Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2016/0220

 

 

 

 

                                             

 

 

 

 

 

 

“Б о ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, Д.С нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 908 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч “Б о ” ХХК-ийн захирал Г.Отгонбаярын гаргасан давж заалдах гомдлоор “Б о ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын, Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ц.Х, Б.М нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. “Б о ” ХХК-ийн захирал Г.О 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:   

“...Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын ахлах байцаагч Ц.Х, Д.М нарын 2013 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 210266 тоот актыг хүчингүй болгож өгөх”-ийг хүсчээ. 

Хоёр. Хариуцагч Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ц.Х 2014 оны 6 дугаар сарын 13-ын өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...“Б о ” ХХК-д удирдамж, томилолтын дагуу 2012 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдуулалт, төлөлтийн байдлыг шалгаж, татварын улсын байцаагчийн 210266 тоот актаар 214648,3 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан. Тус компани нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцохдоо бусдад борлуулсан гэрээний үнээс тооцсон, хуульд заасны дагуу зах зээлийн үнээс тооцоогүй байна.

2012 онд экспортод борлуулсан жоншны биет хэмжээ, жишгээр тооцох үнийг дутуу тооцсон болон бүтээгдэхүүний зах зээлийн үнийн түвшингээс хамааран үндсэн хувь дээр нэмэгдүүлэн тооцоогүйн улмаас 2042349,5 мянган төгрөгийн орлогод ашигт малтмалын ашигласны төлбөр ногдуулж төсөвт төлөөгүй байсан. Уг зөрчил нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон борлуулсан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын болон орон нутгийн төсөвт төлнө”, 47.2-д “энэ хуулийн 47.1-д заасан үнэлгээг дараах журмаар тооцно”, 47.3-т “ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр дараах хэмжээтэй байна”, 47.3.2-т “энэ хуулийн 47.3.1-д зааснаас бусад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн доод хэмжээ бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5.0 хувьтай тэнцүү” гэснийг;

мөн борлуулсан эрдсийн бүтээгдэхүүнийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланд тусгахдаа бүтээгдэхүүний зах үнийн түвшингээс хамаарч үндсэн хувь дээр нэмэгдүүлэн тооцоогүй зөрчил нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-т “тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч борлуулалтын үнэлгээний 5 хувь дээр энэ хуулийн 47.5-д заасан хувийг нэмсэн дүнгээр тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцно” гэж заасан заалтыг тус тус зөрчсөн.

Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Дараах үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна 74.1.3-т “нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй ногдуулах”; 74.1.4-т “тоо хэмжээ, үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад зүйлийг өсгөх”; энэ хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т “энэ хуулийн 74.1, 74.2-ын дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна”, Монгол Улсын Засгийн Газрын "Татварын алдангийн хувь хэмжээг тооцох тухай” 2012 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 6-р тогтоолд “...татварт тооцох алдангийн хувь хэмжээг хоног тутамд 0.047 хувь байхаар тогтоож ...мөрдсүгэй” гэж заасныг үндэслэн татварын байцаагчийн 210266 тоот актаар 214648.3 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан” гэжээ.

Гурав. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 908 дугаар шийдвэрээр:

“...Ашигт малтмалын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг тус тус баримтлан Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Эрдэс баялагийн улсын байцаагч Ц.Х, Б.М нарын 2013 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 210266 тоот актыг хүчингүй болгуулах “Б о ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй” болгож шийдвэрлэжээ.

Дөрөв. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “Б о ” ХХК-ийн захирал Г.Отгонбаяр 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо “...нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй ба харин нэхэмжлэлийн маргаж буй үндэслэлээ өөрчилсөн байна. Иймд шүүх зөвхөн нэхэмжлэгчийн дээрх маргаж буй үндэслэлд дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэсэн болно” гэж дурдаад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн баримтыг “...“Б о ” ХХК-ийг өөрийн тусгай зөвшөөрөл бүхий талбайдаа олборлолт хийгээгүй болохыг нотлох баримт болохоос биш “Б о ” ХХК-ийн талбайд бусад этгээд олборлолт хийгээгүйг нотлох баримт биш юм” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болсон гэж үзэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 37, 38, 105, 107 дугаар зүйлүүдийн зохицуулалтаас харахад нэхэмжлэгч хэдийд ч нэхэмжлэлийн үндэслэлийг гаргах, өөрчлөх эрхтэй болно. Шүүх хуралдааны явцад шинэ нотлох баримт гаргаж өгөх, нэхэмжлэлийн үндэслэлээ өөрчлөх явдал нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй.

