Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 111

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Мөнхцэцэг,

улсын яллагч Б.Гантулга,

хохирогч Г.Энхсайхан,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Гантуяа,

шүүгдэгч Э.Эрдэнэбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт Э.Эрдэнэбаатарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626011015 дугаар хэргийг 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Давст суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролгүй /уншиж, бичиж чадахгүй гэх/, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 3 дугаар гудамж, 67 тоотод оршин суух,

урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 149 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2, 99 дүгээр зүйлийн 99.1, 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн, Их тугтан овогт Энхжаргалын Эрдэнэбаатар /РД:ОВ90061916/.

Шүүгдэгч Э.Эрдэнэбаатар нь 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 13-14 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 1 дүгээр гудамж, 14 тоотод байрлах иргэн Д.Ганчимэгийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн, бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч LG маркийн 27 инчийн зурагт, индукцин плитка, мах, гурил зэрэг эд зүйл хулгайлж бусдад 267 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол,

2016 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 24б дүгээр гудамж, 10 тоотод оршин суух иргэн Д.Мөнхшүрийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн, бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч хөргөгч, Монел брендийн бүрэн автомат угаалгын машин, халтар манан хөөрөг, Сони маркийн зургийн аппарат зэрэг эд зүйл хулгайлж 1 415 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол,

2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүнбаян цагааны 7 дугаар гудамж, 8 тоотод оршин суух иргэн Б.Цээсүрэнгийн эзэмшлийн өвлийн сууцны цонхыг эвдэн, бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч BSB маркийн 32 инчийн зурагт, эмэгтэй хүний үнэртэй ус, угаалгын нунтаг зэрэг эд зүйл хулгайлж бусдад 688 000 төгрөгийн буюу бага бус хохирол,

2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 40 дүгээр гудамж, 26а тоотод оршин суух иргэн Г.Энхсайханы эзэмшлийн өвлийн сууцны цонхыг хөшин бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч Hair маркийн 37 инчийн зурагт, ботинк, паск цүнхнүүд хулгайлж 2 045 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдийг давтан үйлдлээр үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Эрдэнэбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө нь мэдүүлэг өгсөн тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэв.  

Хохирогч Г.Энхсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 5 дугаар сарын 15-нд манай гэрийн цонхоор ороод эд зүйл авсан байсан. Паск цүнхнүүдээс бусад эд зүйлсийг хүлээн авсан. Төлөгдөөгүй байгаа хохирол 1 395 000 төгрөгөө нэхэмжилж байна” гэв.

 

201626011015 дугаар эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

1. Хохирогч Д.Ганчимэгийн: “2016 оны 4 дүгээр сарын 11-ний өглөө 09 цаг болж байхад гэрээсээ гарсан. Хамгийн сүүлд 12 цаг өнгөрч байхад охин Отгон-Адъяа монгол гэрээ цоожлоод хичээлдээ явсан байсан. Хүү Төрхүү 15 цагийн үед гэртээ ирэхэд хаалганы цоожгүй, хулгай орж эд зүйл алга болсон байхаар нь над руу залгаж 15 цаг 30 минутын үед хэлсэн. ...Баруун хана дагуу тавиур дээр байсан хар өнгийн 27 инчийн LG маркийн хар өнгийн компьютерийн дэлгэц, уг дэлгэцийг зурагт болгож хэрэглэдэг байсан. Индукцин плитка, хонины мах, шуудайтай гурил зэрэг алга болсон байсан. Зурагтыг Солонгос улсаас 2015 онд авчирсан хар өнгийн LG маркийн 27 инчийн зурагт, уг зурагтыг би 250 000 төгрөгөөр үнэлж байна. Мөн бүтэн хонины шулчихсан байсан махнууд, уг махыг би 40000 төгрөгөөр үнэлж байна. Мөн хуучин хэрэглэж байсан хар өнгийн марк тодорхойгүй индукцин плитка, уг плиткаг би 27 000 төгрөгөөр Хархорин захаас авч байсан, уг үнээрээ үнэлнэ. Мөн гурил алга болсон байсан, гэхдээ уг гурилыг үнэлэхгүй. Өөр эд зүйл алга болоогүй” гэх мэдүүлэг /хх-52-54/,

