Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 00505

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол, 63А байр, 39 тоотод оршин суух, Халх овогт Сэргэлэнгийн Г/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, Жи Би центрийн 1 давхарт байрлах, “Н” ХХК/РД: /-д холбогдох,

 

          Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, цалин 21 741 210.43 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Амгалансуурь, хариуцагчийн өмгөөлөгч Э.Билэгсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2013 оны 6 дугаар сарын 20-нд “Номадс Катеринг Энд Интегрэйтэд Сервисис” ХХК-д ажилд орсон 1 дүгээр сарын 13-нд гэрээ байгуулан ажиллаж байсан. Үндсэн цалин нэг сарын 1.179.019 төгрөгний цалинтай. 2015 оны 7 дугаар сарын 1-нд жирэмсний амралт авсан, амралт авахаас өмнө хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу 13-р сарын цалин болон Инфляци 2013 оны 6 дугаар сарын 20-оос 2015 оны 6 дугаар сарын 20 хүртэл буюу 2 жилийн хугацаанд олгох байсан олгоогүй. 2015 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн бөгөөд 2017 оны 1 дүгээр сарын 1-нд ажилдаа эргэн орохоор болж, ажилд орох тухай өргөдлөө өгсөн, хариу өгөхгүй болохоор би биеэр очин уулзсан хэд хоногоос хариу хэлье гэсэн мөн л хариу өгөөгүй, би утсаар асуухад чиний оронд өөр хүн авч ажиллуулах болсон гээд хөдөө ажиллах ажлын санал тавьсан ингээд би 2017 оны 3 дугаар сарын дундуур тухайн үед хүний нөөцийн менежер Гэрэлтуяатай утсаар ярьсан мөн л ажиллуулах боломжгүй орон тоо гараагүй гэсэн хариултыг өгсөн. Тэгэхээр нь би 3 нялх хүүхэдтэй хөдөө ажиллах боломжгүй энэ ажилдаа эргэн ормоор байна гэсэн одоо хүртэл надад албан ёсны хариу өгөөүй. Ингээд би хуучин ажилд маань эргүүлэн авахыг хүлээсээр өдийг хүрлээ. Ингээд 2017 оны 8 дугаар сарын 15-нд аргагүй эрхэнд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 181/ШЗ2017/11196 дугаартай шүүгчийн захирамж гарч өөрийнхөө байгууллагынхаа хөдөлмөрийн маргаан таслах комист хандан шийдвэрлүүлээд түүний шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд ханд гэсэн. Үүний дагуу “Номадс Катеринг Энд Интегрэйтэд Сервисис” ХХК-ний хамтын төлөөлөл буюу хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх комисст 2017 оны 9 дүгээр сарын 5-нд өргөдлөө өгсөн. 2017 оны 9 дүгээр сарын 22-нд Хүний нөөцийн менежер Хулан миний 95092040 утас руу утасдаж өргөдлийн хариу гарсан ирж уулзах боломж байна уу гэсэн. Ингээд би нялх хүүхэдтэй учраас очиж амжихгүй байж байгаад 2017 оны 10 дугаар сарын 6-нд Хүний нөөцийн менежер Хулан болон хуулийн зөвлөхтэй уулзсан. Энэ үеэр хүний нөөцийн менежер Хулан нь Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах хээрийн ангид ресепшин албан тушаал санал болгосон. Би 8, 4, 2 бага насны 3 хүүхэдтэй тул ажиллах боломжгүйг хэлсэн. Инээд албан ёсны хариугаа хүлээгээд байж байтал 2017 оны 11 дүгээр сарын 8-ний өдөр манай нөхөр болох ([email protected]) и-мэйлээр ажиллуулах боломжгүй гэдэг хариу ирсэн. Ийм учираас би дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлага:

