Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/139

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.*******,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгч Т.******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.*******д холбогдох эрүүгийн 2215000000124 дугаартай, 163/2022/0135/Э индекстэй хэргийг 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, Булган аймгийн ******* суманд 1979 оны 05 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, Булган аймаг, ******* сум, ******* 1 дүгээр багт оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, 43 настай, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД: *******.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.******* нь 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Булган аймгийн ******* сумын нэгдүгээр багийн нутагт А.*******тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж түүний толгойн тус газарт нь цохих, хөл, гуя хэсэгт нь өшиглөх зэргээр биед нь халдаж тархи доргилт, баруун чихний арын төвгөр, хүзүү, баруун хацар, эрүүнд зулгаралт, зүүн бугалга, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215000000124 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

2022 оны 04 дүгээр  сарын 12-ны өдөр Булган аймгийн ******* сумын нэгдүгээр багийн нутагт Н.*******, эхнэр Ж.*******, Т.******* түүний эхнэр А.******* нар айлд очиж үрээ /морь/ үзэх зорилгоор явж байхдаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх ба энэ үеэр Т.******* нь эхнэр А.*******г согтуурхаж зүй бус үйлдэл гаргалаа гэх шалтгаанаар түүнтэй маргаж улмаар толгойн тус газарт нь цохих, хөл, гуя хэсэгт нь өшиглөх зэргээр бие, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун чихний арын төвгөр, хүзүү, баруун хацар, эрүүнд зулгаралт, зүүн бугалга, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.*******ы өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,

2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч А.*******гийн өгсөн: 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өглөө манай нөхрийн найз ******* манайд ирээд манай нөхөр *******тай юм ярьж байгаад айлд очиж азарган үрээ харна гээд гараад явсан. Удалгүй нөгөө азарган үрээ нь байхгүй байна гээд гэрт ирсэн ба ******* нь би шартаад байна, пиво байна уу гэж асуухаар нь гэрт байсан дөрвөн ширхэг Нийслэл нэртэй пивыг гаргаж өгсөн. Пивоо ууж дуусаад ахиж нэг айлд очиж үрээ үзэх гээд бид гурав *******гийн машинд суугаад явсан. Тэгээд бид хэд ******* сумын төв орж ирээд *******гийн эхнэр *******г аваад Намхай ахын дэлгүүрээс архи, пиво аваад машиндаа ууж байгаад гэрийн зүг явсан. Би замдаа *******тэй хэрүүл хийсэн ба би машинаас буумаар байна, та нартай хэрүүл хиймээргүй байна, намайг машинаасаа буулгачих гэж хэлсэн. Тэгтэл манай нөхөр ******* намайг хүлнэ гэхээр нь би үгүй гэж эсэргүүцсэн. Тэгтэл миний баруун нүд рүү гараараа цохиж, хөлөөрөө миний гуя хэсэгт өшиглөсөн. Би уурлаад босох гэхэд ******* нь наадахаа хүлээд өг гээд миний толгой дээр суусан, надад биеэ хамгаалах боломж олгоогүй. Би гэртээ очоод  шууд хөдөө байдаг дүүгийнх рүүгээ явсан. Ямар нэгэн гомдол санал байхгүй, гэхдээ энэ хүнээс салмаар байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 08-09 дэх тал/,

3. Гэрч Н.*******гийн өгсөн: 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр *******ыд очиход хоёулаа айлд очоод азарган үрээ үзээд ирэх хэрэгтэй байна гээд ******* бид хоёр гэх айлд очиход адуу нь байхгүй болохоор буцаад *******ы гэрт ирсэн. *******ыд ирээд танайд пиво байна уу гэж асуухад цэнхэр савтай касс нэртэй пиво гаргаж өгсөн. Гаргаж өгсөн пивыг нь уугаад дахин Ерөөл нэртэй нэг шил архи  уусан. Ингээд би гэртээ хариад хонь малаа наашлуулчихаад *******ыд ирээд байж байтал манай эхнэр Эрдэнэтээс ирж байна тосоод ав гэхээр нь сумын төв орж эхнэрээ аваад Намхай ахын дэлгүүр орж архи, пиво аваад сумын төвд байдаг найз Баасанжалбынд орсон. Тэнд архи, пивоо ууж байтал ******* нөхөр *******тайгаа хэрэлдээд байсан ба ******* нь *******г аргадаад байсан. Тэгээд бид хэд хөдөө гэрийн зүг явсан. Машины ард манай эхнэр *******, ******* хоёр хэрүүл хийж байгаад ******* нь би бие засмаар байна гэхээр нь би машинаа зогсоогоод буулгаж бие засуулчихаад буцаад суулгах гэхэд машинд суухгүй гээд нөхөр *******тай хэрүүл хийж байсан. ******* уурлаад *******г газарт унагаад дээлийн бүсээр хүлээд машинд суулгасан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,

