Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 383

 

 

 

 

   2018 оны 02 сарын 09 өдөр

      Дугаар 181/ШШ2018/00383

         Улаанбаатар хот

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймаг, Рэнчинлхүмбэ суманд оршин байгаа, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Их сургуулийн гудамж 8, Геосан бьюлдинг, 503 тоот хаягт оршин байгаа, “Г б т” ХХК /рд:5757657/-д холбогдох, 

 

          Загас бариулах гэрээний үүрэгт 500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Баясгалан, хариуцагчийн төлөөлөгч Д.Нансалмаа, Г.Соёлмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Тус суманд тусгай зориулалтаар спорт агнуурын үйл ажиллагаа явуулдаг компаниудын 2014 оноос хойш сүүлийн гурван жил буюу 2014-2015 оны гэрээний биелэлт, төлбөр төлөлтийн байдалд Санхүү хяналт аудитын алба, аймгийн Аудитын газраас хяналт шалгалт хийж загасны төлбөрийн дутуу төлөлтийг барагдуулж, зөрчил дутагдлыг арилгуулсан байх талаар хугацаатай үүрэг өгсөн байна.

 

Үүний дагуу сумын Засаг даргын Тамгын газраас тодорхой ажлуудыг зохион байгуулж төлбөр барагдуулах талаар тус компанид удаа дараа албан бичиг хүргүүлж шаардсан боловч одоог хүртэл төлөгдөөгүй байна.

 

Тус компани манай байгууллагатай 2014 оноос хойш хийсэн гэрээг дүгнэж, тул болон бусад загасны төлбөр төлсөн байдлыг хянаж шалгахад нийтдээ 16,039,224 төгрөг, үүнээс агнуурын орлогод 12,133,224 төгрөг, тэмдэгтийн хураамж 3,906,000 төгрөг дутуу төлсөн байна.

 

Иймд хариуцагч компаниас нийт 16,039,224 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Тус компани нь 2014 оноос хойш Хөвсгөлийн Улаан Тайгын улсын тусгай хамгаалалтын газар нутагт тусгай зориулалтаар спорт загасчлал эрхлэн явуулах гэрээг байгуулан ажилласаар ирсэн билээ.

 

Бид дээрх гэрээний хугацаанд гэрээний үүргээ биелүүлж ажиллаж ирсэн бөгөөд дараах байдлаар загас агнуурын төлбөрөө цаг тухайд нь төлж ирсэн болно. Үүнд:

 

2014 онд 12 тул 200 бусад загасны гэрээ хийн нийт 5,805,805  төгрөг төлөх ёстойгоос 8,652,506.8 төгрөг төлж /Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд 5,585,116.8 төгрөг, Улаан Тайгын ТХГ-ын захиргаанд 2,977,390 төгрөг/ 2,756,701.8 төгрөгийг илүү төлсөн.

 

2015 онд 40 тул 400 жижиг загасны гэрээ хийн нийт 14,050,393.9 төгрөг төлөх ёстойгоос 7,166,300 төгрөг төлж /Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд 4,370,300 төгрөг, Улаан Тайгын ТХГ-ын захиргаанд 2,796,000 төгрөг/ 4,127,392.05 төгрөгийн төлбөр дутуу үлдсэн.

 

2016 онд 18 тул 500 жижиг загасны гэрээ хийн нийт 14,658,687 төгрөг төлөх ёстойгоос 2015 оны үлдэгдэл 4,127,392.05 төгрөгийг нэмээд 18,689,616 төгрөг төлсөн /Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд 18,689,616 төгрөг/ гэжээ.

Төлбөрийн зөрүү яагаад гараад байна гэхээр бид гэрээний 1.3-т заасны дагуу Хөвсгөл аймгийн Улаан Тайгын тусгай хамгаалалттай газрын захиргаанд нийт төлбөрийн 30 хувийг шилжүүлж байсныг нэхэмжлэгч тал тооцоогүй байна. Мөн гэрээний 3.1-т заасан хураамж нь нэг ширхэг загасанд биш харин 1 тул 10 ширхэг бусад загасанд хамаарч байгаа гэж үзэж байна.