1. “Номадс Катеринг Энд Интегрэйтэд Сервисис” ХХК-д ресепшинээр ажиллаж байгаад 2015 оны 9 дүгээр сарын 19-нд хүү Анандыг төрүүлсэн ингээд хүүхэд асрах чөлөө дуусаагүй ч гэсэн ажилдаа эргэн орохоор шийдвэрлэж 2017 оны 1 дүгээр сарын 1-нд ажилд орох өргөдлөө бичгээр өгсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл ажилд эргүүлэн ажилуулахгүй намайг ноцтой хохироож байна. Хөдөлмөрийн хуулийн 106.2-д зааснаар хүүхэд асрах чөлөө дуусаагүй ч гэсэн эх өөрөө хүсвэл түүнийг ажилд нь эргүүлэн ажиллуулах үүрэгтэй гэж заасныг үндэслэн урьд ажиллаж байсан ажил болох “Номадс Катеринг Энд Интегрэйтэд Сервисис” ХХК-ний ресепшин албан тушаалд эргүүлэн томилож өгнө үү. (энэ орон тоо цомхогдогдоогүй) хэвээр өөр хүн ажиллаж байгаа болно.

2. Намайг ажилд эргүүлэн ажиллуулаагүй хугацааны цалин 2017 оны 1 дүгээр сарын 1-нээс 2017 оны 12 дугаар сарын 8 хүртэл 12 сар 8 хоног буюу нэг сарын үндсэн цалин 1.179.019х12 сар 8 хоног=14.462.633.1 төгрөг, “Арева Монгол” ХХК-“Номадс Катеринг Энд Интегрэйтэд Сервисис” ХХК хоорондын гэрээнд зааснаар үндсэн цалингийн 6% болох 1.179.019х6%=70.741.14х2жил=1.697.787.36 төгрөгийн Инфляци (жишиг албан тушаалтан болох, цахилгаанчин, жолооч нарын адил нэмнэ.) гэж заасан байгаа. Мөн хөдөлмөрийн гэрээнд зааснаар 13-р сарын цалин бодож олгох, нэг сарын үндсэн цалин 1.179.019х2жил=2.358.038 төгрөг Нийт 18.518.458.5 нэхэмжилж байна. 2017 оны 12 дугаар сарын 08-наас 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл нийт 2 сар 22 хоногийн цалин 1 179 019х2сар 22хоног=3 222 751.93 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэв.

 

Нэхэмжлэгч С.Ггийн өмгөөлөгч Г.Амгалансуурь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч нь 2017 оны 09 дүгээр сард авах боломжгүй гэсэн хариу өгсөн. 2017 оны 8 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.” гэв.

Хариуцагч “Н” ХХК-ийн өмгөөлөгч Э.Билэгсайхан шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.Ггийн нэхэмжлэлтэй “Номадс Катеринг Энд Интегрэйтэд Сервисис” ХХК-д холбогдох, “Номадс Катеринг Энд Интегрэйтэд Сервисис” ХХК-ийн оффис ресепшнийн ажил эргүүлэн томилуулах, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 08-ны хүртэл 12 cap 8 хоногийн цапин 14 462 633 төгрөг гаргуулах, “Арева Монгол” ХХК болон “Номадс Катеринг Энд Интегрэйтэд Сервисис” ХХК-ийн хоорондын гэрээний дагуу инфляцийн нэмэгдэл 6 хувь болон 1 697 787 төгрөг гаргуулах,  Хөдөлмөрийн гэрээнд заасан 13 дахь сарын цалин 2 жилээр тооцсон дүн 2 358 038 төгрөг гаргуулах, нийт 18 518 458.5 (арван найман сая таван зуун арван найман мянган дөрвөн зуун тавин найм) төгрөг гаргуулах шаардлага бүхий хэргийг тус шүүхээс иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэж байгаа билээ.

“Номадс Катеринг Энд Интегрэйтэд Сервисис” ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг бүхэлд хүлээн зөвшөөхөргүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасны дагуу дараахь хариу тайлбарыг гаргаж байна.

1. С.Г нь 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдөр “Номадс Катеринг Энд Интегрэйтэд Сервисис” ХХК-тай хөдөлмөрийн гэрээг 2 (хоёр) жилийн хугацаатай байгуулж, оффис ресепшин албан тушаалд ажилд орсон. Гэрээний хугацаа 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдөр дууссан бөгөөд талуудын хэн алины зүгээс хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох хүсэлт гаргаагүй тул анх байгуулагдсан хугацаагаар сунгагдсан. Нэхэмжлэгчийн зүгээс 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр жирэмсний амралт авч, 2017 оны 01-р сард ажилд эргүүлэн орох өргөдөл гаргасан. Ажил олгогчийн зүгээс түүний ажиллаж байсан албан тушаал дээр өөр ажилтан ажиллуулж байгаа тул түүний өмнө хийж байсан хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлсийг өөрчлөхгүйгээр өөр төсөл дээр ресепшин албан тушаалд ажиллуулах санал тавьсан боловч нэхэмжлэгч С.Ггийн зүгээс хүлээн зөвшөөрөөгүй.

