Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 003

 

         К.Х-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийж, прокурор А.Турдыбек, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нарыг оролцуулан,

 Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183 дугаар шийтгэх тогтоолтой, К.Х-т холбогдох эрүүгийн 1813003090216 дугаартай, 1 хавтастай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1989 оны 8 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн С сумын 4 дүгээр багт оршин суух, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, хэрэг хариуцах чадвартай, У овогт К-ийн Х /РД:БИ00000000/ нь иргэн З.Д-ыг бэлчээрийн маргааны улмаас зодож биед нь хүндэвтэр зэргийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183 дугаар шийтгэх тогтоолоор:

“1. Шүүгдэгч У овогт К-ийн Х-ийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Х-ийг 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Х-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоосугай.” гэж  шийдвэрлэжээ.

 

           Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “Шүүгдэгч К.Х нь хэргийг хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлж барагдуулсан, хохирогчтой эвлэрсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гаргасан К.Х-ийн хүсэлтийг Аймгийн прокурорын газраас хүлээн авч, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар санал тохирч” яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Прокурорын яллах дүгнэлтээр шүүгдэгч К.Х-т Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримталж 500 нэгж буюу 500,000 (таван зуун мянган) төгрөгөөр торгож, Эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал гаргаж, яллагдагчтай ялын санал тохирч хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс К.Х-т холбогдох хэргийг Прокурорын байгууллагын үйлдсэн яллах дүгнэлтийн хүрээнд “хялбаршуулсан журмаар” хянан шийдвэрлэж, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3,4.4-т заасан шүүгдэгч К.Х-ийн ялын болон хариуцлагын талаарх тохиролцоог шүүхээс харгалзан үзэлгүй өөр төрлийн буюу “нийтэд тустай ажил хийлгэх” ялаар шийтгэх тогтоол гаргасан нь Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна.

Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч К.Х-ийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан үндэслэлээр “хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх” үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн атлаа Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн холбогдох хэсгийг баримтлаагүй хуулийг буруу хэрэглэсэн. Шүүгдэгч К.Х-ийн холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасныг баримтлан “хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн” атлаа Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ердийн журмаар шийдвэрлэхэд оногдуулбал зохих “нийтэд тустай ажил хийлгэх ял” оногдуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн 6.7-т заасныг баримталж эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан байхад анхан шатны шүүх 183 тоот шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 (гурван зуу) цагийн нийтэд тусгай ажил хийлэх ялаар шийтгэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-т “Прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэснийг зөрчсөн байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн 183 тоот шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч К.Х-ийн  өмгөөлөгч Х.Зулхашын гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр, тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Шүүгдэгч К.Х нь Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Есөн хоргол” гэх газар 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр бэлчээрийн асуудлаас болж З.Дтай хэрүүл маргаан үүсгэн, зодож биед нь “өвчүүний ясны хугарал” гэмтэл үүсгэж, хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлджээ.

 

Шүүгдэгч К.Х гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч З.Д, гэрч З.Б-ын мэдүүлэг, 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шинжээчийн 452 дугаар “Иргэн З.Д-ын биед өвчүүний ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна” гэсэн дүгнэлт, шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогджээ.

 

Тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн байх тул шийтгэх тогтоол хууль ёсны байх шаардлагад нийцээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх  тухай хүсэлтийг прокурорт гаргасан /хх-34/ бөгөөд хүсэлтийн дагуу прокурор мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх боломжтой гэж үзэж тогтоол /хх-36/ гарган, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 5/79 дугаартай прокурорын саналд “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан яллагдагч К.Хийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  500 нэгж бүхий 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах.” гэснийг /хх-59/ яллагдагч К.Хт танилцуулж, гарын үсэг зуруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ” гэж заасанд нийцэж байна.

 

Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлж, яллагдагчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар санал гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмыг баримталсан байхад анхан шатны шүүх мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хуульд заасан журмыг зөрчсөн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “шүүх нь хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргах бөгөөд прокурорын саналд тусгасан 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг хүндрүүлэн өөрчилж, 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь хуульд заасан журамд нийцээгүй байна.

 

Шүүх нь яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ прокурорт гаргасан байх, үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тохиолдолд эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчимд нийцсэн гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар” гаргасан саналыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

 

Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд прокурорын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гаргасан “Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх” санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцсэн байхаас гадна мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанчлан яллагдагчийн хувийн байдалд тохирсон байх шаардлагатай.

 

Шүүгдэгч К.Хийн хувьд түүнд прокуророос санал болгосон торгох ял нь дээрх нөхцөл шаардлагад нийцэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд ял оногдуулах нь үндэслэлтэй, хууль ёсны зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтын дагуу эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналын хүрээнд шийдвэрлээгүй нь хууль ёсны байх зарчмыг алдагдуулсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоолыг өөрчилж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг:

“2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Хийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж, 3 дахь заалтыг:

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.” гэж өөрчилж, 4 дэх заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                                

 

 

 

ДАРГАЛАГЧ,  

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.КӨБЕШ

 

                                                                                                Д.МӨНХӨӨ