Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/109

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.эпүрэв,

Улсын яллагч Г.Баясгалан,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Давааням,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,

Шүүгдэгч А.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Баясгалангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 83 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******н *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ******* суманд төрсөн, настай, эрэгтэй, яс үндэс Халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* манаач ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт *******  тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

******* овогт *******н ******* /РД:/,

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч А.******* нь 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 18 цагийн орчимд өөрийн оршин суух ******* тоот хашаандаа тэжээдэг орчиндоо аюул учруулж болзошгүй амьтан болох хар халтар зүсмийн 8 сартай Монгол банхар нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас уг гудамжинд явсан насанд хүрээгүй хохирогч Т.ээгийн гуя, гараас хазаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  А.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “Би 2022 оны 03 дугаар сарын 07-ны орой 17 цагт хүүхдээ аваад гэртээ ирэхэд манай нохой хашааны завсраар гараад хүүхдийг хазаад гэмтээсэн байсан. Би хүүхдээ гэртээ оруулаад буцаж гарч ирээд нохойд хазуулсан айлын хүүхдэд өөрийн унаагаараа явж түргэн тусламж үзүүлсэн.” гэв.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.******* шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хэвтээд 04 сарын эхээр үхсэн арьсаа авхуулсан. Эхний долоо хоног байсан бөгөөд яг арьс авхуулахад ирээгүй, үхсэн махыг авахад ирээгүй, арьс нөхөн хагалгаа болж байхад над руу нэг ч удаа залгаагүй, ирээгүй. Би хүүхдээ сугадаад хажуугаар гарахад эхнэртэйгээ хоёулаа машиндаа сууж байсан. Над руу нэг ч удаа яриагүй залгаагүй. Миний утас байнгын асаалттай байдаг бөгөөд аав нь эмнэлэгт сахиж байсан. Эхний долоо хоногт боолтод нь явдаг байсан. Түүнээс хойш нэг ч яриагүй, ирээгүй. Би хүүхдээ сугадаад ар талын хаалгаар гараад явахад машиндаа суугаад явсан. Эхнэр нь эмчтэй нь ирээд уулзаад явдаг гэсэн. Тэгсэн мөртлөө над руу нэг ч удаа ярьж байгаагүй. Одоо бүтэн 2 сар болчихлоо, хичээлээсээ хоцорсон байдалтай байгаа бөгөөд өнөөдөр маргаашгүй шалгалт нь болох болж байгаа. Манай хүүхэд онц сурдаг байсан, одоо юм юмнаас хойно сууж байна. Байнга аав, ээж хоёрынхоо хяналтад байгаа бөгөөд ганц ажил хийдэг аав нь хүүхдээ нааш цаашаа зөөж, би өөрөө ард үлдсэн 3 хүүхдээ хардаг. Манайх хувьд унаа тэрэг байхгүй, хот руу эмнэлэг явна гэвэл хөлсний машинтай өөрсдөө бензин хийж явдаг. Хот явах зөндөө ажил байгаа гэхэд явна, болно гэж байсан боловч огт холбогдохгүй болсон. Одоо таксигаар хүргэж өгч авч байна. Хохирлын хувьд 100.000 төгрөг, ПСР-ийн шинжилгээ гээд 50.000 төгрөг өгсөн. Өөр мөнгө манайх хүлээж аваагүй, Өнөөдөр би харин шүүх хуралдааны өмнө 500.000 төгрөг хүлээж авсан бөгөөд нийт 650.000 төгрөг авсан. Өөр хэлэх зүйл алга.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