Гэрч Т.Отгонбаатарын: “2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Хүрэлбаатарын Бямбадорж гэх хүн LG маркийн монитор телевизор оруулж ирээд барьцаанд тавьсан. Тухайн хүнээс би асуудалгүй биз гэхэд тийм юм байхгүй, асуудалгүй гэж хэлсэн. Иргэний үнэмлэхээ гаргаж ирсэн болохоор нь би уг телевизорыг 80 000 төгрөгний барьцаанд тавьсан. 2016.04.20-ны өдөр хугацаа нь дуусаад түүнээс хойш 7 хоног хүлээгээд авахгүй байхаар нь уг Бямбадорж гэх хүний 86737356 дугаарын утас уруу залгаж хэлэхэд тоохгүй за за гээд утсаа салгачихаад байсан болохоор зарахаар тавьсан чинь 2016.04.31-ний өдөр явуулын хүн орж ирээд үзээд авсан. Би Бямбадорж гэх хүнийг танихгүй, хулгайн зурагт гэж мэдээгүй. Яагаад гэхээр тэр хүн иргэний үнэмлэхтэйгээ байсан, асуудалгүй гэж хэлсэн. Мөн зурагтын удирдлага, залгуур зэрэг нь хамт байсан” гэх мэдүүлэг /хх-55/,

Гэрч Х.Бямбадоржийн: “Би өөрийн автомашинаараа халтуур хийдэг. 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Жанцангийн автобусны буудлын орчмоос нэг залуу гар өргөхөөр нь авсан. Саппоро орно, замаараа ломбард орно, ах нь бичиг баримт байдаггүй ломбарданд юм тавих гэсэн чинь авдаггүй гэж хэлсэн. Тэгээд тойргийн хажуу талын ломбарданд ороод миний бичиг баримтаар уг зурагтыг 80000 төгрөгөөр тавьсан. 25 орчим насны, 170 см орчим өндөртэй залуу байсан. Хулгайн зурагт гэж мэдээгүй. ...Уг залуу нэг эмэгтэй хүнтэй утсаар яриад байгаа бололтой байсан. Ээж би зурагтаа хүний бичиг баримтаар тавьлаа шүү гээд байсан” гэх мэдүүлэг /хх-56/,

Эд зүйлийн үнэлгээ /хх-51/,

2. Хохирогч Д.Мөнхшүрийн: “2016 оны 4 дүгээр сарын 23-ний өдөр ...14 цагт гэртээ ирэхэд гэрийн хаалганы цоож эвдэрсэн байдалтай гэрээс хөргөгч, угаалгын машин алдагдсан байсан. Нөхөр гэрээ түгжээд гарсан гэж байсан. Манайд хулгай ордог өдөр цагдаа нарыг ирээд явсны дараа эд зүйлээ дахин шалгаж үзэхэд манайхаас хөргөгч, угаалгын машинаас гадна халтар манан хөөрөг, Сони маркийн дижитал зургийн аппарат зэрэг эд зүйл алдагдсан байсан. ...Манайх хөргөгчөө 2014 онд 600000 төгрөгөөр авч байсан, авсан үнээр нь үнэлнэ. Монел маркийн угаалгын машинаа 230000 төгрөгөөр авсан, уг үнээр үнэлнэ. Шинэ цагийн халтар манан хөөргөө 250000 төгрөгөөр үнэлнэ. Сони маркийн зургийн аппарат 250000 төгрөгөөр үнэлнэ. Жинсэн өмдөө 45000 төгрөг, цэрэг тэлээ 40000 төгрөгөөр үнэлнэ. Хөргөгч, угаалгын машинаа буцааж авсан. Алдсан эд зүйлсээ мөнгөн дүнгээрээ нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-20, 21/,