2. 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр “‘Номадс Катеринг Энд Интегрэйтэд Сервисис” ХХК-ийн хамтын төлөөлөл буюу хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх коммист өргөдөл гаргах тухай” гэсэн толгой бүхий ажилд орохыг хүссэн өргөдөл гаргасан. Манай компанид ажил олгогч болон ажилтны төлөөлөх бүхий маргаан таслах зөвлөл байхгүй боловч нэхэмжлэгч С.Ггийн өргөдөлийг хүлээн авч 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүний нөөцийн менежер С.Хулан, хуульч С.Батчимэг, Т.Оюун-Эрдэнэ нарын хамт уулзалт зохион байгуулсан бөгөөд уулзалтаар компанийн зүгээс С.Гд өмнө нь гүйцэтгэж байсан ажлын байр болон хөдөлмөрийн гэрээний дагуу авч байсан цалин, хөлснөөс дордуулахгүй нөхцөлөөр өөр албан тушаал санал болгосон боловч нэхэмжлэгчийн зүгээс “13 дахь сарын цалин, инфляцын нэмэгдлээр тооцож ажилгүй байсан хугацааны цалинг авах, харин ажилд эргэн орох хүсэлгүй байна” гэсэн хүсэлтийг тавьсан. Нэхэмжлэгчийн зүгээс тус компанид хандаж дахин 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр өргөдөл гаргасан бөгөөд уг өргөдөлдөө “Арева Монгол” ХХК болон “Номадс Катеринг Энд Интегрэйтэд Сервисис” ХХК-ийн хоорондын гэрээ 2017 оны 05 дугаар сард маш өндөр шаардлагатайгаар шинэчлэгдэн хийгдсэн гээд намайг ажиллуулах боломжгүй гэж хэлсэн.

“Иймд цаашид ажиллах боломжгүй болсон тул, анхны өргөдлөө өгсөн хугацаа болох 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс энэ асуудлыг дуусгах тэр хугацаа хүртэлх миний цалин болон 13 дахь сарын цалин (2 жилийн), инфляцийг (2 жилийн) нөхөн олгоно уу.” гэж хүссэн. Компанийн удирдлагын зүгээс дээрх хүсэлтийг хэлэлцээд С.Ггийн зүгээс компаниас тавьж буй санал болох өмнөх хийж байсан ажилтай ижил нөхцөл бүхий ажилд эргүүлэн авах саналын хүлээн авах боломжгүй гэдэгээ хангалттай тодорхой илэрхийлсэн, түүнчлэн хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэдгийг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр и-мэйлээр мэдэгдсэн.

3. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх асуудлаар тус шүүхэд хандан 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх бөгөөд шүүхээс 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 181\Ш32017\16597 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.1-д “Ажил олгогч, ажилтны хооронд гарсан хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүх тус тусын харьяаллын дагуу шийдвэрлэнэ.” гэж заасан байна.

4. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэх хэсэгт 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ажилд эргүүлэн томилуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүхээс 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 181\Ш32017\1196 дугаартай захирамжаар, харьяалал зөрчсөн гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан талаар дурджээ. Ингээд уг захирамжийн дагуу манай компанийн маргаан тамлах зөвлөлд 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр өргөдөл гаргасан гэх боловч манай компанид хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг шүүхэд харьялуулснаас бусад маргаан анх тутам хянан шийдвэрлэх маргаан таслах комисс байхгүй. Гэвч С.Ггийн гаргасан хүсэлтийг хүлээн, талуудын зүгээс уулзалт зохион байгуулан түүний гаргасан хүсэлтийг компанийн зүгээс хүлээн авах боломжгүй гэж шийдвэрлэснийг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр и-мэйлээр мэдэгдсэн. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс уг и-мэйлийг нотлох баримтаар хавсарган шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйпийн 127.1-д “Ажил олзогч буюу ажилтан нь хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдөэрийг эс зөвшөөрвөл, түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор зохих сум, дүүргийн шүүхэд давж заалдах эрхтэй гэж заажээ.