            Улсын яллагчийн зүгээс: хэргээс хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3-6/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 8-9/, насанд хүрээгүй хохирогч Х.ийн мэдүүлэг /хх 13/, иргэнийн нэхэмжлэгч С.*******ын мэдүүлэг /хх 17-18/, гэрч -ийн мэдүүлэг /хх 23/, гэрч Б.эийн мэдүүлэг /хх 26/, шинжээчийн 152 дугаартай дүгнэлт /хх 35-36/, Засаг даргын тодорхойлолт /хх 55/, эд мөрийн баримтаар хураагдсан нохойны гинж,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс: эд зүйлийг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх 67-77/, хохирлын баримтууд /хх 67/,  шинээр гаргаж өгсөн хохирлын баримт мөнгө хүлээлцсэн баримт,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: насанд хүрээгүй хохирогч Х.ийн мэдүүлэг /хх 14/, / иргэнийн нэхэмжлэгч С.*******ын мэдүүлэг /хх 17-18/, гэрч -ийн мэдүүлэг /хх 23/, гэрч Б.эийн мэдүүлэг /хх 26-27/, ял шалгах хуудас /хх 50/, оршин суугаа хаягийн тодорхойлолт, ажлын газрын тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, амьжиргааны төвшний тодорхойлолт /хх 55-61/, хохирлын баримтууд /хх 67-77/, мэс заслын тасагт хэвтсэн тухай эмнэлгийн тодорхойлолт, төлбөр төлсөн баримт /хх 78/, шүүгдэгчийн зүгээс гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх 79-84/, яллагдагчаар өгсөн А.*******гийн мэдүүлэг /хх 49/, шинээр гаргаж өгсөн нотлох баримт зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

            Шүүх хуралдаанд гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч “...Иймд шүүгдэгч А.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан орчиндоо аюул учруулах амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна...Нийт 138.700 төгрөгийн хоол хүнсний баримтыг хүлээж авах боломжтой гэж үзээд нийтдээ 651.870 төгрөгийн баримтыг хохирол төлбөрт тооцон, шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож, цаашид гарах эмчилгээтэй холбоотой хохирол төлбөрийг баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээлгэх саналтай байна. 651.870 төгрөгийн хохирлын баримтаас шүүх хурлын өмнө 500.000 төгрөгийг төлсөн баримттай танилцсан байгаа. Мөн дээр нь 100.000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн байдаг. Үлдэгдэл 51.870 төгрөгийн хохирлыг гаргуулах саналтай байна.

... Иймд түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзээд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна. Энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гинжийг устгах нь зүйтэй байна. Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, мөрдөн байцаалтын шатанд гарсан зардалгүй байна.” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч ...Эмч нартай нь холбоо барьж эм тариа дээр нь тусалдаг. Иймд миний үйлчлүүлэгч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмнө төлөх хохирол төлбөр байхгүй. Харин цаашид гарах эмчилгээтэй холбоотой хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа. Хохиролтой холбоотой асуудлыг шийднэ гэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Мөн энэ гэмт хэрэгтэй холбогдуулж, нохойг устгалд оруулах уу үгүй юу гэдэг асуудлыг тавьж байна. Хохирогч талаас хүүхдийг бүрэн эдгэрсний дараа нохойг устгалд оруулах талаар ярьсан байгаа. Тэр утгаараа нохойг торонд хийж, уясан. Одоо шүүх хурлаар нохойг устгалд оруулах уу гэдэг асуудал яригдах ёстой бөгөөд нохойг устгалд оруулах нь зүйтэй байх гэсэн саналтай байна.

...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид анхан шатны туслалцаа үзүүлж байгаа, хохирол төлбөрийг төлсөн зэрэг нь тухайн хэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдлын үндсэн шинжийг агуулж байгаа. Өөрөөр хэлбэл. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, 1.3-т заасан нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд түүнд бага ял оногдуулах боломж үүсэж байна. Улсын яллагчийн гаргаад байгаа 1.500.000 төгрөгийн торгуулийн ял миний үйлчлүүлэгчийн үйлдсэн хэрэгт нь тохирохгүй байна. Өнөөдрийг хүртэлх хугацаанд миний үйлчлүүлэгч хохирогчид санаа тавьж, хохирлыг төлсөн зэргийг харгалзах юм бол хөнгөрүүлэх боломжтой. Улсын яллагчийг гаргасан ялын санал ахадсан асуудал байна. Миний үйлчлүүлэгч хавтаст хэрэгт авагдсан баримтаар 549.000 төгрөгийн цалинтай бөгөөд ардаа таван хүн тэжээдэг. Сард 100.000 гаруй төгрөг төлөх гээд байна. Ийм байдлаар төлөх болгоомжгүй байх тул 450.000 төгрөгөөр торгоод 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна.” гэх,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч ...өнөөдрийн байдлаар шүүгдэгчийг гэм буруутайд гэж үзэж байна. Хохирол нөхөн төлбөртэй холбоотой асуудал дээр шүүгдэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан үзнэ үү. Мөн цаашид гарах эмчилгээтэй холбоотой баримтыг иргэний журмаар нээлттэй үлдээж өгнө үү гэж хүсэж байна.