Иргэний нэхэмжлэгч Б.Анхбаярын: “Би өөрийн эзэмшлийн автомашинтай, халтуур хийдэг. 2016 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Ханын материалын автобусны буудал дээр зогсож байтал 22-25 орчим насны залуу ирээд та таксинд явах уу, Ханын материалаас зүүн зүгт байх гэр хороолол руу заагаад би гэрээсээ төслийн зуух авч ирж зарах гэсэн юм гэхээр нь би зөвшөөрөөд явсан. Ханын материалын зүүн талын гэр хороолол дундуур яваад халамжийн урдуур гараад чигээрээ явж байгаад цагаан дэлгүүрийн орчмоор эргээд хашаан дотроо нэг гэртэй хашааны гадаа ирж зогсоод тэр залуу намайг байж байгаарай гэж хэлээд орсон. Үүдэнд нь зогсож байхад хажуухан талд нэг портер зогсож байсан ба намайг машин холбоод өг, асахгүй байна гэхээр нь холбож асааж өгөөд байж байтал нөгөө залуу хашаанаас гарч ирээд төслийн зуух цуг өргөлцөөд өг гэхээр нь би тэр залууг дагаад уг хашаа руу ороод харсан чинь хашаанд ил гадаа тавьсан нэг төслийн зуух байсан. Тэгээд би тэр залууг дагаад очиж харахад муу хуучин зуух байхаар нь энийг хүн авах уу гэхэд за тэгвэл болье, би гэрээ маргааш буулгаад Сүхбаатар аймаг явах гэж байгаа юм, эхнэр хүүхэд тэнд байгаа зардлын мөнгө хийх гээд байгаа юм. Угаалгын машин, хөргөгч хоёроо зарчихмаар байна, авах хүн байгаа болов уу гэхээр нь мэдэхгүй гэхэд за тэгвэл Хархорин зах орчихоод ирье гээд бид хоёр Хархорин орж явтал Ханын материалын автобусны буудлын хажууд нэг верна маркийн автомашинтай хүн зогсож байсан чинь тэр залуу энэ хүнтэй уулзаад асуугаад ирье гэж буугаад тэр хүнтэй уулзаад буцаж ирснээ энэ хүн хөргөгч үзье гэнээ, нөгөө хүнтэй хамт миний машинд суугаад буцаад явъя гээд нөгөө хашаа руу буцаж очсон. Тэгээд тэр бид гурав тэр айлын гэр лүү нь ороод харахад хөргөгч авахаар ирсэн залуу энэ чинь хулгайн эд зүйл биш биз гэхэд нөгөө залуу үгүй, манай гэрийн эд зүйл байгаа юм, манай гэр гэж хэлж байсан. Нөгөө хүн хөргөгчийг авахаар болоод миний машинд ачсан, хөргөгч зарсан залуу угаалгын машиныг нэг мөсөн аваад явъя гээд машинд хийгээд явсан. Хөргөгч худалдаж авсан залуугийн гэр болох Ханын материалын орчимд гэр хороолол дунд байх хашааны гадаа ирээд хөргөгчийг тэр хоёр өргөж оруулсан. Тухайн үед тэр хоёрын яриаг сонсож байхад 50 000 төгрөгөөр зарж байх шиг байсан. Угаалгын машинаа зармаар байна гэхээр нь чи хэдэн төгрөгөнд өгөх юм бэ гэхэд нөгөө залуу 20 000 төгрөгөнд ав гэхээр нь би авахаар болоод мөнгийг нь маргааш ирээд авчих ахад нь мөнгө байхгүй байна гэхэд зөвшөөрсөн. Би гэрээ зааж өгөөд нөгөө залуу өөрийн утасны дугаар гээд 88753878 гэсэн дугаарыг үлдээгээд явсан. Ингээд 2 хоногийн дараа нөгөө залуу надтай яриад мөнгөө нэхээд байхаар нь би ахад нь байгаа нь 15 000 төгрөг байна, ирээд авбал ав гэхэд аваад үлдсэн 5000 төгрөгөө хэд хоногоос авахаар болоод явсан. Маргааш нь би Ханын материал дээр явж байтал зүс таних нэг хүн таараад чи угаалгын машин, хөргөгч ачиж явсан уу гэхээр нь тэгсэн гэхэд тэр чинь хулгайн эд зүйл байсан байна, цагдаа нар шар машинтай хүн сураглаад байна гэсэн. ...Би хулгайн эд зүйл гэж мэдээгүй. Тэр залуу надад итгэмээр зүйл яриад байсан. ...Миний хажууд хаалга цоож эвдээгүй болохоор би анзаараагүй мэдээгүй. Уг залуугаас худалдаж авсан угаалгын машиныг цагдаагийн алба хаагч нар хураан авсан. Одоо нэгэнт энэ залуугаас мөнгө олж чадахгүйгээс хойш 15000 төгрөгөө нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг /хх-23/,