Хэдийгээр нэхэмжлэгчийн зүгээс 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр тус компанид гаргасан өргөдөл маргаан таслах комисст гэж толгойлсон байх боловч тус компани маргаан таслах комисс биш тул хуульд заасан журмын дагуу гаргасан гомдол гэж үзэх боломжгүй юм. Түүнчлэн нэхэмжлэгч нь компаниас 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүргүүлсэн мэдэгдлийг маргаан таслах комиссын шийдвэр гэж үзсэн ч хуульд заасан комиссын шийдвэрт гомдол гаргах хугацаа буюу 10 (арав) хоногийн хугацаа хэтэрсэн байна.

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд хөдөлмөрийн маргааны талаар гомдол гаргах журмыг тодорхой зааж өгсөн бөгөөд 129.1-т “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах эрхтэй.”, 129.3-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд хандан гаргана.” гэж тус тус заасан байна.

Дээрх зохицуулалтуудаас үзвэл нэхэмжпэгчийн зүгээс ажилдаа эргэн орох хүсэлт болон компанийн зүгээс ижил төрлийн өөр ажил санап болгож байгаа харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129.3-т хамаарахгүй тул тус хуулийн 129.1-т заасны гомдлын шаардлага гаргах хугацааг баримтлана.

Нэхэмжлэгчийн нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ ажил эргэн орох хүсэлт бүхий өргөдлийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан, компанийн зүгээс 2017 оны 03 сард өөр албан тушаал санал болгосныг хүлээж аваагүй, улмаар 2017 оны 08 дугаар сарын 15-нд нэхэмжлэл гаргасныг 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авахаас татгалзаж, дахин компанид 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүсэлт гаргасныг хүлээн аваагүй тул 2017 оны 12 сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргасан болохоо цаг хугацааны хувьд тодорхой тайлбарласан байна.

Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ буюу ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжлэхдээ 2017 оны 01 сарын 01-ний өдрөөс тооцсон байна.

Дээрх цаг хугацааны дараалал бүхий нөхцөл байдлууд болон ажил байсан хугацааны цалинг тооцсон хугацаанаас үзвэл С.Г нь эрх ашиг зөрчигдсөн гэх нөхцөл байдпыг 2017 оны 1 сард мэдсэн болох нь тодорхой харагдаж байгаа бөгөөд уг асуудлаар 2017 оны 8 сард анх удаа нэхэмжлэл гаргаж, дахин ижил агуулга бүхий нэхэмжлэлийг 2017 оны 12 сарын 08-ны өдөр гаргаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан 3 (гурав) сарын дотор гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна.

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т “Энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно.” гэж заасан байна. Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 33 дугаартай тогтоолын 28-д “Хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3.-т заасан “хүндэтгэн үзэх шалтгаан” гэдэгт энэ зүйлд заасан хугацааны дотор гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлыг ойлгоно. Харин хууль мэдэхгүй явдал нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй.” гэж тайлбарлажээ.

Гэтэл нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хэрэгт цугласан нотлох баримтуудаас үзвэл С.Ггийн зүгээс эрх ашиг нь зөрчигдөж буй асуудлыг 2017 оны 01 сард мэдсэн атал гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж 2017 оны 08 болон 12 саруудад нэхэмжлэл гаргасан талаарх хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээс үзвэл нэхэмжлэгч С.Г нь эрх ашиг нь зөрчигдсөн асуудлаар хуульд заасан журмын дагуу гомдол, нэхэмжлэл гаргах хөөн хугацаа хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                            