 

Иймд тус компани нь илүү төлөлттэй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын Тамгын газар нь хариуцагч “Г б т” ХХК-д холбогдуулан 2014, 2015 оны “Хөвсгөл аймагт тусгай зориулалтаар спорт агнуурын чиглэлээр тул болон бусад загас бариулах гэрээ”-ний үлдэгдэл төлбөр, хураамжид 16,039,224 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч “Г б т” ХХК нь гэрээнд зааснаас илүү төлбөр хийж гүйцэтгэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Талууд 2014 оны 08 сарын 13-ны өдөр, 2015 оны 06 сарын 09-ний өдөр “Хөвсгөл аймагт тусгай зориулалтаар спорт агнуурын чиглэлээр тул болон бусад загас бариулах гэрээ” тус тус байгуулж, “Грийн бридж” ХХК нь “Тэнгис Шишид” гэх загас агнуурын бүс нутгаас спорт агнуурын зориулалтаар тул болон бусад загасыг гадаад улсын иргэдэд бариулахад зуучлах, Засгийн газраас тогтоосон төлбөр, хураамжийг төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

Хэдийгээр уг гэрээг Хөвсгөл аймгийн Байгаль орчны газар, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын Тамгын газар, “Г б т” ХХК нар байгуулсан боловч гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д төлбөр, хураамжийг тухайн сумын орон нутгийн орлогын дансанд шилжүүлэхээр тодорхойлсон байх тул Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын Тамгын газар төлбөр, хураамжтай холбоотой асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг буруутгах үндэслэлгүй байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т тул загасны төлбөр 70 ам.доллар, хураамж 20 ам.доллар, бусад загасны төлбөр 10 ам.доллар, хураамж 5 ам.доллар байхаар тогтоосон нь Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6, Засгийн газрын 2011 оны 03 сарын 02-ны өдрийн “Тусгай зориулалтаар 2011 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоох тухай” 65 дугаар тогтоолд нийцжээ.

 

Гэрээнд заасны дагуу төлбөр, хураамжийг тооцоход дараах дүн гарч байна.

 

2014 оны 8 сарын 13-ны өдрийн гэрээ

2015 оны 06 сарын 09-ний өдрийн гэрээ

(12 х 70) + (12 х 20) + (200 х 10) + (200 х 5) = 4,080 ам.доллар

(40 х 70) + (40 х 20) + (400 х 10) + (400 х 5) = 9,600 ам.доллар

 

Талууд 2014 оны ам.долларын ханшийг 1,778 төгрөг, 2015 оны ам.долларын ханшийг 1,953 төгрөгөөр тус тус тооцохоор шүүх хуралдааны явцад тайлбарласан тул холбогдох албан ёсны ханшийн лавлагааг гаргуулах шаардлагагүй гэж үзэв.

 

Иймд “Г б т” ХХК-ийн 2014, 2015 онд төлөх төлбөр, хураамж нь (4,080 х 1,778) + (9,600 х 1,953) = 7,254,240 + 18,748,800 = 26,003,040 төгрөг болж байна.

 

Хэрэгт авагдсан “Рэнчинлхүмбэ сумын татварын дансны хуулга”, “Мөнгөн шилжүүлэг”-ийн баримт зэргээс үзэхэд “Г б т” ХХК-иас орон нутгийн татварын орлогын дансанд 2014 оны 08 сарын 22-ны өдрөөс 2015 оны 09 сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 9,964,416 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байна.

 

“Г б т” ХХК-ийн зүгээс Улаан Тайгын улсын тусгай хамгаалалттай газрын захиргаанд төлсөн төлбөр, хураамжийг гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу орон нутгийн орлогын дансанд төлөгдсөн төлбөр, хураамж гэж үзэх боломжгүй юм.

 

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т байгалийн нөөц ашигласны төлбөрийг орон нутгийн төсөвт төлөх агуулгатай байна.

 

Иймд хариуцагч “Г б т” ХХК-иас 26,003,040 – 9,964,416 = 16,038,624 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч тал 2014, 2015 онуудын төлбөр, хураамжийг нэхэмжилсэн байх тул зохигч талуудаас гаргасан 2016 оны төлбөр, хураамжийн тооцооны талаарх баримт ач холбогдолгүй гэж үзсэн болно.

 

Энэхүү шийдвэр нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын Тамгын газар болон “Г б т” ХХК нар 2016, 2017 оны гэрээний дагуу төлөх, төлсөн төлбөр хураамжийн талаар тооцоо нийлэх, илүү дутуу төлсөн төлбөр, хураамжийг суутган тооцох харилцаанд хамаарахгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6, 23 дугаар зүйлийн 23.2-т зааснаар хариуцагч “Г б т” ХХК-иас 16,038,624 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын Тамгын газарт олгож, үлдэх 600 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч “Г б т” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 238,143 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.