Иргэний нэхэмжлэгч П.Хишигээгийн: “Сар өдрийг нь санахгүй байна. Би өөрийн автомашинтайгаа Ханын материалын эцэс дээр байж байтал нэг залуу хүрч ирээд хөргөгч авах уу гэхээр нь үзье гэсэн чинь машинд суучих, манайд очоод харчих гэхээр нь би тэр залуугийн сууж явсан машинд суугаад очсон. Тэр залуу манай гэр гэж байсан. Тэр залуу түрүүлж ороод араас нь би ороод хөргөгчийг нь харсан чинь гайгүй хөргөгч байхаар нь 50 000 төгрөгөнд авъя гэсэн чинь тэг, мөнгөний хэрэг байна гэхээр нь авахаар болсон. Ингээд уг машинд тэр хөргөгчийг болон нэг угаалгын машиныг тэр залуу ачаад манайх руу хүрч ирээд хөргөгчийг нь буулгасан. Уг залуугаас би хулгайн эд зүйл биш биз гэхэд бишээ, манай гэрийн эд зүйл байгаа юм, би хөдөө явах гээд мөнгөний хэрэг гараад гэж хэлж байсан. Тэгээд л авсан. Дараа нь цагдаагаас ирээд хураагаад аваад явсан. Би хулгайн эд зүйл гэж мэдээгүй. Гэрт нь очиж авсан болохоор хулгайн гэж бодоогүй. ...Одоо 50 000 төгрөгөө нэхэмжилж байна. Өөр гомдол саналгүй”  гэх мэдүүлэг /хх-24-25/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-8/, эд зүйлийн үнэлгээ /хх-12-13/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-17-18/, гэрч Б.Гэрэлсайханы мэдүүлэг /хх-26/,

3. Хохирогч Б.Цээсүрэнгийн: “Би 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр ажлаа тараад 19 цагийн үед гэртээ иртэл гал тогооны цонхыг хүрээгээр нь салгаж аваад зуухны дэргэд тавьчихсан байсан. Тэгэхээр нь би гал тогооны өрөөгөөр дамжаад унтлагын өрөө лүү ортол шкафны хаалгануудыг онгойлгосон, дотроос нь цүнх, малгай гаргаад орон дээр тавьчихсан, 32 инчийн BSB маркийн ЛСД дэлгэцтэй цагаан өнгийн хүрээтэй зурагт, удирдлагын хамт алга болсон байсан. Манай дүү Батчимэг өөрийнхөө утаснаас 102 дугаарт залгаж цагдаад мэдэгдсэн. ...Цагдаа нар ирээд хэргийн газарт үзлэг хийхэд би алга болсон зүйлүүдээ бүртгэж үзтэл манай гэрээс 32 инчийн BSB маркийн зурагт, удирдлагын хамт, Palette нэртэй үсний будаг, White нэртэй угаалгын нунтаг, орифлеймын үнэртэй ус хулгайд алдагдсан байсан.

...Эрдэнэбаатар нь манай дүүтэй нэг хэсэг хамтран амьдарч байснаас манай хамаатан садан болоогүй. 2015 онд авч байсан BSB маркийн 32 инчийн LCD зурагт алдагдсан. Би 480.000 төгрөгөөр авсан, уг үнээр нь үнэлнэ. Эмэгтэй хүний орифлеймийн шинэ, хэрэглэж байгаагүй үнэртэй ус алдагдсан ба 18.000 төгрөгөөр авсан, тэр үнээр үнэлнэ. Pallete нэртэй шинэ үсний будаг 1 ширхэг алдагдсан, 5.000 төгрөгөөр, White /400гр/ нэртэй шинэ угаалгын нунтаг 1 ширхэг 3.000 төгрөгөөр, Hair pick нэртэй шинэ шампунь 1 ширхэг 6.000 төгрөгөөр, Miami нэртэй шинэ бие угаагч шингэн саван 1 ширхэг 5.000 төгрөгөөр үнэлнэ” гэх мэдүүлэг /хх-73-75, 76/,

