Г.*******ийг хутгалчихсан юм байналээ. Тухайн үед би тэр хутгыг Т.*******гийн гараас булааж авсан юм. Г.******* барьж байсан заазуур болон манай дүү *******гийн гарт байсан жижиг хутгыг би хоёулангийн аваад байшин руу авч орсон. Согтуу байсан болохоор байшингийн яг хаана тавьсныг санахгүй байна...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 27 дугаар тал/
5. Мөрдөн байцаалтад гэрчээр Б.н өгсөн: “...би нөгөө хэдээсээ түрүүлээд тасарчихсан байсан нэг мэдсэн чинь манай охин “ээж аавыг ******* ах хутгалчихлаа” гээд уйлцан сэрээхээр нь монгол гэрээс гартал Г.*******ийн гэдэс нь нил цус болчихсон гэдэс нь шархаараа цуваад гараад ирчихсэн байдалтай байсан. Тэгээд би айж сандраад нөхрийнхөө хажууд очоод байж байтал түргэний тэрэг ирээд намайг нөхөртэй минь цуг авч яваад эмнэлэг дээр очоод байж байтал түргэний тэрэг ирээд намайг нөхөртэй минь цуг авч яваад эмнэлэг дээр очоод нөхрийг маань шууд хагалгаанд оруулсан...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 30 дугаар тал/
6. Мөрдөн байцаалтад гэрчээр Б.гийн өгсөн: “...өвчтөн Г.******* нь хэвлий нь нил цус болсон, дотор гэдэснүүд нь шархаараа ил гараад цувчихсан даралт, пүльс /зүрхний цохилт/, амин үзүүлэлтүүд нь үзэгдэхгүй маш хүнд шокийн хүргэгдэж ирсэн тул шууд яаралтайгаар хагалгаанд оруулж хэвлийг нээж шалгах, нарийн гэдэс чацархай оёх хагалгааг 12 цаг 50 минутад эхлээд 16 цагийн үед амжилттай дуусгасан...Өвчтөн Г.******* нь хагалгааны дараа сэрэхдээ архи нь гүйцэт гараагүй өөрт залгасан байсан төвийн вений гуурс, ходоодны гуурс хоёрыг суга татаж “би үхмээр байна” гэж орилж хашхиран эмчилгээ хийхэд нэлээдгүй саад учруулж өөрөө өөрийнхөө амь насанд аюултай үйлдэл гарган согтуурхсан...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 32 дугаар тал/
7. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
/хх-ийн 02-05 дугаар тал/
8. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
/хх-ийн 6-8 дугаар тал/
9. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
/хх-ийн 9-11 дүгээр тал/
10. Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Налайх дүүрэг дэх Шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн №08 шэ/371 дугаартай: “Г.*******ийн биед хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс, чацархайг нэвт хатгагдсан шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт, цочмог цус алдалт, хэвлийн хөндийн шархыг нээж чацархайн шархыг оёж цусан хурааг авсан мэс заслын дараах байдал тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,
/хх-ийн 41 дүгээр тал/
11. Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Налайх дүүрэг дэх Шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн №08 шэ/349 дугаартай: “Т.*******н биед зүүн чамархайнд шарх, бүсэлхийнд цус хуралт зулгаралт, цээж, ууцанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,
/хх-ийн 46 дугаар тал/
12. Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 3094 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн Т.*******гаас авсан гэх “0013487” гэсэн серийн дугаартай хуруу шилтэй цусанд спиртийн агууламж илрэхгүй байна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,
/хх-ийн 51 дүгээр тал/
13. Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 1875 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн хүрэн өнгийн бариултай хутга, мөнгөлөг бариултай заазуурын гадаргуугаас гарын мөр илрээгүй” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,
/хх-ийн 57-59 дүгээр тал/
14. Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 3096 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгах явцад хураан авсан гэх 30 см урт төмөр иштэй заазуур дээр цус илрээгүй, 20 см урт улаан хүрэн өнгийн иштэй хутган дээр цус илэрсэн. Уг цус нь хүний цус байна...” гэх дүгнэлт,
/хх-ийн 61-62 дугаар тал/
15. Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 3095 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн 0013487 гэсэн хуруу шилний дугаартай, улаан өнгийн тагтай хуруу шилтэй цус нь О(I) бүлгийн харьяалалтай байна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,
/хх-ийн 66-67 дугаар тал/
16. Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 3097 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан хатсан цус мэт зүйл нь цус мөн байна. Илэрсэн цус нь хүний цус байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,
/хх-ийн 72-73/
17. Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 3097 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хүний биед хийсэн үзлэгээр бэхжүүлэн авсан гэх Т.*******н хумсны дээж нь шинжилгээнд тэнцэнэ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,
/хх-ийн 78-79 дүгээр тал/
18. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 121 дүгээр тал/
