Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/137

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн,

шүүгдэгч И.Болд нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн И.Болдод холбогдох эрүүгийн 2215000000133  дугаартай, 163/2022/0134/Э индекстэй хэргийг 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Ичинхорлоогийн Болд, Булган аймгийн Бугат суманд 1984 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, Булган аймаг, Бугат сумын 2 дугаар багт оршин суух бүртгэлтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, 38 настай, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД: ГЖ84042811.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч И.Болд нь 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутагт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ч.Ганхуягийн толгойн тус газарт нь гэрийн униар /мод/ цохиж зулайн хуйханд шарх бүхий хөнгөн гэмтэл учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215000000133 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг Дундатын эх гэх газарт оршин суух И.Болдын гэрт 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр түүний ээж н.Ичинхорлоо, төрсөн эгч И.Өлзиймаа нөхөр Ч.Ганхуягийн хамт, мөн нутгийн хүн болох н.Хадбаатар, Жаргал, түүний эхнэр Оюунчимэг, Халтар түүний эхнэр Д.Уранцэцэг нар ирснээр тодорхой хэмжээнд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх бөгөөд энэ үеэр И.Болд нь Ч.Ганхуягийг хэд хоногийн өмнө эхнэр И.Өлзиймаад агсам согтуу тавьсан талаар сонссоноо хэлэхэд хүргэн ах Ч.Ганхуяг нь уурлаж түүнийг цохисоны улмаас И.Болд нь гэрийн гадна байсан униар /модоор/ Ч.Ганхуягийн толгойн тус газарт нь цохиж зулайн хуйханд шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

  1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.Болдын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ч.Ганхуягийн өгсөн: Би 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг Дундатын эх гэх газарт өөрийн гэрээсээ гарч эхнэр Өлзиймаагийн хамт хадам дүү Болдоогийн гэрт очсон. Тэгээд хадам дүү Болдоогийн гэрт миний эхнэр Өлзиймаа, хадам ээж Ичинхорлоо, Болдоо бид дөрвийг байж байхад 11 цагийн орчимд нутгийн ах Хадбаатар шаварт суусан машин гаргаад өгөөч гэж ирсэн. Тэгээд би Хадбаатар ахтай хамт явж тухайн машиныг татаж шавраас гаргачихаад Хадбаатар ах намайг дүү Болдоогийн гэрт хүргэж ирсэн ба хадам ээж Ичинхорлоо нь Хадбаатар ахыг ирсэн гээд нэг шил архи гаргаж ирсэн.Тэгээд тухайн архийг манай эхнэр Өлзиймаа, хадам дүү Болдоо, хадам ээж Ичинхорлоо, нутгийн ах Хадбаатар бид нар хувааж уусан. Архиа ууж дуусаад дахиад нэг шил архи нэмж уусан.Тэгээд Хадбаатар ах гэрлүүгээ явсан. Би согтолт ихтэй байсан учир цаашаа юу болсон талаар мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь миний толгойны орой хэсэг хагарч цус гараад тогтохгүй байсан. Тэгээд би хадам дүү Болдоог түргэн дууд гэсэн. Тэгээд Болдоо гарч яваад цагдаа дуудсан байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-17 дахь тал/,

3. Гэрч И.Өлзиймаагийн өгсөн: 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр нөхөр Ганхуягийн хамт төрсөн дүү Болдын гэрт очсон. Болдын гэрт манай нөхөр Ганхуяг, дүү Болд, ээж Ичинхорлоо бид дөрвийг байж байхад манай саахалт айлын Хадаа гэх хүн нэг хүнтэй ирээд машин шаварт суучихлаа, шавраас гаргаад өгөөч гээд ирсэн. Тэгэхэд манай ээж Хадаа ахад болон хамт ирсэн хүнд нь нэг шил архи гаргаж өгсөн ба тэр архинаас амсчихаад машинаа шавраас гаргана гээд манай нөхөр Ганхуягийг аваад явсан. Тэгээд удалгүй машинаа шавраас гаргачихаад  манай нөхөр Ганхуягийг гэрт нь хүргэж ирэхэд Хадаа ах, ээж Ичинхорлоо, нөхөр Ганхуяг, дүү Болд бид нар нөгөө задалж үлдээсэн байсан нэг шил архийг хувааж уусан. Удалгүй тэнд Батжаргал ах, түүний эхнэр Оюун эгч, Халтар ах эхнэртэйгээ ирсэн. Тэгэхэд ээж Ичинхорлоо тэр хүмүүст ахин нэг шил архи гаргаж  өгсөн. Тэр архийг бид нар бүгдээрээ хувааж уугаад Хадаа ах гэрлүүгээ яваад, удалгүй араас нь Батжаргал, Оюун, Халтар, Уранцэцэг нар явсан. Тэгээд цаг орой болж тэнгэр муухайран цас орох гээд байсан болохоор би нөхөр Ганхуягийг дүү Болдын гэрт үлдээгээд би ганцаараа өөрийн гэрлүүгээ харьсан. Тэгээд би гэртээ хариад унтаж байхад цагдаа ирсэн. Ингээд цагдаатай хамт дүү Болдын гэрт очиход манай нөхөр Ганхуягийн толгойны дээд хэсгээс нь цус гарчихсан нүүр, ам болон гэрийн шалаар цус урсчихсан байсан.Тэгээд би яаж байгаа юм бэ, хэн ийм болгосон гэхэд миний төрсөн дүү Болд би гэрийн униар цохиод хагалчихсан гэж байсан. Тэгээд удалгүй эмч нар ирсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