Гэрч Б.Батчимэгийн: “...Миний санаж байгаагаар 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр ...Цээсүрэн эгч гэр лүүгээ орчихоод удалгүй гарч ирээд яанаа Ука манай зурагт, ойр зуурын эд зүйл хулгайд алдагдсан байна, гал тогооны цонхыг эвдчихсэн байна гээд манайд орж ирсэн. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм бэ, дахиад зурагтаа алдчихсан юм уу гэж хэлээд гэрээсээ гараад Цээсүрэн эгчийн гэр лүү хамт ортол ...эд зүйлс алдагдсан байсан. Тэгээд 102 дугаарын утас руу би залгаад цагдаад мэдэгдсэн” гэх мэдүүлэг /хх-77/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-60-64/, эд зүйлийн үнэлгээ /хх-70, 71/,

4. Хохирогч Г.Энхсайханы: “2016 оны 5 дугаар сарын 15-ны ...орой 17 цаг 40 минутанд гэртээ харьсан. Том хаалгаа онгойлгох гэхэд хашааны жижиг хаалга онгойгоод ирэхээр нь сандраад ороод хартал байшингийн хоёр цонхны салхивч онгорхой байдалтай байсан. Би оролгүй цонхоор нь шагайж харахад хамаг эд зүйл ундуй сундуй болсон байсан. ...Нийт 2 025 000 төгрөгний үнэ бүхий зүйл алдагдсан байна.

...2016 оны 5 дугаар сарын 15-ны орой 19 цагийн үед БЗД-ийн 5 дугаар хороо, Булагийн гудам гэдэг худагтай гудманд замын хажууд ойролцоогоор 30-аад насны залуу манай гэрээс алдагдсан паск цүнхийг гартаа барьсан, миний бор өнгийн савхин куртик, бор өнгийн гутал зэргийг өмссөн, нүүр ам нь цус болсон, согтуу, хүнд зодуулсан байдалтай явж байсан. Би тэр эрэгтэйг бариад цагдаа дуудсан. Би барьж байхдаа яагаад хулгай хийсэн юм гэж асуухад эр хүн шиг тохирьё, би төлөөд өгнө, битгий цагдаа дуудаарай гээд байсан. ...Манай түлээний сүх баруун цонхны доор байсан, тэр сүхээр хөшсөн юм шиг байсан. Алдагдсан гээд байгаа цүнхнүүд том өрөөний баруун хэсэгт байх цүнх сав хийдэг ханын шүүгээнд, гутал гал зуухны өрөөнд сандал доогуур, савхин куртик баруун жижиг өрөөнд хувцасны шүүгээнд, зурагт том өрөөнд зүүн ханын стейк дээр байсан.

...Тус хулгай хийсэн этгээдийг баригддаг өдөр нь хүрэн өнгийн цүнх 1 ширхэг, бор өнгийн куртик, хар өнгийн Самсунг маркийн гар утас зэргийг хүлээн авсан. Дараа нь өөрийн “Haier” маркийн зурагт, бор өнгийн ботинк гутал зэргийг хүлээн аваад байгаа. Алдагдсан цүнхнүүдээ нэхэмжилж байна, үнэхээр зарж борлуулсан бол мөнгийг нь төлүүлмээр байна” гэх мэдүүлэг /хх-111-114, 115/,