... Энэ шүүх хуралдаанаар шүүгдэгч нь ял шитгэгдсэний дараа цаашид гарах эмчилгээний зардал төлөгдөхөөр байгаа. Тэр байдлыг иргэний журмаар нэхэмжлэх учраас энэ байдал нь шүүгдэгчийн санхүүгийн чадамжтай тохирохгүй байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн зүгээс дэмжиж байна” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд А.*******гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч А.******* нь 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 18 цагийн орчимд өөрийн оршин суух ******* тоот хашаандаа тэжээдэг орчиндоо аюул учруулж болзошгүй амьтан болох хар халтар зүсмийн 8 сартай Монгол банхарын гинж нь тасарч уг гудамжаар явсан 11 настай эрэгтэй насанд хүрээгүй хохирогч Т.ээгийн гуя, гараас хазаж эрүүл мэндэд нь баруун шуу, баруун гуянд эдийн дутагдал бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

1. Мөрдөн байцаалтад яллагдагчаар А.*******гийн өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 07-ны орой 18 цагийн үед тоот гэртээ эхнэр хүүхдийнхээ хамтаар байж байсан. Тухайн үед уг нь манай монгол банхар нохой хашаандаа гинжтэй уяатай байсан. Тэгтэл манай эхнэр сүүлд бие засахаар гэрээс гарахдаа нохой руугаа харахад гинж нь тасарчихсан бололтой уяанаасаа суларчихсан гинжээ чирээд хашаан дотроо гүйж байсан гэсэн. Яг тэр үеэр манай хашааны гадаа бөмбөг тогшоод явж байсан бага насны хүүхэд рүү нохой маань дайраад хашааны жижиг завсраар шургаж гараад тэр хүүхдийн хөл, гарыг нь хазчихсан юм. Би ч тухайн үед гэртээ байж байгаад гадаа хүүхдийн уйлах чимээ гарахаар нь гайхаад гараад хартал манай хашааны гадаа нохой маань айлын хүүхэд хазаад зуучихсан байсан. Эхнэр бид хоёр тэр даруйдаа нохойгоо хүүхдээс салгаж холдуулаад яаралтай эмнэлэг рүү явцгаасан асуудал болсон юм...Уг нь гинж нь гайгүй л байх шиг байсан. Тухайн үед л нохойны маань гинж гагнаасаараа салж, гинж нь тасарчихсан юм байна лээ...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 49 дүгээр тал/

2. Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогчоор О.ээгийн өгсөн: “...миний явж байсан гудамжны нэг айлаас хөр өнгөтэй гинжээ чирчихсэн монгол банхар нохой гарч ирээд над руу дайрч миний баруун хөлийн гуяны дотор талаас хазсан. Тэгэхээр нь би тэр нохойны хоёр чихнээс нь гараараа атгаж байгаад өөрөөсөө салгах гэтэл миний зүүн гарын шуунаас хазчихсан юм. Тэгсэн нохойны эзэн бололтой нэг эгч хашаанаас гарч ирээд надаас нохойг салгаад эмнэлэг рүү намайг авч явсан юм...Би нохой гарч ирсэн айлын хашаанаас нэлээн хол зайтай алхаж байсан. Хашааг нь тулж ойртоод алхсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 14 дүгээр тал/