19. Т.*******гийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 136-138, 145-146 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Т.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч Г.*******ийн хэвлий тус газарт нь хутгалан эрүүл мэндэд нь хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс, чацархайг нэвт хатгагдсан шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт, цочмог цус алдалт бүхий гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүнд зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “хутгыг зэвсгийн хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.******* нь хохирогч Г.*******ийн хэвлий тус газар нь хутгалсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба шүүгдэгчид хутгалуулсны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн №08 шэ/371 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Тиймээс шүүгдэгч Т.*******г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Т.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн “...гэм буруутай гэж үзэж байна.” гэх дүгнэлт нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрт нийцэж байна гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Т.*******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.*******ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба хохирогч эмчилгээний зардалд 1.819.900 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр дансаар 1.000.000 төгрөгийг 2 хувааж шилжүүлснийг хасаж, үлдэгдэл 819.900 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Харин хохирогч Г.******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Мөн 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн ...хамаарна.” гэж хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээг тодорхойлсон бөгөөд мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт ...Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл/, ...гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна.
Ийнхүү дээрх хуульд заасны дагуу ялыг өршөөн хэлтрүүлэхэд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байх шаардлагыг тавьсан байна.
Шүүгдэгч Т.******* нь 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн, мөн хохирогчид эмчилгээний зардалд 1.000.000 төгрөгийг нөхөн төлсөн, үлдэгдэл 819.900 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.
Харин шүүгдэгч Т.*******д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /шүүгдэгч, хохирогч хэн аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хор уршиг арилаагүй, эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг төлөгдсөн, 819.000 төгрөгийн үлдэгдэлтэй/ шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээсэн/-ыг тус тус харгалзан шүүгдэгч Т.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнд 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийг хасаж, эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоож, цагдан хоригдсон 216 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэрэгт хадгалж, хар өнгийн төмөр иштэй, нийт 20.3 сантиметрийн урттай, хүрэн өнгийн бариултай хутга, нийт 29.6 сантиметр урттай, мөнгөлөг бариултай, металл заазуур тус бүр 1 ширхгийг устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, Шүүгдэгч Т.******* нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүний мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд цагдан хоригдсон 216 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******ы *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Т.*******г 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар Шүүгдэгч Т.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаас 2 /хоёр/ жилийг хасаж, эдлэх ялыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.*******д оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.*******н цагдан хоригдсон 216 /хоёр зуун арван зургаа/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дискийг хавтаст хэрэгт хадгалж, мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт 20.3 сантиметрийн урттай, хүрэн өнгийн бариултай хутга, нийт 29.6 сантиметр урттай, мөнгөлөг бариултай, металл заазуур тус бүр 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгасугай,
7. Шүүгдэгч Т.******* нь гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээний зардалд хохирогч Г.*******эд 1.000.000 /нэг сая/ төгрөгийг төлснийг болон энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******гаас 819.900 /найман зуун арван есөн мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулан хохирогч Г.*******эд олгуулсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.******* нь цаашид гарах эмчилгээний баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
13. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД
ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