Гэрч Л.Батболдын: “2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Монелд гэрийнхээ ойролцоо машинтайгаа таксинд явах гээд зогсож байсан. Нэг жинсэн өмд цамцтай, хар өнгийн нүдний шилтэй 30 орчим насны залуу ирээд таксинд явах уу гэж асуухаар нь явна гэж хэлсэн. Тэр залуу эндээс юм ачаад 7 буудал хүргүүлнэ гэж хэлээд намайг дээш нэг айл руу дагуулж яваад нэг хашаа руу ороод гарч ирэхдээ цагаан өнгийн том шуудайнд цүнх хийсэн, хар өнгийн LCD зурагт зэргийг авч гарч ирээд 7 буудал явсан. Тэр хэдийг зарж байж мөнгөө өгнө гэж хэлж байсан. 7 буудлын автобусны буудлын ойролцоо зогсож байгаад явуулын хүнд нэг цүнхийг нь 3000 төгрөгөөр гэж зараад, гэртээ бичиг баримтаа орхичихож гэж хэлээд миний бичиг баримтаар ломбарданд зурагтаа тавья гэхээр нь итгээд үнэмлэхээ өгсөн. 7 буудлын эцэс дээр байдаг, цүнх зарсан газрын ойролцоо ломбарданд зурагтаа миний нэрээр тавиад би 10.000 төгрөг аваад тэр залуу Их Засгийн буудал дээр буугаад үлдсэн. Юмаа зарчихаад мөнгөө өгнө гэхээр нь би хамт байж байгаад мөнгөө аваад явсан, хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй” гэх мэдүүлэг /хх-116-117/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-93-98/, хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-100, 108-110/, эд зүйлийн үнэлгээ /хх-105-106/, шинжээчийн дүгнэлт /хх-120-129/,  

Э.Эрдэнэбаатарын яллагдагчаар өгсөн: “...2016 оны 4 дүгээр сарын эхээр байх цаг хугацааг нь сайн санахгүй байна. Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр гэр лүүгээ харих гээд ганцаараа халамцуу байдалтай явж байгаад хорооны хэсгийн ахлагч Ганчимэг эгчийн гэрийн хажуугаар явж байгаад харахад гэр нь цоожтой байхаар нь цоожийг чулуугаар цохиж эвдэн ороод зурагт, мах, гурил зэрэг эд зүйлийг аваад гарсан. Зурагтыг Баянхошууны тойргийн хажууд байх ломбарданд тавьсан. ...Дараа нь хэд хоногийн дараа санагдаж байна, би танил найз Мөнхшүрийн гэрт очтол гэрт нь хүнгүй байсан. Гэрийн хаалгыг гараар дараад цоожилдог цоожоор цоожилсон байхаар нь цоожийг татаж онгойлгоод орчихоод буцаж гараад Ханын материалын орчмоос такси бариад таксины жолоочид гэрээсээ юм авч зарах гэж байгаа талаар хэлээд уг айлаас хөргөгч, угаалгын машин зэрэг эд зүйл хулгайлаад замд зогсож байсан хүнд зарсан. Уг таксины жолооч, хөргөгч худалдаж авсан залуу хулгайн зүйл гэж мэдээгүй.

...Түүний дараа сар өдрийг нь сайн санахгүй байна, танил Цээсүрэнгийн гэрийн хажуугаар гарахдаа хашааных нь араар давж ороод цонхыг нь түлхэж онгойлгоод байшингаас нь зурагт, угаалгын нунтаг, шампунь зэрэг жижиг сажиг зүйл хулгайлж авч гараад такси бариад 7 буудлын орчимд бусдад зарсан.

...Дараа нь цагдаагийн хэлтэс дээр шалгагдаж байхдаа Баянзүрх дүүргийн 1000 оюутны байрны орчимд ажил хийх гээд явж байгаад Монелийн хойшоо эцэс рүү гэр хороолол дунд улаан тоосгон байшинтай айл хүнгүй байхаар нь цонхоор нь ороод зурагт, олон тооны паск, цүнх зэрэг эд зүйл хулгайлаад паск цүнхнүүдийг нь зарсан. Харин зурагтыг нь цагдаад баригдсаны дараа буцаан өгсөн. ...Би уг гэмт хэргүүдийг ганцаараа үйлдсэн. Надад бусадтай бүлэглэн үйлдсэн хэрэг байхгүй. Би мөнгөний хэрэг гараад л хулгай хийсэн, өөр үйлдсэн гэмт хэрэг байхгүй. Би өөрийн бурууг ойлгож үйлдсэн гэмт хэргүүдээ үнэн зөвөөр ярьсан” гэх мэдүүлэг /хх-167/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-168-170/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-171/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-172/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-182-192/, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт /хх-193/, хохирлын тооцоо /хх-195/ зэргийг уншиж шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Э.Эрдэнэбаатар нь 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 13-14 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 1 дүгээр гудамж, 14 тоотод байрлах иргэн Д.Ганчимэгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн, бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч LG маркийн 27 инчийн зурагт, индукцин плитка, мах, гурил зэрэг эд зүйл хулгайлж 267 000 төгрөгийн,