4. Гэрч Ж.*******гийн өгсөн: 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 17 цагийн орчимд Эрдэнэтээс ******* сумын төвд ирээд удаагүй байтал манай нөхөр *******, *******, ******* нар ирээд намайг авсан. Бид нар Намхай ахын дэлгүүр орж архи, пиво аваад манай нөхрийн найз Баасанжалбынд очсон. Тэнд архи, пивоо уугаад байж байтал ******* нь согтоод агсам тавих гээд байсан. Би *******д миний найз тайван бай гэж хэлсэн. Тэгээд бид нар харих гээд хөдөө гэрийн зүг хөдөлсөн. ******* замдаа явж байхдаа урд сууж явсан *******ы үснээс зулгаахаар нь би боль гэж хэлтэл *******ыг өмөөрөөд байгаа юм уу гичий минь гээд над руу уурласан. Тэгээд ******* бие засмаар байна гэхээр нь машинаас буулгаад бие засуулчихаад явах гэтэл би машинд суухгүй, алхаад гэртээ харина гээд эсэргүүцээд байсан. *******ыг *******г бүсээрээ хүлчих гэж би хэлсэн, ******* *******г бариад авахад ******* нь *******ыг цохисон. Тэгэхэд ******* уурлаад *******г цохиж байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,

5. Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 40 дугаартай: А.*******гийн биед тархи доргилт, баруун чихний арын төвгөр, хүзүү, баруун хацар, эрүүнд зулгаралт, зүүн бугалга, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй  гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

6. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Т.*******ы гэм буруугаа хүлээж өгсөн: 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өглөө 09 цагийн үед манай гэрт ******* ирсэн ба би *******г дотор нь муу байгаа юм уу, юм дуугарахгүй байхаар нь гэрт байсан нэг лааз пивыг гаргаж өгсөн. Тэгээд ******* бид хоёр урд голд байдаг гэх айлд очиж морь харчихаад иргээд гэртээ ирсэн. Гэртээ ирээд 0,5 литрийн савлагаатай Ерөөл нэртэй архи байсныг гаргаж өгсөн ба эхнэр бид гурав хувааж уусан. Удалгүй *******гийн эхнэр нь залгасан ба Эрдэнэтээс ирж байна тосож ав гээд байна, оройхондоо малаа хотлуулчхаад төв орж эхнэрийг авъя гэхээр нь би цуг явъя, төвд нэг бор үрээ байгаа тэрийг цуг явж харъя гэхэд ******* тэгвэл би орой хүрээд ирье гээд гэрлүүгээ явсан. Ингээд 17 цагийн үед ******* ирээд бид гурав сумын төв ороод *******гийн эхнэрийг нь аваад сумын төвийн дэлгүүрээс 0,5 литрийн хэмжээтэй нэг шил архи, мөн 2,5 литрийн савлагаатай нэг пиво аваад сумын төвийн урд хороонд байдаг найзындаа очоод авсан архи, пивоо ууж дуусгаад бид дөрөв гэрлүүгээ харих гээд машинд суух гэсэн чинь манай эхнэр агсам тавьж эхэлсэн. Би тухайн үед эхнэрийн урдаас ямар нэгэн юм хэлээгүй, машинд суугаад явж байсан чинь манай эхнэр би бие засмаар байна, намайг буулгачих гэсэн. ******* машинаа зогсоосон чинь эхнэр машинаас буугаад бие засахгүй намайг хаяад яв гээд бид гуравт агсам тавиад байхаар нь бид гурав машиндаа ороод хэсэг харж суусан. Гэтэл ******* цагдаа дуудаад өгчихье гэхээр нь яах юм бэ, хүний хань юм чинь аль агсам тавихыг хэлдэг юм гэж хэлээд би машинаас буугаад зөндөө аргадсан чинь ерөөсөө зүгээр болохгүй, дийлдэхгүй болохоор нь би зүүн гараараа баруун шанаа хэсэг рүү нэг удаа алгадчихсан юм. Тэгсэн чинь бүүр дийлдэхгүй байсан. Тэгээд ******* болон *******гийн эхнэр ******* бид гурав машинд суулгах гэсэн дийлдэхгүй болохоор нь би эхнэрийн гар, хөлийг нь дээлний бүсээр бүсэлж байгаад найз *******гийн машин руу хийгээд гэр лүүгээ аваад явсан. Замд явж байхдаа эхнэрийн гар, хөлийг чөлөөлөхөд эхнэр явж байгаа машинаас бууна гээд ноцолдсон. Тэгэхээр нь би буцаагаад гар хөлийг нь дээлнийхээ бүсээр бүслээд гэрийн гадаа очсон. Ингээд эхнэрийг гэрийн гадаа үлдээгээд би түрүүлж гэрт ороод галаа түлсэн. Эхнэрийг зөөлхөн хүлээд орхисон учраас бүсээ тайлаад гэрт орж ирчихээд хэл амаар доромжлоод янз, янзын зүйл яриад байхаар нь би гэрээс гараад жоохон холдсон. Намайг гэрээс гарсан хойгуур эхнэр хадам дүүгийнх рүү явчихсан байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч А.*******, гэрч Н.*******, Ж.******* нарын өгсөн мэдүүлэг, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Т.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгахад дээрх үйл баримт нь Т.*******ы 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Булган аймгийн ******* сумын нэгдүгээр багийн нутагт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам согтуу тавьлаа гэх шалтгаанаар А.*******гийн бие, эрх чөлөөнд нь халдсан санаатай үйлдлээс үүдэн гарсан, үүнд Т.******* гэм буруутай болох нь хөдөлбөргүй нотлогдож байна.

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 40 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч Т.*******ы гэм буруутай үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон байх бөгөөд гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

      Хэрэгт цугларсан нотлох баримтаар хохирогч А.*******, шүүгдэгч Т.******* нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, нэг гэр бүлийн гишүүд хэдий ч тухайн өдөр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас маргасан, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн нь гэр бүлийн хүчирхийллийн шинжийг агуулаагүй байна.

Шүүгдэгч Т.*******ы хохирогч А.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн,  хууль зүйн хувьд Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нийгэмд аюултай гэмт үйлдэл болох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Т.*******ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

     Тухайн гэмт хэрэг гарахад хохирогч, шүүгдэгч нарын гэр бүлийн хүрээнд архидан согтуурсан байдал, хохирогчийн зүй бус үйлдэл зэрэг нь нөлөөлсөн байна.

Шүүгдэгч Т.*******ы гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч А.******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд иргэний нэхэмжлэл гаргаагүй гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Т.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Т.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Т.******* нь урьдчилан төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй буюу хохирогчийн зүй бус үйлдлээс үүдэлтэйгээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байгаа, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 41-48 дахь талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, Булган аймгийн ******* сумын ******* багийн засаг даргын тодорхойлолт, ******* сумын засаг даргын тодорхойлолт, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Т.******* нь ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймаг, ******* сум, ******* 1 дүгээр багт мал маллан амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Т.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 4/54 дугаартай тогтоолоор хүсэлтийг хангаж, хэргийн зүйлчлэл болон оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар прокурорын саналыг танилцуулж зөвшөөрснөөр түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.

Шүүгдэгч Т.*******ы үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, улсын яллагчийн санал болгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Т.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Т.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160 дугаар зүйлийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт анхааруулсугай.

4. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Т.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   С.ЦЭРЭНХАНД