Түүнчлэн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасан байхад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн баримтыг “нотлогдохгүй” байна гэж үзэж гаргасан үндэслэлийг үгүйсгэж байгааг ойлгохгүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 908 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 222 дугаар магадлалаар энэхүү хэргийг өмнө нь хэлэлцэж дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа “...нэхэмжлэгч экспортолсон бүтээгдэхүүнээ өөрийн эзэмшлийн уурхайгаас олборлосон эсэх, хэрэв өөр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн олборлосон бүтээгдэхүүнийг худалдан авсан тохиолдолд эсэх, тухайн худалдагч этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлсөн эсэхийг тогтоосны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх шаардлагатай болох...”-ыг дүгнэсэн, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт “хэргийг дахин хэлэлцэж байгаа шүүх магадлалд дурдсан заалтыг заавал биелүүлнэ” гэж заасан байхад анхан шатны шүүхээс магадлалд заасан нотлох баримт цуглуулах ажиллагааг бүрэн гүйцэд хийлгүйгээр, түүнчлэн нэхэмжлэлийн үндэслэлийг хэт “хялбарчилж” өөрийн талбайгаас олборлолт хийгээгүй, харин бусдын талбайгаас олборлосон жоншийг бичил уурхайчдаас худалдан авсан гэсэн үндэслэлээр л ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөхгүй гэж маргасан гэж үзэн үүнд дүгнэлт өгөх байдлаар, ийнхүү дүгнэхдээ хэрэгт авагдсан жонш нийлүүлэх, жонш худалдан авах гэрээ, уг гэрээгээ тодорхойлогдох жоншны хэмжээ зэрэгт огт дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Тухайлбал, “Б о ” ХХК нь Дорноговь аймгийн Айраг сумын “Нэргүй толгой” гэх газарт орших 377.55 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын 15119А тоот тусгай зөвшөөрөл эзэмших бөгөөд нэхэмжлэгчээс “...энэ талбайд тогтоогдсон нийт нөөцийн хэмжээнээс ч их жонш экспортод гаргасан...” гэж маргаж байгаатай холбогдуулан холбогдох газраас улсын бүртгэлд бүртгэгдсэн нөөцийн талаарх баримтыг гаргуулах, актаар тус компанийн 2012 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт хийж, зохих зөрчлийг илрүүлсэн байхад хэрэгт 2010 оны Жонш нийлүүлэх, худалдан авах гэрээ, мөн жоншны төлбөр төлсөн гэх мөн оноор огноологдсон бэлэн мөнгөний зардлагын баримтууд авагдсан, дээрх гэрээнд зааснаар жоншны хэмжээ /жин/ экспортод гаргасан жоншны хэмжээтэй тохирч байгаа эсэх, дутах тохиолдолд зөрүү жонш хэрхэн бий болсон болох, иргэн Г.Нинжгаваагийн Хаан банкин дахь дипозит дансны дэлгэрэнгүй хуулганд 2012 онд “жоншны үнэ” нэрээр удаа дараагийн зарлага гарсан байх бөгөөд энэхүү төлбөр нь нэхэмжлэгч компанитай ямар хамааралтай болох, жоншны үнэ чухам ямар шалтгаанаар ийнхүү хувь хүний дансаар төлөгдөж байгаа болох, Гаалийн ерөнхий газрын гаалийн мэдүүлгийн сангаас гаргасан лавлагаагаар тус компани 2012 онд 9099.1 тн жонш экспортод гаргасан, гэтэл үүнийг нэхэмжлэгч талын тайлбарласанчилан өөрсдөө олборлоогүй, харин бусдаас худалдаж авсан байх тохиолдолд энэ талаарх холбогдох нотлох баримтыг нэхэмжлэгчээс өөрөөс нь гаргуулах, түүнчлэн төлбөр хэрхэн төлөгдсөн болох, төлсөн төлбөр нь бусдаас худалдаж авсан гэх жоншны үнэтэй тохирч байгаа эсэхийг тус тус тодруулах шаардлагатай.

Мөн нэхэмжлэгчийн өөрийн нь худалдан борлуулсан гэрээний үнээр тайлагнасан гэх жоншны тухайд тэдгээрт бие хэмжээ, жишгээр тооцох үнийг хэрэглэх эсэх талаар, энэ нь зөрчлийн дүнд хэрхэн нөлөөлөх талаар хуулийн хүчин төгөлдөр магадлалд дурдсан хүрээ хязгаарын хүрээнд дүгнэлт хийх нь зүйтэй. Шаардлагатай гэж үзвэл Дорноговь аймгийн Айраг сумын байгаль орчны улсын байцаагчаас ч хэрэгт хамаарал бүхий асуудлаар гэрчийн мэдүүлэг авах нь  хэргийг бүх талаас нь, бүрэн гүйцэд шийдвэрлэхэд ач холбогдолтой болохыг анхаарвал зохино.

Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Хэрэгт “Б о ” ХХК-ийн 2012 оны 1 дүгээр улирлын санхүүгийн тайлан нотлох баримтын шаардлага хангахгүй байдлаар авагдсан байгааг тэмдэглэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 908 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр  буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ШҮҮГЧ                                               Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                               Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                               Э.ЛХАГВАСҮРЭН