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

          Нэхэмжлэгч С.Г нь хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан хүлээн авагч/ресепшин/-ийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөд 16 584 887/арван зургаан сая таван зуун наян дөрвөн мянга найман зуун наян долоо/ төгрөгийг, 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх инцфляцийн цалинд 1 697 787/нэг сая зургаан зуун ерэн долоон мянга долоон зуун наян долоо/ төгрөг 36/гучин зургаа/ мөнгийг, 2013 он, 2014 оны 13/арван гурав/ дахь сарын цалин хөлсөд 2 358 038/хоёр сая гурван зуун тавин найман мянга гучин найм/ төгрөгийг, бүгд 21 741 210/хорин нэгэн сая долоон зуун дөчин нэгэн мянга хоёр зуун арав/ төгрөг 43/дөчин гурав/ мөнгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

          Хариуцагч “Н” ХХК нэхэмжлэгч нь хуульд заасан журмын дагуу гомдол, нэхэмжлэл гаргах хөөн хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

          Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс хариуцагчид хүлээн авагч/ресепшин/-ийн ажилд ажиллаж эхэлсэн болох нь зохигчийн тайлбар, 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний хуулбар, № А0175702 нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “Хөдөлмөрийн гэрээг ... хугацаагаар байгуулна:”, 23.2.1-т “байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй;”, 23.2.2-т “энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай;” гэж заасан.

 

Зохигчид хүлээн авагч/ресепшин/-ийн ажлын байр нь байнгын ажлын байр болох талаар маргахгүй байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т зааснаар зохигчид Хөдөлмөрийн гэрээг 2/хоёр/ жилийн хугацаатай буюу 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл байгуулсан болох нь зохигчийн тайлбар, 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний хуулбараар нотлогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т “Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц ... ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно.” гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь хүүхэд асрах чөлөө авах хүртлээ буюу 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хариуцагчид хүлээн авагчийн ажилд ажилласан болох нь зохигчийн тайлбар, 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Хүүхэд асрах чөлөө олгох тухай тушаал, № А0175702 нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар нотлогдож байна.

 

Зохигчийн байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр дууссан байх боловч нэхэмжлэгч нь 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажлаа гүйцэтгэсэн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 2/хоёр/ жилээр сунгагдсанд тооцно.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хүүхэд асрах чөлөө олгосон болох нь 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Хүүхэд асрах чөлөө олгох тухай тушаалаар нотлогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Хүүхэд асрах чөлөө ... дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй ...” гэж заасан.

 

Нэхэмжлэгчийн хүүхэд асрах чөлөө 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дуусах байсан боловч нэхэмжлэгч нь 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хариуцагчид үргэлжлүүлэн ажиллах тухай хүсэлт гаргасан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт зааснаар хариуцагчийг төлөөлөх эрх бүхий этгээд нэхэмжлэгчийн ажилдаа үргэлжлүүлэн ажиллах тухай хүсэлтэд хариу өгөөгүй байна.

 

Хариуцагч нь 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгчийг хүлээн авагчийн ажилд эгүүлэн авах үүрэгтэй байсан боловч аваагүй байх ба хариуцагч нь 2017 оны 7 дугаар сарыг дуустал нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг төлөн хөдөлмөрийн харилцаа үргэлжилж байсан болох нь № А0175702 нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг нэг талын санаачлагаар цуцалсан гэж үзнэ.

 

Хариуцагч нь 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн авахгүй гэсэн хариу өгсөн болох нь зохигчийн тайлбар, хариуцагчийн бичгээр гаргасан хариу тайлбараар нотлогдож байна.

 