3. Мөрдөн байцаалтад гэрчээр С.*******ын өгсөн: “...миний хүү ээ дүүтэйгээ гэрийнхээ ойролцоо явж байхад гэнэт айлын хашаанаас нохой гарч ирээд эхлээд зүүн гараас нь хазахаар нь тоосгоор нөгөө нохойг цохисон чинь улам дайрч баруун талын гуянаас нь хазаж миний хүү ээгийн биед гэмтэл учруулсан...Хүүгээ нохойд хазуулж байхыг хараагүй. Би тайжийн гудамжнаас дүүгийндээ байж байгаад такси бариад ирж явсан чинь миний хүү ээ нохойд хазуулсан гээд цус гоожсон байдалтай тэр хавийн хүмүүс бүгд гарч ирээд зогсож байсан. Хазсан нохойг хашааны эзэд нь салгаж аваад хашаандаа уячихсан байдалтай байсан...Баруун гуяны дотор хэсгийг хазаж урсан, зүүн гарын булчингийн дотор хэсгийг хазаж мах нь урагдаж гэмтсэн байдалтай байгаа. Биеийн байдал нь цочролд орчихсон, гэртээ очиход нэлээн өндөр халуунтай байсан. Эмнэлэгт хандсан гэрийн гаднаас нохойны эзэн миний хүүг эмнэлэгт хүргэж өгч эмнэлгийн анхны тусламж аваад одоо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 18 дугаар тал/

4. Мөрдөн байцаалтад гэрчээр Э.-ийн өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 07-ны орой 18 цагийн үед тоот гэртээ байж байтал нэг танихгүй хүүхэд манайд орж ирээд
ахаа ээ айлын нохойд хазуулчихлаа гэхээр нь гүйж гараад хартал манай гудмын яг өөдөөс харсан хаягт тоотгүй айлын гадаа манай хүү ээ уйлчихсан сууж байсан. Явж очоод хартал миний хүүгийн хөл, гарыг хазчихсан байсан. Тэгсэн нохойны эзэн бололтой эхнэр, нөхөр гарч ирээд манай хүүхдийг аваад хамтдаа эмнэлэг рүү явж очиж үзүүлсэн...Ямар ч байсан баруун хөлийн гуяны дотор тал болон зүүн гарын шуу хэсгийг нь нохой хазчихсан байсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 23 дугаар тал/

5. Мөрдөн байцаалтад гэрчээр Б.эийн өгсөн: “...Өнөөдөр би нохойндоо хоолыг нь 17 цаг 30 минутын орчим өгчхөөд гэртээ ороод байж байгаад 18 цаг болж байхад гэрээсээ гарсан чинь нохой уяанаасаа алдуураад хашааны гадна талд бөмбөгөөр тоглож байсан хүүхэд рүү дайраад биеэс нь хазчихсан байж байхлаар нь гүйж очоод гинжнээс бариад тэр хүүхдээс салгаж аваад нохойгоо хашаандаа оруулаад уячхаад буцаад нөгөө хүүхдийг дуудаад өмдийг нь тайлж хартал баруун хөлийн гуяны дотор хэсгийн мах нь урагдчихсан арьс нь хуурчихсан өөх нь харагдаж байсан. Тэгээд эмнэлэг дээр очиход хүүхдийн биед үзлэг хийхэд зүүн гарын булчингийн хэсгийн арьс хуурчихсан мах нь гарчихсан байдалтай байсан...уяа нь тасарчихсан гинжээ тасалчихсан гүйж явсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 26 дугаар тал/

6. Нийслэлийн Шүүхийн Шинжилгээний Газрын Налайх дүүргийн Шүүхийн шинжилгээний тасгийн шинжээч эмч С.ы №08 шэ/152 дугаар: “Т.ээгийн биед баруун шуу, баруун гуянд эдийн дутагдал бүхий гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,

/хх-ийн 36 дугаар тал/

7. Яаралтай тусламжийн хуудас,

/хх-ийн 33 дугаар тал/

 