4. Гэрч Д.Уранцэцэгийн өгсөн: 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Бугат сумын 2 дугаар багийн Дундат гэх газарт байрлах өөрийн гэртээ нөхөр Халтарын хамт гэртээ байж байхад саахалт айлын хүн болох Батжаргал эхнэр Оюуны хамт манай гэрт ирсэн. Тэгээд Батжаргал түүний эхнэр Оюун, миний нөхөр Халтар бид дөрөв саахалт айл болох Болдоогийн гэрт очиж гэрт нь ороход Ганхуяг түүний эхнэр Өлзиймаа, Ичинхорлоо эгч, Болдоо нар архи уугаад сууж байсан. Бид нар тэднийд ороод ууж байсан архинаас нь уусан ба Болдоо ахин нэг шил архи гаргаж ирсэн. Тэгээд Болдоогийн гаргаж өгсөн архийг бид нар бүгдээрээ хувааж ууж дуусгаад Батжаргал, Оюун хоёр гэрлүүгээ, Халтар бид хоёр  малдаа явсан. Удалгүй гэртээ ороход саахалт айлын Болд манай гэрт ганцаараа миний 95347394 дугаарын утсыг барьчихсан цагдаад дуудлага өглөө гээд сууж байсан. Тэгээд би яасан, юу болсон юм гэхэд хүргэн ах Ганхуягтай муудалцаж, зодолдоод гэж байсан. Тэгээд Болд цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

5. Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 72 дугаартай: Ч.Ганхуягийн биед зулайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

6. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч И.Болдын гэм буруугаа хүлээж өгсөн: 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр манай гэрт эгч Өлзиймаа, ээж Ичинхорлоо, хүргэн ах Ганхуяг, Хадбаатар ах, Жаргал, түүний эхнэр Оюунчимэг, Халтар, түүний эхнэр Уранцэцэг нар байсан ба бид нар хамт архи ууцгаасан. Нийтдээ дөрвөн шил архи уусан. Удалгүй архи ууж дуусаад хүмүүс явцгааж манай гэрт ээж Ичинхорлоо, хүргэн ах Ганхуяг бид гурав үлдсэн. Гэрт байхад Ганхуяг ах Өлзиймаа эгч рүү агсам тавиад байсан учраас би хэдэн үг хэлсэн. Тэгсэн Ганхуяг ах уурлаад миний шанаа руу нэг удаа, цээж рүү нэг удаа цохьсон. Тэгэхээр нь би гэрээс гараад хойд байшинд хураасан байсан монгол гэрийн унь авч гэрийн гадаа очоод Ганхуяг ахыг гараад ир гээд дуудсан. Ганхуяг ах гэрээс гарч ирээд намайг зодно гээд хөөсөн. Ганхуяг ахыг хойноос хөөгөөд барьж авах гээд гүйгээд байхаар нь би айгаад барьж байсан униараа Ганхуяг ахын толгой руу хоёр удаа цохьсон бөгөөд тэрээр газарт унасан. Би ахыг газарт унахаар нь айгаад Уранцэцэгийн гэрт очиж цагдаад болсон явдлын талаар хэлсэн. Буцаад гэртээ ирэхэд Ганхуяг ах гэрт орчихсон цусаа гоожуулаад сууж байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн унь зэрэг биет нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Ч.Ганхуяг, гэрч И.Өлзиймаа, Д.Уранцэцэг нарын өгсөн мэдүүлэг, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч И.Болдын мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгахад дээрх үйл баримт нь И.Болдын 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутагт гэртээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ч.Ганхуягийн гаргасан зүй бус үйлдлийн хариу болгож түүний бие, эрх чөлөөнд халдаж толгойн тус газарт нь гэрийн униар /модоор/ цохисон санаатай үйлдлээс үүдэн гарсан, үүнд И.Болд гэм буруутай болох нь хөдөлбөргүй нотлогдож байна.

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 72 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч И.Болдын гэм буруутай үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон байх бөгөөд гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Шүүгдэгч И.Болдын Ч.Ганхуягийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн,  хууль зүйн хувьд Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нийгэмд аюултай гэмт үйлдэл болох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч И.Болдыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

      Тухайн гэмт хэрэг гарахад хохирогч, шүүгдэгч нарын гэр бүлийн хүрээнд архидан согтуурсан байдал, хохирогчийн зүй бус үйлдэл зэрэг нь нөлөөлсөн байна.

Шүүгдэгч И.Болдын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Ч.Ганхуяг мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд иргэний нэхэмжлэл гаргаагүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч И.Болдыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч И.Болдыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч И.Болд нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн агсам тавьж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, бусдын эрх чөлөөнд халдсан зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байгаа, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 47-50 дахь талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа газрын тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч И.Болд нь ам бүл 2, ээжийн хамт Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багт мал маллан амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч И.Болд нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 4/56 дугаартай тогтоолоор хүсэлтийг хангаж, хэргийн зүйлчлэл болон оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар прокурорын саналыг танилцуулахад зөвшөөрснөөр түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.

Шүүгдэгч И.Болдын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч И.Болдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Болдод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч И.Болд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан монгол гэрийн унь нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Ичинхорлоогийн Болдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Болдыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160 дугаар зүйлийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт анхааруулсугай.

4. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Болдод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч И.Болд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн монгол гэрийн унь нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах М.Баасандоржид даалгасугай.

7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   С.ЦЭРЭНХАНД