Хариуцагч нь 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэгчид ажлаас халсан тухай шийдвэрийг гардуулсан гэж үзнэ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан ... тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана.” гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд буюу 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш нэг сарын дотор буюу 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т “Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил ... дараахь тохиолдолд хэвээр хадгална:”, 35.1.4-т “... хүүхэд асрах чөлөөтэй байгаа;”, 40 дүгээр зүйлийн 40.3-т “Ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг ... ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно.” гэж заасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн ажиллаж байсан хүлээн авагчийн ажлын байр хэвээр хадгалагдаж байгаа гэх тайлбар гаргаж байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.4, 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасныг зөрчиж нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн авахаас үндэслэлгүйгээр татгалзаж байх тул нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг хууль зүйн үндэслэлгүй цуцалсан гэж үзнэ.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор ...” гэж заасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг хүлээн авагч/ресепшин/-ийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах үндэслэлтэй байна.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцоход нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлс 1 176 019/1176019+1176019+1176019=3528057, 3528057:3=1176019/ /нэг сая нэг зуун далан зургаан мянга арван ес/ төгрөг, 1 өдрийн дундаж цалин хөлс 53 455/1176019:22хоног=53455/ /тавин гурван мянга дөрвөн зуун тавин тав/ төгрөг болох нь нэхэмжлэгчийн № А0175702 нийгмийн даатгалын дэвтрийн болон Хөдөлмөрийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх 7/долоо/ сар, ажлын 2/хоёр/ хоног ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагчаас 8 339 043/7x1176019=8232133, 2x53455=106910, 8232133+106910=8339043/ /найман сая гурван зуун гучин есөн мянга дөчин гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, үлдсэн 8 245 844/16584887-8336043=8245844/ /найман сая хоёр зуун дөчин таван мянга найман зуун дөчин дөрөв/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх инцфляцийн цалинд 1 697 787/нэг сая зургаан зуун ерэн долоон мянга долоон зуун наян долоо/ төгрөг 36/гучин зургаа/ мөнгийг, 2013 он, 2014 оны 13/арван гурав/ дахь сарын цалин хөлсөд 2 358 038/хоёр сая гурван зуун тавин найман мянга гучин найм/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т “... ажилтан нь хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг эс зөвшөөрвөл ... сум, дүүргийн шүүхэд давж заалдах эрхтэй.”, 129 дүгээр зүйлийн 129.1-т “Хөдөлмөрийн гэрээний талууд ... эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй.” гэж заасан.

 

Нэхэмжлэгч хариуцагч нь инфляцийн цалин, 13 дахь сарын цалин хөлсийг олгоогүй гэх асуудлаар хөдөлмөрийн маргаан таслах комисст хандаж байгаагүй байх ба нэхэмжлэгч нь эрхээ зөрчигдсөнийг 2013 он, 2014 он, 2015 онд мэдсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 2013, 2014, 2015 онуудад эрхээ зөрчигдсөнийг мэдсэн байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах, шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд хандах хуульд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байна.

 

Хариуцагчаас инцфляцийн цалинд 1 697 787/нэг сая зургаан зуун ерэн долоон мянга долоон зуун наян долоо/ төгрөг 36/гучин зургаа/ мөнгийг, 13/арван гурав/ дахь сарын цалин хөлсөд 2 358 038/хоёр сая гурван зуун тавин найман мянга гучин найм/ төгрөгийг, бүгд 4 055 825/1697787+2358038=4055825.36/ /дөрвөн сая тавин таван мянга найман зуун хорин тав/ төгрөг 36/гучин зургаа/ мөнгийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.4, 40 дүгээр зүйлийн 40.3, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Гг хариуцагч “Н” ХХК-ийн хүлээн авагч/ресепшин/-ийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч “Н” ХХК-иас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8 339 043/найман сая гурван зуун гучин есөн мянга дөчин гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Гд олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 13 402 167/арван гурван сая дөрвөн зуун хоёр мянга нэг зуун жаран долоо/ төгрөг 43/дөчин гурав/ мөнгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

Тогтоох нь:

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.4, 40 дүгээр зүйлийн 40.3, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Гг хариуцагч “Н” ХХК-ийн хүлээн авагч/ресепшин/-ийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч “Н” ХХК-иас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8 339 043/найман сая гурван зуун гучин есөн мянга дөчин гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Гд олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 13 402 167/арван гурван сая дөрвөн зуун хоёр мянга нэг зуун жаран долоо/ төгрөг, 43/дөчин гурав/ мөнгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч С.Ггийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч С.Ггийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  250 542 төгрөгийг, 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 66 515 төгрөгийг, бүгд 317 057 төгрөгийг улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн орон нутгийн төсвийн 1165105733 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч С.Гд олгон, хариуцагч “Н” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 148 374 төгрөгийг гаргуулан улсын орлогод буюу Сүхбаатар дүүргийн орон нутгийн төсвийн орлогын 1165105733 тоот дансанд оруулсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ХИШИГБАТ