8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 50 дугаар тал/

 

9. шүүгдэгч А.*******гийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 55-65 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч А.******* нь нийгмийн аюулыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэй байсан боловч мэдэлгүй гэм буруугийн болгоомжгүй байдлын улмаас аюул учруулж болох амьтан буюу нохойгоо зохих хамгаалалтгүй байлгасны улмаас нохой нь насанд хүрээгүй хохирогч О.ээгийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.*******гийн орчиндоо аюул учруулж болох амьтан буюу нохой нь насанд хүрээгүй хохирогч О.ээгийн баруун шуу, баруун гуянаас нь хазсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба нохойнд хазуулсны улмаас насанд хүрээгүй хохирогчид хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн №08 шэ/152 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Тиймээс шүүгдэгч А.*******г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

   Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч А.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Энэхүү гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Т.ээгийн бие махбодод хүндэвтэр хохирол учирсан ба түүний хууль ёсны төлөөлөгч эмчилгээ, хохирол хор уршгийн зардалд баримтаар нэхэмжилсэн шаардлага хангасан Эмийн бамбай эмийн сангийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2500 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 16.000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1000 төгрөг, Монос Улаанбаатар ХХК эмийн сангийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 4700 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 77.350 төгрөг,  2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 11.900 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 8500 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2500 төгрөг, 10.000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 1350 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 3950 төгрөг, Төгс Омбол ХХК Төгсфарм Эс эмийн сангийн 4520 төгрөг, Света” эмийн сангийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 31.000 төгрөг, 12.000 төгрөг, 7000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 29.600 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 3600 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 5200 төгрөг, 12.900 төгрөг,2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 18.100 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 13.850 төгрөг,  Ариун тун ЗБН эмийн сангийн 38.500 төгрөг, Мөнх тэнгэрийн үндэс эмийн сангийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 10.000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2200 төгрөг, Түвшин тун эмийн сангийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 4000 төгрөг буюу 332.220 төгрөг, шатахууны зардалд 112.000 төгрөг буюу нийт 444.220 төгрөгийг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзсэн бөгөөд шүүгдэгчээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд 100.000 төгрөг, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 500.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан тул  энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин Ариун Тун ЗБН эмийн сангаас 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 7200 төгрөгийн баримт нь Хайдав эбат гэх хүнийх байх тул хэрэгсэхгүй болгож, бусад шаардлага хангаагүй баримтуудыг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар, мөн цаашид гарах хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.

Харин шүүгдэгч А.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Мөн  улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: ...1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. гэх дүгнэлт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож  болно” гэсэн хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Учир нь шүүгдэгч А.******* нь ам бүл 6, 8-19 насны дөрвөн хүүхэдтэй /хх 57-60/, Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 119 дүгээр сургуульд манаачаар ажилладаг сар бүр 5.209 төгрөгийн цалин авдаг /хх 56/, амьжиргааны түвшний 409.679 босго шугамаас доогуурт багтсан /хх 65/ зэрэг баримтууд болон насанд хүрээгүй хохирогчийн эмчилгээний зардалд 500.000 төгрөг өгсөн. Цаашид гарах хохирол, хор уршигтай холбоотой хохирлыг барагдуулахаа илэрхийлсэн.

 Иймд А.*******д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэм буруутайд тооцож түүнд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Бусад асуудлаар

     Энэ   хэрэгт  эд  мөрийн   баримтаар   хураагдан ирсэн 2 метр 17 см урттай, үзүүр хэсэгт байх төмөр цагариг нь заадсаараа салсан төмөр гинжийг устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг дурдаж, шүүгдэгч А.******* нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

   1. Шүүгдэгч ******* овогт *******н *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ торгох ял шийтгэж, 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

              4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 метр 17 см урттай, үзүүр хэсэгт байх төмөр цагариг нь заадсаараа салсан төмөр гинжийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгасугай.

 

  5. Шүүгдэгч А.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* нь цаашид гарах хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

              7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ЧИНЗОРИГ