давтан үйлдлээр 2016 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 24б дүгээр гудамж, 10 тоотод оршин суух иргэн Д.Мөнхшүрийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн, бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч Skimedia маркийн хөргөгч, Монел брендийн бүрэн автомат угаалгын машин, халтар манан хөөрөг, Сони маркийн зургийн аппарат зэрэг эд зүйл хулгайлж, 1 415 000 төгрөгийн,

2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн баянцагааны 7 дугаар гудамж, 8 тоотод оршин суух иргэн Б.Цээсүрэнгийн өвлийн сууцны цонхыг эвдэн, бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч BSB маркийн 32 инчийн зурагт, эмэгтэй хүний үнэртэй ус, угаалгын нунтаг зэрэг эд зүйл хулгайлж бусдад 688 000 төгрөгийн,

2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 40 дүгээр гудамж, 26а тоотод оршин суух иргэн Г.Энхсайханы өвлийн сууцны цонхыг хөшин бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч Haier маркийн 37 инчийн зурагт, ботинк, паск цүнхнүүд хулгайлж 2 045 000 төгрөгийн буюу бусдад нийт 4 415 000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.Эрдэнэбаатарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Эрдэнэбаатар нь урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 149 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2, 99 дүгээр зүйлийн 99.1, 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан байна. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д “Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгоно” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Э.Эрдэнэбаатарын өмнөх шийтгэх тогтоолоор шийтгүүлсэн ялгүй болох хугацаанаас үлдэх хугацааг хэрэгсэхгүй болгож, түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн үзэв.  

Шүүх ял оногдуулахдаа ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хохирлын хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, хорих ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэлээ.   

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ганчимэгт 267 000 төгрөгийн, Д.Мөнхшүрд 1 415 000 төгрөгийн, Б.Цээсүрэнд 688 000 төгрөгийн, Г.Энхсайханд 2 045 000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч П.Хишигээд 50 000 төгрөгийн хохирол тус тус учирснаас Д.Мөнхшүр 830 000 төгрөгийн, Г.Энхсайхан 650 000 төгрөгийн эд зүйлийг биет байдлаар хүлээн авч бусад хохирол төлөгдөөгүй байна.

Иймд шүүгдэгч Э.Эрдэнэбаатараас нийт 2 985 000 /хоёр сая есөн зуун наян таван мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Д.Ганчимэгт 267 000 төгрөг, Д.Мөнхшүрд 585 000 төгрөг, Б.Цээсүрэнд 688 000 төгрөг, Г.Энхсайханд 1 395 000 төгрөг, иргэний нэхэмжлэгч П.Хишигээд 50 000 төгрөг олгохоор шийдвэрлэв.   

Шүүгдэгч Э.Эрдэнэбаатарын 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 93 /ерөн гурав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:
 

1. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар шүүгдэгч Э.Эрдэнэбаатарын Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 149 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2, 99 дүгээр зүйлийн 99.1, 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шийтгүүлсэн ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Шүүгдэгч Их тугтан овогт Энхжаргалын Эрдэнэбаатарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүлйийн 145.2-т зааснаар шүүгдэгч Э.Эрдэнэбаатарыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Э.Эрдэнэбаатарт оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т тус тус зааснаар Э.Эрдэнэбаатарын цагдан хоригдсон нийт 93 /ерөн гурав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулж тооцсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.Эрдэнэбаатарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Э.Эрдэнэбаатараас нийт 2 985 000 /хоёр сая есөн зуун наян таван мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Д.Ганчимэг /РД-ЖЮ63051409/-т 267 000 төгрөг, Д.Мөнхшүр /РД-ОВ95092748/-д 585.000 төгрөг, Г.Энхсайхан /РД-УВ72083135/-д 1 395 000 төгрөг, Б.Цээсүрэн /РД-ЧВ73060920/-д 688 000 төгрөг, иргэний нэхэмжлэгч П.Хишигээ /РД-МО73042212/-д 50 000 төгрөг тус тус олгосугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Эрдэнэбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Эрдэнэбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Л.БААТАР